Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2017/00761

 

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2017/00761

 

 

ХААН банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 104/ШШ2017/00584 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХААН банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.Алтанцэцэгт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 5 756 389.3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаа

Хариуцагч Н.Алтанцэцэг

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Одонжав

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Н.Алтанцэцэг нь 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 10-206 тоот зээлийн гэрээгээр 4 000 000 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдөр өмнөх зээлийн үлдэгдэл болох 1 537 500,38 төгрөг дээр нэмээд 8 462 499,62 нийт 10 000 000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээл авсан бөгөөд зээлийн барьцаанд орлого, гэрийн эд хогшил зэргийг барьцаалуулсан. Зээлийн төлбөрөө бүрэн төлөөгүй тул нийт 5 756 398,3 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Барьцаа хөрөнгийн байршил, төрлийг бичихдээ эдийн засагч техникийн алдаа гаргасан учраас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Н.Чойжхорлоо гэгч эмэгтэйн дэлгүүрт өдрийн  5000 төгрөгийн цалинтай худалдагчийн ажил эрхэлж ирсэн бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлд хамрагдаж байгаагүй. Манай захирал маш их өр зээлтэй, дэлгүүрийн ажлыг цааш ажиллуулах хүндрэлтэй байна гээд миний нэр дээр 4 000 000 төгрөгийн зээлийг анх Хаан банкнаас авсан. Надад энэ мөнгөнөөс нэг ч төгрөг өгөөгүй ба өөрөө мөнгийг төлөөд явж байсан. Энэ зээлийн үлдэгдэл дээр нэмж зээл авсан нь энэхүү 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээ бөгөөд миний бие 2011 оноос 108 000 төгрөгөөр бодож нийгмийн даатгалын дэвтэр нээлгэснийг ашиглаж 2012 онд цалингийн зээл нэрээр 8 000 000 орчим төгрөгийг нэмж авсан байдаг. Энэ зээл миний нэр дээр гарсан боловч мөнгийг би хүлээн аваагүй, Н.Чойжхорлоо миний нэр дээр авсан зээл юм. Иймд би энэ зээлийн  төлбөрийг төлбөл зохих этгээд биш бөгөөд Хаан банк миний нэр дээр өөр хүнд зээл олгосон нь буруутай гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэв төлөх дээрээ тулах юм бол хүү төлөхгүй, зөвхөн үндсэн зээлийн үлдэгдлийг төлнө гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Нямжавын Алтанцэцэг /РД:УД60022505/-ээс 5.756.389 /таван сая долоон зуун тавин зургаан мянга гурван зуун наян ес/ төгрөг, 5 /тав/ мөнгө гаргуулж ХААН банк ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчан төлсөн 107.503 /нэг зуун долоон мянга таван зуун гурав/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Н.Алтанцэцэгээс 107.503 /нэг зуун долоон мянга таван зуун гурав/  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХААН банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хариуцагч Н.Алтанцэцэг нь 5 756 389,3 төгрөгийг Н.Чойжхорлоогийн хүсэлтээр авч өгсөн, өөрөө хэрэглээгүй болох нь гэрчийн мэдүүлэг, нотлох баримтуудаар нотлогдох бөгөөд гуравдагч этгээдээр Н.Чойжхорлоог татаж шийдвэрлэх ёстой байсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23-р зүйлийг зөрчиж зээл гаргасан нь асуудал үүсгэсэн бөгөөд банкны зээлийн журам, зээлдэгчид тавих шалгуур, зээлийн судалгаа зэргийг хууль журмын дагуу хийсэн эсэхийг шалгаж шийдвэрлээгүй.

Зээлийн хувийн хэрэгт Н.Алтанцэцэгийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар авагдсан байх бөгөөд энэхүү дэвтэр нь Алтанцэцэгийн дэвтрийн нүүр мөн байх боловч дараагийн хуудас нь хуурамч буюу Алтанцэцэгийн шимтгэл төлөгдсөн хуудас биш байсан. Банк зээлийн үйл ажиллагааны журам зөрчиж хуурамч баримт бүрдүүлэн олгосон талаар талууд мэтгэлцсэн боловч шүүгч нотлох баримтыг илт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Зээлийн эргэн төлөлтийг би гүйцэтгээгүй гэж хариуцагч маргахдаа зээлийг би аваагүй гэж маргасан. Харин гуравдагч этгээдэд шилжсэн мэтээр огт тайлбар хийгээгүй ба гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байх баталгааг гаргасан эсэх зэрэг гэрээний зүйл заалтыг барьж талууд огт мэтгэлцээгүй. Шүүгч гэрээний 3.1.4-д заасан баталгаа гаргасан гэж шийдвэрт тусгасан нь ИХШХШТХ-ийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн асуудал биш байх ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзэж байна. Мөн гарын үсгийн шинжилгээ хийлгэх хүсэлтийг хангахгүй хэмээн шийдвэрт тусгахдаа хүсэлтийг бичгээр гаргасныг хүлээн авч захирамж гаргаагүй ба ИХШХШТХ-ийн 105 дугаар зүйлийг зөрчсөн.

Түүнчлэн шүүгч "хариуцагч ажил олгогчийн шахалт дарамтаар зээлийг авсан бол энэ тухайгаа банкинд мэдээлж Иргэний хуулийн 204.1-д зааснаар эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан" гэжээ. ИХШХШТХ-ийн 107 дугаар зүйлд заасны дагуу талууд маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, мэтгэлцэж оролцдог. Гэтэл шүүгч хэт нэг талыг баримтлан хариуцагч талтай өөрөө мэтгэлцсэн төдийгүй шийдвэр гаргахаас өмнө хариуцагчийг буруутай гэдэгт итгэл үнэмшилтэй байсан. Энэ нь шийдвэрийн үндэслэл хэсгээс шууд харагдах бөгөөд талуудын мэтгэлцээгүй, шүүхэд тайлбар хийгээгүй зүйлсийг шийдвэр гаргах гол үндэслэлээ болгон дурдсан байна.

ИХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасаны дагуу шүүх хуралдааны тэмдэглэлийг хугацаанд нь гаргаагүй ба хариуцагчид уншиж танилцуулаагүй. Шүүгчийн туслах нь хэргийн материалтай танилцуулах шаардлагагүй, өөрт нь байхгүй гэдэг тайлбарыг өгч хурлын тэмдэглэл алдаагүй бичигдсэн эсэхэд эргэлзээтэй байна. Шүүх хурал 12 сарын 12-ны өдөр хийгдсэн боловч шийдвэрийг 2017 оны 1 сарын 27-ны өдөр гардаж авсан ба шүүхийн үйл ажиллагаа маш удаашралтай, иргэдийг чирэгдүүлж, хууль болон шийдвэрт заасан хугацаандаа гараагүйд гомдолтой байна. Хэргийг шийдвэрлэсэн процесс болон шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхийн байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байх тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх талаар хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч ХААН банк ХХК нь хариуцагч Н.Алтанцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5 756 389,3 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тайлбар татгалзлаа өөрөө нотлох, нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэйгээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг шүүхээр бүрдүүлэх хүсэлт гаргах эрхтэй болохыг мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасан байна.

 

Хариуцагч Н.Алтанцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ Банкнаас зээл авах хэмжээний орлого байхгүй, Н.Чойжхорлоо надад хэлэлгүйгээр баримт бүрдүүлж гарын үсгийг дуурайлгаж зурсан байна, би зээлийн гэрээ байгуулаагүй бөгөөд зээл аваагүй гэж тайлбарлан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хариуцагчийн өмгөөлөгчөөс зээлийн гэрээний хувийн хэрэгт авагдсан баримтуудад зурагдсан гарын үсэг хариуцагч Н.Алтанцэцэгийн гарын үсэг мөн эсэхийг шинжээч томилж тогтоолгох хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд гаргажээ. /хх-ийн 67/

 

2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч өмнө нь бичгээр гаргасан шинжээч томилуулах хүсэлтээ дэмжиж тайлбарласнаас гадна гэрчээр Н.Чойжхорлоо, С.Ариунжаргал нарыг асуулгах хүсэлт гаргаснаас шүүх гэрч асуулгах хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан боловч шинжээч томилж дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй орхижээ. /хх-ийн 93-97/

 

Улмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх шүүх хуралдаан 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр явагдсан ба уг хуралдаан дээр хариуцагчийн өмгөөлөгч шинжээч томилуулах хүсэлтээ мөн дэмжиж тайлбарласан байхад /хх-ийн 132-р хуудасны ар талд/ уг хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр шүүх хуралдааны хэлэлцүүлгийг явуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримт шинжлэн судалсны дараа шинжээч томилох эсэх талаар талуудыг мэтгэлцүүлсэн, уг хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй, хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараа шүүгчийн 104/ШЗ2016/01677 дугаар захирамжийг гаргасан зэрэг нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 38.7, 105 дугаар зүйлийн 105.1, 105.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2 дах заалтуудыг тус тус зөрчсөн байна.

 

Түүнчлэн шүүгчийн 2016 оны 11 сарын 11-ний өдрийн 104/ШЗ2016/1535 дугаар захирамжаар хариуцагч Н.Алтанцэцэгийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг шүүх хангасан ба ХААН банкинд хадгалагдах зээлдэгчийн хувийн хэргийг эхээр нь хэрэгт хавсаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасантай нийцээгүй, шүүх эдгээр баримтыг хэрхэн үнэлж байгаагаа заагаагүй нь учир дутагдалтай болхыг дурдах нь зүйтэй.

 

Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12ы өдрийн 104/ШШ2017/00584 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Алтанцэцэг давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107 053 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Н.БАТЗОРИГ