Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 304/ШШ2025/00692

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Х*******даваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б*** аймгийн Б***** сум Ж******* багт байрлах Б******** аймгийн Ц*******гийн газрын хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: М.А*******ыг албадан эмчилгээнд явуулах тухай 304/2025/00983/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.О*******,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: М.А*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Эрдэнэбулган нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Булган аймгийн Ц*******гийн газар нь М.А*******ыг архины албадан эмчилгээнд явуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Булган аймгийн Х*******-Ө******* сумын хэмжээнд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг, бүлэг бөөгнөрөл үүсгэдэг, архинд донтох өвчтэй, Ц*******гийн газрын эрүүлжүүлэх саатуулах байранд удаа дараа эрүүлжүүлэгдсэн, нийтийн хэв журам зөрчсөн, сайн дураараа эмчлүүлэхээс зайлсхийсэн тул Б******* аймгийн Б********* сумын ** дүгээр багийн нутаг Ш******* хороо ****тоотод оршин суух хаягтай М*******гийн А******* /РД:***********/-ыг архины албадан эмчилгээнд явуулах саналтай байгаа тул холбогдох материалыг хүргүүлэв. гэв.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.А******* нь эрүүлжүүлэх байранд удаа дараа эрүүлжүүлэгдэж байсан болон согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг. Тэрээр архидан согтуурсан үедээ өөртөө болон бусдад аюул учруулж болох эрсдэлтэй, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг, хүүхдүүдээ үл хайхардаг болох нь Булган сумын 1 дүгээр багийн хамтарсан багийн хурлын тэмдэглэл зэргээр тогтоогдсон. Тэрээр эрхэлсэн тодорхой ажилгүй ба гэртээ тэр хавийн хүмүүсийг байнга цуглуулж архи ууж, өөрийгөө болон бусдыг аюултай байдалд оруулдаг. Хамтарсан багийн зүгээс эдний гэрт 2-3 удаа очиж хичээл сургуулийнх нь бэлтгэлийг хангаж, түлээ, модыг нь бэлдэн өгч байсан. Иймд М.А*******ыг Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д үндэслэлээр архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтэй байна гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.А******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан саналыг хүлээн зөвшөөрч байна. Би хүүхдүүдээ орхиж явсан нь үнэн гэв.

2.Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Булган аймгийн Ц*******гийн газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/87 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 2-р хуудас/,

-М.А*******ын тайлбар /хэргийн 3-4-р хуудас/,

-Багийн Засаг дарга Г.А**-Ү***гийн тайлбар /хэргийн 5-6-р хуудас/,

-1 дүгээр багийн хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хэргийн 7-р хуудас/,

- М.А*******ын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 8-р хуудас/,

-Ц*******гийн газрын нэгдсэн системийн лавлагаа /хэргийн 9-15-р хуудас/,

-Ж.О*******ын хүсэлт /хэргийн 16-р хуудас/,

-Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн нэгдсэн лабораторийн тасгийн шинжилгээний хариу /17-р хуудас/,

-Булган Нэгдсэн эмнэлгийн эмч Б.Тгийн дүгнэлт /хэргийн 18-р хуудас/,

-Булган Нэгдсэн эмнэлгийн Дүрс оношилгооны эмч М.Эийн дүгнэлт /хэргийн 19-р хуудас/,

-Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт 20-22-р хуудас/,

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Булган аймгийн Ц*******гийн газрын хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

2.Хүсэлт гаргагч Булган аймгийн Ц*******гийн газар нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар М.А*******ыг архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй.

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заажээ.

М.А******* нь эрүүлжүүлэх байранд удаа дараа эрүүлжүүлэгдэж байсан болон согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх үндэслэлээр зөрчлийн тухай хуульд зааснаар олон удаагийн баривчлах болон торгуулийн шийтгэл хүлээж байсан нь Ц*******гийн байгууллагын АСАП сангийн лавлагаагаар, архидан согтуурсан үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг болох нь Булган сумын 1 дүгээр багийн хамтарсан багийн хурлын тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гурравдагч этгээд М.А******* нь дээрх нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, маргаагүй.

Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд М.А******* өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон гэж үзэхээр байна.

Согтууруулах, мансууруулах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3, 4.1.4, 4.2-т зааснаар багийн Засаг даргын тодорхойлолот болон түүнээс авсан мэдүүлэг зэргийг үндэслэн ц*******гийн газраас М.А*******ыг архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг гаргасан байна.

Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтээр М.А******* Захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулж болно гэсэн дүгнэлтийг гаргаж, уг дүгнэлтийн сэтгэц донтолтын эмчийн үзлэгээр Архинд согтуурах мансуурах донтой гэж тодорхойлжээ.

М.А******* нь архинд донтох өвчтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон, удаа дараа эрүүлжүүлэгдсэн, сайн дурын эмчилгээнд хамр*******гүй, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг болох нь тогтоогдсон бөгөөд архины албадан эмчилгээнд сайн дураараа хамрагдахаас татгалзаж байх тул түүнийг албадан эмчилгээнд хамруулах үндэслэлтэй.

Иймд дээрх үндэслэлүүдээр М.А*******ыг архины албадан эмчилгээнд хамруулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116,118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.2-д зааснаар Үржин гүн овогт Мижирюндэнгийн А******* /рд:**********/-г архины албадан эмчилгээнд хамруулж, түүнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг Булган аймгийн Ц*******гийн газарт даалгасугай.

2.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар М.А*******ыг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.

3.Албадан эмчилгээний хугацааг гуравдагч этгээд М.А*******ыг албадан эмчлэх эмнэлэгт хүлээн авсан өдрөөс хойш тогтоож, албадан эмчлэх хугацаа нь эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг дурдсугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурьдсугай.

5.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар аймгийн Ц*******гийн газар нь М.А*******ыг албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар тухайн хүний гэр бүлийн гишүүн, төрөл садны хүнд ажлын 5 өдрийн дотор мэдэгдсүгэй.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д зааснаар тухайн хүн, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрий эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА