Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2020/01275

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2020/01275

 

 

Р ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2020/01326 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Р ХК-ийн хариуцагч Ц ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Р ХК-ийн нэхэмжлэл болон шүүхэд гаргасан гаргасан тайлбарт: Р ХК нь бетон зуурмаг үйлдвэрлэж барилга угсралтын компаниудад бүтээгдэхүүнээ борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг. Цоба ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд бетон зуурмаг болон помпийг худалдан авсан. Худалдан авагч болох Цоба ХХК нь хүлээн авсан бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөрийг төлөлгүй явсаар 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн тооцоогоор 20 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй. Иймд бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр 20 000 000 төгрөг, гэрээний 4.2-т төлбөр тооцоог хугацаанд нь төлөөгүй нөхцөлд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.2 хувийн алданги тооцохоор заасан тул алданги 10 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Ц ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч компанийн хувьд төлбөрийн боломжгүй байдлаас үүдэн үндсэн төлбөрийн үүргийг гүйцэтгээгүй байсан бөгөөд нэхэмжлэгч компанид үндсэн төлбөрийг бэлнээр төлөөд эвлэрэх санал гаргасан боловч хүлээн аваагүй. Алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу алданги 10 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Ц ХХК-аас 30 000 000 /гучин сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р ХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 308 000 /гурван зуун найман мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р ХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаярын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алдангийг хасч, үндсэн төлбөрийг төлөхөөр эвлэрэх санал гаргасныг хүлээн аваагүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. хариуцагч нь санхүүгийн боломжгүй байдлаас үүдэн төлбөрөө хугацаандаа төлөөгүй бөгөөд эдийн засгийн хүнд цаг үед алданги төлөх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

Нэхэмжлэгч Р ХК нь хариуцагч Ц ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 20 000 000 төгрөг, алданги 10 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаснаас хариуцагч тал алдангийг эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээгээр нэхэмжлэгч Р ХК нь 2017 оны 10 сарын 06-ны өдрөөс 2017 оны 11 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд бетон зуурмаг нийлүүлэх, хариуцагч Ц ХХК нь хүлээн авсан бараа, материалын төлбөр төлөх үүрэг хүлээсэн байна.

Хариуцагч Ц ХХК нь гэрээний дагуу хүлээн авсан бетон зуурмагийн үнэ 295 107 400 төгрөг төлөхөөс, 275 107 400 төгрөг төлж, 20 000 000 төгрөг төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх 13-18, 46, 59-62/

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.2 дахь хэсэгт хүлээсэн төлбөрийн нөхцөлөө биелүүлээгүй тохиолдолд өдрийн 0.2 хувийн алданги тооцно гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн. Хариуцагчийн зүгээс худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийн үлдэгдэл 20 000 000 төгрөгийн үүргээ зөрчсөн хугацаанаас шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд тооцогдох алдангийн хэмжээ 50 хувиас хэтэрсэн байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангид 10 000 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Иймд хариуцагч нь гэрээний үнийг төлөх үүргээ хугацаанд нь төлөөгүй тул бетон зуурмагийн үлдэгдэл үнэ 20 000 000 төгрөг, алданги 10 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөг төлөх үүрэгтэй.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 30 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болжээ. Хуулийн уг заалт нь худалдах, худалдан авах гэрээний дагуу үнэ төлөгдөхөөс өмнө өмчлөх эрх шилжүүлэх, үнийг өмчлөх эрх шилжүүлэхийн дараа болон хэсэгчлэн төлөхтэй холбоотой харилцааг зохицуулсан нарийвчилсан зохицуулалт юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь худалдсан барааны үнийн үлдэгдэл төлбөр, түүнд тооцогдох алданги байгаа тохиолдолд хуулийн энэхүү нарийвчилсан зохицуулалт шууд хамааралтай биш юм. Талууд үнийг төлөх хуваарь, өмчлөх эрх шилжүүлэх асуудалд маргаагүй.

Зохигчдын хооронд байгуулагдсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу төлбөл зохих үнийн үлдэгдэл төлбөрийг шаардах эрхийн үндэслэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлогдох боловч энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт шаардлагагүй гэж үзсэн болно.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2020/01326 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэхь хэсэгт зааснаар хариуцагч тал давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ