Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2019/01742

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2019/01742

 

 

Д.Ц-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2019/01354 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Д.Ц-, Н.Оюунчимэг нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Б-д холбогдох

 

Орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, төлсөн төлбөр 200 000 000 төгрөг, алданги 100 000 000 төгрөг, нийт 300 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Н.Оюунчимэг

Нэхэмжлэгч Д.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батгэрэл, Ц.Энхмөрөн

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжпэгч Д.Ц-, Н.Оюунчимэг нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид хувийн орон сууц бариулахаар Г.Б-тай "Баянзүрх дүүрэг, Гачуурт Хар усан тохойд амины орон сууц бариулах гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр 247 м.кв талбайтай 3 давхар орон сууцны 1 м.кв талбайн үнэ 1 250 000 төгрөг, орон сууцны нийт үнэ 308 750 000 төгрөг байхаар тохирч, хариуцагч Г.Б- нь бидэнтэй тухайн орон сууц барих газрын эрх шилжүүлэх гэрээг хийж, гэрчилгээг шилжүүлэхээр тохирсон. Гэрээнд заасны дагуу орон сууцны урьдчилгаа төлбөр болох 100 000 000 төгрөгийг 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр, мөн оны 8 дугаар сарын 14-ний өдөр 50 000 000 төгрөгийг, 9 дүгээр сарын 16-ны 23 950 ам.доллар тухайн өдрийн ханшаар 41 000 000 төгрөг, 10 дугаар сарын 31-ний өдөр 9 000 000 төгрөгийг хариуцагч Г.Б-д тухай бүр баримт үйлдэж, гарын үсэг зурж бэлнээр хүлээлгэн өгсөн. Төлбөрийг бэлнээр авахгүй бол зээл, татварын өрөнд суутгагдана гэж тайлбарласан. 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл орон сууц барьж хүлээлгэн өгөх, 700 м.кв газар шилжүүлж өгөх үүргээ биелүүлээгүй тул бид Иргэний хуулийн дагуу энэхүү гэрээнээс татгалзаж байгааг хэлсэн. Г.Б- мөнгө өгнө гэсэн ч 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 6 дугаар сар хүртэл хүлээлт үүсгэж мөнгийг буцаан олгоогүй. Иймд бид уг гэрээнээс татгалзаж, хариуцагч талд төлсөн 200 000 000 төгрөг болон гэрээний дагуу алданги 100 000 000 төгрөг, нийт 300 000 000 төгрөгийг Г.Б-аас гаргуулж, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 219.2, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Б- нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нь Иргэний хуульд заасан үндэслэл журмын дагуу тухайн гэрээнээс татгалзаагүй тул татгалзсанаас үүдэлтэй хохирол төлбөр нэхэмжлэх эрхгүй. 2019 онд гэрээнээс татгалзсан гэж нэхэмжилж байгаа нь хуулийн болон бодит үндэслэлгүй. Миний бие Алтай таван богд хайрхан ХХК-ийн хувьцаа эзэмшигч байх үедээ тухайн төслөөс амины орон сууцны захиалгын гэрээ хийсэн бөгөөд Д.Ц-, Н.Оюунчимэг нарын оруулсан мөнгийг Алтай таван богд хайрхан ХХК-ийн барьж байгаа амины орон сууцны барилгын ажилд оруулсан. Өнөөдрийн байдлаар Алтай таван богд хайрхан ХХК-ийн хувьцааг өөр этгээд худалдан авч эзэмшиж байгаа. Өөрөөр хэлбэл би төлбөр мөнгө хариуцах үндэслэлгүй. Н.Оюунчимэг нь тухайн төслийг түүний өртэй хамт шилжихэд хүлээн зөвшөөрч жагсаалтад нэрээ оруулсан атлаа нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар хариуцагч Г.Б-аас 200 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Ц-, Н.Оюунчимэг нарт олгож, нэхэмжпэлийн шаардлагаас үлдэх 100 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжпэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 657 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 157 950 төгрөг гаргуулж, нэхэмжпэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Г.Б-, түүний өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг зөрчиж, хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд ирээгүй байхад хүсэлтийг хангахаас татгалзаж хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн.

Хариуцагч нь гэрээнээс өнөөдрийг хүртэл татгалзаагүй. Г.Б- нь Аптай Таван Богд Хайрхан" ХХК-ийн хувьцаа эзэмшигч байх үедээ тухайн төслөөс амины орон сууцны захиалгын гэрээ хийсэн бөгөөд Д.Ц-, Н.Оюунчимэг нарын оруулсан мөнгийг Аптай Таван Богд Хайрхан ХХК- ийн барьж байгаа амины орон сууцны барилгын ажилд оруулсан. Өнөөдрийн байдлаар Алтай таван богд хайрхан ХХК-ийн хувьцааг өөр этгээд худалдан авч эзэмшиж байгаа бөгөөд тухайн амины орон сууцны төсөл нь бүхэлдээ бусдад шилжсэн байдаг. Н.Оюунчимэг нь тухайн төслийг түүний өртэй хамт шилжихэд хүлээн зөвшөөрч жагсаалтад нэрээ оруулсан атлаа өнөөдөр надад холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзсэн. Г.Б- нь шүүх хуралдаан болсны дараа Н.Оюунчимэгтэй холбоотой баримт, материалаа олж авсан бөгөөд өвчний учир шүүхэд гарган өгч амжаагүй байна.

Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцсэн дүгнэлт хийж чадаагүй. Нөгөөтэйгүүр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй өмгөөлөгчийн эрхийг зөрчиж, мөн хариуцагчийн өмгөөлөгчөө шүүх хуралдаанд оролцуулан, хууль эрх зүйн туслалцаа авах эрхийг зөрчсөн. Иймд шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Д.Ц-, Н.Оюунчимэг нар нь хариуцагч Г.Б-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсантай холбогдуулан гэрээгээр шилжүүлсэн 200 000 000 төгрөг, алданги 100 000 000 төгрөг, нийт 300 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Талуудын байгуулсан 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн БЗД Гачуурт хар усан тохойд амины орон сууц бариулах тухай ажил гүйцэтгэх гэрээгээр Г.Б- нь 3 давхар орон сууцны барилгыг инженерийн шугам сүлжээ, гадна зам, автомашины зогсоол, талбайн ногоон байгууламжийн хамт барьж 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор захиалагчид хүлээлгэн өгөх, Д.Ц-, Н.Оюунчимэг нар нь ажлын хөлсөд 308 750 000 төгрөгийг тогтоосон хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь хэрэгт авагдсан гэрээ, талуудын тайлбараар нотлогдож байна. /хх5-6 дахь тал/ Энэ үйл баримт, гэрээний хүчин төгөлдөр байдалд талууд маргаагүй. Иймээс тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх тул гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. Анхан шатны шүүх дээрх харилцааг зөв тодорхойлсон байна.

Хариуцагч тал ажлын хөлс 200 000 000 төгрөгийг хүлээн авсан гэдэгт маргаангүй, харин ...нэхэмжлэгч гэрээнээс татгалзах журам зөрчсөн..., ...үүрэг өөр этгээдэд шилжсэн... гэх үндэслэл заан маргажээ. /хх9-10/

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний 4.3 дахь хэсэгт заасан орон сууцыг 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагч Г.Б-ы 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн тодорхойлолтоор нотлогдож байна. /хх11, 68-71/ Үүний улмаас нэхэмжлэгч нар ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасанд нийцэж байх тул хариуцагч Г.Б-д гэрээний үүрэгт шилжүүлсэн 200 000 000 төгрөгийг шаардсан нь үндэслэлтэй. Харин талуудын хооронд үүссэн ажил гүйцэтгэх гэрээний харилцаа дуусгавар болж буй тохиолдолд үндсэн болон нэмэлт үүрэг нэгэн адил дуусгавар болох тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлд хариуцлага тооцон алданги шаардах эрхгүй. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж хариуцагч Г.Б-аас 200 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэсэн нь зөв.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч нь шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

Шүүх, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн түүний шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаж, шүүх хуралдааныг 2 удаа хойшлуулж байсан болох нь хэргийн 29, 33-37, 40, 56-62 дахь талд авагдсан түүний хүсэлт, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамж, мэдэгдэх хуудас зэрэг баримтаар тогтоогдож байна. Улмаар шүүх 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан шүүх хуралдаан давхцсан үндэслэлээр шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасан эрхийн хүрээнд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан талуудын тэгш эрхийг хангах зарчим болон хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн гэж үзэхгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2019/01354 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 157 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД