| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 2331002960084 |
| Дугаар | 2025/ДШМ/31 |
| Огноо | 2025-03-25 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2025/ДШМ/31
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Ерөнхий шүүгч Ц.Амаржаргал, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Х.И******* хөтөлж,
Прокурор А.Э*******
Яллагдагч Л.Б*******
Яллагдагчийн өмгөөлөгч Б.Б******* нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, шийдвэрлэн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЗ/95 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Л.Б*******д холбогдох эрүүгийн ************* дугаартай, 3 хавтас хэргийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
******* овогт Л******* Б*******, Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн ******* суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бурэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл , эхнэр, * хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг ******* сумын *-р баг тосгоны **-**** тоотод оршин суух хаягтай боловч, У хот, Б дүүргийн ** дугаар хороо О хотхон ***-** тоотод оршин суух хаягтай, (РД: **************) урьд
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2004 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 222 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 182.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан.
Яллагдагч Л.Б******* нь 2023 оны 06 дугаар сараас 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Hyundai Robex 3000 LC, маркийн экскаватор 1 ширхэг, Robex 520 LC-9 маркийн экскаватор 1 ширхэг, Hyundai Robex 2900 LC-3 маркийн экскаватор 1 ширхэг, алт угаах төхөөрөмж буюу усан буу зэрэг техник, тоног төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн ******* сум ** дугаар баг тосгон “Т ам” гэх нэршилтэй газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 35,700 м2 хуучин талбай болон шинэ хөрс хуулан тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын олборлолт явуулсны улмаас байгаль экологид 341,038,598 төгрөгийн шууд хохирол, 938,341,281 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Л.Б*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн ирүүлсэн Лхагвасүрэнгийн Б*******д холбогдох *************** дугаартай эрүүгийн хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт буцааж,
Хэргийг прокурорт очтол яллагдагч Л.Б*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Э******* нь 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №04 дугаартай прокурорын эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...шүүгчийн захирамжийг эс зөвшөөрөн прокурорын эсэргүүцэл бичиж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүүгээр зүйлийн 6.15-т зааснаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх тухай буюу “шинжээчийн дүгнэлт бүрэн бус нэмэлт шинжээчийн дүгнэлт гаргуулах, прокурор хүсэлтийг хангахаас татгалзахдаа үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй” гэх шүүхийн дүгнэлтийн талаар:
Хэрэгт “Эко Инженеринг” ХХК-ийн шинжээч Б.Б нь 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №12 дугаартай “... тогтоолоор өгөгдсөн талбай нь ямар нэгэн ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байна, ... Сэлэнгэ аймгийн ******* сумын * дугаар багийн тосгоны нутаг Т ам гэх газарт нэр бүхий иргэдийн уурхайлалтын үйл ажиллагаа явуулсан талбай нь ойн сан бүхий газарт хамаарч байна, ... нэр бүхий иргэдийн үйл ажиллагаанаас байгаль орчинд учруулсан Экологи-эдийн засгийн хохирлын хэмжээ нь нийт 341.038.598 төгрөг, ... нөхөн сэргээх ажлын зардал нь 110.194.903 төгрөг байна ...” гэх шинжээчийн дүгнэлт гэх шинжээчийн дүгнэлтийг гаргасан байна.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.4-т зааснаар "шинжээч" гэж шүүх шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон тусгай мэдлэг бүхий хүнийг ойлгох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Шинжээч нь шүүх, прокурор, мөрдөгчийн тавьсан асуултын дагуу тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлтийг бичгээр гаргана.” гэж үүрэг хүлээж шинжээчийн дүгнэлт гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...шинжээчийн дүгнэлт...” нь нотлох баримтад хамаарах бөгөөд шинжээч өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтийг шинжлэн судалсны үндсэнд шүүх үнэлэх, тэдгээрийг дэнсэлж, үнэлсний эцэст өөрийн шийдлийг гаргах үүрэгтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчийн дүгнэлтийг ашиглахдаа аливаа нотлох баримтыг шалгаж, үнэлэх зарчимд нийцүүлэх ёстой бөгөөд шүүх эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ шинжээчийн дүгнэлтийг заавал баримтлах үүрэг хүлээдэггүй болно.
Шүүх нотлох баримтыг шинжлэн судлахгүйгээр урьдаас нотлох баримтыг үнэлж шинжээчийн дүгнэлт бүрэн бус, хохирлын хэмжээг буруу тогтоосон гэж шууд дүгнэж, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах хийлгэх гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааны агуулгыг зөрчиж илтэд хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.
Шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг чанд мөрдөж хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй.
Гэтэл шүүх шинжээчийн дүгнэлт гарсан тохиолдолд тэдгээрийг нэг бүрчлэн судалж, алиныг нь нотлох баримтаар тооцож, үнэлэх эсэхийг шүүх нотлох баримтыг шинжлэн судалсны дүнд шийдвэрлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг зөрчиж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
Яллагдагч Л.Б******* нь хавтаст хэрэгт авагдаагүй баримт буюу экскаваторын зургийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд гаргаж хэлэлцүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасныг мөн зөрчсөн байна.
Иймд Л.Б*******д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/шз/95 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцож байна гэв.
Яллагдагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:
Анхан шатны шүүхээс хэргийн прокурорт буцаахдаа шинжээчийн дүгнэлт гаргахдаа оролцогчийн эрхийг хангаагүй гэж үзсэн. Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлээд шийдвэр гаргаагүй, шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа оролцогчийн эрхийг хангаагүй гэх үндэслэлээр хэргийг буцаасан түүнээс эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр шийдвэр гаргаагүй. Хэргийг прокурорт буцаасан нь зүйтэй гэж үзэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Л.Б*******д холбогдох эрүүгийн *********** дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Л.Б*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг Прокурорт буцааж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.
2.Яллагдагч Л.Б*******д холбогдох хэргийг шүүгч хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9-д зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар шийдвэрлэж 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЗ/95 дугаартай захирамжаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.
Шүүх ийнхүү хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэж байгаа нь дараах хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.1-ээс 6.17-д заасан асуудлуудын талаар талуудын санал хүсэлтийг сонсож яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр хуульчилсан.
Өөрөөр хэлбэл дээрх заалт нь хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааны шатанд гарсан алдаа, зөрчил, хэргийн оролцогчдыг солих, хэргийн тов тогтоох, шүүх хуралдаанд оролцогчдыг тогтоох, шүүх хуралдааныг нээлттэй, хаалттай явуулах эсэх, нотлох баримтыг цуглуулахдаа хуульд заасан журам зөрчигдсөн талаарх гомдол, хохирол нөхөн төлүүлэх, хялбаршуулсан журмаар хэргийг хэлэлцэх, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх зэрэг хүсэлтүүдийг хэлэлцэж хэрхэх талаар шийдвэрлэх хуулийн зохицуулалт юм.
4.Гэтэл дээрх шүүгчийн захирамжаар хэрэгт авагдсан нотлох баримтуудын агуулгыг шүүгч үнэлж дүгнэн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр буцаах шийдвэр гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулгад нийцээгүй зөрчилтэй байдлыг бий болгожээ.
Тухайлбал: шүүх хуралдааны тэмдэглэлээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх хуралдаан даргалагчаас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг танилцуулж хэлэлцүүлсэн үйл баримт тогтоогдсон, түүнчлэн шинжээчийн дүгнэлтийг шүүх дүгнэн шинжээчийн дүгнэлт бүрэн бус гарч хохирлын хэмжээ буруу тогтоогдсон гэсэн яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч улмаар нэмэлт шинжилгээ хийлгэх шаардлагатай гэсэн дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаасан байна.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй”, 12-д “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү буцаахгүй” гэж заасан байхад анхан шатны шүүх урьдчилан хэлэлцүүлгээр шүүгдэгчийн гэм буруу болон хэрэгт авагдсан нотлох баримтыг талаар тодорхой дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үндэслэл болно.
6.Шүүх гэм буруугийн шүүх хуралдааныг зарлаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудаа хэлэлцүүлж, талуудын мэтгэлцээн дээр үндэслэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэх боломжгүй эргэлзээтэй байдал тогтоогдвол хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д заасны дагуу шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж, зохих шаардлагатай ажиллагааг явуулахыг прокурорт даалгаж шийдвэрлэх боломжийг хуулиар олгосон байгааг шүүх цаашид анхаарах нь зүйтэй.
7.Иймд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЗ/95 тоот шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЗ/95 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангасугай.
2.Яллагдагч Л.Б*******д урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧИД Ц.АМАРЖАРГАЛ
Г.ДАВААРЕНЧИН