| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2018/0571/Э |
| Дугаар | 584 |
| Огноо | 2018-07-06 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Д.ЦОЛМОН |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 584
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү,
улсын яллагч Д.Цолмон,
иргэний нэхэмжлэгч Б.Ч-,
шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч Б.Даваасүрэн /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 1066/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Бат-Оршихын М-т холбогдох эрүүгийн 1808 0000 00000 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Б овгийн Б-ийн М Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “______” ХХК-нд армотурчнаар ажилладаг гэх, ам бүл 5, эхнэр, 0-6 насны 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо 0 дүгээр гудамжны 00 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл:
-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 498 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон (РД:00000000000).
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Б.М- нь 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 0-000 тоотод оршин суух иргэн Т.Б-ын байнга амьдрах монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж 46 инчийн “Самсунг” маркийн зурагт дунд гарын мөнгө аяга, хос монетан бөгж, биет 600,000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч хулгайлсан гэмт хэргийг “приус 10” маркийн 0000 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан шүүгдэгчийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгчийн тайлбар
1.Шүүгдэгч Б.М-аас: Мэдүүлэг гаргахгүй гэв.
2. Иргэний нэхэмжлэгч Б.Ч-оос: Би өөрийн эзэмшлийн “Тоёота приус-10” загварын 0000 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг Б.М-т өдрийн 10.000 төгрөгөөр авахаар тохиролцож такси үйлчилгээнд явуулдаг байсан. Би хоёр хүүхэдтэй, эрхэлсэн ажилгүй, Б.М-ын өгсөн өдрийн 10.000 төгрөгийн орлогоор амьжиргаагаа залгуулдаг байсан. Хэрэгт битүүмжлэгдсэн 0000 УНО улсын дугаартай Тоёота “приус 10” загварын автомашинийг чөлөөлж өгнө үү гэв.
Хоёр. Эрүүгийн 1808 0000 00000 дугаартай хэргээс:
1. Хохирогч Т.Б-ын хэрэг бүртгэлтэд 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр мэдүүлсэн “...2018 оны 01 дүгээр сарын 04-ний 07 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо ____ гэх газар байдаг аав Т-ийн гэрт очиж хоноод маргааш нь хот руу орж ирээд хүүхдээ эмнэлэгт үзүүлж явж байгаад орой 16 цаг өнгөрч байхад гэртээ очиход хашааны хаалга гэрийн хаалга, амбаарын хаалга онгорхой байхаар нь гэртээ орж үзэхэд гэр доторх эд зүйл эмх замбараагүй байдалтай зурагт байхгүй байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Манай гэрээс 46 инчийн самсунг маркийн зурагт, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, хос монетон бөгж, бэлнээр 600.000 төгрөг алдагдаж, нийт 2.440.000 төгрөгийн хохирол учирсан. Хулгайд алдсан 46 инчийн зурагт нь шар өнгийн хүрээтэй, хар өнгийн дэлгэцтэй, асахаараа баруун доод буланд нь харласан байсан. Хос монетан бөгж нь өлзий хээтэй бөгж байсан. Мөнгө аяга нь дунд гарын цулгай аяга байсан. ...” гэх мэдүүлэг[1],
2. Иргэний нэхэмжлэгч Ч.С-ий хэрэг бүртгэлтэд 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр мэдүүлсэн “...2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэртээ байж байтал танил Д- нь Ж, Ц гэх залуутай хамт орж ирээд 42 инчийн Самсунг маркийн зурагт байна 300.000 төгрөгөөр худалдаад авчих, би хүнд аксентаа өгөөд оронд нь авсан юм. Тэгээд наашаа явж байтал машин болохоо больчихлоо одоохондоо 300.000 төгрөг өгчихөө, дараа нь үлдэснийг авъя гэхээр нь би тухайн зурагтыг нь асааж үзээгүй шууд 300.000 төгрөг өгөөд авсан. Тэгтэл 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 2 цагдаа орж ирээд Д, Ж, Ц гэх 3 залуу хулгайлсан зурагтаа танайд авчирч зарсан гээд 42 инчийн зурагтыг аваад явсан. Би Дг нь 1 жилийн өмнөөс эхэлж таньдаг болсон бөгөөд надаас ирж хүнсний ногоо авдаг байсан юм. Харин Ж, Ц гэх 2 залууг тухайн үед анх удаа харсан. Тухайн зурагтыг хулгайд алдагдсан зурагт гэж мэдээгүй. Дгаас хулгайн зурагт биш биз дээ гэхэд юу яриад байгаа юм бэ, хулгайн зурагт зараагүй, энэ зурагтыг чинь би аксент машинаар сольсон юм гэж хэлсэн. Ж гэх залуу нь 160 см орчим өндөртэй, цайвар махлагдуу царайтай, дунд зэргийн махлаг биетэй, дээгүүрээ хар саарал өнгийн саравчтай малгайтай, саарал өнгийн ноосон цамцтай байсан. Харин Д нь 165 см орчим өндөртэй, бор царайтай, махлагдуу биетэй, хар өнгийн богино халимаг үстэй, дээгүүрээ хар хөх өнгийн цагаан өнгийн захтай ноосон цамцтай, ногоон өнгийн куртиктэй, цэнхэр өнгийн жинсэн өмдтөй байсан. Харин Ц гэх залуу нь гадаа байсан болохоор би сайн анзаараагүй ба цонхоор харахад туранхай, бор царайтай, саарал өнгийн куртиктэй залуу байсан....” гэх мэдүүлэг [2],
3.Иргэний нэхэмжлэгч Б.Ч-ын хэрэг бүртгэлтэд 2018 оны 2 дугаар сарын 00-ны өдөр мэдүүлсэн “... Манай ах М- нь миний эзэмшлийн приус 10 загварын 0000 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж байхдаа хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэдгийг ойлгосон. Миний зүгээс гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг [3],
Мөн түүний гэрчээр 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлсэн “...Би приус-10 маркийн 0000 УНО улсын дугаартай цагаан өнгийн автомашинтай. М- ах өөрөө машингүй болохоор миний машинаар халтуур хийгээд надад өдөртөө 10,000 төгрөг өгдөг. М- ах 2017 оны 11 дүгээр сараас хойш миний приус-10 маркийн 0000 УНО улсын дугаартай машиныг барьж байгаа болохоор 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр энэ л машинтайгаа байсан. 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр М- ах ямар нэгэн зүйл гэртээ авчраагүй. М- ах дандаа л ганцаараа халтууранд явдаг болохоор тэр өдөр ганцаараа л явсан байх гэж бодож байна. Ах М- миний дээд талын ах маань юм. М- ах 9 дүгээр ангийг төгсөөд дахин сургуульд сураагүй болохоор өөрийн гэсэн мэргэжилгүй, зуны улирал барилга дээр ажил хийж өвөлдөө ажил олдвол янз бүрийн ажил төрөл хийж ажил олдохгүй бол гэртээ л байж байдаг. Зан байдлын хувьд тусархаг, зөөлөн сэтгэлтэй, шударга, ажилд сайн, хийж байгаа ажилдаа өөрийн сэтгэлээр ханддаг, муухайн зан ааш гаргаад байдаггүй, үг дуу цөөтэй, даруухан, архи согтууруулах ундаа хэрэглээд байдаггүй хүн байгаа юм. ...” гэх мэдүүлэг [4] ,
4. Гэрч Б.Б -ий мөрдөн байцаалтад 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн “...Давхар бид хоёр бага байхаасаа нохой сонирхдог байсан. Сонирхлоороо танилцаж өнөөг хүртэл нөхөрлөж байгаа юм. Харин М-ыг танихгүй, Д- таньдаг юм шиг байсан. 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “__________” нэртэй биллярд тоглоомын газарт Д- бид хоёрыг байж байхад М- гэх Д-ын танил залуу орж ирээд Д-т зурагт авах хүн байна уу, мэдээд өгчих гэхэд нь Д- хүнээс асууж өгье гээд хамт гарсан. М-ын унаж явсан приус-10 маркийн машинд нь хамт суугаад дэнжийн мянгад нэг эмэгтэйгийнд очоод 300.000 төгрөгөөр зарсан. М- Д- бид хоёрыг буцааж биллярд тоглоомын газарт буулгаж өгөөд явсан. Зурагт худалдаж авсан эмэгтэйгийн дүүг нь би таньдаг болохоос биш өөрийг нь танихгүй. Тэр эмэгтэйд зурагт өгөхдөө ямар учиртай зурагт болохыг хэлээгүй болохоор хулгайн зурагт гэдгийг мэдээгүй. Мөн Д- бид хоёр ч ямар учиртай зурагт болохыг мэдээгүй. Д гэж Д-ыг хэлдэг. Харин намайг бага байхаас манай гэрийнхэн Ж гэж нэрлэж дууддаг байсан болохоор энэ нэр нь миний багын нэр байгаа юм. Харин М-ыг Ц гэж дууддаг юм билээ. ...” гэх мэдүүлэг[5]
5. Гэрч Г.Д-ын мөрдөн байцаалтад 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн “...М- нь Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо 00 дүгээр гудамжинд буюу манайхаас урагш гудамжинд оршин суудаг болохоор би түүнийг манай хорооных гэдгээр нь мэднэ, хааяа биллярд тоглоомын газарт таарч тоглодог болохоор дотно найз нөхдийн холбоо харилцаа байхгүй. 2018 оны 01 дүгээр сарын эхээр буюу шинэ он гараад удаагүй байхад нэг өдөр бид Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “________” нэртэй биллярд тоглоомын газарт байхад М- ганцаараа орж ирээд тоглоом хараад зогсож байснаа та хямдхан зурагт авах уу гэхээр нь авахгүй гэхэд тэгвэл та зурагт авах хүн мэдээд өгөөч гэхээр нь миний нэг танил ах хүү авч магадгүй асууя гээд хамт гараад машинд нь суугаад дэнжийн мянгын захын урд талд байдаг Э гэх танил ахынд очоод зурагт авах уу гэхэд манай дүүд үзүүлчих гэхээр нь дүү Соёлоод нь үзүүлэхэд 300.000 төгрөгөөр авъя гээд худалдаж авсан. Тэгээд л М- мөнгөө аваад гараад машиндаа суугаад буцаж биллярдын газарт ирж намайг буулгаж явсан. Би М-аас мөнгө төгрөг аваагүй. Түүнээс хойш М-тай уулзаагүй байсан. М- приус-10 маркийн цагаан өнгийн суудлын машинтай ганцаараа явж байсан. Харин би өөрийн хуурай дүү Ж гэгчтэй хамт байсан болохоор Ж-гийн хамт машинд сууж яваад С-д зурагтыг нь 300.000 төгрөгөөр зарсан. Би М-аас хаанаас авсан зурагт болохыг нь асуугаагүй болохоор ямар учиртай зурагт болохыг мэдээгүй. Ард тал нь хул шардуу өнгөтэй, нилээд том хэмжээтэй, хавтгай дэлгэцтэй зурагт байсан....” гэх мэдүүлэг [6],
6. Б.М-ын яллагдагчаар мөрдөн байцаалтанд 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр мэдүүлсэн “...2018 оны 01 дүгээр сарын эхээр буюу шинэ он гараад 4-5 хонож байхад би Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо ____ гэх газар луу приус-10 маркийн машинтай халтууранд явчихаад 17 цагийн орчим буцаад явж байх замдаа хашааны үзүүрт нь дэнж гэсэн хаягтай гудамжаар ороод явж байтал нэг айлын хашаанд нохой харагдахаар нь зогсоод нохой харж байтал тэр айлын гэрийн амбаар нь гаднаасаа цоожтой харагдсан. Тэгэхээр нь би хашааг нь давж ороод амбаарынх нь хаалгыг хүчтэй таттал хаалга нь онгойчихоор нь дотогш орсон. Гэрийн хаалга нь мөн цоожтой байхаар нь гадаа байсан жижиг нарийн төмрөөр цоожийг нь хөшиж онгойлгож ороод гэрийн хойморт нь тавиур дээр байсан 46 инчийн том хавтгай дэлгэцтэй зурагтыг авч гараад хашааны хаалгыг нь дотроос нь онгойлгож гараад машиндаа суугаад гэртээ ирээд машин дотроо хонуулсан. Маргааш өглөө нь машинтайгаа явж байтал миний танил Ж, Д нар таараад зурагт авах хүн байна уу гэж асуухад мэдэхгүй хүнээс асууж байя гэсэн. Тэгээд машинд суугаад явж байгаад Чингэлтэй дүүргийн дэнжийн мянгын нэг айлын гадаа очоод орж асуугаад 300.000 төгрөгөөр зарна гэхэд 280.000 төгрөг бэлэн байна гэхэд нь аваад явсан. Тухайн айлын хүнд хулгайн зурагт гэдгийг хэлээгүй болохоор мэдээгүй. Тэгээд мөнгөө аваад өөртөө бага багаар зарцуулаад дуусгасан. Би тухайн үед ганцаараа машинтай явж байсан. Харин Жаахноо Д нар намайг маргааш нь зурагт аваад явж байхад таараад, тэгэхэд нь зурагт авах хүн байна уу гэхэд хүнээс асууж өгье гээд хамт яваад нэг айлд очоод айлын хүнтэй нь уулзаад зарсан юм. Би тэр хулгай хийсэн айлд ороод зурагтнаас өөр ямар нэгэн зүйл аваагүй. Миний унаж явсан машин нь манай дүү Ч-ын эзэмшлийн приус- 10 маркийн, 0000 УНО улсын дугаартай, цагаан өнгийн автомашин байсан. Би хааяа дүүгийнхээ машиныг авч халтууранд явдаг байсан. ...Миний цоож хөшсөн төмөр нь 20-30 орчим см урттай нарийн төмөр байсан ба гаргаад хаячихсан болохоор одоо байхгүй. ...” гэх мэдүүлэг [7]
-Б.М-ын яллагдагчаар дахин мөрдөн байцаалтад 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн “...Би 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Дэнжийн 0000 тоот айлаас 46 инчийн самсунг маркийн зурагт, 3 ширхэг дунд гарын мөнгөн аяга, хос монетон багж, биет 600,000 төгрөг авсан. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ аваагүй гээд хэлчихвэл болчих байх гэж бодоод сандраад л аваагүй гээд мэдүүлчихсэн. Би хулгайлж авсан 3 ширхэг мөнгөн аяга, хос монетон бөгж зэргийг зах дээр явж байгаад танихгүй хүнд хямдхан зарчихсан. Харин 600,000 төгрөгийг тухайн үедээ л өөртөө зарцуулаад дуусгачихсан, учруулсан хохирлоо бүгдийг төлж барагдуулсан. ...” гэх мэдүүлэг [8],
7. 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хэргийн газарт буюу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Дэнжийн 0-000 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, бэхжүүлсэн гэрэл зураг [9], Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл [10],
8. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай буюу Приус-10 маркийн 0000 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэх тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тэмдэглэл [11], тээврийн хэрэгсэл зэмшигчийн талаарх лавлагаа, гэрчилгээний хуулбар [12], тус тээврийн хэрэгслийн гэрэл зураг [13],
9.Приус-10 маркийн 0000 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээг тогтоосон талаарх “Тэнцвэр эстимэйт” ХХК-ний шинжээчийн дүгнэлт [14],
10. Иргэн Т.Б-ын алдагдсан эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон Дамно ХХК-ний үнэлгээний тайлан [15] ,
11.Хохирогч Т.Б-, иргэний нэхэмжлэгч Ч.С-э нарт хохирлын төлбөрийг нөхөн төлсөн тухай баримт [16],
12. Б.М-ын иргэний үнэмлэхийн лавлагаа [17], ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас [18], банкны лавлагаа [19], тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Автотээврийн үндэсний төвийн лавлагаа [20], Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 498 дугаар шийтгэх тогтоолын хуулбар [21] зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон нөхцөл байдал.
Гурав. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.М-т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Б.М- нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Дэнжийн 1-36 тоотод оршин суух иргэн Т.Б-ын байнга амьдрах монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, хууль бусаар нэвтрэн орж,
- 46 инчийн 581.992 төгрөгийн “Самсунг” загварын зурагт,
-3 ширхэг 360.000 төгрөгийн дунд гарын мөнгө аяга,
-756.000 төгрөгийн өлзий хээтэй хос монетан бөгж зэрэг 1,697,992 төгрөгийн, мөн
-биет 600.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж 2,297,992 төгрөгийн хохирол учруулсан, улмаар тус гэмт хэргийг “приус 10” загварын 0000 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж үйлдсэн болох нь:
-Хохирогч Т.Б-ын мэдүүлсэн “...2018 оны 01 дүгээр сарын 04-ний 07 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо ____ гэх газар байдаг аав Т-ийн гэрт очиж хоноод маргааш нь хот руу орж ирээд хүүхдээ эмнэлэгт үзүүлж явж байгаад орой 16 цаг өнгөрч байхад гэртээ очиход хашааны хаалга гэрийн хаалга, амбаарын хаалга онгорхой байсан. ...Гэртээ орж үзэхэд гэр доторх эд зүйл эмх замбараагүй байдалтай, зурагт байхгүй ....цагдаад дуудлага өгсөн. Манай гэрээс 46 инчийн самсунг маркийн зурагт, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, хос монетон бөгж, бэлэн 600.000 төгрөг, нийт 2.440.000 төгрөгийн хохирол учирсан. Хулгайд алдсан ...46 инчийн зурагт нь шар өнгийн хүрээтэй, хар өнгийн дэлгэцтэй, асахаараа баруун доод буланд харалсан байсан. Хос монетон бөгж нь өлзий хээтэй бөгж байсан. Мөнгө аяга нь дунд гарын цулгай аяга байсан. ...” гэх мэдүүлэг [22],
-Гэрч Г.Д-ын мэдүүлсэн “...2018 оны 01 дүгээр сарын эхээр буюу шинэ он гараад удаагүй байхад ...“________” нэртэй биллярд тоглоомын газарт байхад М- ганцаараа орж ирээд ...та хямдхан зурагт авах уу гэхээр нь авахгүй гэхэд тэгвэл та зурагт авах хүн мэдээд өгөөч гэхээр нь миний нэг танил ах хүү авч магадгүй асууя гээд хамт гараад машинд нь суугаад дэнжийн мянгын захын урд талд байдаг Э гэх танил ахынд очоод зурагт авах уу? гэхэд манай дүүд үзүүлчих гэхээр нь дүү Соёлоод нь үзүүлэхэд асааж үзээд 300.000 төгрөгөөр авъя гээд худалдаж авсан. Тэгээд л М- мөнгөө аваад гарсан. ...М- приус-10 маркийн цагаан өнгийн суудлын машинтай ганцаараа явж байсан. ...Ард тал нь хул шардуу өнгөтэй, нилээд том хэмжээтэй, хавтгай дэлгэцтэй зурагт байсан....” гэх мэдүүлэг [23],
-Гэрч Б.Б -ий мэдүүлсэн “...2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “________” нэртэй биллярд тоглоомын газарт Д- бид хоёрыг байж байхад М- гэх Д-ын танил залуу орж ирээд Д-т зурагт авах хүн байна уу, мэдээд өгчих гэсэн. Д- хүнээс асууж өгье гээд хамт гараад М-ын унаж явсан приус-10 маркийн машинд нь хамт суугаад дэнжийн мянгад нэг эмэгтэйгийнд очоод 300.000 төгрөгөөр зарсан. ...Тэр эмэгтэйд зурагт өгөхдөө ямар учиртай зурагт болохыг хэлээгүй болохоор хулгайн зурагт гэдгийг мэдээгүй. ...М-ыг Ц гэж дууддаг юм билээ. ...” гэх мэдүүлэг [24],
-Гэрч Б.Ч-ын мэдүүлсэн “...Би приус-10 маркийн 0000 УНО улсын дугаартай цагаан өнгийн автомашинтай бөгөөд М- ах миний машинаар халтуур хийгээд надад өдөртөө 10.000 төгрөг өгдөг. М- ах 2017 оны 11 дүгээр сараас хойш миний приус-10 маркийн 0000 УНО улсын дугаартай машиныг барьж байгаа болохоор 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр энэ л машинтайгаа байсан.. ...” гэх мэдүүлэг [25],
-Иргэний нэхэмжлэгч Ч.С-ий мэдүүлсэн “...2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэртээ байхад танил Д нь Ж, Ц гэх залуутай хамт орж ирээд 42 инчийн “Самсунг” маркийн зурагт байна 300,000 төгрөгөөр худалдаад авчих би хүнд аксентаа өгөөд оронд нь авсан юм. ...машин болохоо больчихлоо одоохондоо 300,000 төгрөг өгчих, дараа нь үлдэснийг авъя гэхээр нь би тухайн зурагтыг нь асааж үзээгүй шууд 300,000 төгрөг өгөөд авчсан. ...2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 2 цагдаа орж ирээд Д Ж Ц гэх 3 залуу хулгайлсан зурагтаа танайд авчирч зарсан байна гээд зурагтыг нь аваад явсан. ...хулгайн зурагт биш биз дээ гэхэд юу яриад байгаа юм бэ би хулгайн зурагт зараагүй, энэ зурагтыг чинь би аксент машинаар сольсон гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг [26],
-Б.М-ын яллагдагчаар мэдүүлсэн “...2018 оны 1 дүгээр сарын эхээр ...Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо ________ гэх газар луу приус-10 маркийн машинтай халтууранд явчихаад 17 цагийн орчим буцаад явж байх замдаа хашааны үзүүрт нь дэнж гэсэн хаягтай гудамжаар ороод нэг айлын хашаанд нохой харагдахаар нь зогсоод харж байтал тэр айлын гэрийн амбаар нь гаднаасаа цоож харагдсан. ...би хашааг нь давж ороод амбаарынх нь хаалгыг хүчтэй таттал хаалга онгойчихоор нь дотогш орсон. ...гэрийн хаалга нь мөн цоожтой байхаар нь гадаа байсан жижиг нарийн төмрөөр цоожийг нь хөшиж онгойлгож ороод гэрийн хойморт нь тавиур дээр байсан 46 инчийн том хавтгай дэлгэцтэй зурагт байхаар нь авч гараад хашааны хаалгыг нь дотроос нь онгойлгож гарсан. ...машиндаа суугаад гэртээ ирээд машин дотроо хонуулсан. Маргааш өглөө нь машинтайгаа явж танил Ж, Д нараас зурагт авах хүн байна уу гэсэн. Тэгээд машинд суугаад явж Чингэлтэй дүүргийн дэнжийн мянгын нэг айлын гадаа очоод орж асуугаад 300.000 төгрөгөөр зарна гэхэд 280.000 төгрөг бэлэн байна гэхэд нь аваад явсан. Тухайн айлын хүнд хулгайн зурагт гэдгийг хэлээгүй. ...мөнгөө аваад өөртөө бага багаар зарцуулаад дуусгасан. Би тухайн үед ганцаараа машинтай явж байсан. ...Миний унаж явсан машин нь манай дүү Ч-ын эзэмшлийн приус-10 маркийн, 0000УНО улсын дугаартай, цагаан өнгийн автомашин байсан. Ж, Д нарыг би зүс л мэдэх болохоор ...тэр хоёроос зурагт авах хүн байна уу гэхэд хүнээс асууж өгье гээд нэг айлд дагуулж очоод зарсан юм. ...Миний цоож хөшсөн төмөр нь 20-30 орчим см урттай нарийн төмөр байсан ба гаргаад хаячихсан. ...” гэх мэдүүлэг [27]
-Б.М-ын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд дахин мэдүүлсэн “...Би 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Дэнжийн 000 тоот айлаас 46 инчийн самсунг маркийн зурагт, 3 ширхэг дунд гарын мөнгөн аяга, хос монетон багж, биет 600,000 төгрөг авсан. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ аваагүй гээд хэлчихвэл болчих байх гэж бодоод сандраад л аваагүй гээд мэдүүлчихсэн. Би хулгайлж авсан 3 ширхэг мөнгөн аяга, хос монетон бөгж зэргийг зах дээр явж байгаад танихгүй хүнд хямдхан зарсан. Харин 600,000 төгрөгийг тухайн үедээ л өөртөө зарцуулаад дуусгасан. ...” гэх мэдүүлэг [28],
-2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт [29], эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл [30] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.М- нь гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Хууль зүйн дүгнэлт
Улсын яллагчаас шүүгдэгч Б.М-ын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Б.М- нь урьд энэ төрлийн гэмт хэргээр шийтгүүлсэн байсан ба хувь хүний ёс зүйн ухамсар, хүмүүжил, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн, мөн нийгмийн ажилгүйдэл, ядуурал зэрэг нь нөлөөлсөн гэж үзэж, түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар бусдын орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Даваасүрэнгээс Б.М- нь хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан нь хавтаст хэрэгт авагдсан хохирол барагдуулсан нотариатын баталгаагаар харагдана. Б.М- нь амьдралын хувд ам бүл 5, эхнэр, 1-6 насны 3 хүүхэдтэй ба, бага насны хүүхдүүдтэй учраас эхнэр ажил эрхлэх боломжгүй байдаг. Өнөөдрийн нийгмийн хувьд ажил олдохгүй байгаа юм. Гэхдээ энэ шалтгаанаар өөрийгөө цагаатгах гээгүй. Тухайн хэрэг үйлдэх үед нь саяхан ой хүрсэн хүүхэд нь өвдөж эмнэлэгт хэвтэх, эм тариа авах зэрэг амьдралын хүнд нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, дахин гэмт хэрэг үйлдэхгүйгээр ажиллаж амьдарч чадна гэдгээ илэрхийлсэн. Б.М- нь амьдарлын явцад сурсан барилгын арматурчин мэргэжлээр Сонгинохайрхан дүүргийн шинээр баригдаж байгаа барилга дээр ажиллаж байна. Тухайн барилга дээр ажилладаг гэсэн тодорхойлолт авах гэсэн боловч барилгын ажил нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл улирлын чанартай явагддаг учраас тодорхойлолт хийж өгөх боломжгүй, мөн барилгын ажилчдын нийгмийн даатгалыг төлдөггүй гэж байгууллагаас нь хэлсэн...” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Б.М- нь шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн, улмаар хулгайлсан эд хөрөнгөө бусдад худалдаж бэлэн мөнгө болгосон, мөн хулгайлсан бэлэн 600,000 төгрөг зэргийг хувийн хэрэгцээндээ зориулсан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон. Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь Б.М-ийн ёс зүй, ухамсар, ажил эрхэлдэггүй зэрэг байдал нь нөлөөлжээ.
Иймд улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.М-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах зориулалалттай орон байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэн, улмаар хулгайн гэмт хэрэгтээ машин механизм ашиглаж үйлдсэн гэмт буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.
Хохирогч Т.Б-ын эд зүйлийг тусгай зөвшөөрөл бүхий хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-иас 46 инчийн “Самсунг” загварын зурагтыг 581.992 төгрөг, дунд гарын мөнгө аягыг 360.000 төгрөг, хос монетан бөгжийг 756.000 төгрөгөөр, нийт 1.697.992 төгрөгөөр тус тус үнэлсэн бөгөөд, хохирогчид биет 600.000 төгрөгийн хамт 1.297.992 төгрөгийн хохирол учирсан байна. Үүнээс 46 инчийн самсунг загварын зурагтыг 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч Т.Б-д хүлээлгэн өгсөн байна. Харин бэлэн 600,000 төгрөг, алдагдсан бусад эд хөрөнгийн төлбөрт 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 1.150.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байна. Мөн 600.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн гэж шүүгдэчгээс мэдүүлэх бөгөөд, хохирогчид 1.750.000 төгрөг бэлнээр төлөгдсөн гэж үзэх үндэслэл болж байх ба хохирогч Т.Б- нь 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хохирол барагдуулах тухай хэлцэл гэсэн баримтад[31] хохирол бүрэн барагдуулсан нь үнэн болно, гомдол санал гаргахгүй, шүүх хуралд оролцохгүй гэсэн байна.
Мөн 46 инчийн зурагтыг 300.000 төгрөгөөр худалдан авсан, дараа нь цагдаагийн байгууллагад хураалгасан иргэн Ч.С-э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон байх бөгөөд иргэний нэхэмжлэгч Ч.С-эд 300.000 төгрөгийн хохирол учирсан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр шүүгдэгч Б.М-аас 300.000 төгрөг иргэний нэхэмжлэгч Ч.С-эд төлсөн болох нь тус хэрэгт ирүүлсэн иргэний нэхэмжлэгчийн өргөдөл[32]-р тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.М-ыг хохирогч Т.Б-, иргэний нэхэмжлэгч Ч.С-э нарт төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас Б.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Даваасүрэн нь улсын яллагчаас оногдуулж байгаа 2 жил 6 сарын хорих ялыг хохирлоо бүрэн төлснийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэн хянан харгалзаж өгнө үү гэж мэтгэлцсэн.
Шүүхээс шүүгдэгч Б.М-т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.М- нь хувийн байдлын хувьд урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр урьд 1 удаа ял шийтгэгдэж байсан буюу бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан байна.
Шүүхээс шүүгдэгч Б.М-т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид хохирол, хор уршигийг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх...” талаар заасан ба тус зүйлийг хэрэглэх эсэхийг шүүх шийдвэрлэхээр хуульлчилсан бөгөөд дээрх зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж хэрэглэж болно гэж заасан.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.М-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан түүнд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Даваасүрэнгийн гаргасан шүүгдэгч Б.М-т Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж, тэнсэж өгнө үү гэсэн дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” гэж,
2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ.”гэж тус тус заасан.
Шүүгдэгч Б.М- нь хорих ялын доод хэмжээг 2 жил, дээд хэмжээг 8 жилийн хугацаагаар тогтоосон хүнд гэмт хэрэг үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар бүлэгт тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх талаар заасан ба тус бүлгийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршигийг арилгасан бол ... хорих ял оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заасан. Өөрөөр хэлбэл хөнгөн гэмт хэрэгт холбогдсон хүнд дээрх зүйлд заасан тэнсэх зохицуулалтыг хэрэглэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.М- нь хүнд гэмт хэрэгт холбогдсон тул түүнд тэнсэх зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй юм. Иймээс өмгөөлөгч Б.Даваасүрэнгийн гаргасан дүгнэлт, санал нь хуульд нийцээгүй байх тул өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэсгүй юм.
3. Бусад асуудлаар.
1.Улсын яллагчаас хэрэгт битүүмжлэгдсэн 0000 УНО улсын дугаартай Тоёота приус-10 загварын тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, түүнтэй тэнцэх мөнгөн дүнг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох саналыг гаргасан.
Шүүгдэгч Б.М- бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ “приус 10” маркийн 0000 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашигласан нь тогтоогдсон ба хэрэгт цугларсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ, лавлагаагаар дээрх тээврийн хэрэгсэл нь иргэн Б.Чимэдолгорын эзэмшилд бүртгэлтэй болох нь тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд хөрөнгө, орлогыг хураах, албадлагын арга хэмжээ хэрэглэх талаар заасан ба тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”,
3 дахь хэсэгт “хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.”,
4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж тус тус заасан.
Иймд шүүгдэгч Б.М-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Приус-10 маркийн 0000 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь бусдын эзэмшлийнх болох нь тогтоогдсон тул дээрх тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгож, хөрөнгийн үнэлгээ хийсэн “Тэнцвэр эстимэйт” ХХК-иас тогтоосон Приус-10 маркийн 0000 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 4.000.000 төгрөгийг шүүгдэгч Б.М-аас гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар Б.М-ын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй 48 цаг баривчлагдсан хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.М-ын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй байна.
[1] Хавтаст хэргийн 22-23 дугаар тал.
[2] Хавтаст хэргийн 25-26 дугаар тал.
[3] Хавтаст хэргийн 29 дүгээр тал.
[4] Хавтаст хэргийн 32-33 дугаар тал.
[5] Хавтаст хэргийн 38-39 дүгээр тал.
[6] Хавтаст хэргийн 40 дүгээр тал.
[7] Хавтаст хэргийн 55-57 дугаар тал.
[8] Хавтаст хэргийн 159-160 дугаар тал.
[9] хавтаст хэргийн 3-7 дугаар тал.
[10] хавтаст хэргийн 16 дугаар тал.
[11] Хавтаст хэргийн 146-147, 149-150 дугаар тал.
[12] Хавтаст хэргийн 71, 152 дугаар тал.
[13] Хавтаст хэргийн 150 дугаар тал.
[14] Хавтаст хэргийн 154-155 дугаар тал.
[15] Хавтаст хэргийн 103-104 дүгээр тал.
[16] Хавтатс хэргийн 129-130 дугаар тал.
[17] Хавтаст хэргийн 59 дүгээр тал.
[18] Хавтаст хэргийн 72 дугаар тал.
[19] Хавтаст хэргийн 83-88 дугаар тал.
[20] Хавтаст хэргийн 68 дугаар тал.
[21] Хавтаст хэргийн 75-78 дугаар тал.
[22] Хавтаст хэргийн 22-23 дугаар тал.
[23] Хавтаст хэргийн 40 дүгээр тал.
[24] Хавтаст хэргийн 38-39 дүгээр тал.
[25] Хавтаст хэргийн 32-33 дугаар тал.
[26] Хавтаст хэргийн 25-26 дугаар тал.
[27] Хавтаст хэргийн 55-57 дугаар тал.
[28] Хавтаст хэргийн 159-160 дугаар тал.
[29] хавтаст хэргийн 3-7 дугаар тал.
[30] хавтаст хэргийн 16 дугаар тал.
[31] Хавтаст хэргийн 129 дүгээр тал.
[32] Хавтаст хэргийн 130 дугаар тал.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овгийн Б-ын М-ыг машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-т оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 (хоёр) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, Б.М-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг, хохирогч Т.Б-, иргэний нэхэмжлэгч Ч.С-э нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, 0000 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Б.Ч-т буцаан олгосугай.
7.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.М-аас 0000 УНО улсын дугаартай “Тоёота приус 10” загварын тээврийн хэрэгслийн үнэ 4.000.000 (дөрвөн сая) төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх ялыг 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй
10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.М-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА