Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 304/ШШ2025/00704

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, шүүгч Д.Элбэгзаяа, С.Ёндонсамбуу нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б****** аймаг, С******* сум, ** дугаар багт оршин суух О******* овогт Б*******ын О*******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б******** аймаг, С******* сум, ** дугаар багт оршин суух Б******* овогт С*******ийн Д*******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Нэр төр сэргээлгэж, учирсан хохирол 655,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, нэр төр сэргээлгэж, уучлалт гуйлгахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй 304/2025/00737/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.О*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Д*******

Хариуцагч С.Д*******

Гэрч Л.Б*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган нар оролцов.

 

Зохигч иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг явуулахыг зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.О******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би эзэмшсэн мэргэжлээрээ О аймгийн Б-Ө суманд үйл ажиллагаа явуулдаг В ББСБ-д зээлийн мэргэжилтнээр ажилладаг. Би ажил үүргийн хуваарийн дагуу Булган аймгийн С******* сум, Х тосгоны зээлдэгч нарт зээл олгож, зээлийн эргэн төлөлтийг хариуцдаг. Манай байгууллагаас иргэн С.Д******* нь 2024 оны 12 дугаар сард 3,000,000 төгрөгийн зээлийг нэг жилийн хугацаагаар сар бүр төлөлт хийхээр гэрээ байгуулж авсан. Гэтэл зээлээ хугацаанд нь төлөлгүй 60 хоногоор хэтрүүлсэн тул түүнийг зээлээ төлөхийг шаардаж мэдэгдэл өгөхөөр уулзах гэж утас руу мессеж бичсэн. Манай байгууллага зээлдэгч зээлээ төлөөгүй тохиолдолд 3 удаа мэдэгдэл биечлэн уулзаж өгдөг журамтай, би энэ журмын дагуу ажилласан. Гэтэл миний утас руу намайг элдэв янзаар хэлж доромжилсон мессеж ирүүлээд зогсохгүй, намайг удам судраар минь элдвээр хэлж өвчтэй байгаа ээжийн минь өвчин зовлонг надтай холбон бичсэн байсан. Миний ээж элэгний хавдартай бие нь тааруухан байгаа юм. Гэтэл над руу чиний үйл лайг ээж чинь үүрээд удахгүй явах гэж байгаа гэх утгатай мессеж ирүүлсэнд би маш их хямарч сэтгэл санааны хүнд байдалд орсон. Над руу олон мессеж бичсэний дотор 8 дугаар сарын 18-ны өдөр бичсэн энэ мессежнээс болоод миний бие эвгүйрхэн гэртээ харьсан. Хариад даралтаа үзтэл даралт 150-180 болж пүлс 128 болж өөрчлөгдсөн байсныг захирал болон С.Д*******д мессежээр явуулсан чинь уучлаарай гэсэн ч үг хэлээр дайрч бичих нь хэвээрээ байсан.Түүнээс хойш би эрүүл мэндээрээ хохирч даралт байнга өөрчлөгдөн зүрх дэлсэх болсноор би эмнэлгийн байгууллагад хандан 8 дугаар сарын 25-30-нд 5 хоног Тайхар эмнэлэгт 175,000 төгрөг төлж хэвтэн эмчлүүлсэн боловч намайг гэнэтийн цочролд орж сэтгэл гутралын байдалд орсон тул цаашид сэтгэл заслын эмчилгээ үргэлжлүүлэн хийлгэх шаардлагатай гэсэн. Иймд өөрт учирсан эрүүл мэндийн хохиролд эмнэлэгт хэвтсэн төлбөр 175,000 төгрөг, зүрхний бичлэг хийлгэн ЭХО-д харуулсан нийлээд 80,000 төгрөг, 5 өдрийн цалин 5х 80,000 = 400,000 төгрөг, бүгд 655,000 төгрөгийг нэхэмжилж байна. Эдгээрийн баримт надад байгаа тул гаргаж өгнө. Ажил үүргийнхээ дагуу энэ хүнтэй харьцсаныхаа төлөө ийм байдалд ортлоо гүн хямралд орсондоо маш их гомдолтой байгаа бөгөөд цаашид би энэ байгууллагад ажиллаж хүмүүстэй харилцах боломжгүй байдалд ороод байна. Намайг ажил үүргээ гүйцэтгэсний минь төлөө гутаан доромжлохдоо намайг болон гэр бүл, удам угсаагаар минь доромжилсон тул нэр төрөө сэргээлгэж, уучлалт гуйхыг даалгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

2.Хариуцагч С.Д******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн маргааныг Б.О******* өөрөө эхлүүлсэн бөгөөд намайг ажил, амьдрал, арьс өнгө, хүйсээр ялгаварлан гадуурхаж, хэл амаар доромжилсон. Үүнээс болж маргаан үүссэн. Түүнээс би эхэлж Б.О*******ын нэр төрд халдсан зүйл байхгүй. Бие эрх чөлөөнд нь ч халдсан үйлдэл гаргаагүй. Түүнчлэн Б.О*******ын нэр төрд халдсан худал мэдээ, мэдээллийг олон нийтэд тараасан, нийтэлсэн үйлдэл огт гаргаагүй. Зөвхөн бидний хоорондын хувийн холбооны хэрэгслээр маргалдсан асуудал. Би энэ хүнд олон удаа хэлсэн. Зүгээр л зээлээ төлөхийг шаардана биз. Түүнээс биш миний ажил, алба руу орж ирэн миний ажил хэргийн нэр хүндийг алдагдуулж сэтгэл санаагаар дарамталсан. Зээлээ төлөөгүй байгаа нь миний буруу. Үүнийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед том охин маань 12 дугаар анги төгсөөд хонхны баяр болсон. Оюутан болох гээд хөрөнгө, мөнгөний шаардлага их байсан тул тухайн үеийн нөхцөл байдлаас болж зээлээ төлж чадаагүй юм. Би бүхэл бүтэн 1000 гаруй хүн амтай багт сонгогдож гараад багийн Иргэдийн нийтийн хурлын даргын ажлыг хийдэг байсан. Энэ хүн намайг доромжилсныхоо төлөө уучлалт гуйх ёстой. Би ч гэсэн нэхэмжлэгч Б.О*******аас уучлалт гуйхад бэлэн байна. Түүнээс биш би мөнгөн хохирол төлөхийг хүсэхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Хариуцагч С.Д******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2024 оны 12 дугаар сарын үед уг ББСБ-аас 3,000,000 төгрөгийн зээл авсан. Зээл авснаас хойш 1 удаа зээлийн хугацаагаа амьдралын нөхцөл байдлаас болж хэтрүүлсэн. Б.О******* нь надаас зээл төлөхийг шаардахдаа байгууллагын ажилтны ёс зүйгүй, мөн хувийн шинжтэй байдлаар шаардсан. Өөрөөр хэлбэл чи ийм зээлээ төлж чадахгүй байж бусдын амьдралыг яаж зохицуулдаг юм бэ, багийн хурал дээр явж очих уу, ийм халтар амьдралаа яриад уйлаад шаасан, бичлэг хийсэн байгаа шүү, бандийн охин минь чи эр юм уу, эм юм уу, ийм байж улс төржих санаатай гэх мэтчилэн мессеж бичиж, утсаар залгаж чи муу писда Далайгаас долоон доор биз дээ гэж орилж хашхирсан. Энэ мэтчилэн албан шаардлагаа зүй ёсоор тавихгүй, ёс зүйгүй, миний амьдралыг, ажлыг, мөн арьс өнгө, хүйсээр нь ялгаварлан гадуурхаж, ёс бус үгээр доромжилсон тул би уучлалт гуйлгана. Учир нь би өөрөө зүрхний өвчтэй, зүрхний сэтк тавиулсан, группт байдаг. Үүнийг Б.О******* өөрөө сайн мэдэж байгаа. Түүнээс болж тухайн үед сэтгэл санааны хямралд орж, амиа хорлох үйлдэл хүртэл гаргасан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

4.Нэхэмжлэгч Б.О******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ББСБ-гийн зээлийн мэргэжилтэн бөгөөд ажил үүргийнхээ дагуу С.Д*******ийг зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж зээлээ төлөхийг шаардахад намайг хэл амаар доромжилсон. Би төлөлт дээрээ асуудалгүй гэж хэлэхээр нь итгэж эерэгээр хандсан. С.Д******* нь зээл гаргаснаас хойш өөрөө залгаж мессеж бичиж өөрийн амьдралаа ярьдаг байсан. Зээлийн хугацаа хэтрэлт нь миний ажлын гүйцэтгэлтэй холбоотой, дээр нь би асуудалгүй гэсэн амлалтыг бодохоор надад хэцүү байсан. Ингээд мэдэгдэл өгье гэхэд намайг удам судраар минь доромжилсон тул би сэтгэл санааны хүнд цохилтод орж эрүүл мэнд муудсанаас захирал өөрөө очиж уулзсан.

Итгэлийг минь хөсөрдүүлж, эцэст нь ээжийн минь өвчин зовлонг надтай холбож элдвээр хэлж намайг сэтгэл санааны хүнд байдалд оруулж ажлаас гаргах хэмжээнд хүргэснээ өөрөө ойлгож сүүлд уучлалт гуйсан нь өөрийн буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Иймд түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

5.Нэхэмжлэгчээс:

-Иргэний үнэмлэхний хуулбар

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

-В ББСБ-ийн тодорхойлолт

-Хариуцагчийн 99710239 дугаартай утсанд харилцсан мессэжний зураг

-Нейротоп ХХК-ийн Тайхар мэдрэлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тухай тодорхойлолт

-Зүрх судасны эмчийн үзлэгийн хуудас, шинжилгээний хуудас, эхоны зураг

- Д******* д******* нэртэй фэйсбүүк хуудасны постны зураг, чатаар харилцан фото зураг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

6.Хариуцагчаас:

-улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

-нэхэмжлэгчийн 99390919 дугаартай утсанд харилцсан мессэжний зураг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

7.Хариуцагчийн хүсэлтээр:

-Тус байгууллагын ёс зүйн дүрэм,

-Б.О*******ын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосн тушаал,

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг шүүх бүрдүүлсэн.

 

8.Хариуцагчийн хүсэлтээр:

-Шүүх В ББСБ-ийн салбарын захирал Л.Б*******г хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцуулж гэрчийн мэдүүлэг авсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.О*******ын хариуцагч С.Д*******д холбогдуулан гаргасан нэр төр сэргээлгэж, учирсан хохирол 655,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч С.Д*******ийн нэхэмжлэгч Б.О*******д холбогдуулан гаргасан нэр төр сэргээлгэх, уучлалт гуйлгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг шаардсантай холбоотойгоор хариуцагч хэл амаар доромжилж, ажил хэргийн нэр төр унагаж, сэтгэл санаа, эрүүл мэндэд учирсан хохирол 655,000 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагч нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардахдаа хэтэрхий хувийн өнгө аясаар доромжилж, гадаад төрх, ажил албатай холбоотой нэр төрийг унагасан нэр төрөө сэргээлгэж, уучлалт гуйлгана гэж маргаж байна. 

3.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1.Нэхэмжлэгч Б.О******* нь О аймаг дахь В ББСБ-д зээлийн эдийн засагчийн ажил эрхэлдэг, хариуцагч Булган аймгийн С******* сумын 5 дугаар багийн Иргэдийн нийтийн хурлын даргын ажил эрхэлдэг бөгөөд тэдний В ББСБ-гаас С.Д******* нь 2024 оны 12 дугаар сард 3,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, сар бүр төлөх үүргийг хүлээсэн бөгөөд зээлийн гэрээний үүрэг 2025 оны 6 сараас доголдож эхэлсэн бөгөөд хугацаа хэтрүүлж сарын төлбөрөө хийж байсан нь зохигчийн ...нэхэмжлэгчийн В ББСБ-аас С.Д*******д 2024 оны 12 сард 3,000,000 төгрөгийн зээлийг сар бүр хуваарийн дагуу төлөхөөр 1 жилийн хугацаатайгаар олгосон..., хариуцагчийн ...зээл авсан нь үнэн, хугацаа хэтрүүлсэн нь миний буруу... гэх тайлбар, гэрчийн шүүх хуралдаанд гаргасан ...зээл олгосон, зээлийн гэрээний үүргийг хариуцсан эдийн засагч шаарддаг... гэх тайлбаруудаар тогтоогдож байна.

3.2.Нэхэмжлэгч чиг үүргийнхээ дагуу хариуцагч С.Д*******ээс зээлийн гэрээний үүргээ биелүүлж, зээлийн төлбөр 310,000 төгрөгийг төлөхийг болон утсаа авч хариу өгөхийг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн удаа дараа шаардаж, дансны мэдээлэл өгсөн, улмаар 06 дугаар сарын 29, 30-ны өдөр ...мэдэгдэх хуудас өгье, хурал дээр чинь очиж уулзах юм уу, албан бичиг өгөх гээд байна, эхлээд өөрийнхөө асуудлыг шийдэж сураач, хүнд төвөг удахгүй байх чинь наад захын зүйл шүү.. гэсэн мессэжийг нэхэмжлэгч Б.О*******ын эзэмшлийн 99390919 дугаарын утаснаас хариуцагчийн 997110239 дугаар луу илгээсэн, дээрх мэссэжний хариуд хариуцагчаас 06 сарын 30-ны өдөр өөрийн 997110239 дугаараас нэхэмжлэгчийн 99390919 дугаар луу ...эргүү юм уу хаашаан...хуцаад байгаарай чамд миний асуудал падгүй шээс мөн, чи өрөө төлөхийг шаардаж болно, намайг доромжлох, бусад хүмүүсийн зээл энэ тэр хамаагүй, овоо юм байх гэсэн чинь бүр мэдрэл бацаан бэ... гэх агуулгатай харилцан ярианаас эхлэн зохигч маргалдаж, дээрхи дугаар бүхий өөрсдийн гар утсаар харилцан ярилцаж, хэн алиндаа доромж үг хэллэг хэрэглэсэн нь хэрэгт авагдсан харилцан ярианы зураг, нэхэмжлэгчийн гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргээр нотлогдож байна. /ХХ-ийн 7-21х, 43-76х/

3.3.Улмаар нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүргийг шаардахдаа хэтэрхий хувийн амьдрал, ажил алба, хүний төрх байдал, амьдралын хэв маягруу халдсан үг хэллэг хэрэглэсэн байдал, хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байдлаа хүлээн зөвшөөрсөн боловч нэхэмжлэгчийг ...багийн Иргэдийн нийтийн хурал дээр ирж миний зээлийн төлбөрийг нэхэмжилж, багийн иргэдэд мэдэгдэх нь гэж болгоомжилсон талаар шүүх хуралдаан дээр тайлбарлаж, нэхэмжлэгч ...удам судраар минь хэрүүлч гэлээ, ахын ажил төрөл, ээжийн минь бие өвдсөн байгааг хүртэл энэ хоорондын хэрүүлд оруулж сэтгэл санааг цочирдуулсан гэж тайлбарлаж байгаа нь зохигчийн хэн аль нь албаны шинжтэй харилцааг нутгийн танил, нэг суманд ажиллаж амьдарч байсан, нэхэмжлэгчийн ах хариуцагчийн ажилладаг багт Засаг даргаар ажиллаж байгаа зэрэг нөхцөл байдалтай холбон хувийн шинжтэй харилцаатай хамаатуулан, буруугаар ойлгож, хоорондын маргаанаа хүндрүүлсэн байдал хэрэгт авагдсан нотлох баримт, шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбараар тогтоогдлоо.

3.4.2025 оны Нэхэмжлэгч утсаар залгаж хариуцагч руу хашгирсан гэх үйл баримтын талаар талууд маргаагүй бөгөөд нэхэмжлэгч энэ үеэс эхлэн зүрх өвдөж, даралт ихэссэн бөгөөд 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 08 дугаар сарын 29-ны өдөр Тайхар мэдрэлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэх үйл баримт нь тус эмнэлгийн тодорхойлолт, зүрх судасны эмчий үзлэг хийсэн баримт, шинжилгээний хариу зэрэг баримтаар тогтоогдож байна. /ХХ-ийн 22-24х/

3.5. В ББСБ-гаас С******* суманд ажиллах талаар сумын Фэйсбүүк зарын группэд нэхэмжлэгч нийтэд хамааралтай зар оруулснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хариуцагч энэ зарыг харсан ойрын хүмүүс ...чамайг хэлээд байгаам биш үү гэж хэлсэн гэдэг үндэслэлээр нэр төрд халдсан гэж сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа ч нэхэмжлэгчээс хариуцагчийн овог нэр, зээлийн талаарх мэдээлэл, ажилладаг газар зэргийг нийтэд байршуулж, зээлээ төлөхгүй байна гэх мэтээр олон нийтийн цахим сүлжээнд байршуулсан, тараасан үйлдлээр хариуцагчийн нэр төрд халдсан, нөхцөл байдал тогтоогдсонгүй.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д заасан эдийн бус гэм хорыг арилгахдаа бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан эдийн бус гэм хорыг мөнгөн буюу бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ гэжээ.

5.Нэр төр гэдэг нь тухайн хүний хувийн болон ёс зүй, түүнчлэн ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар бусдаас өгч буй үнэлэмж бөгөөд түүнийг хэн ч өөрчлөх, хүчингүй болгох эрхгүйгээс гадна бусдад шилжүүлж болдоггүй.

Ажил хэргийн нэр хүнд гэж иргэн, хуулийн этгээдийн эрхэлж буй үйл ажиллагааг үнэлэх үнэлэмжийг хэлнэ.

Харин Гутаасан мэдээ гэдэг нь бодит байдалд нийцээгүй, иргэн хуулийн этгээдийг хууль болон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн буюу буруу, шударга бус үйлдэл хийсэн гэх агуулгатай мэдээлэл тарааснаар иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд нөлөөлсөн, үнэлэмжийг доройтуулсныг ойлгох ба зохигчийн хоорондын маргаан нь тэдний хувийн утсан харилцааны хүрээнд өрнөсөн бөгөөд дээрх хууль зүйн шинжийг агуулаагүй байх бөгөөд аль алиныхаа нэр төр алдар хүндийг гутаан доромжилсон мэдээ, мэдээллийг олон нийтэд тараасан үйл баримт тогтоогдсонгүй.

6. Иймд нэхэмжлэгч Б.О*******ын нэр төр сэргээлгэх, учирсан хохирлыг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаарлдага, хариуцагч С.Д*******ийн нэр төр сэргээлгэх, уучлалт гуйлгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

7.Нэхэмжлэгчийн нэр төр сэргээлгэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул гэм хорын хохиролд 655,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй юм. Учир нь нэр төр, алдар хүнд нь гутаан доромжлогдсон, ажил хэргийн нэр хүнд нь бодитойгоор унасан, олон нийтэд тараагдсан үйл баримтын талаар талууд нотлох баримт гаргаагүй болно.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн гаргаж, цуглуулж өгсөн нотлох баримтын тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй эсэх талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр шийдвэр гаргадаг бөгөөд нэхэмжлэгч, хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38 дугаар зүйлд заасны дагуу үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй юм.

Гэвч нэхэмжлэгч тал нь нэр төр, ажил хэргийн нэр хүнд нь гутаагдснаас болж эрүүл мэнд, цалингаар хохирч, ажиллах боломжгүй болгосон гэх боловч үүнийгээ баримтаар нотолж чадаагүй тул хохирлыг хариуцагч С.Д*******д хариуцуулан гаргуулах үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Б.О*******ын нэр төрөө сэргээлгэж, учирсан хохирол 655,000 /зургаан зуун тавин таван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,470 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3. 116, 118, 119 дүгээр заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.О*******ын нэхэмжлэлтэй хариуцагч С.Д*******д холбогдох нэр төрөө сэргээлгэж, учирсан хохирол 655,000 /зургаан зуун тавин таван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч С.Д*******ийн нэхэмжлэгч Б.О*******д холбогдуулан гаргасан нэр төр сэргээлгэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,670 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА

 

ШҮҮГЧИД Д.ЭЛБЭГЗАЯА

 

С.ЁНДОНСАМБУУ