| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 2432001690178 |
| Дугаар | 2025/ДШМ/33 |
| Огноо | 2025-04-01 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Тунгалаг |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2025/ДШМ/33
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч Б.Манлайбаатар, Ерөнхий шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Э******* хөтөлж,
Прокурор Г.Т******* /цахим/
Хохирогчийн өмгөөлөгч Б.Ө*******, Х.Н******* /цахим/
Шүүгдэгч Д.Ө******* нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж, шийдвэрлэн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/14 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн давж заалдах гомдлоор Д.Ө*******т холбогдох эрүүгийн ************ дугаартай, ************ индекстэй, 1 хавтас хэргийг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
С******* овогт Д******* Ө*******, Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр Сэлэнгэ аймгийн М***** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, "*****" ХХК-ийн захирал ажилтай, ам бүл *, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн М**** сумын * дугаар баг, *****-ийн *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, (РД: *********),
Шүүгдэгч Д.Ө******* нь 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* ******* * дугаар баг " тахь" үйлчилгээний төвийн арын хашаан дотор Н.Хтэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж, улмаар эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, зодон эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас: Д.Ө*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээс:
Шүүгдэгч С******* овогт Д******* Ө*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө*******ыг 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө*******т оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж,
Эрүүгийн ***************** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүйг, шүүгдэгч Д.Ө******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Ө*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, ...шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2024.08.13-ны орой Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* Хангайн * дугаар баг “-Тахь” үйлчилгээний төвийн арын хашаан дотор Н.Хтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар цохисноос хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Тус сум дундын прокурорын газраас надад холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Шүүх хэргийг хүлээн аваад 2024.01.21-ний шүүх хуралдаанаар хэлэлцэж Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1000 нэгжтэй тэнцэх буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж хохирогч Н.Хд хохирогчийн сэтгэцэд учруулсан хохирлын төлбөрт 8,573,400 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг үл зөвшөөрч байна.
Шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн байдалд гомдол байхгүй.
Гэмт хэрэг гарахад хохирогч Н.Хий хууль бус үйлдэл, харьцаа хандлагаас үүдэлтэй гэмт хэрэг гарах шалтгаан үүссэн. Хохирогч Н.Хд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй гэж хууль сануулсаар байхад зориуд худал мэдүүлэг өгсөн.
Эхнэрээ зоддог, тухайн хэрүүл маргаан болох үед манаачийн гэрт цагдаа байсан атлаа хэрүүл маргааныг зогсоогоогүй гэж худлаа гүжирдэж миний хувийн байдлыг хүндрүүлж намайг харгис хэрцгий хүн болгож харагдуулахаар худал мэдүүлэг өгсөн.
Шүүгдэгч Д.Ө******* миний бие урьд өмнө ямар нэг гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Мөрдөн байцаалтын шатнаас бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг төлөхөөр шүүх хуралдаан дээр илэрхийлсэн.
Хохирогч Н.Х хохирлын баримтыг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргаж өгсөн тул төлөгдөөгүй.
Хохирогч Н.Хд сэтгэцэд учирсан хохирол хоёрдугаар зэрэглэлтэй гарсан шүүх хамгийн дээд зэрэглэлээр буюу 12.99-ээр нэмэгдүүлж 8,573,400 төгрөг гаргахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлж үзэх нөхцөл, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн байдал, хохирогчид учирсан хохирол түүний хор уршиг шүүдэгчийн хувийн байдал дүгнэсэн байтлаа сэтгэцэд учирсан хохирлыг мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэн буюу 5,280,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч Х.Н********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан гэж үзэж байна. Шүүгдэгчийн зүгээс гаргаж буй гомдол үндэслэлгүй. Яагаад гэвэл хохирол төлбөртэй холбоотой асуудлаар шүүх түүнд хугацаа өгсөн. Өмгөөлөгчтэйгөө ганцаарчилж уулзаж, орж ирээд төлөхгүй гэдгээ илэрхийлсэн. Миний үйлчлүүлэгч Н.Х********** барилгын ажил хийдэг, 6 хүүхэдтэй хүн байна. Өнөөдрийг хүртэл миний үйлчлүүлэгч 10 хуруугаараа ажил хөдөлмөр эрхэлдэг хүний хувьд хуруу гүйцэт эдгэхгүй, хүндрэлтэй нөхцөл байдалтай байна. Мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээс хойш, анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн зүгээс нэг удаа уучлалт гуйх юм болов уу, шүүгдэгчийн зүгээс уучлалт гуйсан бол тохиролцох боломж байсан. Хохирол төлбөр төлөх талаар санаачилга гаргаагүй. Миний үйлчлүүлэгчийг харлуулах байдлаар тайлбар мэдүүлэг өгсөн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан байдаг. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Ө******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Х.Наранцэцэг өмгөөлөгчийн саналтай ижил саналтай байна. Гомдолдоо намайг харгис хэрцгий хүн болж харагдуулах гэж, худал мэдүүлэг өгсөн гэж бичсэн байна. н.Хийн хувьд тухайн өдөр болсон асуудлаа л хэлсэн. Цагдаагийн хувцастай хүн байсан. Хүний нутагт хүн танихгүй учраас ямар хүн байсныг нь мэдэх боломжгүй. Эхнэрийг нь “Та намайг зодож байхад салгаад, боль гэж хориглохгүй та яасан муухай юм бэ” гэхэд “Наад хүн чинь намайг зодоод нүдчихдэг” гэж мэдүүлэг өгсөн. Энэ хүнийг гүжирдэж, гүтгэсэн зүйл байхгүй. Тухайн үед Зүүнхараагийн эмнэлэг дээр үзүүлэх гээд сууж байхад нь хүртэл “Битгий баашлаад бай, ирж ажлаа хий” гэж дарамталж байсан. Өнөөдрийг хүртэл ял шийтгэл хөнгөрүүлэх, хохирол төлбөр багасгах гээд байх юм. Хүний урамд гар бариад, бие чинь яаж байна гэж нэг ч асуугаагүй. Энэ нөхцөл байдлыг шүүх харгалзан үзэх ёстой гэж үзэж байна гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбар дүгнэлтдээ:
Шүүгдэгч Д.Ө*******т холбогдох хэргийн хувьд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотолбол зохих байдлыг бүрэн тогтоосон. Анхан шатны шүүх тухайн хэргийн хувьд хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан. Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолоор хохирол төлүүлэх жишиг аргачлалын нэгдүгээр хавсралтын хүснэгтийн дагуу хоёрдугаар зэрэглэлээр шүүхээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12.99 дахин нэмэгдүүлсэн дүнгээр тогтоосон нь үндэслэлтэй.
Шүүхээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн гэм бурууг гаргахдаа анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Д.Ө*******т холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2.Хэргийн бүх ажиллагааг дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Д.Ө******* нь 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөх Сэлэнгэ аймаг Мандал сумын Минийн ******* * дугаар баг “ тахь” үйлчилгээний төвийн хашаан дотор Н.Х***********тэй таарамжгүй харьцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж улмаар түүний биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Н.Хийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... ажил хийж байхад Ө******* гэдэг хүн 2 ч удаа ирж уулзсан... ажлыг нь метр квадратыг нь 75,000 төгрөгөөр хийхээр тохирсон... үндсэндээ 650 квм талбайг гүйцэтгэж байгаа талаар хэлсэн... хийсэн ажлын талаар маргасан. тэгээд цохиод авсан. Намайг цохьсоноос болж би ухаан алдсан.. эхэндээ би гараа анзаараагүй гэтэл гарын хуруу хугарсан байсан...эмнэлэгт үзүүлсэн талаараа би Ө*******т хэлсэн... ажлаа дутуу орхиж хаяж явлаа гэж уурласан... би хийсэн ажлынхаа хөлсийг авсан ... хохирол нэхэмжилнэ ” гэсэн мэдүүлэг,
Гэрч Н. мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ..Н.Х анх 2024 оны 06 сарын 21-ны өдрөөс 07 сарын 30-ны өдөр гэхэд ажлаа дуусгана гэж тохирсон ...тэгээд дараа нь 8 сарын 15- өдөр дуусгана гэж дахин хугацааг сугансан. Гэтэл сунгасан хугацаандаа ажлаа дуусгаагүй ...Н.Хийн хэлэсэн болгонд ажлын хөлсийг өгөөд яваад байсан ...Н.Х нийтдээ 39,000,000 төгрөг өгсөн ...гэтэл ажлаа дуусгаагүй ажлын хөлсөө нэмнэ нэмэхгүй гээд Д.Ө*******тай маргасан. Н.Х маргаад багажаа хураагаад ажлаа дуусгахгүйгээр явах байхаар нь Д.Ө******* аймаар уурлаад чадна чадна гээд бүх ажлын хөлсөө авчхаад ажлаа орхиж явах гэлээ гээд гараа цохиж харагдсан ...яг хаана цохисныг нь хараагүй” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 935 дугаартай шинжээчийн “...Н.Хийн баруун гарын долоовор хурууны дунд болон үзүүр шивгүүр ясны хугарал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар саринуулах тул хүний эрүүл мэндэд учирсныг хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
3.Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чаджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Д.Ө*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
4.Шүүгдэгч Д.Ө*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж дүгнэв.
5.Шүүгдэгчийн зүгээс “...хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг тогтоохдоо шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл хохирогчийн үйлдэл зэрэгт дүгнэлт хийхгүйгээр тогтоосон гэсэн агуулга бүхий гомдол гаргасан.
Хохирогч нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-т зааснаар эдийн бус гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Хийн Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох тухай мөрдөгчийн 2024 оны 10 сарын 15-ны өдрийн тогтоол гарч тогтоолын дагуу Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 сарын 03-ны өдрийн 1304 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Н.Хийн сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас гэмтлийн стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарахаар тогтоожээ.
Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг баталсан бөгөөд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээтэй байхаар заасан байна.
Тус аргачлалын 3.8 дугаар заалтад шүүх нөхөн төлбөрийг хэмжээг хэрхэн тогтоох талаар заасан.
Гэтэл анхан шатны шүүх хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг шүүгдэгчээс гаргуулахаар нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу хоёрдугаар зэрэглэлийн хамгийн өндөр хэмжээгээр тогтоосон байх ба нөхөн төлбөрийн хэмжээг хэрхэн тогтоосон талаараа огт дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс зохих дүгнэлт хийж боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Ө******* хохирогч Н.Х нарын хооронд ажил гүйцэтгэх тухай гэрээ байгуулсан байх ба тухайн гэрээний үүрэг зөрчигдсөнтэй холбоотой хоорондоо маргалдсанаар хохирогчийн биед хохирол учирсан байх ба гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд хохирогчийн гэрээний үүрэг биелүүлээгүй буруутай үйлдэл нөлөөлсөн, шүүгдэгч нь гэм буруугаа гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан нь хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 9 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 9 х 660,000= 5,940,000 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж дүгнээд шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэл шийдвэрлэсэн 5 дахь заалтад өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/14 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн
5 дахь заалтыг:
“5.Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө*******аас Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нотлох баримттай зардал 225,000 төгрөг, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын нөхөн төлбөрт 5,940,000 төгрөг тус тус гаргуулж, Б аймгийн *** сумын З*** овоо * дүгээр баг *-* тоотод оршин суух, /**********, Утас: ********/ хохирогч Н Хд олгосугай.” гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ з Г.ДАВААРЕНЧИН