| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 2412000000180 |
| Дугаар | 2025/ДШМ/16 |
| Огноо | 2025-04-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Тулга |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2025/ДШМ/16
2025/ДШМ/16
О.Бид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Ч.Баярцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: Б.Тулга
Шүүгдэгч: О.Б
Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолтой шүүгдэгч О.Бид холбогдох 2412000000180 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1900 оны 0 дугаар сарын 0-ны өдөр А аймгийн И суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ам бүл 0, эхнэр хүүхдүүдийн хамт А аймгийн И сумын Э багийн Х гэх газар оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Оын Б /РД:0000000000000/
Шүүгдэгч О.Б нь 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр А аймгийн И сумын Э багийн Х гэх газарт байрлах гэртээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Н.Цтай тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар жирэмсэн гэдгийг нь мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, дээлний суран бүсээр түүний нуруун тус газарт нэг удаа ороолгож, хоёр хацар руу нь хоёр гараараа нэг нэг удаа алгадан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
А аймгийн Прокурорын газраас О.Бид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолд: Шүүгдэгч Боржигон овогт Отгонжаргалын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бийг 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бид оногдуулсан 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу
1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, Шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 эгнээ сүлжсэн 130 см урттай 7.5 см өргөн суран бүс 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.
Прокурор эсэргүүцэлдээ ... Прокуророос О.Бид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт заасан “жирэмсэн болохыг мэдсээр байж’’, мөн зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх шинжтэйгээр, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Н.Цын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн хэмээн дүгнэж байна. Анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ хэсэгт, Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ: “...шүүгдэгч О.Б нь ... гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Н.Цтай тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар жирэмсэн гэдгийг нь мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, дээлийн суран бүсээр түүний нуруун тус газарт нэг удаа ороолгож, хоёр хацар руу нь хоёр гараараа нэг нэг удаа алгадан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна...” гэж дүгнэсэн атлаа түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн жирэмсэн болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжийг орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг зөрчсөн байна. Мөн анхан шатны шүүх шүүгдэгч О.Бийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх шинжийг үгүйсгэсэн, хэрэгсэхгүй болгосон талаар ямар дүгнэлт хийгээгүй байгааг дурдах нь зүйтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдож байх тул А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтад “Шүүгдэгч Б овгийн Оын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэс буруутайд тооцсугай.” гэснийг “Шүүгдэгч Боржигон овгийн Отгонжаргалын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэс буруутайд тооцсугай.” гэж өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор биечлэн оролцох болно ... гэжээ.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ ... А аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Т би Прокурорын тухай хуулийн 15, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.4, 39.5 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч О.Бид холбогдох 2412000000185 дугаартай хэрэгт давж заалдах шатны шүүх хуралдаанд дүгнэлт гаргаж байна. Эсэргүүцлийн үндэслэлийг тайлбарласан, бүрэн эхээр нь танилцуулсан учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн санал оруулж байна ... гэв.
Шүүгдэгч О.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Байхгүй ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.
А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Бийг 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр А аймгийн И сумын Э багийн Х гэх газарт байрлах гэртээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Н.Цтай тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар жирэмсэн гэдгийг нь мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, дээлний суран бүсээр түүний нуруун тус газарт нэг удаа ороолгож, хоёр хацар руу нь хоёр гараараа нэг нэг удаа алгадан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр О.Бид холбогдох хэргийг хянан хэлэлцээд 24 дугаартай шийтгэх тогтоол гаргасан бөгөөд уг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт ... шүүгдэгч О.Б нь 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр А аймгийн И сумын Э багийн Х гэх газарт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Н.Цтай тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар жирэмсэн гэдгийг нь мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, дээлийн суран бүсээр түүний нуруун тус газарт нэг удаа ороолгож, хоёр хацар руу нь хоёр гараараа нэг нэг удаа алгадан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна ... гэж,
Иймд шүүгдэгч О.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ... гэж хоёр өөр дүгнэлт хийжээ.
Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянасны үндсэн дээр гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын хэмжээ, шинж чанарын талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх үүрэгтэй.
Прокурорын газраас О.Бид холбогдох хэргийг ... жирэмсэн гэдгийг мэдсээр байж, ... гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ... гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч О.Бид холбогдох хэрэгт дүгнэлт хийхдээ яллах дүгнэлтэнд заасан хүндрүүлэх 2 бүрэлдэхүүн уг хэрэгт байгаа талаар дүгнэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ нэг хүндрүүлэх бүрэлдэхүүн байгаа мэт хоёр салаа утга бүхий дүгнэлт хийж улмаар нэг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй байна гэж дүгнэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ... шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна ... гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй, үндэслэлгүй болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт ... эсхүл шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулга ... ыг тодорхойлох хэсэгт тусгах талаар хуульчилжээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас дүгнэхэд шүүгдэгч О.Бид холбогдох хэрэгт яллах дүгнэлтэд дурдсан хоёр хүндрүүлэх бүрэлдэхүүн болох ... жирэмсэн гэдгийг мэдсээр байж, ... гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ... гэсэн бүрэлдэхүүн байгаа эсэх, эсхүл аль нэг бүрэлдэхүүн нь байна гэж дүгнэсэн тохиолдолд нөгөөх бүрэлдэхүүнийг нь байхгүй гэж үзэж буйгаа хуульд заасан үндэслэл журмын дагуу няцааж, үгүйсгэсэн дүгнэлтээ тодорхой, ойлгомжтой бичиж, хэргийг шийдвэрлэх нь хуульд нийцэхээр байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт шүүхэд гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулж болно ... гэж заасан.
Гэтэл анхан шатны шүүх яллах дүгнэлтэнд заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд салаа утгатай дүгнэлт хийсэн, хоёр хүндрүүлэх бүрэлдэхүүнийг нэгийг нь авч нөгөөг нь үгүйсгэсэн талаарх дүгнэлтийг шийдвэртээ тусгаагүй атлаа нэг хүндрүүлэх бүрэлдэхүүнийг залруулга хийх замаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгээс хассан нь илтэд хууль зөрчсөн үйлдэл болжээ.
Өөрөөр хэлбэл дээрх хуулийн зохицуулалт нь анхан шатны шүүх хэргийн үйл баримтад хийсэн дүгнэлтийг засах агуулга биш бөгөөд уг хэрэгт хийсэн залруулга нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг анхан шатны шүүх хэрэгжүүлсэн гэж дүгнэж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт яллах дүгнэлтэнд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг хэрхэн шийдвэрлэсэн талаар заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.
Анхан шатны шүүх хоёр хүндрүүлэх бүрэлдэхүүн 2-уулаа, эсхүл нэг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй мэт хоёр салаа утга бүхий дүгнэлт хийж, нэг хүндрүүлэх бүрэлдэхүүнийг үгүйсгэж байгаа бол няцаасан үгүйсгэсэн дүгнэлтээ хийгээгүй, нэг хүндрүүлэх бүрэлдэхүүнээр нь гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн атлаа нөгөө бүрэлдэхүүнийг хэрхэн шийдвэрлэснээ шийдвэрийн тогтоох хэсэгт заагаагүй, хуулийг буруу тайлбарлаж залруулга хийсэн, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн анхан шатны шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж зэргийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Анхан шатны шүүхийн дүгнэлт зөрүүтэй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, мөн хуулийн 39.8 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн алдаанд тус тус хамаарах бөгөөд мөн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь хэсгүүдэд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр, захирамжийг хүчингүй болгох үндэслэл болно.
Иймд шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийг тус тус хүчингүй болгож, О.Бид холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр, хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч О.Бид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тус тус шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.5 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоол, 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2025\ ШЗ\196 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч О.Бид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ В.ЦЭЦЭНБИЛЭГ
ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН
Ч.БАЯРЦЭНГЭЛ