Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2017/00776

 

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2017/00776

 

 Амглапет ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/00316 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Амглапет ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Амарбаясгаланд холбогдох

 

Гэрээний үүрэгт 9 203 750 төгрөг, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 38 095 280 төгрөг, нийт 47 299 030 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ

Хариуцагчийн өмгөөлөгч С.Эрдэнэбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 9 дүгээр сард Эйч Эй Ти Си Өү Эм ХХК-ийн захирал Б.Амарбаясгалан нь "Амглапет" ХХК-иас 110 203 750 төгрөгийн арматур төмөр зээлээр худалдан аваад 101 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 9 203 750 төгрөгийг өгөөгүй. Дараа нь 34 402 500 төгрөгийн арматур төмөр дахин зээлээр худалдан авсан. Зээлээр авахдаа төлбөрийг долоо хоногийн дотор төлөхөөр амаар харилцан тохиролцсон. Гэтэл тус компани болон захирал Б.Амарбаясгалан нь арматур төмрийн төлбөрийг төлөлгүй жил гаран хугацаа хэтэрч, улмаар залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй болсон тул цагдаагийн байгууллагад хандсан. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс Б.Амарбаясгаланд холбогдуулан Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасны дагуу хэрэг үүсгэн шалгаад дүүргийн прокурорын газарт шилжүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн пркурорын газар хэргийг хянаад 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 231 дугаартай тогтоолоор 9 203 750 төгрөгт холбогдох үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т заасны дагуу хэрэгсэхгүй болгосон. Харин 38 402 500 төгрөгийг арматур төмөр залилан мэхэлсэн үйлдлийг тус прокурорын газраас 38 095 280 төгрөгөөр тооцохоор болж 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1295 дугаартай тогтоолоор 148.3 дахь хэсэгт заасан залилан мэхлэх гэмт хэрэг болохыг тогтоож, "яллагдагч Б.Амарбаясгалан нь хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн" гэсэн үндэслэлээр Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт хамааруулан хэрэгсэхгүй болгосон. Дээрх прокурорын тогтоолуудыг бид эс зөвшөөрч, дээд шатны прокурорт гомдол гаргасан боловч Улсын ерөнхий прокурорын 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хариу мэдэгдэх хуудсаар иргэний журмаар шүүхэд хандах тухай мэдэгдсэн. Иймд Б.Амарбаясгалангийн үйлдлийн улмаас нийтдээ 47 299 030 төгрөгөөр хохирсон тул 47 299 030 төгрөгийг гаргуулж өгнө үү. 38 402 500 төгрөг буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол 9 203 750 төгрөгийг бүгдийг хангах үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа төлбөрийн хэмжээнд маргаагүй, М.Энхбаатар гэдэг хүнд мөнгө өгөх ёстой гэсэн тайлбар өгсөн. Тухайн хүн зуучлагч маягаар оролцсон. Төлөөлөгчийн үйлдлийн улмаас үр дагавар төлөөлөгчид үүсдэг. Иймд М.Энхбаатартай асуудал байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Амарбаясгалан миний бие тус компанитай арматур авахаар ямар нэгэн хэлцэл байгуулаагүй бөгөөд 2014 оны 9 дүгээр сард нэхэмжлэлд дурдсан арматурыг "Амглапед ХХК"-иас аваагүй бөгөөд харин "Шинэ эх газар" ХХК-иас худалдан авсан. Дээрх худалдан авалтыг хийхдээ 2013 оноос бизнесийн харилцаатай байсан С.Энхбаатар гэж хүнтэй хэлцэл байгуулан хэлэлцэж тохирсны дагуу "Шинэ эх газар" ХХК-иас манай компани барааг хүлээн авсан. Тийм учраас би дээрх арматур авсан тооцоогоо хэлцэл байгуулсан этгээд буюу С.Энхбаатар бидний дунд 2013 оноос хойш дээрх бизнесийг хамтран хийсэн бөгөөд бидний дунд бараа нийлүүлсэн, төлбөрийн үлдэгдлийн тооцоог өнөөдрийг хүртэл хоорондоо тооцоо нийлээгүй өглөг авлагын талаар маргаан байдаг. Амглапед ХХК-ийг нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Амарбаясгалангаас 47 299 030 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэгч "Амглапед" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс гэрээний үүргийн дагуу гаргуулах 9 203 750 төгрөгийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162 210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 38 095 280 төгрөг гаргуулах шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэр дараах үндэслэлээр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Б.Амарбаясгалан нь хохирлоо төлнө гэж өршөөлд хамрагдаж, эрүүгийн гэмт хэргээ хэрэгсэхгүй болгосон байхад иргэний хэргийн шүүх хохирол гаргуулахгүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд ойлгомжгүй байна. Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу хохирлоо гаргуулахаар нэхэмжилсэн байхад шүүх нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хангаагүйд гомдолтой байна. Б.Амарбаясгалан нь хохирол, төлбөрийн хэмжээ дээр огт маргаагүй, өөрийгөө хариуцагч мөн эсэх дээр огт маргаагүй байдаг ба гагцхүү манай компанийг нэхэмжлэгч биш гэсэн хариу тайлбарыг шүүхэд гаргасан. Хариуцагч төлбөрийн хэмжээ дээр маргаагүй байхад шүүх хариуцагчийн энэ тайлбарыг огт үнэлэлгүй, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагч Б.Амарбаясгалан нь 2016 оны 11 сарын 16-ны өдөр хариу тайлбар ирүүлэхдээ "арматур авсан тооцоогоо хэлцэл байгуулсан этгээд буюу С.Энхбаатартай өөртэй нь хийнэ" гэсэн тайлбар ирүүлсэн байдаг. Манай компанийн зүгээс өөрийгөө нэхэмжлэх эрхтэй этгээд мөн болохыг батлах, хариуцагчийн хариу тайлбарыг үгүйсгэх зорилгоор Б.Амарбаясгалангийн хариу тайлбарт дурьдсан этгээд болох С.Энхбаатарыг гэрчээр байцаасан тэмдэглэл болон өөрийн шаардлага, түүний үндэслэл болж буй нотлох баримтуудыг бүгдийг зохих ёсоор гаргаж өгсөн. Гэтэл анхан шатны шүүх нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй, хууль буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Амглапет ХХК нь хариуцагч Б.Амарбаясгаланд холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 9 203 750 төгрөг, эрүүгийн гэмт хэргээс учирсан хохиролд 38 095 280 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, тус компанитай гэрээ хэлцэл байгуулаагүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2014 оны 09 дүгээр сард Эйч Эй Ти Си Өү Эм ХХК-ийн захирал Б.Амарбаясгалан манай компаниас арматур төмөр зээлээр худалдаж авсан гэж тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байхад хариуцагчийг иргэн Б.Амарбаясгалан эсхүл Эйч Эй Ти Си Өү Эм ХХК аль нь болохыг анхан шатны шүүх тодруулаагүйгээс хариуцагчийн эрх зүйн байдал тодорхойгүй болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлд дурдсан Эйч Эй Ти Си Өү Эм ХХК, Б.Амарбаясгалан хоёрын хэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Амглапет ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй этгээд болохыг тодруулж, үүрэг гүйцэтгэгчийг зөв тодорхойлох нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

 

Анхан шатны шүүх хариуцагч Б.Амарбаясгалангийн хэргийн материалтай танилцах эрхийг хангах үүднээс шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШТ2017/00053 дугаар тогтоолоор шүүх хуралдааныг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хойшлуулсан атлаа 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас шинээр гаргаж өгсөн нотлох баримтыг /хх-ийн 52-64/ шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй гэж үзэж, хэргийн оролцогчид эдгээр нотлох баримтуудыг танилцуулалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд хуульд заасан эрхээ бүрэн хэрэгжүүлэх боломжоор хангах нь шүүхийн үүрэг болно. Энэхүү үүргийг бүрэн биелүүлээгүй тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар мэтгэлцэх үндсэн дээр явуулсан гэж үзэх боломжгүй юм.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг дээрх байдлаар ноцтой зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх зүйн байдал тодорхой бус үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/00316 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Амглапет ХХК давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162 210 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Н.БАТЗОРИГ