Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 599

 

    

 

 

      2018         07           16                                        599

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү,

улсын яллагч Х.Анхцэцэг,

            хохирогч “________” ХХК-ний төлөөлөгч А.А -,

шүүгдэгч Ц.Г-, түүний өмгөөлөгч А.Очбадрал /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 2185/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овгийн Ц-ийн Г-Д холбогдох эрүүгийн 1708 0000 00000 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

М овгийн Ц-ийн Г - Монгол Улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, _______ мэргэжилтэй, “____________” ХХК-нд жолоочоор ажилладаг, ам бүл 4, эхнэр 2-6 насны хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлийн лавлагаагаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 0 баг, Цагаа даваа 00 дугаар гудамжны  00 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, /РД:0000000000 /.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

Ц.Г- нь “________” ХХК-ний худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа буюу 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс 2017 оны 07 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 37.131.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын гаргасан мэдүүлэг.

 

1.Шүүхийн хэлэлцүүлэг шүүгдэгч Ц.Г-оос: Мэдүүлэг гаргахгүй гэв.

2.Хохирогч “________” ХХК-ний төлөөлөгч А.А -гаас мэдүүлэхдээ: Ц.Г- нь 2015 онд манай байгууллага руу өөрөө худалдааны төлөөлөгчөөр ажилд оръё гэж ярьсан. Ц.Г- урьд нь өөр компанид худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан юм билээ. Тийм болохоор Ц.Г-ийг худалдааны төлөөлөгчийн ажилд авсан. Ц.Г- манай байгууллагад ажилд ороод сайн ажиллаж байсан боловч 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн их зөрүүтэй мөнгө түүнээс дутагдаж эхэлсэн. Ингээд Ц.Г-оос өөрөөс нь тодруулж асуухаар зарлагын падаанаа бараа өгсөн газраасаа бичүүлж аваагүй байгаа гэж хэлж байсан. Зээлээр зарим байгууллагад өгсөн гэсэн тул харилцагч байгууллагуудаас нь тодруулж асуухад Ц.Г-оос бараа аваагүй гэж хэлсэн. Мөн зарим орлого тушаагдаагүй байгааг илрүүлсэн. Ингээд байгууллагын нягтлангаас тооцоо хийсэн бөгөөд тус тооцоогоор 2017 оны 1 дүгээр сарын 1-нээс 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд 40.172.000 төгрөгийн хохирол учирсан тооцоо гарсан тул цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүсэлт гаргасан. Шүүхээс хэрэг прокурорт буцсаны дараа манай байгууллагаас шинжээчид үнэ хямдруулсан бараа бүтээгдэхүүний тооцоог гаргаж өгсөн. Тиймээс шинжээч дүгнэлтийг  зөвшөөрч байгаа. Манай байгууллага жижиг компани учраас худалдааны төлөөлөгчийн өдрийн тогтоосон маршрут гэж гаргадаггүй, тийм зүйл байхгүй. Учирсан хохирлоо нэхэмжилнэ гэв.

 

Хоёр. Эрүүгийн 1708 0000 00000 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1.Хохирогч “________” ХХК-ний төлөөлөгч А.А -гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлсэн “...Манай компани Солонгос улсаас импортын хүнсний бараа бүтээгдэхүүн оруулж ирж, Монгол улсад худалдаалж, борлуулдаг. “________” ХХК-ийг үүсгэн байгуулаад 2 жил болж байна. Манай компаний захирлыг Ганбаатар гэдэг. Анх миний нэр дээр байж байгаад 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Ганбаатарын нэр дээр болгосон юм. Ц.Г- гэж залуу 2015 оны 08 дугаар сард худалдааны төлөөлөгчөөр ажилд орж байсан. Энэ залуу манай байгууллагад 2 жил гаруй ажилласан. 2017 оны 07 сарын дундуур ажлаасаа гарсан. Г - манай байгууллагаас гарсан шалтгаан нь манай компаний бараа бүтээгдэхүүнийг дутааж, тэрнээсээ болж ажлаасаа гарсан. Ц.Г- манай байгууллагад 2017 оны 01 дүгээр сараас хойш 2017 оны 07 дугаар сар хүртэл ажиллаж байх хугацаандаа нийт 40.172.000 төгрөгийн бараа, бүтээгдэхүүнийг дутаагаад ажлаасаа гараад таг чиг алга болсон. Ингээд өнгөрсөн жилийн 9 сард цагдаагийн байгууллагад өргөдөл гарган хандсан. ...Г -оос одоо нийт 4.6 сая төгрөг авсан. Эдийн засгийн шинжээчийн дүгнэлтэнд дурдагдсан мөнгийг нэхэмжилнэ. Учир нь эдийн засгийн шинжээчийн дүгнэлтээр бүх тооллогоо, тооцоо, хичнээн төгрөгийн бараа бүтээгдэхүүн дутаасан эсэх нь нарийн тогтоогдох учир, тэд, хэд гэж нэхэмжилж хэлж мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг [1],

 

2.Гэрч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр мэдүүлсэн “...Ц.Г- нь өглөө ажилд ирээд ажилд гарахдаа бараагаа надаас скаладнаас хүлээж аваад орой борлуулсан бүтээгдэхүүний орлогын мөнгийг падаантай захирал А -тай тулгалт хийдэг байсан. Г - хэд, хэдэн аймгуудад харилцагч нартай байсан. 2017 оны 4 дүгээр сарын үеэр вакуус дутахаар нь “чиний авсан вакуусны падаан чинь хаана байгаа юм бэ гэхэд “өө би өгөөгүй байна уу” гээд өөрөө шинэ падаан дээр өөрөө бичээд Баян-Өлгий аймаг руу явуулсан байгаа, мөнгийг нь аваагүй байгаа гэж хэлсэн. Тэр бичиж өгсөн падаан дээр захиалсан хүнийх нь утасны дугаар байсан. Би тухайн үед уг дугаар луу нь залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэр падаан эдийн засгийн шинжилгээнд явуулсан зарлаганы падаан дотор байгаа. Уг падааны эх хувийг Г - өгөөгүй. Г - ихэвчлэн Нарантуул зах, хөдөө орон нутгийн харилцагч, Барс захуудад харилцагч нартай байсан. Үнийн зөрүүн дээр ямар нэгэн асуудал байхгүй. Сард 2-оос доошгүй удаа тооллого хийж байсан. Барааны үнийн дүнг бууруулж байсан  болохоос өсгөж байсан удаа бараг байхгүй. Үнийн зөрүүн дээр Г - дээр дутагдал гаргаж байгаагүй. ...” мэдүүлэг [2],

 

3.Гэрч Я.С -ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мэдүүлсэн “Би Г -оос шилтэй вакус авдаг байсан. Вакус авахдаа падаанаар аваад бараагаа ирсэнийх нь дараа мөнгийг нь байгууллагынх нь данс руу шилжүүлдэг байсан. Г - над руу вакус явуулахдаа хот хоорондын зорчигч тээврийн автобус юм уу, замын жижиг тэргээр өгч явуулаад, утасны дугаар зэргийг нь хэлдэг байсан. Би бараагаа хүлээж аваад “бараагаа авчихлаа” гэж Г -т буцааж хариу хэлдэг байсан. Тэгсэн чинь 2017 оны хавар санагдаж байна, би яг хэдэн сар, хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна. Над руу нэг өдөр Г -ийн ажилладаг компаных нь А - захирал нь над руу яриад “таны 1 ширхэг падаан байна, мөнгөө өгөөгүй юм биш үү шилжүүлчих” гэхээр нь би “юу яриад байгаа юм бэ, тухайн үед нь шилжүүлчихсэн шүү дээ” гэсэн чинь Г - чамаас аваагүй гээд л байна даа гэж хэлсэн. Тэгэхээр нь би ажлын шугамаар хотод орж ирээд А - захиралтай уулзаад бараа авсан падаанаа үзүүлээд би барааныхаа мөнгийг өгсөн гэж хэлсэн, наадах чинь юу яриад байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгсэн чинь А - захирал нь “Энэ Г - чинь болохоор чамд өгсөн гээд байна шүү  дээ” гэсэн. Тэгэхээр нь би А - захирлын хажууд утасныхаа чанга яригч дээр нь тавиад Г -той утсаар яриад асуусан чинь Г - “чи А - захиралд “Г -т би вакус авсан мөнгөө өгөөгүй байгаа гээд хэлчээч” гээд гуйхаар нь би утсаа таслаад “за танай энэ Г - чинь ингэж ярьж байна шүү” гэж хэлээд явсан. Тэрнээс хойш би Г -ийг үл бүтэх залуу юм байна гэж бодоод бараа ч аваагүй, тэрнээс хойш харьцаагүй. Тэгээд тэрнээс хойш зун санагдаж байна, над руу утсаар яриад мөнгө байна уу, мөнгө зээлчих гээд ярьж байсан. Ер нь байгууллагынх нь дансаар шилжүүлдэг байсан. Тэгсэн чинь сүүлийн хэд, хэдэн удаагийн вакусны мөнгийг авахдаа Г - “миний дансаар явуулчих” гэдэг байсан. Би одоо цээжээр Г -ийн дансны дугаарыг нь мэдэхгүй байна. Миний барагцаагаар 2017 оны 02 сар, цагаан сараас хойш хэд хэдэн удаа барааны мөнгийг өөрийнхөө дансаар авч байсан. Би Г -ийг тэгж хэлээд гуйгаад байхаар нь данс руу нь барааныхаа мөнгийг шилжүүлдэг байсан. Г - мөнгөө аваад цаашаа захиралдаа өгдөг байсан эсэхийг мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг [3],

 

4. Гэрч А.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мэдүүлсэн “...Хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүнийг дэлгүүрүүдээр борлуулдаггүй, цөөхөн хэдэн бараа бүтээгдэхүүнийг хугацаа дууссан байвал устгалд оруулчихдаг юм. ...” гэх мэдүүлэг [4]

 

5. Ц.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...Надад танилцуулсан прокурорын тогтоол дээр 40.321.500 төгрөг дутаасан гэж дурдсан байна. Би мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний тооцоогоор 24 сая гаруй төгрөгийг дутаасан гэж бодож байна.

...Би 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Солонгосоос вакус, зөгийн бал, дашида хоол амтлагч зэрэг хүнсний бараа бүтээгдэхүүн импортоор оруулж ирдэг “Мандах газар” ХХК-д анх борлуулагчаар ажилд орж, 1 жил ажиллаж байж байхад “Мандах Газар” ХХК нь нэрээ өөрчлөөд “________” ХХК болсон. Ингээд би “________” ХХК-д харьяалалтай болж ажилд орох өргөдөл, хүсэлтээ шинээр өгч байсан. 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх үед захирал А -гийн Солонгос нөхөр болох И Гюан нь зарим бараа бүтээгдэхүүний хугацаа нь дууссан байхад заавал зарж борлуул гэдэг байсан. Хугацаа дууссан бараа бүтээгдэхүүнд лаазтай таурин /эрч хүчний ундаа/, хатуу чихэр, халуун шоклад зэрэг бараа бүтээгдэхүүнийг яаж ийж байгаад зарж борлуул гэдэг байсан юм. Энэ асуудлыг тухайн үед ажиллаж байсан Баяраа ах, Дархансүх, Гантулга, Отгонцэцэг, Очироо, Нямбаяр гэж хүмүүс мэдэж байгаа. Өдөр бүрийн өглөө 9 цагт ажил дээр цуглаад нягтлан А -гаас гадуур дэлгүүр хоршоогоор зарж борлуулах бараа бүтээгдэхүүнээ аваад түгээлтэндээ гардаг байсан. Би тухайн үед Нямбаяр гэж жолооч залуутай хамт ажлаа хийдэг байсан. Миний бараа бүтээгдэхүүн өгдөг газрууд гэвэл 1 дүгээр хорооллын Цамбагаравын ард байдаг “Солонгос” хүнсний дэлгүүр “Лаки” нэртэй Саппорогийн автобусны буудлын ард байдаг интернет кафе, мөн Барс захын хүнсний зах дээр шашны эд зүйлс зардаг Баярмаа гэж эмэгтэй, цаашлаад Нарны зам дагуу байдаг “Саруул” төвийн гадаа байдаг повилануудад ундаа, ус зардаг ахимаг насны нэг эгч, Нарантуул захын шинээр баригдсан өргөтгөлийн 3, 121, 386 номерын лангуунууд, Нарантуул захаас гарахад байдаг “Шаргалжуут хүнсний бөөний төвд архи, ус ундаа зардаг нэрийг нь мэдэхгүй нэг ахад, мөн түүний хажуу талд байдаг “Бишрэлт” төв дотор байдаг Солонгос хүнсний бараа зардаг Энхээ гэж эгч, “Эрч хүч” төвд Солонгос хүнс бөөний төвд хүнсний бараа зардаг А -, Ганцэцэг гэж хүмүүст бараануудаа өгөөд падаанаа авдаг байсан. Мөн Өвөрхангай, Говь-Алтай, Хөвсгөл аймгуудад бараануудаа борлуулахаар Нарантуул захын орон нутгийн зогсоол дээрээс бараагаа ачуулаад тээвэрлэлт хийж байгаа жолоочид нь падаанаа бараатайгаа тулгалт хийгээд өгдөг байсан. Өдөр бүрийн өглөө 9 цагт ажилд цуглана, машины номер явдаггүй өдөр амардаг байсан. Улаанбаатарын хотын хэмжээнд дэлгүүрүүдэд тарааж өгч бараа хүлээлгэн өгсөн падаанаа бичүүлж аваад орой нь ажил дээрээ очоод захирал А -д өдөрт борлуулалт хийсэн барааныхаа мөнгийг падаантайгаа хамт өгдөг байсан.

2017 оны 3 дугаар сарын үеэр А - захирал “амбаарын дутуу зөрүү гарч ирээд байна шүү, надтай тулгалт хийгээрэй” гэж хэлж байсан юм. Тэгээд 3 сарын үеэр нэг, хоёр удаа нийлэхэд намайг 2017 оны 1 дүгээр сараас хойш 3 сар хүртэлх хугацаандах борлуулалтанд тооцоо тулгалт хийхэд нийт 6 сая гаруй төгрөгийн бараа дутсан байна гэхээр нь би гайхаад тухайн үед падаанаа шүүгээд тооцоо хийхэд 2017 оны 01 дүгээр сараас 03 сар хүртэлх хугацаанд 6 сая төгрөг биш, харин 3 сая гаруй төгрөгийн барааны дутагдал миний тооцоолсноор гарч ирсэн бөгөөд 3 сая 800 мянган төгрөгийн илүү дутагдлыг нэмж тооцсон байсан. Тэгээд гайхаад ямар сонин юм гээд дахин тооцоо гаргаж нягталж үзье гэхэд захирлын Солонгос нөхөр нь “та нар борлуулалтандаа гар, ажлаа хий гээд тооцоо хийлгэх нөхцөл бүрдүүлдэггүй байсан. Би 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. 3өгийн бал, вакус, ууттай кофе, чихэр, лаазтай эрч, хүчний ундаа, дашида хоол амтлагч, хоол амтлагч цуу, хоол амтлагчууд зэрэг бараа бүтээгдэхүүнийг Барс зах, Нарантуул зах, Цайз зах, Асат, Баянзүрх зах, Хан-Уул, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны цэг, жижиг хүнсний дэлгүүрүүд, лангуу түрээслэгч нарт зарж борлуулдаг байсан. Харилцагч нарт өгсөн барааг падаан дээр жагсааж бичээд өгөх бараатайгаа тулгаж үзээд хүлээлгэн өгдөг байсан. Уг бараа бүтээгдэхүүнийхээ мөнгийг бэлэн аваад, орой нь захирал А -д хүлээлгэж өгдөг байсан. Жижиг хүнсний дэлгүүрүүд бэлэн мөнгөөр, харин “Нарантуул”, “Барс” зах дээр падаанаас, падааны хооронд гэсэн үг л дээ. Тодруулж хэлбэл зарах бараагаа падаан дээр бичиж өгөөд дараа нь ирж өмнөх падаанаар өгсөн барааныхаа мөнгийг хүлээн аваад, дахин зээлээр барааг падаанаар өгдөг байсан. Тэгээд орой болгон захирал А -тай тооцоогоо тулдаг байсан. Нярав А -гаас авсан бараагаа падаан дээр бичүүлээд гарахдаа падааныхаа нэг хувийг авч гараад нөгөө хувийг А -д үлдээгээд борлуултанд гардаг. Жижиг хүнсний дэлгүүрүүдэд ихэвчлэн бэлэн мөнгөөр бараагаа өгдөг. Харин худалдааны төв, бөөний төвүүдэд падаанаас падааны хооронд байдаг. Баян-Өлгий аймгийн Төв дээр байдаг “Булаг” худалдааны төвд 1,500,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүний тооцоо аваагүй байгаа. Баян-Өлгий аймгийн Булаг төвийн худалдагчаас л 1.500.000 төгрөг авах ёстой байгаа. Өөр мөнгөний авлагатай хүн байхгүй. 2017 оны цагаан сарын үеэр байна уу, дараахан байна уу, аль нэгнээр 100 хайрцаг, нийт 10.000 ширхэг вакус аваад үлдэгдэл тооцооны 1.500.000 төгрөгийн өгөөгүй байгаа. Бараа дутаасан мөнгөн дүнтэй санал нэгдэхгүй байна. Бусад үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна. Би энэ байгууллагаас барааны мөнгийг хувьдаа ашиглаагүй. Ажлын хайхрамжгүй асуудлаас болж зарим бараа бүтээгдэхүүнийг хагалах, хэмхлэх тохиолдол байсан. Хагалж, хэмхэлсэн бараа бүтээгдэхүүн миний мэдэхээр 300-400 мянган төгрөгийн багцаа байгаа байх гэж бодож байна. Жишээ нь гэхэд шилтэй зөгийн бал, шилтэй вакус зэрэг хагарах, ууттай чихэр, кофенууд барааны дарагдал, ачилтаас болж задрах, асгарах тохиолдол байсан. Одоо дутаж байгаа барааны мөнгөн дүн нь жишээ нь гэхэд вакус дээр ярихад “380 төгрөгийг вакус доошоо үнийн дүн нь унаад 350 төгрөг, дараа нь 400 төгрөг, 420 төгрөг, 450 төгрөг, буцаад, 420 төгрөг болох жишээний. Тэгэхлээр энэ олон үнийн зөрүүнүүд хуримтлагдаад нэмэгдсээр байгаад над дээр дутагдал гарч ирж байгаа байх гэж бодож байна. Барааны дутагдал гарч ирээд өөрийн хүсэлтээр гарсан. ...Би сүүлийн 3 сарын цалин аваагүй. Өрөнд чинь суутгалаа шүү гэдэг байсан. 2017 оны 4 сараас 07 сар хүртэл хугацаанд 3 сар цалингүй ажилласан. Сүүлийн 3 сарын цалингаа суутгуулсан. Өөр төлж барагдуулсан мөнгө байхгүй. 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. ...” мэдүүлэг[5],

 

6.Ц.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр яллагдагчаар дахин мэдүүлсэн “...Эрч хүч төвийн А - гэж залуу, Нарантуул зах дотор 161 бил үү, 162 номерын лангуунд Г - гэж залуу байгаа, 121 номерын Баагий / гэж хүмүүстэй харилцдаг байсан. Одоо наймаа арилжаагаа хийдэг эсэхийг мэдэхгүй. Баян Өлгий аймгийн Төв дээр байдаг Булаг бөөний төвд наймаа арилжаа хийдэг одоо нэрийг нь санахгүй байна. Миний үеийн залуугаас 1,600,000 төгрөгийн авлагатай байгаа. ...2017 оны 03 дугаар сарын үеэр санагдаж байна. Яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. 10000 ширхэг /Том 100 хайрцагтай/ шилтэй вакусыг падаан бичиж өгч явуулсан бөгөөд 3,500,000 төгрөгийн үнэ бүхий вакус байсан. 3,500,000 гаруй төгрөгнөөсөө 2 сая төгрөгийг надад өгсөн. Тэр залуугаас авсан 2,000,000 төгрөгийг би тэр авсан даруйдаа А - захиралд хүлээлгэж өгч байсан. Одоо 1,500,000 төгрөгийн авлагатай. Тэр залуугийн утасны дугаарыг нь санахгүй байна. Ямартай ч 88-тай дугаартай залуу байсан. ...Нарантуул захын орон нутгийн зогсоол дээрээс хөдөө орон нутагт тээвэрт явдаг нэрийг нь мэдэхгүй миний үеийн залууд хүлээлгэж өгч явуулж байсан. Тухайн үед нэрийг нь лавлаж асуугаагүй. ...тээвэрлэлт хийсэн жолоочийн утасны дугаарыг мэдэхгүй байна. Ямар ч байсан том шланз машинтай залуу байсан. ...Баян-Өлгий аймгийн Булаг худалдааны төвийн хүнээс 2 сая төгрөгийг бэлнээр авсан. Тэр залуу барааныхаа захиалгыг өгөхдөө тээвэрлэлт хийх машинаасаа өмнө 2-3 хоногийн өмнө Улаанбаатар хотод ирчихдэг юм байна лээ. Нарантуул зах дээр тэр залуугаас авсан. Бараа, бүтээгдэхүүн өгч байсан газруудаа зааж өгч чадна. ...Нийт 3 ширхэг падаан үйлддэгдэг ба 1 хувийг нь бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгч байгаа худалдагч, харилцагч нарт өгөөд гарын үсэг зуруулаад 2 хувийг нь аваад, нэг хувийг захирал А -д тухайн өдрийн орлогын мөнгөтэй нь хүлээлгэж өгөөд үлдсэн 1 хувь надад үлддэг байсан юм. Баян-Өлгий аймгийн Булаг худалдааны төвийн уг залуугаас 1,600,000 гаруй төгрөгийн авлагаас өөр авлагатай худалдагч, харилцагч байхгүй.

Би 2017 оны 02 дугаар сар хавьцаа санагдаж байна. Бараа түгээлтэнд Улаанбаатар их сургуулийн замын эсрэг талын Эко дэлгүүрийн тэнд явж байхдаа бараа түгээлтийн 0000 УНӨ Бонго-3 машинаар 2016 оны лексус-570 машины хажуугаар зөрөхдөө зөв талын толийг нь ачаа ачдаг амбаараараа хугалчихсан юм. Тэгсэн чинь тэр лексус-570 машины жолооч залуу гарч ирээд цагдаа дуудна гэхээр нь би тухайн үед тохиролцъё гэсэн чинь машиных нь толь сууриараа 1,200,000 төгрөгийн үнэ ханштай байдаг гэхээр нь жолоочоос нь гуйгаад 600,000 төгрөг өгөхөөр болж тохирсон. Тэгээд тэр залуу миний машины бичиг баримтыг барьцаанд аваад үлдсэн. 2 хоногийн дараа Хөвсгөл аймаг руу С- гэж хүнээс вакусны 620.000 төгрөг ирэхээр нь лексус 570 машины жолоочид хохирлыг нь төлж барагдуулсан юм. Үлдэгдэл 20,000 төгрөгийг нь тамхи тариа авч татаад ойр зуурын хэрэглээнд зарцуулаад дууссан. Лексус 570 машины жолоочийнх утасны дугаарыг нь мартсан байна. ...”гэх мэдүүлэг [6],

 

7. “_____________” ХХК-ний захирал, аудитор мэргэшсэн нягтлан бодогч Л.О-ий гаргасан шалгалтын ажлын тайланд:

- “________” ХХК-ний захирал А.А - хаяглан ирүүлсэн ажлын тайлангийн шалгалтын ажлыг гүйцэтгэсэн байдалд “...Шалгалтын ажлын зорилгыг биелүүлэхийн тулд захиалагчаас ирүүлсэн Ц.Г-ийн тайлангаар зөрүүтэй байгаа нэр төрлийн бараануудыг сонгон авч, орлого, зарлагыг падаан бүрээр, өдөр бүрээр түүвэрлэн тулгаж шалган, тооцооллыг сараар хийж барааны нийт илүүдэл дутагдалыг тоо ширхэгээр (Хавсралт 1) болон үнийн дүнгээр (Хавсралт 2) гаргав. Шалгалтаар нийт 1,242,900 төгрөгийн барааны илүүдэл, нийт 39,641,700 төгрөгийн барааны дутагдал гарсан бөгөөд нийтдээ 38,398,800 төгрөгийн бараа дутагдаж шамшигдсан байна” гэх хараат бус аудиторын дүгнэлт, түүний хавсралт [7],

 

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 220 дугаартай дүгнэлтийн:

1. “_____________” ХХК-ний гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хараат бус аудиторын дүгнэлт үндэслэлтэй байна.

2. “________” ХХК-ний 2016, 2017 оны аудитлагдсан санхүүгийн тайлан балансуудыг шинжилгээнд ирүүлээгүй, хавтаст хэрэгт авагдаагүй тул үнэн зөв гарсан эсэхийг тогтоох боломжгүй байна. Мөн “_____________” ХХК-ний 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хараат бус аудиторын дүгнэлтээр зөвхөн “________” ХХК-ний худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан Ц.Г-т холбогдох зөрчил дутагдлыг тогтоосон байна. Харин шинжилгээнд ирүүлсэн санхүүгийн баримтууд нь Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно. 13.5-д “Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж тамга тэмдэг дарснаар уг бичиг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна.”, 13.6-д “Анхан шатны баримтын бүрдэлт үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна” гэсэн заалтуудыг мөрдөж ажиллахаар байна.

3. Шинжилгээгээр “________” ХХК-ний худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан Ц.Г- нь 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс 2017 оны 07 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд шинжилгээнд ирүүлсэн тооцоо бодсон акт, эд хариуцагчийн тооллогын бүртгэл, санхүүгийн анхан шатны баримтын хүрээнд нийт 40,321,500 төгрөгийн бараа дутагдуулсан байна.

4. Шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд “________” ХХК-ний худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан Ц.Г-ийн тооцоолол нь санхүүгийн анхан шатны баримтаар 2017 оны 1 дүгээр сарын 1-нээс 2017 оны 7 дугаар сарын 31 хүртэлх тооцооллыг хамруулсан байна. Харин дутагдал нь 2017 оны 01 дүгээр сараас, 2017 оны 7 дугаар сарыг дуусталх сар бүрийн тооллогоор илэрч байсан байна....” /эдийн засгийн ахлах шинжээч Цагдаагийн дэслэгч Ц.Оюунтуул/” гэсэн дүгнэлт [8],

 

9.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 92 дугаартай дүгнэлт:

Шинжилгээний талаар:

“_____________” ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хараат бус аудиторын дүгнэлт гаргасан байна. Уг дүгнэлтээр “________” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан Ц.Г-ийн тайлангаар зөрүүтэй байгаа нэр төрлийн бараануудыг сонгон авч, орлого зарлагын падаан нэг бүрээр, өдөр бүрээр түүвэрлэн тулган шалгаж тооцооллыг сараар хийж барааны нийт илүүдэл дутагдлыг тоо ширхэгээр болон үнийн дүнгээр гаргав. Шалгалтаар нийт 1,242,900 төгрөгний барааны илүүдэл, нийт 39,641,700 төгрөгийн барааны дутагдал гарсан бөгөөд нийтдээ 38,398,800 төгрөгийн бараа дутагдаж, шамшигдсан байна гэжээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Оюунтуул нь шинжилгээгээр “________” ХХК-ний худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан Ц.Г- нь 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд шинжилгээнд ирүүлсэн тооцоо бодсон акт, эд хариуцагчийн тооллогын бүртгэл, санхүүгийн анхан шатны баримтын хүрээнд нийт 40,321,500 төгрөгийн бараа дутагдуулсан байна гэж 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 220 тоот дүгнэлтийг гаргасан байна.

Бид шинжилгээг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас ирүүлсэн хавтаст хэрэг, хэрэгт авагдсан санхүүгийн баримт зэргийг үндэслэн хийсэн.

ДҮГНЭЛТ:

Шинжилгээнд ирүүлсэн баримт материалуудыг үндэслэн шинжилгээ хийсний үндсэн дээр дараах хариултыг өгч байна.

1. “_____________” ХХК-ний гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хараат бус аудиторын ажлын тайлангаар барааны үнийн өөрчлөлтийг оруулж тооцоогүй байна.

2. 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 220 тоот шинжээчийн дүгнэлтээр барааны үнийн өөрчлөлтийг оруулж тооцоогүй байна. Дээрх хоёр дүгнэлтийн зөрүүг хүснэгтээр нэгтгэн харуулав. /хавсралт 1/

3. Үнийн өөрчлөлт байна. 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр компаний захирлын тушаалаар нэр бүхий нэг барааны үнэ, 2017 оны 05 дугаар сарын 01-нд нэр бүхий арван есөн барааны үнийг хямдруулан өөрчлөлт оруулсан байна. 

4. 2017 оны 05 дугаар сарын 01-нээс 6,500 төгрөгийн үнэ бүхий хушга 12-ийг 5,000 болж үнэ хямдруулсан боловч Ц.Г- тооцоог хийхдээ хямдруулсан үнээр хийгээгүй байна. Дүгнэлт гаргахдаа хямдруулсан үнийг үндэслэн тооцсон болно. 

5. “_____________” ХХ-ний 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хараат бус аудиторын дүгнэлтээр зөвхөн “________” ХХК-ний худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан Ц.Г-т холбогдох зөрчил дутагдлыг тогтоосон байна. “________” ХХК-ний 2016, 2017 оны аудитлагдсан санхүүгийн тайлан балансуудыг шинжилгээнд ирүүлээгүй тул нягтлан бодох бүртгэлийн хууль, дүрэм, журмыг зөрчсөн эсэхийг тогтоогоогүй.

6. Шинжилгээгээр “________” ХХК-ний худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан Ц.Г- нь 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс 2017 оны 07 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд нийт 37,131,900 төгрөгийн бараа дутагдуулсан байна. Ц.Г-ийн дутагдуулсан барааны тооцоог хавсралтаар харуулсан. /хавсралт 2/

7. “________” ХХК-ний 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс 2017 оны 07 дугаар сарын 31 хүртэлх нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар тооцооллыг хийж дутагдлыг ирүүлсэн.

8. Ц.Г-ийн гаргасан дутагдал нь барааны дутагдал байна. ...”  /Эдийн засгийн хэлтсийн дарга, цагдаагийн ахмад С.Оргил, эдийн засгийн мэргэшсэн шинжээч, цагдаагийн хошууч Д.Мөнхцэцэг, эдийн засгийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Цэрэндэжид / гэсэн дүгнэлт, дүгнэлт хавсралтууд [9],

 

10. 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөгч Б.Баянжаргал, криминалистикийн шинжээч Ц.Ганбаатар нарын баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл буюу “________” ХХК-ний бор өнгийн А5 хэмжээтэй хавтастай орлогын баримт гэх “Баримт бичиг /падаан/-ийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэлт зураг [10],

 

11. 9. 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл[11],

 

12. “________” ХХК-ний захирал Ч.Г-ын 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 18/89 дугаартай албан бичгээр тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд  А овогтой А -г компанийг төлөөлөн ажиллуулах тухай олгосон итгэмжлэл [12],

13. “________” ХХК-ний эд хариуцагч Ц.Г-ийн авсан бараа бүтээгдэхүүнд тооллого хийсэн тооллогын баримтууд[13],

 

14. “________” ХХК-ний хуулийн этгээдийн бүртгэлийн тухай лавлагаа /захирал Ч.Г- гэсэн бүртгэлтэй тухай/ [14],

 

15. Шүүгдэгч Ц.Г-оос хохирогчийн төлөөлөгч А.А -гийн ХААН банкин дахь эзэмшдэг дансанд 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 4.600.000 төгрөг шилжүүлсэн тухай депозит дансны дэлгэрэнгүй хуулга [15],

 

16. 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 16/107 дугаартай “________” ХХК-ний захирлын тушаалаар Ц.Г-ийг худалдааны төлөөлөгчийн ажилд томилсон, 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 17/34 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн тухай тушаал, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ болон Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх гэрээ [16],

 

17. Шүүгдэгч Ц.Г-ийн иргэний үнэмлэхийн хуулбар [17], ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас[18], Оршин суугаа хаягийн тодорхойлолт [19], үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, банкны хадгаламжийн дансгүй болохыг тодорхойлсон лавлагаа [20] болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Г-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Г- нь “________” ХХК-ний худалдааны төлөөлөгчөөр 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байх хугацаандаа 2017 оны 1 дүгээр сарын 01-нээс 2017 оны 7 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд тус компаниас борлуулах зорилгоор хүлээн авсан эд хөрөнгийг дутагдуулсан буюу ажил олгогчийн  итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, 37.131.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Хохирогч “________” ХХК-ний төлөөлөгч А.А -гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлсэн “...Манай компани Солонгос улсаас импортын хүнсний бараа бүтээгдэхүүн оруулж ирж, Монгол улсад худалдаалж, борлуулдаг. ...Ц.Г- нь 2015 оны 08 дугаар сард худалдааны төлөөлөгчөөр ажилд орж байсан. ...Ц.Г- манай байгууллагад 2017 оны 01 сараас хойш 2017 оны 07 дугаар сар хүртэл ажиллаж байх хугацаандаа нийт 40.172.000 төгрөгийн бараа, бүтээгдэхүүнийг дутаагаад ажлаасаа гараад таг чиг алга болсон. ...Г -оос одоо нийт 4.6 сая төгрөг авсан. Эдийн засгийн шинжээчийн дүгнэлтэнд дурдагдсан мөнгийг нэхэмжилнэ....” гэх мэдүүлэг [21],

-Гэрч Б.А-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Ц.Г- нь өглөө ажилд ирээд бараагаа надаас скаладнаас хүлээж аваад орой борлуулсан бүтээгдэхүүний орлогоны мөнгийг падаантай захирал А -тай тулгалт хийдэг байсан. Г-хэд хэдэн аймгуудад харилцагч нартай байсан. 2017 оны 04 сарын үеэр вакус дутахаар нь “чиний авсан вакусны падаан чинь хаана байгаа юм бэ гэхэд “өө би өгөөгүй байна уу” гээд өөрөө шинэ падаан дээр өөрөө бичсэн. ...Баян-Өлгий аймаг руу явуулчихсан байгаа, мөнгийг нь аваагүй байгаа гэж хэлсэн. ...Сард 2-оос доошгүй удаа тооллого хийж байсан. Барааны үнийн дүнг бууруулж байсан  болохоос өсгөж байсан удаа бараг байхгүй.. ...” мэдүүлэг [22],

-Гэрч Я.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Би Г -оос шилтэй вакус авдаг байсан. Вакусаа авахдаа падаанаар аваад бараагаа ирсэнийх нь дараа мөнгийг байгууллагынх нь данс руу нь шилжүүлдэг байсан. Г - над руу вакусаа явуулахдаа хот хоорондын зорчигч тээврийн автобус юм уу, замын жижиг тэргээр өгч явуулдаг, би “бараагаа авчихлаа” гэж Г -т буцааж хариу хэлдэг байсан. Тэгсэн  2017 оны хавар санагдаж байна, ...Г -ийн ажилладаг компаний А - захирал над руу яриад “таны 1 ширхэг падаан байна, мөнгөө өгөөгүй юм биш үү шилжүүлчих” гэхээр нь би “юу яриад байгаа юм бэ, тухайн үед шилжүүлчихсэн” гэсэн чинь Г - чамаас аваагүй гээд л байна даа гэсэн. Би ажлын шугамаар хотод орж ирээд А - захиралтай уулзаад бараа авсан падаанаа үзүүлээд би барааныхаа мөнгийг өгсөн гэж хэлсэн, наадах чинь юу яриад байгаа юм бэ гэж хэлсэн. ...Тэгэхээр нь би А - захирлын хажууд утасныхаа чанга яригч дээр нь тавиад Г -той утсаар яриад асуусан чинь Г - “чи А - захиралд “Г -т би вакус авсан мөнгөө өгөөгүй байгаа гээд хэлчээч” гээд гуйхаар нь би утсаа таслаад “за танай энэ Г - чинь ингэж ярьж байна шүү” гэж хэлээд явсан. ...Ер нь байгууллагынх нь дансаар шилжүүлдэг байсан. Тэгсэн чинь сүүлийн хэд хэдэн удаагийн вакусны мөнгөө авахдаа Г - “миний дансаар явуулчих” гэдэг байсан. ...2017 оны 02 сар, цагаан сараас хойш хэд хэдэн удаа барааны мөнгийг өөрийнхөө дансаар авч байсан. Би Г -ийг тэгж хэлээд гуйгаад байхаар нь данс руу нь барааныхаа мөнгийг шилжүүлдэг байсан. Г - мөнгөө аваад цаашаа захиралдаа өгдөг байсан эсэхийг мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг [23],

-Ц.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...Би энэ компанид 1 жил ажиллаж байхад “_________” ХХК нь нэрээ өөрчлөөд “________” ХХК болсон. 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байна. ...2017 оны 3 дугаар сарын үеэр А - захирал “амбаарын дутуу зөрүү гарч ирээд байна тулгалт хийгээрэй гэж хэлж байсан. Тэгээд 3 сарын үеэр нэг, хоёр удаа нийлэхэд 2017 оны 01 дүгээр сараас хойш 3 сар хүртэлх хугацаанд борлуулалтын тооцоо тулгалт хийхэд нийт 6 сая гаруй төгрөгийн бараа дутсан гэсэн. ...би гайхаад тухайн үед падаанаа шүүгээд тооцоо хийхэд 2017 оны 01 дүгээр сараас 03 сар хүртэлх хугацаанд 6 сая төгрөг биш, харин 3 сая гаруй төгрөгийн барааны дутагдал миний тооцоолсноор гарч ирсэн.  ...Би 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. ...бараа бүтээгдэхүүнийхээ мөнгийг бэлэн аваад, орой нь захирал А -д хүлээлгэж өгдөг байсан. Жижиг хүнсний дэлгүүрүүд бэлэн мөнгөөр, харин “Нарантуул”, “Барс” зах дээр падаанаас, падааны хооронд байдаг. ...Нярав А -гаас авсан бараагаа падаан дээр бичүүлээд гарахдаа падааныхаа нэг хувийг авч гараад нөгөө хувийг А -д үлдээгээд борлуултанд гардаг. ...худалдааны төв, бөөний төвүүдэд падаанаас падааны хооронд байдаг. ...Би энэ байгууллагаас барааны мөнгийг хувьдаа ашиглаагүй. Ажлын хайхрамжгүй асуудлаас болж зарим бараа бүтээгдэхүүнийг хагалах, хэмхлэх тохиолдол байсан. ...мөн олон үнийн зөрүүнүүд хуримтлагдаад нэмэгдсээр байгаад над дээр дутагдал гарч ирж байгаа байх гэж бодож байна....” мэдүүлэг [24],

-Ц.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дахин мэдүүлсэн мэдүүлэг [25],

- “________” ХХК-ний захирлын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 16/107 дугаартай тушаалаар Ц.Г-ийг худалдааны төлөөлөгчийн ажилд томилсон, тушаал, 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ болон Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх гэрээ[26], мөрдөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн тэмдэглэл[27], 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөгч Б.Баянжаргал, криминалистикийн шинжээч Ц.Ганбаатар нарын баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл буюу “________” ХХК-ний бор өнгийн А5 хэмжээтэй хавтастай орлогын баримт гэх “Баримт бичиг /падаан/-ийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэлт зураг [28],

-“________” ХХК-ний эд хариуцагч Ц.Г-ийн авсан бараа бүтээгдэхүүнд тооллого хийсэн тооллогын баримтууд[29],

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээч нарын  2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 92 дугаартай дүгнэлт [30] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

            Харин шүүхээс “_____________” ХХК-ний дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 220 дугаартай дүгнэлт зэрэг нь барааны үнийн өөрчлөлтийг оруулж тооцоогүй байх тул шүүх эдгээр баримтыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй, шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Г- гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Хууль зүйн дүгнэлт

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ц.Г- нь“________” ХХК-ний худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа буюу 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс 2017 оны 07 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 37.131.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэж, түүнийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Ц.Г-, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ц.Г- нь “________” ХХК-ний худалдааны төлөөлөгчөөр 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр томилогдож, мөн өдөр хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ зэргийг байгуулан ажиллаж байсан байна. Ажиллах хугацаандаа 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс 2017 оны 07 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд “________” ХХК-ний борлуулалтанд гаргаж байгаа бараа бүтээгдэхнүүнийг байгууллагаас хүлээн авч, иргэн, хуулийн этгээд, худалдааны төвүүдэд хүргэж борлуулдаг байжээ. Ингэхдээ зарим худалдан авагч нарт бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгөхдөө санхүүгийн анхан шатны баримт буюу зарлагын падаан хөтөлдөггүй, мөн хөдөө орон нутаг руу тээвэрлэлтээр хүргүүлэх зэргээр борлуулалтыг хийдэг байсан байх боловч эргэх холбоо барих эзэнгүй зэргээр шилжүүлж, өмчлөгчийн эд хөрөнгийг дур зоргоороо авирлаж, хяналтгүйгээрээ, тооцоо бүртгэлгүйгээр бусдад шилжүүлсэн, мөн худалдан авагч нараас шилжүүлсэн барааны төлбөрийг өөрийн хувийн дансаар шилжүүлэн авч, хувийн өр төлбөрөө төлсөн зэргээр байгууллагын эд хөрөнгийг завшсан байна.

Өөрөөр хэлбэл ажил олгогч хуулийн этгээдээс худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан Ц.Г-т эрхэлж буй ажлын хүрээнд нь өөрийн өмч хөрөнгийг итгэмжлэн олгосон байхад шунахай сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр өөрийн үзэмжээр дураараа аашилан, дур мэдэн бусдад шилжүүлсэн, барааны төлбөрийг өөртөө захиран зарцуулсан зэргээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж хохирол учруулсан байна.

Тус гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь ажил олгогч “________” ХХК-ний хайхрамжгүй, хяналтгүй байдал нөлөөлжээ. Өөрөөр хэлбэл худалдааны төлөөлөгч нь өдөрт хэдий хэмжээний, хэдэн төгрөгийн бараа бүтээгдэхүүн  борлуулах үүрэгтэй эсэх, хүлээн авсан барааг, ямар төлөвлөгөө, маршрутын дагуу хаана хүргэх эсэх гэх зэрэг зохицуулалтгүй, хяналтгүй зэрэг байдал, мөн санхүүгийн албаны өдөр тутмын тооцоо нийлэх ажиллагаа нь шаардлага хангаагүй зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Г- нь хохирлын хэмжээг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж, бараа бүтээгдэхүүнийг өдөр бүр өөр үнийн дүнгээр борлуулалтанд гаргадаг, үнийн дүнгийн зөрүүг тооцоогүй байна гэх зэргээр маргаж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдийн засгийн шинжээчийг дахин томилж, хохирогч байгууллагаас санхүүгийн анхан шатны баримт, тооцоо зэрэг санхүүгийн баримт, хэргийн материал зэргийг хүргүүлж, дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийг томилж дүгнэлт гаргасан ба, тус дүгнэлтээр үнийн зөрүүг тооцож, 37.131.900 төгрөгийн хохирол учирсан тухай дүгнэлт гаргасныг шүүгдэгч танилцсан байх ба улмаар шүүх хуралдаанд шүүгдэгч дээрх шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрч байгаа тул гэм буруугийн талаар маргахгүй гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй.

Иймд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 37.131.900 төгрөгийн хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Тиймээс шүүгдэгч Ц.Г-ийг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч “________” ХХК-нд 37.131.900 төгрөгийн хохирол учруулсан ба хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч Ц.Г- нь хохирогч А.А -д  2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр бэлэн бусаар 4.600.000 төгрөг төлсөн тул хохирлын нийт хэмжээнээс 4.600.000 төгрөгийг хасч тооцох нь зүйтэй байна.

Мөн хохирлын үлдэх төлбөр 32.531.900 төгрөгийг шүүгдэгч Ц.Г- 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэл буюу сар бүр 677.747 төгрөгийн хэмжээтэй хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцож, 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр шүүгдэгч Ц.Г-, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А - нар гарын үсгээ зурсан бичгийг бичгээр гаргасан байх тул шүүх хохирлын талаарх  талуудын  тохиролцоог тогтоолд дурдаж, шийдвэрлэв.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадралаас шүүгдэгч Ц.Г-т хорих ялыг ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэж мэтгэлцсэн.

 

Шүүх шүүгдэгч Ц.Г-т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Г- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-ийг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.5 дахь зүйлүүдэд зааснаар Ц.Г-т гэмт хэргийн хор уршиг арилгах талаар арга хэмжээ авах тодорхой ажил үүрэг гүйцэтгэх, оршин суух газраа өөрчилвөл хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх арга хэмжээг тэнссэн хугацаанд авч, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Ц.Г- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлаар.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ц.Г-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч М овгийн Ц-ийн Г -ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-ийг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.5 дахь заалтуудад зааснаар Ц.Г-т гэмт хэргийн хор уршиг арилгах талаар арга хэмжээ авах, тодорхой ажил үүрэг гүйцэтгэх, оршин суух газраа өөрчилвөл хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад мэдэгдэх зэрэг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 2 жилийн хугацаанд авч, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Ц.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Ц.Г-оос 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 16-ны хүртэл хугацаанд сар бүр 677.747 /зургаан зуун далан долоо мянга долоон зуун дөчин долоо/ төгрөгийг гаргуулах, нийт 32.531.900 /гучин хоёр сая таван зуун гучин нэгэн мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч “________” ХХК-нд олгосугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ц.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Т.АЛТАНТУЯА

 


[1] Хавтаст хэргийн 180-182 дугаар тал

[2] Хавтаст хэргийн 71 дүгээр тал

[3] Хавтаст хэргийн 72-73 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 75 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 106-108 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 109-111 дүгээр тал

[7] Хавтаст хэргийн 91-99 дүгээр тал

[8] Хавтаст хэргийн 82-85 дугаар тал

[9] Хавтаст хэргийн 210-214 дүгээр тал

[10] Хавтаст хэргийн 54-55 дугаар тал

[11] Хавтаст хэргийн 79 дүгээр тал

[12] Хавтаст хэргийн 185 дугаар тал

[13] Хавтаст хэргийн 186-203 дугаар тал

[14] Хавтаст хэргийн 206-208 дугаар тал

[15] Хавтаст хэргийн 204 дүгээр тал

[16] Хавтаст хэргийн  8-9, 17-21 дүгээр тал

[17] Хавтаст хэргийн 11 дүгээр тал

[18] Хавтаст хэргийн 116 дугаар тал

[19] Хавтаст хэргийн 115 дугаар тал

[20] Хавтаст хэргийн 118-131 дүгээр тал

[21] Хавтаст хэргийн 180-182 дугаар тал

[22] Хавтаст хэргийн 71 дүгээр тал

[23] Хавтаст хэргийн 72-73 дугаар тал

[24] Хавтаст хэргийн 106-108 дугаар тал

[25] Хавтаст хэргийн 109-111 дүгээр тал

[26] Хавтаст хэргийн  8-9, 17-21 дүгээр тал

[27] Хавтаст хэргийн 79 дүгээр тал

[28] Хавтаст хэргийн 54-55 дугаар тал

[29] Хавтаст хэргийн 186-203 дугаар тал

[30] Хавтаст хэргийн 210-214 дүгээр тал