| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2018/0109/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/107 |
| Огноо | 2018-08-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 2018/ШЦТ/107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч Б.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Бааж овогт Батсуурийн Энхболдод холбогдох эрүүгийн 18360000000106 дугаартай, 178/2018/0109/Э/ индекстэй хэргийг 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эх, дүү нарын хамт Ховд аймгийн Мянгад сумын Чацарганат багт оршин суух, ПЗ88010716 регистрийн дугаартай, Бааж овогт Батсуурийн Энхболд / Боогий гэх хочтой/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Энхболд нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн Бор модны арал гэх газарт 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Т.Тилейханыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Энхболд шүүхийн хэлэлцүүлэгт: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлэв.
Шүүгдэгч Б.Энхболд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн Бор модны арал гэх газарт танил Т.Тилейханы нуруун тус газар унины модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
Хохирогч Т.Тилейханы /ПЛ81102412/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Б.Энхболд гараараа миний толгой, мөр хэсэг рүү цохиод байсан.Мөн хадаастай модоор намайг цохих үед би бариад авсан чинь хадаас нь миний гар луу шаагдсан.Гэтэл тэр модоо орхиод улаан шар өнгийн унь аваад миний нуруу ууц руу хэд хэдэн удаа цохиход унь нь 2-3 хуваагдаж хугарсан ... гэх мэдүүлэг /хх-10-11-р хуудас/
Гэрч Н.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Нэг мэдсэн Боогий Т.Тилейхан нар маргаж байсан.Тэр хоёрын ярианаас Боогий Т.Тилейханаас ямар нэгэн өр авах ёстой юм байна гэж би ойлгосон.Боогий Т.Тилейханыг нэг харгана барьчихсан нуруу руу нь 2 удаа цохихоор нь би салгаж явуулсан.... гэх мэдүүлэг /хх12-р хуудас/
Гэрч Б.Бахытбекийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би очиж Т.Тилейханыг авахад гарнаас нь цус гарсан, нуруу нь хөхөрч няцарсан зодуулсан байдалтай байсан.Зоригоотой хамт явсан залуу зодлоо гэж хэлсэн... гэх мэдүүлэг / хх13-14-р хуудас/
Гэрч П.Янжиндуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Нэг харсан чинь миний танихгүй махлаг бор залуу Т.Тилейханыг зодож байсан.Би тэр хоёрыг болиоч гэж загнасан.Тэр залуу манай гэрийн гадна байсан униар Т.Тилейханыг цохисон.Мөн хадаастай банз шиг юмаар цохисон.Т.Тилейханы гар нил цус болчихсон байсан ... гэх мэдүүлэг / хх-15-16-р хуудас/
Гэрч Н.Пүрэвнамжилын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Үл таних залуу Т.Тилейханыг “ архи аваад ир” гэх шиг болсон.Тэгтэл Т.Тилейхан “чадахгүй” гэсэн чинь “муу хасаг чамайг ална” гээд Т.Тилейханыг зодсон.Нэг нарийн модоор нуруун дунд нь цохисон ... гэх мэдүүлэг /хх-17-18-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 356 дугаартай ... 1.Т.Тилейханы биед баруун гарын алга хэсэгт 1.6х0.1 см шарх, баруун далны хэсэгт 10х6см, зүүн далны хэсэгт 9х4 см, хэвлийн зүүн ар хэсэгт 13х7 см, хэвлийн баруун ар хэсэгт 3х0.4 см, 2.5х0.3 см зулгаралт, баруун тохой хэсэгт 5х3 см цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Т.Тилейханы биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой.
3.Т.Тилейханы биед учирсан гэмтлүүд нь Хууль зүйн сайд,Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д... гэмтэл,түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош /түр/ хугацаагаар сарниулсан гэх шалгуур тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх... /хх-22-р хуудас/ дүгнэлт,
Шүүгдэгч Б.Энхболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... манай нутгийнхан намайг Боогий гэж дууддаг. Боогий гэдэг нь миний хоч нэр байгаа юм ... гэх /хх-26/ мэдүүлгээр Боогий гэдэг нь Б.Энхболд болох нь тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Энхболд нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хамт архи ууж байсан Т.Тилейхантай маргаж түүнийг машинаас архи авчирч өгсөнгүй гэдгээр шалтаглан модоор нуруу руу нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Энхболдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Энхболдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Энхболд нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн 46 дугаар хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, бусдад төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогч Т.Тилейханы “...хохирлын 200.000 төгрөг авсан одоо санал, гомдол нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд өмгөөлөгчтэйгээ оролцохгүй... гэх тайлбар /хх-56 / зэрэг баримтуудаар тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Энхболдын хувийн байдлын талаар гэрч Б.Болдбаатарын ... Б.Энхболд бид хоёр багын найзууд.Б.Энхболд нь Мянгад сумын сургуулийн 11-р анги төгссөн, одоо ээж дүү нарын хамт Чацарганат багт мал маллаж амьдардаг, үндэсний бөх барилддаг залуу байгаа юм.Тэр маш их нийтэч, бусадтай хэрүүл маргаан хийж байхыг нь би хараагүй... гэх /хх-19-р хуудас/
Гэрч Т.Батдоржийн өгсөн... Б.Энхболд бид нар бүлүүд, Б.Энхболд төлөв даруу зантай, тусдаа гараагүй ээж дүү нартайгаа мал маллаж амьдардаг.Урьд өмнө хэрэгт холбогдож байгаагүй... гэх мэдүүлгүүд хэрэгт авагджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Б.Энхболд нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 460 нэгж буюу 460000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 03 сарын хугацаанд төлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д: ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихоор заасныг тайлбарлаж өгөх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Энхболд нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтгүйг тус тус дурдаж, шүүхээс торгох ял оногдуулсан тул түүний эзэмшлийн 8 настай 1 тооны морь битүүмжилсэн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 5/87 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг торгуулийн ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчинтэй болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,36.1,36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Бааж овогт Батсуурийн Энхболдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Бааж овогт Батсуурийн Энхболдыг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460000 / дөрвөн зуун жаран мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Энхболдоор торгох ялын 460000 төгрөгийг 03/ гурав/ сарын хугацаанд төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.Энхболдод тайлбарласугай.
5.Шүүгдэгч Б.Энхболдод оногдуулсан 460 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 460000 / дөрвөн зуун жаран мянга / төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
6.Шүүгдэгч Б.Энхболд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтгүйг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн 8 настай 1 тооны морь битүүмжилсэн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 5/87 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг торгуулийн ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Энхболдод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form