Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 304/ШШ2025/00749

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б***** аймаг, Б******** сум, *** дугаар баг, *** дүгээр байр, **** тоотод оршин суух Д.О*******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б***** аймаг, Б*****сум, ** дугаар багт байрлах Б***** ******* ОНӨХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай 304/2025/00824/И индекстэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.О*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.О******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 12 сарын 18-ны өдөр ажлаас үндэслэлгүйгээр халагдсан. 2025 оны 05 сарын 01-ний өдрийн шүүх хурлаар ажилдаа буцаан орох шүүхийн шийдвэр гарсан. Иймээс Б***** ******* ОНӨХК нь ажилгүй байсан хугацааны Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2025 оны 01 дүгээр сараас 2025 оны 06 дугаар сар хүртэлх хугацааны шимтгэлийг одоог хүртэл төлөөгүй байгаа тул төлүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.О******* нь 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан байна.

Д.О******* нь 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/191 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн ба 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Булган сумын хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд Ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах тухай өргөдөл, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд аль алинд нь Ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэл тус тус гаргаж байсан.

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Д.О*******г Булган ******* ХХК- ийн цэвэрлэх байгууламжийн ээлжийн инженерийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Булган ******* ХХК-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 9,415,770 /есөн сая дөрвөн зуун арван таван мянга долоон зуун дал/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.О*******д олгосугай гэсэн шийдвэр гарсан ба 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлсэн.

Д.О******* нь 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг цуг гаргах эрх нь байсан.

2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийг зөрчиж байгаа тул үүсгэсэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч маань эвлэрье гэвэл эвлэрэхэд бэлэн байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Эвлэрэн хэлэлцэх бүрэн боломжтой гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г*******, нэхэмжлэгч Д.О******* нар шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.О*******гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2025 оны 01 сараас 2025 оны 06 сар хүртэл төлүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч талууд эвлэрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.О******* нь хариуцагч Б******* ******* ОНӨХХК-д холбогдуулан Ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүлээн зөвшөөрч байгаа тухайгаа шүүх хуралдааны явцад илэрхийлсэн байна.

Зохигчийн шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтэд нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх талаар хуваарь гаргаж, хугацаа тогтоосон байдлаар харилцан тохиролцоо хийгээгүй бөгөөд бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн агуулгаар бичигдсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.О*******гийн нэхэмжлэлтэй Б********* ******* ОНӨХК-д холбогдох Ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэрэгт хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөг, хариуцагч Булган ******* ОНӨХК-аас 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА