Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 588

 

 

 

 

 

    2018           07            06                                       588

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү,

улсын яллагч Д.Ууганцэцэг,

шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн /шүүхэд төлөөлөх үнэмлэхний дугаар 0234/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ч-ийн Б-Д холбогдох эрүүгийн 1808 000000000 дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б-овгийн Ч-ийн Б-д Монгол Улсын иргэн, 1967 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн ________ суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “__________” ХХК-нд цахилгаанчин, мужаанаар ажилладаг, ам бүл 1, ганцаараа, иргэний бүртгэлээр Өвөрхангай аймгийн Тарагт сумд оршин суух бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Хангайн 000 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй (рд:00000000000).

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга.

Ч.Б нь 2018 оны 00 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 00 дугаар гудамжны 00тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Ш.Н-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б: Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн 1808000000000 дугаартай хэргээс:

 

1.Хохирогч Ш.Н- хэрэг бүртгэлтэд 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн “...2017 оны 10 дугаар сард Б- надаас салаад тусдаа амьдрах болсон.  2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр ...гэртээ ирээд унтах гээд байж байтал гаднаас манай гэрт надтай хамтран амьдарч байгаад салсан Ч.Б ирсэн. Шууд хөргөгчний дээр тавьсан байсан хар өнгийн цүнхийг аваад ямар нэгэн юм надад хэлэлгүй ...цүнхээр намайг ороолгож зодож, тогоотой хоол асгасан тул цагдаад дуудлага өгсөн. Тэгээд Б- гэрийн хаалга өшиглөөд гэрээс гартал өмнөөс нь хоёр цагдаа орж ирээд, Б-ыг аваад явсан. Цагдаа нар энэ хүн чинь эрүүл байна шүү дээ эрүүжлүүлэх байр наад хүнийг чинь авахгүй гэж хэлсэн. 40 орчим минутын дараа дахиж ирээд над руу дайрахаар нь би гэрээсээ гараад зугтааж, дахиад цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нарыг манай гэрт ирэхэд Б- манайхаас гараад зугтаасан. Би цагдаа нарт “та нар яагаад тавиад явуулчихаж байгаа юм бэ” гэтэл тэр хоёр цагдаа нь эрүүл хүнийг саатуулах боломжгүй, Б-ад дахиж очиж болохгүй гэж хэлж тайлбарлаад явуулсан гэж хэлсэн. Ч.Б бид хоёр 2015 оны 03 дугаар сараас манайд надтай хамт амьдарч эхэлсэн. 2017 оны 10  дугаар сарын үед бид хоёр салсан. Ч.Б нь ерөөсөө ажил хийдэггүй, архи уугаад байдаг, бас архи уухаараа байнга хүн хэл амаар доромжилдог. Ч.Б өмнө нь намайг нилээн хэдэн удаа зодож байсан. Б-ад зодуулчихаад цагдаа болон эмнэлэгт хандаж байгаагүй. 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Б- намайг зодоход хоёр хүүхэд байсан. Том нь одоо 20 настай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаа юм, бага нь одоо 10 настай хүүхэд байсан. ...2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Ч.Б цүнхээр толгой руу хэд хэдэн удаа цохисон, бас нуруу луу хэд хэдэн удаа өшиглөсөн. Манай бага хүү болиоч гэж орилсон чинь Б- больсон юм. ...” гэх мэдүүлэг [1],

 

2.Хохирогч Ш.Н-ийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр дахин мэдүүлсэн “...Би өмнө нь Б-тай хамтран амьдарч байсан. Надад тус болж байсан үе байгаа учраас би санал гомдолгүй. Би Ч.Б эмчилгээний зардал мөнгө нэхэмжлэхгүй. Би өөртөө эмчилгээ хийлгэсэн зүйлгүй. Ч.Б бид хоёр 2015 оны 03 дугаар сараас нэг гэрт амьдарч эхэлсэн, 2017 оны 10 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа. Ч.Б ажил төрөл хийдэггүй, архи уудаг, архи уухаараа хүн хэл амаар доромжилоод байдаг учраас би салсан юм. ...” гэх мэдүүлэг [2]

 

3.Насанд хүрээгүй гэрч Н.Д-гийн хэрэг бүртгэлтэд 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр мэдүүлсэн “...2018 оны 01 дүгээр сарын 13-ны орой 20-оос 21 цагийн орчим байх гэрт манай ээж Н-, ах Г- бид гурав зурагт үзээд байж байтал гаднаас манай хойд аав Б- гэрт орж ирэнгүүтээ ээжийг толгой руу нь цүнхээр ороолгож зодсон. Мөн хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгэхээр нь би болиоч гэж хэлсэн. Тэгээд ээж цагдаад дуудлага өгсөн. Цагдаа дуудсныг мэдээд хойд аав Б- гэрээс гараад зугтаасан. Түүний дараа ээжийн бие өвдөөд байхаар нь түргэн дуудаж эмчид үзүүлсэн. Маргааш нь ээж бид хоёр эмнэлэг орж үзүүлсэн. ...2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хойд аав Ч.Б архи уугаагүй эрүүл байсан. Манай ээж Ш.Н-ийг хойд аав Ч.Б толгой руу нь цүнхээр ороолгосон, мөн гараараа хөлөөрөө бие рүү нь хэд хэдэн удаа өшиглөж зодсон. ...” гэх мэдүүлэг [3]

 

4.Ч.Б-ын хэрэг бүртгэлтэд 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...Н- бид хоёр 2015 оноос хойш нэг гэрт амьдарч эхэлсэн. 2017 оны 03 дугаар сараас тусдаа амьдарч эхэлсэн. Тусдаа амьдрах болсноос хойш би хааяа Н-ийн гэрт нь хүүхэдтэй нь уулзахаар очдог байсан. Би Н-тэй амьдарч байхдаа цалин мөнгөө өгдөг байсан, салснаасаа хойш Н- би чамд тэгэж байгаад 100.000 мянган төгрөг өгнө гэж нэг удаа хэлж байсан юм. Тэгээд би ажил төрөлгүй болоод мөнгө төгрөг олдохгүй болохоор нь 2018 оны 1 дүгээр сарын 13-ны орой Н-ээс мөнгөө авахаар очсон. Хэдэн цагт очсон гэдгээ сайн санахгүй байна. Н-ийн гэрт очиход Н- хоёр хүүхэдтэйгээ байсан. Би Н-ээс “чи надад 100.000 мянган төгрөг өгнө” гэж хэлж байсан, би одоо ажил төрөлгүй болчихоод байна, надад нөгөө мөнгөө өгөөч” гэж хэлтэл Н- “би яахаараа чамд мөнгө өгдөг юм бэ” гэж үгэлсэн. Түүнээс болоод Н- бид хоёр маргалдсан. Би Н-ийг нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон. Бас жижиг цүнхээр толгойных нь ар тал руу нь нэг удаа цохисон. Тэгээд маргалдаад байж байтал Н- цагдаад дуудлага өгчихөөр нь би Н-ийн гэрээс нь гараад явчихсан юм. Н- бид хоёр 2015 оны 03 дугаар сараас эхлэн нэг гэрт амьдарч эхэлсэн. Гэр бүлээ батлуулсан бичиг баримт байхгүй. Н- бид хоёр 2017 оны 10 дугаар сараас тусдаа амьдарч эхэлсэн. Ш.Н-ээс тусдаа амьдарч эхэлснээсээ хойш Н-ийн гэрт бага хүүхэдтэй нь уулзах гэж очдог байсан. Бага хүүхэд нь намайг аав гэж дууддаг юм. Н- 2018 оны 04 дүгээр сараас надаас өөр хүнтэй уулздаг болсныг нь мэдээд би нэг маргалдаад дахиж очихоо больсон. 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр би Ш.Н-ийн толгой руу нь гараараа нэг удаа цохисон, бас жижиг цүнхээр толгойны ар тал руу нь нэг удаа цохисон. Тэгтэл Н- цагдаад дуудлага өгөхөөр нь би гэрээс нь гараад явсан. Н-ийг би цохиж байхад Н-ийн гэрт хоёр хүүхэд нь байсан, өөр хүн байгаагүй. Өмнө нь 2017 оны 02 дугаар сард Ш.Н-ийг зодож байсан, түүнээс хойш гар хүрч зодож байгаагүй. 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр би Ш.Н-ийг зодож гэмтээсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ..." гэх мэдүүлэг [4],

 

5.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээчийн 1588 тоот:

Хэсэг газрын үзлэгт: дагзны дунд доод хэсэгт бага зэрэг овойж хавдсан, бага зэрэг эмзэглэлтэй.

2018.01.14-ний ГССҮТ-ийн хүлээн авахын эмчийн үзлэгт: онош: тархи доргилт. 2018.01.14-ний ГССҮТ-ийн эхо-д: элэгний хэлбэр, хэмжээ хэвийн, ...эхо ойлт жигд, ...голомтот өөрчлөлт тодорхойлогдохгүй, цөсний хүүдий агшсан, нойр булчирхайн хэмжээ хэвийн, ...хэт авиан ойлт жигд бага зэрэг ихэссэн, голомтот өөрчлөлт тодорхойлогдохгүй, дэлүү томроогүй, баруун, зүүн бөөрний байрлал, хэлбэр, хэмжээ хэвийн, ...АТК бага зэрэг сийрэгжсэн, ...хэвлийн хөдийд сул шингэнгүй гэжээ.

2018.01.14-ний гавал ясны 2 байрлалын рентген зургаар: хамар ясанд хугаралгүй, таславч дунд хэсгээр баруун тийш бага зэрэг мурийсан, шинжээч эмч С.Чулуунсүх, 2018.01.17 гэжээ.

2018.01.18-ны Натур эмнэлгийн толгойн КТГ-д: тархины эдэд голомтот болон эзэлхүүнт бүтцийн эмгэг өөрчлөлтгүй, тархины эдийн бор ба цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавантай, 2 талын хажуугийн ховдлууд болон 3, 4-р ховдлуудын байрлал, хэлбэр, хэмжээ хэвийн, субарохнойдаль зайнууд хэвийн, бага тархинд бүтцийн эмгэг өөрчлөлтгүй, голын бүрдэл хазайлтгүй, гавал яс болон 2 талын нүдний ухархайд гэмтлийн гаралтай бүтцийн эмгэг өөрчлөлтгүй, нүдний ухархайн арын эслэг зайд эмгэг өөрчлөлт үгүй, нүдний гадна ба дотно шулуун булчингууд болон харааны мэдрэл хэвийн, хамрын таславч баруун тийш мурийлттай /хуучин/, хамрын дайвар хөндийнүүдийн агааржилт хэвийн, 2 талын хөхлөг сэртэнгийн агааржилт ердийн, эмч С.Мөнхбаатар гэжээ.

Амбулаторийн картаас: 2018.01.18-ны мэдрэл болон гэмтлийн эмчийн үзлэгт: онош: тархи доргилт гэжээ.

ДҮГНЭЛТ

1. Ш.Н-ийн биед тархи доргилт, дагзны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” /шинжээч Б.Ундармаа/ гэсэн дүгнэлт [5]

 

6. Аюулын зэргийн үнэлгээ /өндөр буюу 10-аас дээш гарсан, олон удаагийн үйлдэлтэй гэх/ [6],

7. Шүүгдэгч Ч.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа [7], түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас [8], Цагдаагийн байгууллагын асап сангийн лавлагаа [9], “Бүрэн цутгамал” ХХК-д ажиллаж байгаа тухай тодорхойлолт [10], тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа [11] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Талуудаас нотлох баримтын талаар хасуулах, шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх талаар санал гараагүй болно. 

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

Гурав. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ч.Б нь холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 00 тоотод шууд санаатай үйлдлээр  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Ш.Н-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

-Хохирогч Ш.Н-ийн хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн: “...2017 оны 10 дугаар сард Б- надаас салаад тусдаа амьдрах болсон. 2018 оны 01 дүгээр сарын 13-нд ...гэртээ ирээд унтах гээд байж байтал гаднаас манай гэрт надтай хамтран амьдарч байгаад салсан Ч.Б ороод ирээд, шууд хөргөгчний дээр тавьсан хар өнгийн цүнхийг аваад ямар нэгэн юм надад хэлэлгүй цүнхээрээ намайг ороолгож зодож, тогтоотой хоол асгасан. ... Ч.Б цүнхээр толгой руу хэд хэдэн удаа цохисон, бас нуруу луу хэд хэдэн удаа өшиглөсөн бөгөөд манай бага хүү болиоч гэж орилсон чинь Б- больсон юм. ...” гэх мэдүүлэг [12] ,

-Насанд хүрээгүй гэрч Н.Дгийн хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...2018 оны 01 дүгээр сарын 13-ны орой 20-оос 21 цагийн орчим байх, гэрт манай ээж Н-, ах Г- бид гурав зурагт үзээд байж байтал гаднаас манай хойд аав Б- гэрт орж ирэнгүүтээ ээжийг толгой руу нь цүнхээр ороолгож зодсон, мөн хөлөөрөө өшиглөөд байсан Тэгэхээр нь би болиоч гэж хэлсэн. Тэгээд ээж цагдаад дуудлага өгсөн. ...Манай ээж Ш.Н-ийг хойд аав Ч.Б ...гараараа, хөлөөрөө бие рүү нь хэд хэдэн удаа өшиглөж, цохиж зодсон. ...” гэх мэдүүлэг [13],

-Ч.Бын хэрэг бүртгэлтэд яллагдагчаар мэдүүлсэн “...Н- бид хоёр 2015 оноос хойш нэг гэрт амьдарч эхэлсэн, 2017 оны 03 дугаар сараас тусдаа амьдарч эхэлсэн юм. ...2018 оны 01 дүгээр сарын 13-ны орой Н-ээс мөнгөө авахаар очсон. Н-ээс чи надад 100.000 мянган төгрөг өгнө гэж хэлж байсан, ажил төрөлгүй болчихоод байна надад нөгөө мөнгөө өгөөч гэж хэлтэл Н- би яахаараа чамд мөнгө өгдөг юм бэ гэж үгэлсэн. Түүнээс болоод Н- бид хоёр маргалдаж, би Н-ийг нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон, бас жижиг цүнхээр толгойных нь ар тал руу нь нэг удаа цохисон. Маргалдаад байж байтал Н- цагдаад дуудлага өгчихөөр нь би гэрээс нь гараад явсан юм. ..." гэх мэдүүлэг [14]

-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээчийн 1588 тоот дүгнэлт [15], Аюулын зэргийн үнэлгээ [16] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.Б гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

Хууль зүйн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Ч.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас үзвэл тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь гэр бүлийн таарамжгүй харилцаа, үл ойлголцлоос болсон байна.

Хохирогч Ш.Н-, шүүгдэгч Ч.Б нар нь 2015 оноос хойш нэг гэрт амьдарч эхэлсэн байх ба 2017 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд хамтран амьдарч байсан, Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байсан байна.

“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг ...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан. Иймээс шүүгдэгч Ч.Б нь хамтран амьдрагч Ш.Н-ийн бие махбодид халдаж, түүнийг зодож,  хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж үзэх үндэслэлтэй болж байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, Ч.Б-ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.

Шүүгдэгч Ч.Б нь хохирогч Ш.Н-ийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч Ш.Н- нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн хохирогчийн хүсэлтэд хохиролд маргаан байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх [17] тул хохирогч Ш.Н- нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тогтоолд дурдав.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ч.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Хандсүрэн миний үйлчлүүлэгч Ч.Б нь “Бүрэн цутгамал” ХХК-нд цахилгаанчин, мужаанаар ажилладаг, хувийн байдал нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй, тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хувьд хохирол төлбөр нэхэмжилсэн зүйлгүй зэрэг хуульд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан үзэж улсын яллагчаас санал болгосон 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн  дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч Ч.Б-д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.Б нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэгт үйлдснийг харгалзан ажлын газрын тодорхойлолт баримтад үндэслэн бусад орлого олох боломж зэргийг харгалзан Ч.Б-ыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,  торгох ялыг  шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан 3 сар буюу 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч Ч.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

3. Бусад асуудлын талаар:

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ч.Б-ын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б-овгийн Ч-ийн Б-дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ыг  550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сар буюу 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Ш.Н- нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ч.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ч.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА

 

 

 


[1] Хавтаст хэргийн 16-19 дүгээр тал.

[2] Хавтаст хэргийн 20-22 дугаар тал.

[3] Хавтаст хэргийн 23-24 дүгээр тал.

[4] Хавтаст хэргийн 108-111 дүгээр тал.

[5] Хавтаст хэргийн 26 дугаар тал.

[6] Хавтаст хэргийн 37-40 дүгээр тал.

[7] Хавтаст хэргийн 41 дүгээр тал.

[8] Хавтаст хэргийн 42 дугаар тал.

[9] Хавтаст хэргийн 49-51 дүгээр тал.

[10] Хавтаст хэргийн 115 дугаар тал.

[11] Хавтаст хэргийн 55 дугаар тал.

[12] Хавтаст хэргийн 16-19 дүгээр тал.

[13] Хавтаст хэргийн 23-24 дүгээр тал.

[14] Хавтаст хэргийн 108-111 дүгээр тал.

[15] Хавтаст хэргийн 26 дугаар тал.

[16] Хавтаст хэргийн 37-40 дүгээр тал.

[17] Хавтаст хэргийн 20-21 дүгээр тал.