Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 1000

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа би, “Х*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн  ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х*******” нь шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ:  

“...Тус банк нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтсийн татан хариуцагчаар татан нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэлийн шаардлага биелэгдэх боломжгүй болсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаа болно” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х*******” ХХК нь Оюуны өмч, улсын бүртгэлийн  ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан “...Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг бүртгэхээс татгалзсан шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож, холбогдох бүртгэлийг хийхийг даалгуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж тус тус заасны дагуу “Х*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б******* нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр хүсэлт гаргаж, илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б*******т “Х*******” ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 13/5643 дугаар албан бичгээр “...нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах” эрхийг олгосон байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батдэлэгрт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах”, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Х*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч нь “...Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг бүртгэхээс татгалзсан шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож, холбогдох бүртгэлийг хийхийг даалгуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгч “Х*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.  

 

 

ШҮҮГЧ                        Ц.САЙХАНТУЯА