Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 103/ШШ2025/01193

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 103/ШШ2025/01193

Улаанбаатар хот

 

 

 

 

 

2025 12 01 103/ШШ2025/01193

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, Багануур дүүргийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн ... дугаар хороо, Нарийны ...дугаар гудамжны ..тоотод оршин суух, ******* ******* ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Багануур дүүргийн Прокурорын газар нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. ******* нь бичил бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхээр тус дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хүсэлт гарган, 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээг байгуулан 2,000,000 төгрөгийг 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 36 сарын хугацаатай зээл авсан байна. Анх зээлсэн 2,000,000 төгрөгөөс 500,000 төгрөгийг төлсөн, үлдэх 1,500,000 төгрөгийг одоо болтол төлөөгүй, зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй, зээлийн эргэн төлөлт огт хийгдээгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3,2 дугаар зүйлийн 2.5, 3 дугаар зүйлийн 3.10-т заасны дагуу *******аас 1,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Бид Багануур дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс зээл авсан нь үнэн. Багануур дүүргийн Прокурорын газраас нэхэмжилж байгаа 1,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Багануур дүүргийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй ******* ******* ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлөх 38,950 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, хариуцагч *******аас 19,475 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ