Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2025/ДШМ/35

 

                                        Х.А*******т холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Манлайбаатар, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Энэрэл хөтөлж,

Прокурор Р.М*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.А******* нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/37 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Х.А*******т холбогдох эрүүгийн ************* дугаартай, ************** индекстэй, 2 хавтас хэргийг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х** ******* овогт Х******* А*******, Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын 21-ний өдөр Х******* аймгийн ******* суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 3, хоёр охины хамт Сэлэнгэ аймгийн Ц******* сум, * дүгээр баг, задгай тоотод оршин суух хаягтай, урьд шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, (РД:********),

Шүүгдэгч Х.А******* нь 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ц******* сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт байсан иргэн И.Б*******гийн өмчлөлийн үхэр дундаас нас гүйцсэн сувай үнээ 1 ширхэг, нас гүйцсэн эр гуна 1 ширхэг нийт 2 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлж, 4,100,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Х.А*******ийг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зайснаар шүүгдэгч Х.А*******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж,

Шүүгдэгч Х.А*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А*******т 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун  мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А*******ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулан,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь хохирогчийн хоёр тооны үхрийг амьдаар нь буцаан өгсөн, хохирогчийн зүгээс гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэнд үндэслэн шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцож,

Шүүгдэгч Х.А******* нь энэхүү гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдан, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж, ....шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Н 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №06 дугаартай эсэргүүцэлдээ:

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Сэлэнгэ аймгийн прокурорын газраас 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Х.А*******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хөнгөрүүлэн өөрчилж зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлийн тухайд:

Болсон үйл явдлыг сэргээн дүрсэлбэл: Х.А******* нь 2024 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ц******* сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт байсан иргэн И.Б*******гийн өмчлөлийн үхэр дундаас нас гүйцсэн сувай үнээ 1 ширхэг, нас гүйцсэн эр гуна 1 ширхэг нийт 2 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлж, 4.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч И.Б*******гийн “...Тухайн өдөр буюу 2024 оны 05 дугаар сарын 05-ны орой 21 цагийн үед хороололд гэрийнхээ гадаа үхрээ хотлуулчхаад гэртээ ороод амарсан. Тэр шөнөдөө 02 цагийн орчим манай нохой хуцаад байхаар нь хүн ирсэн юм болов уу? гээд гарахад гэрийн гадаа ямар нэгэн хүн, амьтан байгаагүй тэгэхээр нь буцаж гэртээ ороод амарсан. Тэгээд 2024 оны 05 дугаар сарын 06-ны үүрээр 04 цаг 30 минутын үед сэрээд хашааны гадна хотлуулсан үхрээ хартал өчигдөр хотлуулсан үхрээс минь 1 тооны хүрэн халзан эр бүдүүн үхэр, 1 тооны улаан халзан сувай бүдүүн үнээ дутуу байхаар нь 05 цаг өнгөрөөд гэрийнхээ ойр орчим хайгаад явсан боловч олдоогүй. Олдохгүй байхаар нь уулан дээр гараад дурандаад үзсэн чинь усан сангийн урагш айлын хашаанд үхэр мөөрөөд байхаар нь манай үхэр байж магадгүй гэж бодоод яваад очтол А******* гэх манай сумын иргэний хашаанд миний 2 үхэр байсан бөгөөд мөн манай сумын иргэд болох түүний эхнэр нар манай хүрэн халзан эр бүдүүн үхрийг эврээс нь уяа уячихсан уяанаас нь татаад сүх бариад тухайн сүхээрээ манай үхрийн толгой хэсэг руу 1 удаа цохисон. Тэгэхээр нь би наанаас нь “хөөе хаалга онгойлго үхрээ авъя” гээд орилсон чинь тухайн айлын эзэн А******* гэрээсээ гарч ирээд “чи үхрээ хараад шууд таньдаг юм уу? би энэ үхрийг Боргиогоос авсан” гээд орилоод байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 118-119 хуудас/

гэрч Д.Бийн “...А******* эгч ганцаараа гэрт орж ирээд надад хандан манай гэрт очоод үхэр алаад өгөөч манай охины хурим болох гээд байгаа юм аа гээд гуйгаад байсан. хүрэн халзан эр үхрийг нь бугуйлдаад эхнэр Дгээр бариулж байгаад тухайн модон иштэй сүхээр 1 удаа хүрэн халзан үхрийг цохисон чинь хальт цохисон тэгсэн чинь А*******ийн хашааны гадна Ц******* сумын иргэн Бааскаа ирчихсэн үхрээ авъя гээд орилоод... та одоо хүний үхэр авчихсан юм уу гээд хэлсэн чинь А******* эгч би хүний үхэр аваагүй наад Бааскаа чинь үхрээ танихгүй байна гээд байсан...” гэх мэдүүлэг,

гэрч М.Дгийн “...хашааных нь хаалганы харалдаа 2 тооны үхэр байсан тэгээд А******* эгч энэ 2 үхрийг гаргаж янзална гэсэн. А*******ийн хашааны гадна талаас тэр хүн хашхирах шиг болтол манай нөхөр одоо наад үхрээ тавь гэхээр нь би тавьчихсан тэгсэн чинь хашааны гадна талд Б******* гэх манай сумын иргэн ирчихсэн үхрээ авъя гээд орилж байгаа харагдсан. ...Б******* дээр очоод чи өөрийнхөө үхрийг танихгүй байна шүү дээ гэж хэлээд улмаар хоорондоо хэрэлдээд унасан..." гэсэн мэдүүлгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1-д заасан нотлох баримт мөн болно.

Гэтэл анхан шатны шүүх “...шүүгдэгч Х.А******* нь бусдын үхрийг олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн 2 үхэр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа өөрөөр хэлбэл шүүгдэгчийн малтай хамт түүний малын хашаанд орж ирсний дараа завших сэдэл төрж, улмаар үхрийг муулахаар шийдэж, хүн дуудсан байдаг” гэх хэрэгт нотлогдоогүй үйл баримтад хийсвэр дүгнэлт хийсэн. Шүүгдэгч шүүх хуралдаанд дээрх байдлаар мэдүүлэг өгсөн ч энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эс сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасныг зөрчсөн.

Мөн шүүх хохирогчийн хувьд тухайн өдрийн 21 цагийн үед малаа хотлуулсан гэж мэдүүлдэг бөгөөд хотлуулах гэдэг нь өөрийн хашаа руугаа зүглүүлэхийг хэлдэг байна” гэж тайлбар дүгнэлт хийсэн нь хэт нэг талыг барьсан ба энэ нь хохирогчийн мэдүүлгээр үгүйсгэгддэг. Тодруулбал хохирогчийн мэдүүлэгт 2024 оны 05 дугаар сарын 05-ны орой 21 цагийн үед хороололд гэрийнхээ гадаа үхрээ хотлуулчхаад гэртээ ороод амарсан. ...Тэгээд 2024 оны 05 дугаар сарын 06-ны үүрээр 04 цаг 30 минутын үед сэрээд хашааны гадна хотлуулсан үхрээ хартал өчигдөр хотлуулсан үхрээс минь 1 тооны хүрэн халзан эр бүдүүн үхэр, 1 тооны улаан халзан сувай бүдүүн үнээ дутуу байсан” гэх мэдүүлгийг удаа дараа өгсөн байна.

2. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

Алдаатай гүйлгээ, андуурсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байхыг шаарддаг. Алдуул мал гэж ямар нэг хариулгагүй, өмчлөгч буюу эзэмшигчийн хүсэл зоригоос үл хамааран өөрийн ижил сүрэг, байнга идээшиж дассан нутаг бэлчээр, хашаа, хороогоо орхин алслагдаж, хэний ч эзэмшил, хараа хяналтгүй болсон малыг ойлгоно.

Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлгийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа таван хошуу малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан үйлдэл байна. Энэхүү гэмт хэрэг зөвхөн шунахай сэдэлтээр буюу бусдын өмчлөлийн малыг хууль бусаар завшиж өөртөө хэрэглэх болон зарж борлуулан ашиг хонжоо олох зорилготой, шууд санаатай үйлдэгддэг онцлогтой (УДШ 2022.11.23 №171)

Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар “...орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй”, 117.2-д “Алдуул малын талаар нийтэд мэдээлснээс хойш нэг жилийн дотор эзэн нь тогтоогдвол малыг үр төлийн хамт буцааж өгөх бөгөөд эзэн тогтоогдоогүй бол олсон этгээдийн өмчлөлд, уг этгээд татгалзвал орон нутгийн өмчлөлд шилжүүлнэ” гэж, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Нутгийн захиргааны байгууллага алдуул малыг бүртгэж, алдуул малын талаар цагдаагийн байгууллага болон олон нийтэд тогтмол мэдээлж байна” гэж, мөн зүйлийн 11.2 дахь хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага алдуул малын талаар нутгийн захиргааны байгууллагад мэдээлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан болно.

Мөн Алдуул малыг бүртгэх, мэдээлэхэд Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны А/74 дүгээр тушаалын хавсралт “Малыг бүртгэх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх тухай журам”, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн акт болон алдуул болон хулгайлагдсан малыг бүртгэх, мэдээлэх журмаар зохицуулсан байна.

Дээр дурьдсан хуулийн шаардлага хангагдаагүй хэрэгт анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байх тул Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШТЦ/37 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Зүйлчлэлийг өөрчлөх талаах хэд хэдэн хүсэлт гаргасан. Хоёрдугаарт ачаад явж байсныг тогтоож өгөөч гэж 3 асуудлаар маргалдаж явсан. Хэрэгт авагдсан баримтаар 2 тооны үхэр орж ирсэн байсан. гэнэт 2 тооны үхэр орж ирээд муулъя гэх сэдэл төрсөн үйл баримт тогтоогдсон. Шөнийн цагаар хулгай хийх санаа байсан бол тийм үйлдэл гарах ёстой. Энэ хүн хулгай хийгээгүй. Үүнийг алдуул мал гэж үзэх үндэслэлтэй байна. Хууль зүйн хувьд нийцнэ гэж үзэж байна. Хулгайн зүйл ангиар оруулж байгаа нь хууль зөрчиж байна гэж үзэж байна. Тийм учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Р.М******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Х.А*******т холбогдох эрүүгийн 2431001910160 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

2.Прокуророос шүүгдэгч Х.А******* нь 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ц******* сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт байсан иргэн И.Б*******гийн өмчлөлийн үхэр дундаас нас гүйцсэн сувай үнээ 1 ширхэг, нас гүйцсэн эр гуна 1 ширхэг нийт 2 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлж, 4,100,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.А*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн зүйлчлэлийг хөнгөрүүлэн мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 буюу “Алдуул мал завших” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцож, хуульд заасан торгох ялыг оногдуулж шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Нгээс гаргасан “...Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэх эсэргүүцлийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

3.Шүүгдэгч Х.А*******ийн дээрх хууль бус үйлдлийг шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай, зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлсэн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан.

 4.Алдуул мал завших гэмт хэргийн обьектив талын үндсэн шинж нь уг алдагдсан гэх малыг өөрийн малд нийлснийг лавтай сайн мэдэж, зохих хуулийн байгууллагад өөрийн малд эзэнгүй буюу эзэн нь тодорхойгүй мал ирж нийлснийг мэдэгдэж, өмчлөгч эзэн нь тогтоогдоогүй нөхцөлд харж хамгаалахаар үүрэг хүлээсэн этгээд дээрх үүргээ биелүүлэх явцдаа гэмт санаа буюу тухайн малыг зарж борлуулах, захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж ашиг олсон байдлаар илэрдэг.

Харин шүүгдэгч Х.А*******ийн хувьд тэдний хашаанд шөнө оройн цагаар орж ирсэн малыг өглөө үүрээр нядалж мах болгон зарж мөнгө болгохоор хэрэгжүүлж буй үйлдэл нь сэм бусдын хөрөнгийг авч ашиг олох санаа зорилготой, шууд санаатай, шунахайн сэдэлттэй хулгайлах гэмт хэрэг гэж үзнэ.  

5.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-д заасан олон тооны малыг хулгайлах гэмт хэргийн далд сэм аргаар шууд санаатай шунахайн сэдэлтээр үйлдэгддэг обьектив талын шинжийг мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д  заасан “...алдуул мал завших” гэмт хэргийн обьектив талын малыг харж хандах явцдаа үүсдэг шууд бус санаа зорилго, шинж байдалтай  андуурч, түүнтэй өрсөлдөхүйц хэмжээний ижил төстэй гэмт хэргийн шинж байдлаас буруу тайлбарлан хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн зүйлчилж хөнгөн төрлийн ял оногдуулж шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа болжээ.

6.Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.2-д заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, 1.3-д заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн” зөрчилтэй байх тул шүүгдэгч Х.А*******т холбогдох хэргийг дээрх үндэслэлүүдээр Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/37 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.  

7.Мөн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Шүүх байгуулах тухай хуулийн 2 дахь хэсэгт тус шүүхийн өөрчлөгдөн байгуулагдаж тус анхан шатны шүүхийн нэршил өөрчлөгдөн Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх гэсэн нэршилтэй болсон байхад  шийтгэх тогтоолд хуучин нэршилээр буюу  “Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх” гэж шүүхийн нэршилийг ташаа бичсэн алдаа гаргасан байгааг цаашид анхаарах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/37 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Прокурорын эсэргүүцлийг хангасугай.

3.Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг магадлал хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                            

         ДАРГАЛАГЧ,

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

 

                           ШҮҮГЧ                                    Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

                           ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ