Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 210/ма2017/00408

 

 

 

 

 

 

 

 

 

Хадгаламж банк дахь банкны эрх хүлээн авагчийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/06933 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Хадгаламж банк дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Л.Мөнх-Отгон, Х.Цогтоо нарт холбогдох,

411 тоот Орон сууцны зээлийн гэрээг цуцлах, зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нараас 11 263 094 төгрөг гаргуулах, хариуцагч Л.Мөнх-Отгоноос шаардах эрх шилжүүлэх гэрээний үүрэг 13 917 143 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Мөнх-Отгоны 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл зээлийг хуваарийн дагуу төлүүлэх, зээлийг хэвийн ангилалд шилжүүлэн бүртгэхийг нэхэмжлэгчид даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Хадгаламж банк дахь банкны эрх хүлээн авагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Гантөмөр

Хариуцагч: Х.Цогтоо, Л.Мөнх-Отгон,

Хариуцагч нарын өмгөөлөгч: Я.Батханд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч Хадгаламж банк дахь банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаартай тушаалаар Хадгаламж банк ХХК-нд банкны эрх хүлээн авагч томилогдож мөн өдрийн А-157 дугаар тушаалаар Хадгаламж банк ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгахаар шийдвэрлэсэн. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А-114 дугаартай тушаалаар банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг 1 жил хүртэл,  2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А-116 дугаартай тушаалаар 1 жил хүртэл, 2015 оны 07 сарын 07-ны өдрийн А-172 дугаартай тушаалуудаар 6 cap хүртэл хугацаагаар тус тус сунгасан. Банкны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Монгол банк банкны эрх хүлээн авагчийг томилсноор Хадгаламж банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь банкны эрх хүлээн авагчид шилжих зохицуулалттай. Иргэн Л.Мөнх-Отгон, Х.Цогтоо нар нь Хадгаламж банктай 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 411 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ-г байгуулж 25 000 000 төгрөгийг гэр бүлээрээ амьдрах орон сууц худалдан авах зорилгоор жилийн 14.4 хувийн хүүтэй 84 сарын хугацаатайгаар зээлэн авсан. Зээлийн гэрээний үүргийг хангуулахаар 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 411 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г байгуулж Л.Мөнх-Отгоны дангаар өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204033832 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13335/, Энхтайваны өргөн чөлөө, 51Б байр, 62 тоот хаягт байршилтай 56.7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалуулсан. Барьцааны гэрээг эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлж 8538 дугаартай барьцаалбар үйлдэгдсэн. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжлэхээр талууд тохиролцсон боловч Хадгаламж банкны эрх, үүргийг бусдад шилжүүлэхгүйгээр хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгахаар Монгол банк шийдвэрлэж, албадан татан буулгах ажиллагааны хугацааг Монгол банкнаас тогтоосон хугацаанд хэрэгжүүлж байгаа тул цаашид зээлийн гэрээний хугацааг үргэлжлүүлэх боломжгүй болж байна. Энэ нөхцөл байдал нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно, мөн хуулийн 221.2-д Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ гэж зохицуулсантай нийцэж байгаа тул зээлдэгч Л.Мөнх-Отгон, Х.Цогтоо нартай байгуулсан 411 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ-г үргэлжлүүлэх боломжгүй болж цуцлах шаардлага гаргаж байгаа болно. Зээлдэгч нарын зээлийн гэрээний үлдэгдэл 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 8 923 007 төгрөг, зээлийн үндсэн хүү 2 340 086 төгрөг, нийт 11 263 094 төгрөг байна. Банкны эрх хүлээн авагчаас Хадгаламж банкны хуучин удирдлагуудаас хүлээн авсан Хадгаламж банкны тэнцлээр зээлдэгч Л.Мөнх-Отгоны нэр дээр 13 917 143 төгрөгийн авлага бүртгэлтэй байсан. /Уг авлагын дансыг Хадгаламж банк хэвийн үйл ажиллагаа явуулж байх хугацаанд буюу тухайн үеийн удирдлагуудаас нь 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нээсэн байсан/ Тус авлагыг судлан үзэхэд Л.Мөнх-Отгоны банкны зээлээр худалдан авсан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 51Б байрны 62 тоот 2 өрөө орон сууц нь нийт 73 710 000 төгрөгийн үнэтэй байсан бөгөөд үүний 25 000 000 төгрөгийг Хадгаламж банкны зээлээр, үлдэх 48 710 000 төгрөгийг Жаст Групп ХХК төлөхөөр тохиролцсон ба үүний дараа Л.Мөнх-Отгон Жаст Групп ХХК-ийн хооронд 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ЖГХБ/30-13 дугаартай Төлбөр хариуцан барагдуулах гэрээ байгуулагдсан байдаг. Гэрээгээр Жаст-Групп ХХК 48 710 000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй болсон тул уг төлбөрийг Л.Мөнх-Отгон өөрөө хариуцан төлөх, үлдэгдэл төлбөрөөс нь ажилласан хугацааны оногдох төлбөрийг хасаж, 34 792 857 төгрөгийн 40 хувь болох 13 917 143 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулвал үлдэгдэл 60 хувийн төлбөрөөс чөлөөлөхөөр тохиролцсон байдаг. Үүний дараа Хадгаламж банк, Жаст групп ХХК-ийн хооронд 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 7/1-440 дугаартай Шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан. Гэрээний 1 дүгээр зүйлд зааснаар хавсралтад дурдсан Төлбөр хариуцан барагдуулах гэрээ-ний төлбөрийг хүлээн авах эрхийг холбогдох бичиг баримтын хамтаар шинэ үүрэг гүйцэтгүүлэгч буюу Хадгаламж банкинд эрх шилжүүлэгч буюу Жаст-Групп ХХК-аас шилжүүлсэн. Шилжүүлж буй шаардах эрхийн хэмжээ нь гэрээний хоёрдугаар хэсэгт зааснаар 1 дүгээр хавсралтад заасны дагуу 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар нийт 490 922 876 төгрөг байсан ба Л.Мөнх-Отгоны тухайд /гэрээний 1 дүгээр хавсралтын 33 дугаарт бичигдсэн/ 13 917 143 төгрөгийн авлагын шаардах эрх Хадгаламж банканд шилжсэн. Дээрх үндэслэлээр Хадгаламж банк ХХК нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч Л.Мөнх-Отгоноос 13 917 143 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шүүхийн шийдвэрт хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулахаар тусгайлан заалгаж өгнө үү. Хариуцагч нараас гаргасан сөрөг нэхэмжлэлтэй танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Сөрөг нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлага буюу нэхэмжлэгчийн шаардаад байгаа нийт 9 492 892 төгрөгийн зээлийн үлдэгдлийг шаардах эрх хүлээн авагчид шилжүүлэн орон сууцны гэрээний хугацааны дагуу 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл зээлийг графикийн дагуу төлүүлэхээр нэхэмжлэгчид даалгах шаардлагын тухайд Монгол банкны Ерөнхийлөгчийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А-172 дугаартай Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг сунгах тухай тушаалын 2 дахь хэсэгт Хадгаламж банкны актив хөрөнгийг төлүүлэх, өрийг түүнд ногдох актив хөрөнгийн хамт бусдад шилжүүлэх ажлыг гүйцэтгэхийг банкны эрх хүлээн авагчид даалгасан. Банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуульд заасны дагуу Хадгаламж банкны активыг хяналтандаа авч Монгол банкны Ерөнхийлөгчийн тушаалд заасны дагуу актив хөрөнгийг төлүүлэх ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд Монгол банкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын 2010 оны 475/182 тоот хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам-ын 1.5.2-д Актив гэж зээлдүүлэгчид зээл, үнэт цаас, хүлээж болзошгүй үүрэг, бусад актив хэлбэрээр үүссэн өр төлбөрийг хэлнэ 1Л-д бусдаас авах авлагыг бусад актив-д хамааруулж журамд цаашид бусад актив гэж гэж нэрлэсэн нь журмын 1.5.2- д энэ нэршлээр тусгагдсан. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А-153, А-157 тус тус дугаартай тушаалуудын үндэслэх хэсгүүдэд тусгагдсан арилжааны банканд банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг авах эрх нь Монгол банкны эрхэд хамаарах бөгөөд нэхэмжлэлийн үндэслэх хэсэгт дурьдснаар Хадгаламж банк ХХК-д авсан банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээний хугацаа нь Монгол банкны Ерөнхийлөгчийн 2016 оны 07 сарын 07-ны өдрийн А-172 дугаар тушаалд заасан хугацаагаар буюу 2017 оны 01 сарын 22-ний өдрийг хүртэл хугацаагаар тодорхойлогдож байна. Хадгаламж банкны эрх хүлээн авагчид нэхэмжлэл ирүүлсэн этгээдүүд нь Хадгаламж банкны зээл, авлагын өр төлбөрийн шаардах эрхийг өөрт шилжүүлэн авах эсэх нь тэдгээрийн субъектив эрх тул Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл зээлийг графикийн дагуу төлүүлэхээр даалгах шаардлага нь үндэслэлгүй шаардлага болно. Сөрөг нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлага буюу Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь Л.Мөнх-Отгон болон Х.Цогтоо нарын орон сууцны зээлийн эргэн төлөлтийг хэвийн бусд оруулсан байгаа ба хэвийн бус зээлдэгчид хамаарах үндэслэл байхгүй, зээлээ хугацаанд нь төлж байсан тул зээлийн ангиллыг хэвийн зээлдэгчид шилжүүлэх тухайд: Монгол банкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын 2010 оны 475/182 тоот хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам-д зааснаар бусдаас авах авлага нь активд хамаарах тухай дээр тайлбарласан. Энэхүү Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам-ын 2.2-д зааснаар активыг хугацааны болон чанарын үзүүлэлтээр ангилдаг ба ингэхдээ тус хэсэгт зааснаар хугацааны үзүүлэлтээр ангилсны дараа чанарын үнэлгээг хийж ангиллыг тогтоодог. Хадгаламж банкны зээлдэгч Л.Мөнх-Отгоны тухайд төлбөрийн чадвар зээл олгох үеийнхээс өөрчлөгдөж ажлаас чөлөөлөгдсөн, зээлийн өр төлбөрийг банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээний хугацаанд барагдуулаагүй, Хадгаламж банканд төлөх авлагыг төлж барагдуулаагүй зэрэг чанарын үзүүлэлтээр хэвийн бус ангилалд шилжүүлэн бүртгэсэн. Иймд дээрх үндэслэлүүдээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ. 

 

Хариуцагч Л.Мөнх-Отгон, Х.Цогтоо нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Зээлдэгч Л.Мөнх-Отгон, Х.Цогтоо нартай байгуулсан 411 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ-г цуцлах, зээлийн өр төлбөрт Л.Мөнх-Отгон, Х.Цогтоо нараас нийт 11 263 094 төгрөг гаргуулахаар шаардаж буй нь үндэслэлгүй ба одоогийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл болох 7 923 007 төгрөг, зээлийн хүү 1 569 885 төгрөг, нийт 9 492 892 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа. Шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу Хадгаламж банканд шаардах эрх нь шилжин ирсэн 13 917 143 төгрөгийг Л.Мөнх-Отгоноос гаргуулах гэсэн шаардлагыг мөн үндэслэлгүй гаргаж байгаа бөгөөд шаардах эрх шилжүүлэх гэрээг бидэнд огт танилцуулаагүй гарын үсэг зуруулаагүй ба Жаструпп ХХК-д бэлнээр 2013 оны 12 дугаар сарын 27-нд 11 867 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 31-нд 2 050 143 төгрөг төлсөн орлогын баримт нийт 13 917 143 төгрөгийг төлж уг компанийн зүгээс төлбөр тооцоогүй болохыг санхүүгийн газрын захирал Ш.Батсайхан тодорхойлолт өгсөн байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба мөн гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад зээлийн гэрээ зөрчин гэрээг үндэслэлгүйгээр цуцлах асуудал хөндөж байгаад гомдолтой байна. Хадгаламж банк ХХК дахь эрх хүлээн авагч нь 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Л.Мөнх-Отгон, Х.Цогтоо нарт холбогдуулан 411 тоот дугаартай Орон сууцны зээлийн гэрээ-г цуцлах, зээлийн өр төлбөрт Л.Мөнх-Отгон, Х.Цогтоо нараас нийт 11 263 094 төгрөгийг гаргуулах, шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу Хадгаламж банканд шаардах эрх нь шилжин ирсэн 13 917 143 төгрөгийг Л.Мөнх-Отгоноос гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх үндсэн нэхэмжлэлтэй хамтатган дараах шаардлагыг шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгчийн шаардаад байгаа 11 263 094 төгрөг нь өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл болох 7 923 007 төгрөг, зээлийн хүү 1 569 885 төгрөг, нийт 9 492 892 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа ба уг үлдэгдлийг шаардах эрх хүлээн авагчид шилжүүлэн орон сууцны гэрээний хугацааны дагуу 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл зээлийг графикийн дагуу төлүүлэхээр нэхэмжлэгчид даалгуулах, 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь Л.Мөнх-Отгон болон Х.Цогтоо бидний орон сууцны зээлийг эргэн төлөлтийг хэвийн бус ангилалд оруулсан ба хэвийн бус зээлдэгчид хамаарах үндэслэл байхгүй, зээлээ хугацаанд нь төлж байсан тул зээлийн ангиллыг хэвийн зээлдэгчид шилжүүлэх шаардлага гаргаж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Хадгаламж банк дахь банкны эрх хүлээн авагчийн хариуцагч Л.Мөнх-Отгон, Х.Цогтоо нарт холбогдуулан 411 тоот Орон сууцны зээлийн гэрээг цуцлах, зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нараас 22 785 862 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь, хариуцагч Л.Мөнх-Отгоны 411 тоот орон сууцны зээлийн гэрээний төлбөрийг 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл зохих хуваарийн дагуу төлүүлэхийг нэхэмжлэгчид даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Мөнх-Отгоны сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Л.Мөнх-Отгон, Х.Цогтоо нарын Хадгаламж банк ХХК-тай 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан 411 тоот орон сууцны зээлийг хэвийн ангилалд шилжүүлэн бүртгэхийг нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь эрх хүлээн авагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Л.Мөнх-Отгоны төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь эрх хүлээн авагчаас 70 200 төгрөг гаргуулж хариуцагч Л.Мөнх-Отгонд олгож шийдвэрлэжээ.

 

Хадгаламж банк дахь банкны эрх хүлээн авагч Ч.Аварзэд давж заалдах гомдолдоо: ...Хадгаламж банк ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгахаар шийдвэрлэж татан буулгах ажиллагааг хэрэгжүүлэхийг банкны эрх хүлээн авагчид даалгаж шийдвэрлэсэн татан буулгах ажиллагааг банкны эрх хүлээн авагчаас өөрийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үүрэгтэй зэрэг нөхцөл байдал нь хуульд заасан гэрээний хугацааг хэрэгжүүлэх боломжгүй хүндэтгэн үзэх үндэслэлийг үүсгэж байсан. Гэвч шүүхээс талууд гэрээндээ 84 сарын хугацаа тогтоосон нь гэрээний гол нөхцөл бөгөөд гэрээг нэг талын санаачилгаар хугацаанаас өмнө цуцлах үндэслэлийг гэрээний 8.2-т заасан бөгөөд уг зүйлд зааснаас үзэхэд банк гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл тогтоогдохгүй байна гэж буруу дүгнэсэн. Гэтэл талуудын хооронд 2011 оны 09 дүгээр 22-ны өдөр байгуулсан 411 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ-ний 11.2-т Монгол Улсын хуульд өөрөөр заагаагүй бол талууд энэ гэрээний зүйл заалтуудыг нэн тэргүүнд баримтлан ажиллана гэж заасан байх ба гэрээнд гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллийг хэрхэн зохицуулах талаар тусгайлан заасан зохицуулалт хийгдээгүй. Иймд шүүхээс дээр дурдсан Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийг хэрэглэн нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагыг шийдвэрлэх байтал хэрэглэсэнгүй.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчээс гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах хуульд заасан үндэслэл бий болоогүй гэж дүгнэхдээ нэхэмжлэгчээс гарган өгсөн Монгол банкны Ерөнхийлөгчийн тушаалуудад банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх хугацааг хязгаартай тогтоож өгснийг хэрхэн үнэлж байгаа нь ойлгомжгүй болсон.

Нэхэмжлэлийн 2 дугаар шаардлага болох шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу Хадгаламж банкинд шаардах эрх нь шилжин ирсэн 13 917 143 төгрөгийг Л.Мөнх-Отгоноос гаргуулах тухайд:

Хадгаламж банк Жаст групп ХХК-ийн хооронд 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 7/1-440 дугаартай Шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан. Гэрээний 2.6-д зааснаар гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс төлбөр төлөгч нь Жаст групп ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээс чөлөөлөгдөж Хадгаламж банкны өмнө төлбөр төлөгч болсон гэж үзэхээр тохиролцсон. Хадгаламж банк шаардах эрхийг өөрт шилжүүлэх үед шаардах эрх шилжүүлэх гэрээний төлбөрийн үүрэг биелүүлээгүй байсан тул хүчин төгөлдөр шаардах эрхийг шилжүүлэн авсан, шаардах эрхийг шилжүүлэхэд үүрэг гүйцэтгэгчээс зөвшөөрөл авах шаардлагагүй байдалд шүүх дүгнэлт хийсэнгүй.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцны зээлийг хэвийн ангилалд шилжүүлэн бүртгэхийг даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тухайд:

1. Монгол банкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 475/182 тоот хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан Активыг ангиалах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам-ын 2.2-т зааснаар активыг хугацааны болон чанарын үзүүлэллтээр ангилдаг. Ингэхдээ активыг хугацааны үзүүлэлтээр ангилсаны дараа чанарын үнэлгээг хийж ангилалыг тодорхойлно.

2. Журмын 2.5-т зааснаар чанарын нэгдсэн үнэлгээг 50 онооноос хэтрүүлэхгүй ба 0-29 оноотой байгаа тохиолдолд ангиллыг 2 шатаар бууруулахыг зохицуулсан. Журмын 2.4-т зааснаар активын чанарын үзүүлэлтийг 1в дүгээр хавсралтад заасан хүчин зүйлс тус бүрийн нийлбэрээр тооцох ба ийнхүү дүгнэлт өгөхдөө үзүүлэлт тус бүрийг хэдэн оноогоор дүгнэхийг журамд зохицуулаагүй бөгөөд зээлдүүлэгчийн өөрийн эрхэд нээлттэй үлдээсэн. Нэхэмжлэгчээс Хадгаламж банкны зээлдэгч Л.Мөнх-Отгоны тухайд төлбөрийн чадвар зээл олгох үеийнхээс өөрчлөгдөж ажлаас чөлөөлөгдсөн, зээлийн өр төлбөрийг банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээний хугацаанд барагдуулаагүй, Хадгаламж банкинд төлөх авлагыг төлж барагдуулаагүй зэрэг чанарын үзүүлэлтийг харгалзан чанарын нэгдсэн үнэлгээ 29 оноонд хүрээгүй гэх үндэслэлээр зээлийн ангиллыг өөрчлөн бүртгэсэн. Дээрх үндэслэлүүдээр гомдлыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Хадгаламж банк дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Л.Мөнх-Отгон, Х.Цогтоо нарт холбогдуулан 411 тоот Орон сууцны зээлийн гэрээ-г цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч нараас 11 263 094 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 8 868 719 төгрөг гаргуулах, хариуцагч Л.Мөнх-Отгоноос Хадгаламж банк ХХК, Жаст групп ХХК нарын хооронд 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Шаардах эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу шилжин ирсэн авлага болох 13 917 143 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч Л.Мөнх-Отгон 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл зээлийг хуваарийн дагуу төлүүлэх, зээлийг хэвийн ангилалд шилжүүлэн бүртгэхийг нэхэмжлэгчид даалгах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэлгүй, зээлийн төлбөрт 8 868 719 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа, 2013 оны 12 дугаар сарын 27, 31-нд 13 917 143 төгрөг төлсөн гэж,

нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Хадгаламж банк дахь банкны эрх хүлээн авагчийн ажиллах хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл үргэлжлэх тул төлбөрийг шаардах эрхтэй, хариуцагчийн төлбөрийн чадварт өөрчлөлт орсон тул зээлийн ангилал буурсан, сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлажээ.

 

Зохигчид 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 411 тоот Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр Л.Мөнх-Отгон, Х.Цогтоо нар нь 25 000 000 төгрөгийг 1 жилийн 14.4 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатайгаар тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Л.Мөнх-Отгоны өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө 51Б байрны 62 тоот орон сууцыг барьцаалсан мөн өдрийн 411 тоот барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангасан байна. /хх 12-22/

 

Хариуцагч нар орон сууцны зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 8 868 719 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн, хариуцагч нар зээлийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлж байсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй болно.

 

Зохигчдын хооронд байгуулсан дээрх Орон сууцны зээлийн гэрээ нь талуудын хэн алины хүсэл зоригийн илэрхийлд үндэслэн, хуульд заасан бичгээр хэлцэл хийх болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагад нийцсэн, олгох зээлийн хэмжээ, хүү, эргэн төлөгдөх хугацаа болон гэрээний үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тус тус тохиролцсон нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасан заалтад нийцжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хадгаламж банк дахь Банкны эрх хүлээн авагч нь уг зээлийг хариуцагч нарт тодорхой хугацаатай олгох, тухайн тохирсон хугацаанд хариуцагч нар зээлийг хүүгийн хамт буцаан төлөх үүргийг харилцан хүлээсэн байх бөгөөд гэрээний үүргийг зөрчөөгүй байхад хариуцагч нартай харилцан зөвшилцөлгүйгээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар шаардсан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болно.

 

Нэхэмжлэгч Хадгаламж банк дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Л.Мөнх-Отгоноос шаардах эрх шилжүүлэх гэрээний үүрэгт 13 917 143 төгрөг гаргуулахаар шаардсан байх ба хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Л.Мөнх-Отгон, Олон овоот гоулд ХХК нарын хооронд 2011 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ООГ/32 тоот Хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц олгох тухай гэрээ байгуулагдаж, гэрээний 1.1.1-д Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Эрд тана ХХК-ийн барьж буй орон сууцны барилгын 57.7 м.кв талбайтай 2 өрөө /51Б байрны 62 тоот/ орон сууцыг Олон овоот гоулд ХХК, Хадгаламж банкны хооронд байгуулсан Орон сууцны зээлээр хамтран ажиллах гэрээ-ний нөхцөлийн дагуу орон сууцны зээл олгож тухайн /73 710 000 төгрөгийн/ зээлийг ажилтан төлөх, 4.1-д компани нь Тухайн жилийн ажлын үр дүнгээс хамааран ажилтны орон сууцны зээлийн дараагийн жилд ногдох төлбөрөөс 50 хүртэл хувиар хөнгөлөлт үзүүлж болно гэж тус тус тохиролцсон байна./хх 62-63/

 

Дээрх орон сууцны зээл, түүний төлбөрийн асуудлын талаар Жаст групп ХХК, хариуцагч Л.Мөнх-Отгон нарын хооронд 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ЖГХБ/30-13 тоот Төлбөр хариуцан барагдуулах гэрээ байгуулагдаж, гэрээний 1.1-д ООГ/32 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 48 710 000 төгрөгийг төлөх, 2.3, 2.5-дахь хэсэгт Олон овоот гоулд ХХК нь орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөрөөс 13 917 143 төгрөгийг хариуцагч Л.Мөнх-Отгон нь Хадгаламж банк ХХК-нд 2013 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн дотор төлсөн тохиолдолд Жаст групп ХХК зээлийн үлдэх хэсэг болох 34 792 857 төгрөгийн төлбөрөөс хариуцагчийг чөлөөлөхөөр тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх 59-61/

 

Хэрэгт Л.Мөнх-Отгоноос 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 11 867 000 төгрөг, мөн сарын 31-ны өдөр 2 050 143 төгрөг, нийт 13 917 143 төгрөгийг төлсөн орлогын ордерын тасалбар, Жаст групп ХХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн Б-01/32 тоот албан бичгээр хариуцагч Л.Мөнх-Отгон орон сууцны үлдэгдэл төлбөрийн өөрт ногдох хэсгийг төлж барагдуулсан талаарх баримтууд авагдсан байна. /хх 64, 65/ Эдгээр үйл баримтаас үзэхэд дээрх тохиролцооны дагуу хариуцагч нь 13 917 143 төгрөгийг Жаст групп ХХК-д төлж дуусгасан байна. Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар үүрэг шилжсэнийг хариуцагч Л.Мөнх-Отгон мэдсэн, зөвшөөрсөн талаар хэрэгт баримтгүй тул Л.Мөнх-Отгоны хувьд үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч Хадгаламж банк дахь банкны эрх хүлээн авагчид төлөх үүрэгтэй болно. Хадгаламж банк ХХК, Жаст групп ХХК нарын хооронд байгуулсан 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 7/1-440 тоот Шаардах эрх шилжүүлэх гэрээ-ний хавсралт 33-т заасан мөнгөн төлбөрийн үүрэг 2013 оны 12 дугаар сарын 31-ны өдрөөр дуусгавар болсон байх тул нэхэмжлэгч Хадгаламж банк дахь банкны эрх хүлээн авагч нь уг мөнгийг хариуцагч Л.Мөнх-Отгоноос шаардах эрхгүй байна. Иймд шүүх нэхэмжлэгч Хадгаламж банк дахь банкны эрх хүлээн авагчийн хариуцагч Л.Мөнх-Отгон, Х.Цогтоо нарт холбогдуулан 411 тоот Орон сууцны зээлийн гэрээ-г цуцлах, зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нараас 22 785 862 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд

 

Хариуцагч Л.Мөнх-Отгон нь нэхэмжлэгчид холбогдуулан 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 411 тоот орон сууцны зээлийн гэрээний төлбөрийг 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл зохих хуваарийн дагуу төлүүлэхийг нэхэмжлэгчид даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх талуудын хооронд байгуулагдсан 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 411 тоот Орон сууцны зээлийн гэрээ-г цуцлах, зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нараас 22 785 862 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах шаардлагагүй болжээ. Иймд анхан шатны шүүх уг сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй юм.

 

Харин хариуцагч Л.Мөнх-Отгон, Хадгаламж банк ХХК-тай 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 411 тоот орон сууцны зээлийг хэвийн ангилалд шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч хариуцагч Л.Мөнх-Отгоны төлбөрийн чадвар зээл олгосон үеийнхээс өөрчлөгдөж ажлаас чөлөөлөгдсөн, зээлийг банкны эрх хүлээн авагчийн албадлагын арга хэмжээ авах хугацаанд барагдуулаагүй, Хадгаламж банканд төлөх авлагыг төлөөгүй тул чанарын үзүүлэлтээр зээлийг хэвийн бус ангилалд бүртгэсэн гэж маргажээ.

 

Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын 2010 оны 475/182 тоот хамтарсан тушаалын хавсралт болох Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам-ын 2.1-д зааснаар зээлийг /2.1.1-Хэвийн, 2.1.2-Хугацаа хэтэрсэн, 2.1.3-Чанаргүй, үүнээс: 2.1.3.а хэвийн бус, 2.1.2.б эргэлзээтэй, 2.1.3.в муу/ гэж ангилахаар журамлажээ. Мөн журмын 2.2-т ... хугацааны үзүүлэлтээр ангилсны дараа чанарын үнэлгээг хийж ангиллыг тодорхойлно гэж зааснаас үзвэл хариуцагч нар зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийг гэрээ, түүний хавсралтад заасан хуваарийн дагуу гүйцэтгэж байгаа эсэхэд, мөн хугацаа хэтэрсэн бол хэд хоногоор хэтэрсэн эсэхээс шалтгаалан зээлийг ангилахаар заасан байна.

 

Хариуцагч нар нь зээлийн гэрээний хугацаанд 7 хоногийн зээл төлөлтийн хугацаа хэтрүүлсэн болох нь тогтоогдсон боловч ийнхүү хугацаа хэтэрсэн нь долоо хоногийн амралтын өдөр төлсөн зээл дараа долоо хоногийн эхний ажлын өдөр тооцогдсоноос шалтгаалсан гэх тайлбарын талаар зохигчид маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч хугацаа бус чанарын үзүүлэлтээр дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын зээлийн ангиллыг бууруулсан гэж тайлбарлаж байгаа боловч өөрийн тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байх тул шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Мөнх-Отгоны сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Л.Мөнх-Отгон, Х.Цогтоо нарын Хадгаламж банк ХХК-тай 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан 411 тоот орон сууцны зээлийг хэвийн ангилалд шилжүүлэн бүртгэхийг нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь эрх хүлээн авагчид даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Хадгаламж банк дахь банкны эрх хүлээн авагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/06933 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ

 

Д.ЦОГТСАЙХАН