Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ20176/00241

 

“Эм Си Эйч Эс” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 16-ний өдрийн 184/ШШ2016/00918 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1964 дүгээр магадлалтай,

“Эм Си Эйч Эс” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Төгс зуурмаг” ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 3.306.511.354 төгрөг гаргуулах тухай үндсэн,

596.170.975 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарангоогийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Амаржаргал, өмгөөлөгч Н.Мандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарангоо, өмгөөлөгч П.Сарантуяа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “Эм Си Эйч Эс” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: БНСУ-ын иргэн Ким Хью Жин нь 2009 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр гадаадын хөрөнгө оруулалттай, “Эм Си Эйч Эс” ХХК-ийг үүсгэн байгуулж гадаад худалдаа, бетон зуурмагийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Тус компанийн ерөнхий захирал Ким Хью Жин нь 2007 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 017 дугаар тушаалаар Монгол улсын иргэн Д.Дэлгэрийг компанийн ерөнхий менежерийн ажилд авч хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд 2008 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 001//009 дүгээр тушаалаар “Эм Си Эйч Эс” ХХК-ийн ерөнхий захирлаар томилж компанийн өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн явуулах үүрэг хариуцуулсан. Д.Дэлгэр нь компани 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай учир Монгол улсад үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй, шалгалт их, дотоодын компани бол тийм зүйл байхгүй гэж ятгаж, 100 хувийн дотоодын хөрөнгө оруулалттай компани байгуулж үйл ажиллагаа явуулах санал гаргасныг дэмжиж дүрмийн сан болох 1.000.000 төгрөгийг компанийн кассаас гаргаж “Төгс зуурмаг” ХХК-ийг байгуулсан, харин тус компанийг үүсгэн байгуулагчаар Д.Дэлгэр гарын үсэг зурсан. Ийнхүү “Төгс зуурмаг” ХХК нь “Эм Си Эйч Эс” ХХК-ийн зуурмагийн үйлдвэр, зуурмаг түгээх миксер автомашинууд, зуурмагийн түүхий эд материалууд зэрэг бүхий л зүйлсийг ашиглан үндсэндээ компанийн дотоод бүтэц, ажилчид, үйлдвэрлэлийн явц адилхан боловч цаасан дээрх нэр л солигдон “Төгс зуурмаг” ХХК-ийн нэрээр үйл ажиллагаа явуулах болсон юм. “Төгс зуурмаг” ХХК нь “Эм Си Эйч Эс” ХХК-ийн GBR/120m3/ Hr маркийн бетон зуурмагийн 1 дүгээр үйлдвэрийг түрээслэн ажиллуулах, ийнхүү ажиллуулснаас олсон борлуулалтын орлогын 20 хувийг түрээслүүлэгч компанид шилжүүлж байхаар харилцан тохирч 2009 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр 009/001 дугаар “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан юм. Хамтран ажиллах 009/001 дугаар гэрээний хугацаа дуусмагц “Эм Си Эйч Эс” ХХК болон “Төгс зуурмаг” ХХК-ийн хооронд 2010 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 010/001 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-г 5 жилийн хугацаатайгаар 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаатайгаар өмнөх гэрээтэй ижил нөхцөлөөр байгуулан ажилласан. Гэтэл 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр ажил төрлөөс болж маргалдан Д.Дэлгэр нь “Төгс зуурмаг” ХХК-д холбогдох санхүүгийн тайлан, баримт, тамга тэмдэг зэргийг бүгдийг авч явсан. “Эм Си Эйч Эс” ХХК нь “Төгс зуурмаг” ХХК-ийн нэрээр үйл ажиллагаа явуулж байсан тул “Эм Си Эйч Эс” ХХК-ийн бүхий л орлого, бусдаас авах өр төлбөр зэргийг “Төгс зуурмаг” ХХК-ийн данс, кассаар хүлээн авч байсан бөгөөд харилцагч компаниудаас шилжүүлсэн ихээхэн хэмжээний төлбөрийн мөнгийг хариуцагч компанийн данс, кассаар орж ашиглагдсан. Иймд “Төгс зуурмаг” ХХК-иас 2009 оны 009/001, 2010 оны 010/001 дугаар “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу борлуулалтын орлогын 20 хувиар тооцон нэхэмжилж байгаа юм. “Төгс зуурмаг” ХХК-тай байгуулсан 009/001 дугаар “хамтран ажиллах гэрээний” 2 дугаар зүйлийн 2.31, 4 дүгээр зүйлийн 4.21-т заасны дагуу төлбөрийн үлдэгдэл 78.639.436 төгрөг, гэрээнд заасан алданги 39.319.715 төгрөг, 010/001 дугаар “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу төлөх төлбөрт 2,297.088.795 төгрөг, нийтдээ 2,415.047.941 төгрөгийг нэхэмжилсэн.

“Төгс зуурмаг” ХХК нь өглөг авлагаа дутуу бүртгэсэн, авлага өглөгийн дүнг үнэн зөв санхүүгийн тайлан тооцоонд тусгаж байгаагүй, бодит борлуулалтын орлогыг дарагдуулсан дүнгээр “Хамтран ажиллах гэрээ”-ний түрээсийн орлогыг багаар тооцож байсан байх тул 2009 оноос 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хариуцагч компанийн бодит орлогын хэмжээг баримтаар нотлогдож байгаа дараах байдлаар тооцож нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

УМБГ-ын тогтоолоор Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн шинжээч нар “Төгс зуурмаг” ХХК, “Эм Си Эйч Эс” ХХК, “Төгс эхлэл”ХХК, “Шидэг шинэ эхлэл” ХХК-иудын 2008-2012 оны санхүүгийн баримтуудад болон холбогдох баримтуудад шалгалт хийж 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 145 дугаартай Шинжээчийн дүгнэлт гаргасан бөгөөд дүгнэлтээр “Төгс зуурмаг” ХХК-ийн түрээс ногдох нийт 17,156.540.851 төгрөгийн борлуулалт хийсэн, “Төгс зуурмаг” ХХК нь “Эм Си Эйч Эс” ХХК-д 2009 оны 5 дугаар сараас 2012 оны 8 дугаар сарыг дуустал 3,431.308.170 төгрөг өгөх ёстой, 1,055.579.944 төгрөгийг өгсөн, “Эм Си Эйч Эс” ХХК нь 2,375.728.226 төгрөгийн түрээсийн авлагын үлдэгдэлтэй болохыг тогтоосон. Иймд 891.463.413 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, нийт 3,306.511.354 төгрөгийг хариуцагч “Төгс зуурмаг” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Төгс зуурмаг” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Эм Си Эйч Эс” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо “Төгс зуурмаг” ХХК-тай байгуулсан 2009 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн 009/001 тоот “Хамтран ажиллах гэрээ”, мөн 2010 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 010/001 тоот “хамтран ажиллах гэрээ”-ний үүргээ биелүүлээгүй хэмээн түрээсийн үлдэгдэл төлбөр, алдангийн хамтаар гаргуулахаар нэхэмжилснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр “Эм Си Эйч Эс” ХХК-ийн захирал Ким Хью Жинд эрүүгийн 201201011744 тоот хэрэг үүсгэн, энэхүү нэхэмжилж байгаа мөнгөний тухайд шалгасан ба “Төгс зуурмаг” ХХК-иас түрээсийн төлбөрт байр, машин, мөнгө авсан гэдэг нь хөдөлшгүй баримтаар нотлогдож, тэрээр хүлээн зөвшөөрсөн тул эрүүгийн хэргийг 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 251 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болгосон. Манай компани “Эм Си Эйч Эс” ХХК-тай нэхэмжлэлд дурдсан 2 гэрээг байгуулж ажиллаж байсан. Гэрээний гол нөхцөл нь “Эм Си Эйч Эс” ХХК нь өөрийн эзэмшлийн GBR/120m3/Hr маркийн бетон зуурмагийн 1 дүгээр үйлдвэрээ, “Төгс зуурмаг” ХХК-д түрээслүүлэх, түрээсийн төлбөртөө “Төгс зуурмаг” ХХК-ийн үйлдвэрлэсэн бетон зуурмагийн борлуулалтын орлогоос 20 хувийг “Эм Си Эйч Эс” ХХК-д төлж байх үүргийг талууд хүлээсэн. “Төгс зуурмаг” ХХК гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу төлбөрөө цаг тухайд нь төлж байсан боловч “Эм Си Эйч Эс” ХХК-ийн захирал Ким Хью Жин шалтгаангүйгээр гэнэт 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “Төгс зуурмаг” ХХК-ийн ажилчдыг хөөн гаргасан. Ингээд зогсохгүй түрээсийн төлбөрт мөнгө, валют, байр машинаар төлсөн 3,178.655.184 төгрөг, тухайн үед Ким Хью Жиний мэдэлд үлдсэн 788.223.306 төгрөгийн түүхий эд, эд хөрөнгө нийт 3.9 тэрбум төгрөгийг үгүйсгэж, 2,4 тэрбум төгрөгийг төлөөгүй гэж үндэслэлгүйгээр гүтгэж, “Төгс зуурмаг” ХХК-ийн харъяа компаниудын ашиг орлогыг тооцоолж, бүх ашигтай бизнесийг Д.Дэлгэр хийж байна гэж элдэв юм нэхэж сүрдүүлсэн. “Төгс зуурмаг” ХХК-ийн зүгээс яагаад ингэх болсныг тодруулахад “цаасан дээр ийм байна. энэ бол бизнес” гэж хэлсэн болно. Тухайн үед бид Ким Хью Жинд хөөгдөж гарахдаа элс, хайрга, цемент, нэмэлт болон бусад эд хөрөнгө, мөн санхүүгийн бүх бичиг баримтаа авч чадалгүй үлдээсэн, ажилчид болон харилцагч нарынхаа өмнө хүнд байдалд орсон бөгөөд 2012 оны 9 дүгээр сарын 12-ны орой Ким Хью Жинтэй ажиллаж байсан монголчууд түүнийг “Төгс зуурмаг” ХХК-ийн бичиг баримтыг шатааж байна гэж мэдэгдсэн. Ингээд “Эм Си Эйч Эс” ХХК-ийн захирал Ким Хью Жинд холбогдуулан Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргаж улмаар 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр түүнд эрүүгийн 201201011744 тоот хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Шалгалтын явцад Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс, Улсын мөрдөн байцаах газрын хүсэлтээр 2 удаа аудитын шалгалт, 2 удаа Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжээч томилж санхүүгийн баримтанд дүгнэлт гаргасан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 145 тоот дүгнэлтээр “Төгс зуурмаг” ХХК нь “Эм Си Эйч Эс” ХХК-д 1,983.689.664 төгрөг түрээсийн төлбөрт төлсөн нь нотлогдсон, 1,761.993.413 төгрөгийг мөрдөн байцаалтаар тогтоох шаардлагатай байна гэсэн бөгөөд үүнээс 1,310.425.007 төгрөгийн түүхий эд хөрөнгө, мөнгө, Ким Хью Жинд байгааг шалгаж тогтоосон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү

Хариуцагч  “Төгс зуурмаг” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Тус ХХК нь 2009 оны 1 сарын 21-ний өдөр бетон зуурмагийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар анх байгуулагдсан. Ингээд “Эм Си Эйч Эс” ХХК-ийн ТЭЦ-4 баруун талд байрлах бетон зуурмагны үйлдвэрийг түрээслэхээр болж гэрээ байгуулсан. 2010 оны 1 сарын 05-ны өдөр 5 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу нийт борлуулалтын орлогын 20 хувийг төлж байхаар харилцан тохиролцсон. Ингээд үйл ажиллагаа хэвийн явагдаж байтал 2012 оны 9 сарын 10-ны өдөр “Эм Си Эйч Эс” ХХК-ийн зүгээс “Төгс зуурмаг” ХХК-ийг ажиллуулахгүй гэж хөөж гаргасан. Үүний улмаас “Төгс зуурмаг” ХХК нь тухайн үед авсан бетон зуурмагийн түүхий эд, хөрөнгөө түрээслүүлэгч компанийн хашаанд үлдээсэн. Мөн “Эм Си Эйч Эс” ХХК-ийн захирал Ким Хю Жинд 3.9 тэрбум төгрөгийг өгсөн байхад аваагүй гэж гүтгэн, 2.4 тэрбум төгрөгийн өртэй гэж хийлсээр өр төлбөрт оруулсан. Анх цагдаад өгч шалгуулах болсон гол үндэслэл нь “Эм Си Эйч Эс” ХХК-ийн үлдсэн ажилчдаас танай үлдээсэн баримтыг шатааж байна гэсний дагуу 2012 оны 9 сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст Д.Дэлгэрийн зүгээс өргөдөл өгч шалгуулсан. Шалгалтын явцад “Ситико аудит” ХХК-ийн 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 619 тоот дүгнэлт, “Голден пейж аудит” ХХК-ийн шинжээчийн 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 10/4-944 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2013 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 1368 /гарын үсэг шинжилсэн/, 2013 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 108 тоот дүгнэлт, бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 145 тоот дүгнэлтүүд гарсан. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад “Төгс зуурмаг” ХХК-иас Ким Хю Жин энэхүү мөнгийг авсан болохыг шалгаж тогтоосон. Криминалистик шинжээчийн 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 1368 тоот дүгнэлтэд кассын орлого баримтад зурсан гарын үсгүүд түүний гарын үсэг мөн болохыг тогтоосон байгаа. Тус дүгнэлтэд Ким Хю Жин нь “Төгс зуурмаг” ХХК-ийн кассын мэдээ тайланг Монгол-Солонгос хэл дээр гаргасан. Гаргасан мөнгөн дүнгээ өөрөө гарын үсэг зураад хянаж баталгаажуулдаг, мөн кассын нягтлангийн гарын үсэг зурагддаг. Энэ кассын тайланг Монгол-Солонгос хэл дээр хийлгүүлж үйл ажиллагаандаа ашиглаж байсан. Энэ тайлан дээр нийтдээ бэлнээр 913.274.357 төгрөгийг Ким Хю Жин гарын үсэг зураад авсан, энэ 28 хуудас тайланд байгаа учраас үүгээр нотолж байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгож дурдсан. Үүнийгээ орчуулж өгсөн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага 657.386.445 төгрөгөөс 61.217.750 төгрөгийн шаардлагаасаа татгалзсан хүсэлтээ шүүхэд өгсөн. Мөрдөн байцаалтаар нийт 1,310.425.007 төгрөгийн бэлэн мөнгө, эд хөрөнгийг Ким Хю Жин авсан юм байна гэж тогтоосон. Түүхий эд, элс, хайргыг тухайн үед Улсын мөрдөн байцаах газраас шинжээч томилж 2 талын төлөөлөгчийг аль алиныг байлцуулж байгаад үзлэг хийгээд энэ нь манайх, энэ нь Төгс зуурмаг ХХК-ийнх гэж үзлэгийн тэмдэглэл нь хэрэгт авагдсан байгаа. “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн дүгнэлтээр түрээсэлж байх хугацаандаа барилга байгууламжийн засаж сайжруулсан юм байна, талбайг нь бетондсон байна, төмөр суулгасан, дээвэр зассан, төмөр замын гарам хийсэн, сахиулын байр хийсэн гээд түрээслүүлэгчийн зөвшөөрлөөр засан сайжруулалтад гарсан зардал энэ бүгд нийлээд 335.934.900 төгрөг гарч байна гэж тогтоосон. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн ахлах шинжээч Алтанцэцэг нарын гаргасан 145 тоот дүгнэлттэй холбогдуулан Улсын мөрдөн байцаах газраас шинжээчийн гаргасан дүгнэлттэй холбогдуулан мэдүүлэг авсан. Ингээд энэ мэдүүлгээр “Төгс зуурмаг” ХХК нь “Эм Си Эйч Эс” ХХК-д 653.038.562 төгрөг өгөхөөр байна гэж дурдсан ба мөрдөн байцаалтаар тогтоосон 1,310.425.007 төгрөгөөс энэ дүнг хасч 657.386.440 төгрөг гаргуулахаар шаардсан. Гэвч үүнээс байрны үнэ болох 61.215.750 төгрөгийг хасаж байгаа тул 596.170.695 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Эм Си Эйч Эс” ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: энэхүү сөрөг нэхэмжлэлээр яг үнэндээ ийм их хэмжээний хөрөнгийг “Эм Си Эйч Эс” ХХК-д үлдээгээд өнөөдөр авах гээд нэхээд байгаа зүйл байхгүй. Энэ нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлдээ тооцуулах, ямар нэгэн байдлаар өөрсдөө хохирсон болж харагдах гэсэн ийм үйл ажиллагаа. Нэгэнт шинжилгээгээр дүгнэлт гарсан байхад өнөөдөр өөр баримт үзүүлээд ярьж байгаа нь үндэслэлгүй байна. Яагаад гэвэл энэ санхүүгийн баримтаар нэхээд байгаа зүйл нь өнөөдөр санхүүгийн баримтын анхан шатны шаардлагыг хангасан, хүлээн авсан хүний гарын үсэг, өгсөн мөнгөний зориулалт, тухайн мөнгийг хүлээн авсан гэдэг нь нотлогдож байх ёстой. Үүнийг Ким Хю Жингийн гарын үсгийг криминалистикийн шинжээчийн дүгнэлт, кассын тайлангаар нотолсон гэж байна. Гэтэл криминалистикийн шинжээчийн дүгнэлт нь Ким Хю Жингийн гарын үсэг, кассын баримт нь дээрх гарын үсэг байна гэж тогтоосон байж болно. Гэхдээ яг энэ мөнгийг Ким Хю Жин авсан уу үгүй юу гэдгийг шинжээч нар тогтоогоогүй, кассын тайлан нотлохоор хоёр хүнээс гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд Ким Хю Жин өдөр тутмын кассын тайланг хянаад гарын үсэг зурдаг байсан гэж Цэнд-Аюуш, Батцэцэг гэдэг хоёр хүн мэдүүлсэн, тухайн үед Ким Хю Жин нь компанийн эзэн нь байсан учир энэ хүмүүс танилцуулж, нягтлан бодогч нар нь гарын үсэг зуруулдаг, хянуулдаг байсан байна. Гэтэл хяналаа гээд гарын үсэг зурсных нь төлөө тэр компанийн үйл ажиллагаанд гарсан бүхий л зардал хамааралгүй юм. “Төгс зуурмаг” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлээс элс, хайрга, цементний үнэ 85.098.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч түрээсийн үлдэгдэл төлбөрөөс хасч тооцуулж болох бөгөөд үлдэх хэсгийн тооцоог хүлээн зөвшөөрөхгүй. “Төгс зуурмаг” ХХК нь 2009, 2010, 2011 орны санхүүгийн тайландаа манай компанид өглөгтэй гэж тайлагнасан нь хоёр компанийн харилцан тооцоо нийлж гаргасан тооцоо бөгөөд эдгээр төлбөрийг төлөөгүй юм. Ийм байтал хариуцагч компани 2012 оны тайланд өмнөх онуудын авлагатай гэж тусгасан нь хууль бус үйлдэл юм. Сөрөг нэхэмжлэлд бичигдсэн үндсэн хөрөнгө гэх 250.837.000 төгрөг нь манай компанид хамааралгүй бөгөөд яг ямар эд хөрөнгө болох талаар нотлох баримт байхгүй. Гэтэл энэ нэхээд байгаа хөрөнгө чинь манай үндсэн хөрөнгийн бүртгэл дээр 2009 оноос хойш бүртгэлтэй байгаа болно гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ний өдрийн 184/ШШ2016/00918 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 313 дугаар зүйлийн 313.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “Төгс зуурмаг” ХХК-иас 3,306.511.354 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Эм Си Эйч Эс” ХХК-ийн нэхэмжлэл, “Эм Си Эйч Эс” ХХК-иас 596.170.975 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Төгс зуурмаг” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт заасныг  баримтлан  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18.848.468 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.448.830 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1964 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ний өдрийн 184/ШШ2016/00918 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Эм Си Эйч Эс” ХХК-ийн төлсөн 16.690.507 төгрөгийг, хариуцагч “Төгс зуурмаг” ХХК-ийн төлсөн 3.138.850 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарангоо хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2-т "нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэсэн хуулийг зөрчсөн тул шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй болно. Иймд нэхэмжлэгч “Эм Си Эйч Эс” ХХК нь “Төгс зуурмаг” ХХК-иас түрээсийн төлбөрийн үлдэгдэлд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 145 тоот Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 653.038.562 төгрөгийг л шаардах ёстой атал “Төгс зуурмаг” ХХК-иас төгрөгөөр 913.274.357 төгрөгийг илүү тооцон авсан, мөн 335.934.900 төгрөгийн эд хөрөнгийг нь буцаан өгөлгүй өөртөө ашиглаж, нийт 1,249.209.257 төгрөгийн мөнгө болон эд хөрөнгийг нь өөртөө авсан нь нотлох баримтаар тогтоогдож байгаа тул “Эм Си Эйч Эс” ХХК-д төлөх түрээсийн төлбөрийн үлдэгдэл болох 653.038.562 төгрөгийг “Төгс зуурмаг” ХХК-ийн авах авлага болох 1,249.209.257 төгрөгтэй харилцан тооцуулж, үлдэх 596.170.695 төгрөгийг “Эм Си Эйч Эс” ХХК-аас гаргуулж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийг хангаж, ИХШХШТХ-ийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Гэтэл Нийслэлийн давж заалдах шатны шүүх гомдлыг хянан хэлэлцээд 2016 оны 1964 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн 184/ШШ2016/00918 дугаар шийдвэрийг ИХШХШТХ-ийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д хэсэгт зааснаар дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Үүнд: Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж, ИХШХШТХ-ийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх бүрэн боломжтой байсан.

Магадлалын хянавал хэсэгт: Нэхэмжлэгч нь 2009 оны 01 дүгээр сарын 01-ээс 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг гэрээнд заасан бетон зуурмагийн борлуулалтын орлогын 20%-иар тооцон нэхэмжилж байгаа тохиолдолд хариуцагчийн борлуулалтын орлогын хэмжээ тодорхой байх ёстой.  Гэтэл хэрэгт талуудын хоорондын маргаантай холбоотой эрүүгийн хэргийн материал болох шинжээчийн дүгнэлтүүд авагдсан байгаагаас зохигчдын шаардлага, татгалзлын үндэслэл болсон ШШҮХ-ийн 2013 оны 145 дугаар шинжээчийн дүгнэлт нь зохигчид болон гэрээний оролцогч бус “Төгс эхлэл” ХХК, “Шилдэг шинэ эхлэл” ХХК-иудын санхүүгийн баримтуудыг үндэслэл болгосноос гадна, эрүүгийн хэргийг шалгах явцад цугларсан баримт нь гэрээний үүрэгтэй холбоотой иргэний хэрэгт нотлох баримт болохгүй гэж анхан шатны шүүх үнэлснийг буруутгах боломжгүй хэдий ч дээрх үйл баримтуудыг тогтоолгохоор нэхэмжлэгч нь хариуцагчийн санхүүгийн баримтанд үзлэг хийлгэх, эрх бүхий байгууллагаас хариуцагчийн санхүүгийн баримт, тайлантай холбоотой нотлох баримт гаргуулах, хариуцагчийн орлогын хэмжээг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулахаар удаа дараа гаргасан хүсэлтүүдийг шүүх хангахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгосон нь ИХШХШТХ-ийн 25.1.3, 38.6, 47.1, 4, 6 дугаар зүйлүүдийг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй байна.

Ийнхүү хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүхий л бичгийн нотлох баримтууд хангалттай авагдсан байхад давж заалдах шатны шүүх үүнд дүгнэлт хийлгүй, ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д "...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” байх тул тул 2016 оны 1964 дүгээр магадлалыг ИХШХШТХ-ийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д заасны дагуу хүчингүй болгож, шийдвэрийг өөрчилж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Эм Си Эйч Эс” ХХК нь хариуцагч “Төгс зуурмаг” ХХК-д холбогдуулан 3,306.511.354 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлд “Хамтран ажиллах гэрээ”-г дурджээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...596.170.975 төгрөг гаргуулах” сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын хооронд 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 1 жилийн хугацаатай, 2010 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр 5 жилийн хугацаатай “Хамтран ажиллах гэрээ” байгуулагдсан, уг гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах бетон зуурмагийн 1 дүгээр үйлдвэрийг түрээсэлж, улмаар бетон зуурмагийн борлуулалтын орлогын 20 хувийг нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсон ба гэрээг 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр цуцалжээ.

Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан талаар маргаагүй харин борлуулалтын орлого, төлөх төлбөрийн хэмжээний талаар маргасан байна.

Зохигч нь өөрийн шаардлага, татгалзлын үндэс болж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт бүрдүүлэх зорилгоор туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тухай оролцогчийн хүсэлтийг үндэслэн шүүх түүнийг хэрэгжүүлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.6-т заасан.

Хариуцагчийн борлуулсан бетон зуурмагийн орлогыг тодорхойлуулах зорилгоор шинжээч томилж дүгнэлт гаргуулах тухай нэхэмжлэгчийн удаа дараагийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгохдоо анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна. 

Маргааны зүйл болж буй борлуулсан бетон зуурмагийн орлогыг тодорхойлоход тооцоо, нягтлан бодох бүртгэлийн тусгай мэдлэг шаардлагатай, энэ тохиолдолд хэргийн оролцогчийн хүсэлтээр шинжээч томилж дүгнэлт гаргуулах талаарх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтыг анхан шатны шүүх зөрчсөн гэж үзнэ.

Түүнчлэн хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа “...Ким Хю Жинд байгаа 1.310.425.007 төгрөгийн эд хөрөнгөнөөс төлөх ёстой төлбөр 653.038.562 төгрөгийг хасч тооцоход 657.386.445 төгрөгийн авлагатай...” гэж тодорхойлсон байхад /хэргийн 1 дүгээр хавтас 96-98 угаар тал/ анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2-т нийцээгүй бөгөөд “...гэрээ цуцалснаас учирсан хохирол шаардсан” гэж үзсэн нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодорхойлж чадаагүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч түрээсийн төлбөр шаардсан байхад анхан шатны шүүх тухайн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын талаар дүгнэлт хийгээгүйгээс гадна санхүүгийн түрээсийн гэрээний хэлбэр, нөхцөлийг зохицуулсан Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.1 дэх зохицуулалтыг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгосон нь ойлгомжгүй бөгөөд шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1964 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарангоогийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 3.138.850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ