Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 304/ШШ2025/00697

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, ** дүгээр хороо, Ю*******гийн гудамж-28, ******* цогцолборт байрлах М******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б*********н аймаг, Д******* сум, ** дугаар баг, Д*******од оршин суух Д.Д*******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 268,236 (хоёр зуун жаран найман мянга хоёр зуун гучин зургаа) төгрөг гаргуулах тухай 304/2025/00820/И индекстэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Д******* нь М******* ББСБ ХХК-тай 2024 оны 03 сарын 25-ны өдөр Зээл. зээлийн эрх нээх 140001054917 дугаартай гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 99472175 дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Д.Д******* нь уг гэрээний үндсэн дээр 2024.04.03-ны өдөр 160,000 төгрөгийг 3.4% хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй.

М******* ББСБ-ын зүгээс зээлийн гэрээний үүргийг шаардан зээлийн гэрээнд заасан утасны дугаараар холбогдохыг удаа дараа оролдсон боловч хариуцагч нь огт утсаа аваагүй. харилцан зөвшилцөх аргаар маргааныг шийдвэрлэх боломжгүй болсон тул маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх шаардлага үүссэн. 2025.09.17-ны өдрийн байдлаар Д.Д*******гийн үндсэн зээлийн үлдэгдэл 160,000 төгрөг, 2024.04.03-ны өдрөөс 2025.09.17-ны өдрийг хүртэлх 502 хоногийн зээлийн хүү 92,736 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,500 төгрөг, нийт 268,236 төгрөг байна.

Д.Д******* нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул М******* ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 268,236 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: М******* ББСБ ХХК нь хариуцагч Д.Д*******гаас зээлийн гэрээний үүрэгт 268,236 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 268,236 төгрөгийг бүхэлд нь тус компанийн Хаан банк дахь 5077152233 тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь хариуцагч Д.Д*******д холбогдуулан 268,236 (хоёр зуун жаран найман мянга хоёр зуун гучин зургаа) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул хүсэлтийг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул түүний хүсэлтийг шүүх хүлээн авч хангаж, шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх заалт, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэнний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дах заалтыг баримтлан нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Д*******д холбогдох 268,236 (хоёр зуун жаран найман мянга хоёр зуун гучин зургаа) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, 4,349 /дөрвөн мянга гурван зуун дөчин ес/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 4,349 /дөрвөн мянга гурван зуун дөчин ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжинд нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА