| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 2431003660311 |
| Дугаар | 2025/ДШМ/38 |
| Огноо | 2025-04-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Содном-Иший |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2025/ДШМ/38
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч Б.Манлайбаатар, Ерөнхий шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Э******* хөтөлж,
Прокурор Д.С*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.А******* нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, шийдвэрлэн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/33 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлоор Г.Б*******д холбогдох эрүүгийн *********** дугаартай, ************* индекстэй, 1 хавтас хэргийг 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Г******* ургийн овогт Г******* Б*******, Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр Сэлэнгэ аймгийн С******* суманд төрсөн, эрэгтэй, 42 настай, яс үндэс халх, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн ******* з тасагт эмч ажилтай, ам бүл *, * хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн С******* сумын ** дүгээр баг ** дугаар хэсэг ** тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, (РД: **********) урьд
-Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800,000 төгрөг торгох ял шийтгүүлсэн.
Шүүгдэгч Г.Б******* нь 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр согтуурсан үедээ тус аймгийн А сумын * дугаар баг Ц нэртэй газарт “буруу зам зааж өглөө” гэх шалтгаанаар Б.Бгийн биед цэнхэр өнгөтэй жижиг тонгоргоор хатгаж биед баруун, зүүн гар, баруун бугалга, зүүн даланд шарх, зүүн гарын алга, ар хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Г.Б*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:
Шүүгдэгч Г******* овогт Г******* Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г******* Б*******ыг 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Б*******ыг Сэлэнгэ аймгийн С******* сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар Г.Б*******ыг зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Иргэнийн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Г.Б*******аас 439,704 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгож,
Хохирогч Б.Бгийн нэхэмжилсэн хохирол төлөгдсөн болохыг дурдаж,
Шүүгдэгч Г.Б*******ын хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн эвхэгддэг олон үйлдэл бүхий жижиг хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ...шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:
...Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/шцт/33 дугаартай шийтгэх тогтоолд шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс дараахи үндэслэлээр гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Б*******д 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулсан ба Сэлэнгэ аймгийн С******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарласан байна. Шүүгдэгчийн хувьд гэм буруугийн хувьд маргаан байхгүй ба гагцхүү түүнд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ял шийтгэл нь түүний хийж буй ажил үүргийнх нь хувьд хүндрэлтэй, гүйцэтгэх боломж хязгаарлагдмал байгаа тул ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн үндэслэл бүхий гомдлыг гаргаж байна. Шүүгдэгч Г.Б******* нь Сэлэнгэ аймгийн ******* з тасагт эмчээр ажилладаг ба ажил үүргийн хувьд ихэвчлэн өвчтөнүүдэд засал хийх /бугуйнд төхөөрөмж зүүсэн тохиолдолд хийх боломжгүй/, мөн алсын дуудлагаар сумуудаар явдаг тул зорчих эрх хязгаарлах ялын хувьд биелүүлэхэд хүндрэл учирч байгааг харгалзан үзнэ үү. Мөн Г.Б******* шийтгэх тогтоолд дурдсан 439,704 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд төлснөөр /баримтыг хавсаргав/ бусдад төлөх төлбөр, хохирол байхгүй болно. Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/шцт/33 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж торгуулийн ял оногдуулж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Давж заалдах гомдлоо дэмжиж оролцож байна. Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй ямар нэгэн байдлаар маргаагүй. Харин шүүгдэгч нь з эмч тул гэнэтийн яаралтай дуудлагаар явах, удаан хугацаагаар ажилбар хийх зэрэгт шүүхээс тогтоосон хязгаарлалт зөрчигдөх төхөөрөмж цэнэглэгдэхгүй байх, мөн гартаа төхөөрөмж зүүснээр мэргэжлийн ажлаа хийх боломжгүй эрсдэл үүсэх магадлалтай байгаа тул дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ:
Анхан шатны шүүх хэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ял тохирсон гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс гаргаж буй хөнгөрүүлэх нөхцөлийг улсын яллагчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Г.Б*******д холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2.Хэргийн бүх ажиллагааг хянахад: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Г.Б******* нь 2024 оны 09 сарын 14-ны өдөр архи ууж согтуурсан үедээ Сэлэнгэ аймаг А сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Бтай очих газрын замыг буруу зааж өглөө гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар жижиг тонгоргоор түүний гар дал хэсэгт хатгаснаар хохирогчийн баруун, зүүн гар, баруун бугалга, зүүн даланд шарх, зүүн гарын алга, ар хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, гэмт хэрэг үйлдсэн болох нь:
-Хохирогч Б.Бгийн “... ах Гав хадыг заагаад өгөөч гэж гуйхаар нь зааж өгөхөөр болсон... ах гэртээ үлдсэн. Танихгүй хүн болох н.Б******* нь замдаа архи уугаад байсан... гармаар гараад явж байтал гуперээ цохиод сигнал нь дуугарсан... энд машины мөр байхгүй байна. Танайхан энэ замаар яваагүй байна буцъя гээд хэлсэн ... гэтэл чи буруу зам зааж өгч машин эвлээ гээд уурлаад урд хайрцгаасаа жижиг тонгорог гаргаж ирээд гар руу хатгасан тэгэхээр нь гараагаа хааж ноцолдсон... гараас цус гарсан машин нил цус болсон.. А руу яваад эмнэлэгт очсон ...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 27-29, 31-33-р хуудас/
-Гэрч Н.Нгийн “...орой А сумын н.Б гэх залуу халамцуу орж ирээд хүнд хутгалуулчихлаа гэж хэлсэн. Яаралтай тусламжийн тасаг руу оруулж үзэхэд баруун гараас нь их хэмжээний цус гарсан байдалтай хоёр гарын алга зүсэгдсэн, мөрөн дэрээ жижиг зүсэгдсэн шархтай байсан ... түүнд цэвэрлэгээ боолт хийгээд аймгийн ******* эмнэлэгт хүргэсэн...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 41-р хуудас/
-Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Дгийн дүгнэлт, /хх-ийн 47-48-р хуудас/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 5-8, 11-12- р хуудас/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 18-22-р хуудас/, Сэлэнгэ аймгийн ******* яаралтай тусламжийн хуудас, /хх-ийн 49- 50-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан тоот, /хх-ийн 69-р хуудас/, Иргэний нэхэмжлэгч Ц.Д өгсөн мэдүүлэг /хх-ийн 73 хуудас/ зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.
3.Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.
Шүүгдэгч Г.Б*******ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
4.Шүүгдэгч Г.Б*******, түүний өмгөөлөгч нар “... анхан шатны шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлэн торгуулийн ял болгон өөрчилж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх шалгуур нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
5.Шүүгдэгч Г.Б*******д анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний зорчих эрхийг 2 сарын хугацаагаар хязгаарлах ял оногдуулж түүний хязгаарлалтын бүсийг Сэлэнгэ аймаг С******* сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоосон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т “хэргийн зүйлчлэл ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” гэж зааснаар шүүгдэгч Г.Б******* нь Сэлэнгэ аймгийн ******* эмнэлэгт з эмчээр ажилладаг бөгөөд түүний эрхлэж буй ажлын онцлог, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 /нэг сая гурван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/33 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтуудад өөрчлөлт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/33 дугаартай шийтгэх тогтоолын
2 дахь заалтыг:
“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г******* Б*******д нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 /нэг сая гурван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай,” гэж,
3 дахь заалтыг:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т.зааснаар шүүгдэгч Г.Б*******д оногдуулсан нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 /нэг сая гурван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг ухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарласугай.” гэж
4 дэх заалтыг:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.Б******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг тайлбарласугай.” гэж тус тус өөрчилсүгэй.
2.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангасугай.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН