| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2018/01265/И |
| Дугаар | 210/МА2018/02033 |
| Огноо | 2018-09-19 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2018/02033
| 2018 оны 09 сарын 19 өдөр | Дугаар 210/МА2018/02033 |
Д.Хурын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/02107 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Д.Хурын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Глоб констракшн ХХК, Э.Хишигбаярт тус тус холбогдох,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгах, алданги 10 140 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Д.Хур,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Энхжаргал, Ж.Батбаяр,
Хариуцагч Глоб констракшн ХХК-ийн төлөөлөгч Ж.Мэндбаяр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа: Миний аав Ц.Далай 2004 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Глоб констракшн ХХК-тай орон сууцны барилгаас нь захиалгаар байр худалдан авах зорилгоор Орон сууц захиалгын гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байрнаас 35.5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны 70 хувь буюу 8 261 ам.доллар /10 000 000 төгрөг/-ыг 5030019827 тоот дансанд шилжүүлсэн. Ц.Нямсүрэн нь тухайн компанид мөнгөний нярав ажилтай байсан, тухайн үед компанийн санхүүгийн хүндрэлээс шалтгаалан хувь хүний дансаар барилгын төлбөрийг хүлээн авч байсан.
Тус орон сууцанд 2005 оны 06 дугаар сарын 01-ний өдөр орсон. Гүйцэтгэгч тал уг орон сууцыг улсын комисс хүлээн авсан, удахгүй ордерыг олгоно гэсэн. Гэвч байрыг Улсын комисс хүлээж аваагүйгээс өнөөг хүртэл хэний эзэмшилд байгаа, эсэх нь тодорхойгүй, орон сууцны гэрчилгээ албан ёсоор гараагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөг хүртэл биелүүлээгүй.
Тухайн үеийн Глоб констракшн ХХК-ийн удирдлагад гомдол гаргаж байсан боловч арга хэмжээ аваагүй. Улсын байцаагчийн актаар үүрэг өгсөн боловч зөрчлөө арилгаагүй. Уг асуудлаар аав минь Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж 2008 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Глоб констракшн ХХК-аас миний аавд 1 755 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэвч тухайн үед Глоб констракшн ХХК нь дансандаа мөнгөгүй, захирал Ж.Мэндбаяр нь ял эдэлж байгаа гэсэн шалтгаанаар байрны үлдэгдэл төлбөр болох 3 669 ам.доллараас хасна гэж итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхбаяртай тохиролцож байсан боловч энэ нь огт хэрэгжээгүй.
Аав Ц.Далай нь 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нас барсан. Аавын нэр дээр 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Глоб констракшн ХХК-аас мэдэгдэл ирсэн. Миний аав байрны үнийн 70 хувийг төлсөн, байртай холбогдох байр, гэрэл, засварын мөнгө зэрэг төлбөрүүдийг төлж ирсэн, мөн уг маргаан бүхий байранд 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс хойш одоог хүртэл 12 жил амьдарсан шударга өмчлөгч юм. Уг байранд авга эгчийн хүүхэд гэр бүлийнхээ хамт амьдарч байтал үлдэгдэл төлбөр нэхэх, байр чөлөөлөх шаардлага тавих, цахилгаан тасалснаас болоод нүүсэн. 2017 оны 12 дугаар сард цоожны голыг сольсон байсан. Шүүхээс байрыг битүүмжилсэн, мөн миний бие бүртгэлийн газарт урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн байхад 2018 оны 1 дүгээр сард Э.Хишигбаярт өмчлүүлэх гэрчилгээ гарсан байна.
Шүүхийн шийдвэрээр хариуцагчаас манайд төлөхөөр шийдсэн 1 755 000 төгрөгийг аваагүй тул түүнийг үлдэгдэл төлбөрт тооцуулах боломжтой, үлдэгдэл мөнгийг төлөөгүй байгаа.
Мөн Орон сууц захиалгын гэрээний 2-т ашиглалтад орох хугацааг 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэж заасан заалт одоог хүртэл хэрэгжээгүй, ашиглалтад өгөөгүй. Уг барилгыг 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ашиглалтад оруулахаар гэрээндээ тусгасан боловч хугацаандаа ашиглалтад ороогүй ба одоог хүртэл ашиглалтанд өгөөгүй буюу улсын комисс хүлээж аваагүй тул Эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгэгдээгүй бөгөөд энэ нь бидний хооронд байгуулсан гэрээний 7.2-д зааснаар хугацаандаа ашиглалтанд өгөөгүй бол компани хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувиар алданги тооцож захиалагчид төлөх ёстой гэсэн заалт нь хэрэгжээгүй.
Иймд орон сууцны өмчлөгчөөр Д.Хур намайг тогтоон, уг байрны өмчлөх эрхийн гэрчилгээг Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэн хариуцагчаас гаргуулахыг даалгаж, алданги 8261 ам.доллар буюу 10 140 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Глоб констракшн ХХК-ийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2005 оны 06 дугаар сарын 01-ний өдөр орон сууцанд орсон, үүнээс хойш одоог хүртэл 12 жил амьдарч ашиглаж байна гэж компани үүргээ хэзээ биелүүлснийг болон байр хэний эзэмшил ашиглалтад байгааг маш тодорхой дурдан хүлээн зөвшөөрсөн байна. Гэрээний 2.10 дахь заалтаар компани орон сууцыг 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ашиглалтад оруулна гэсэн үүргээ 15 хоногийн өмнө биелүүлсэн тул компани гэрээний 7.2 заалтаар алданги хүлээх боломжгүй. Мөн уг хугацаанд улсын комисст өгч гэрчилгээ гаргаж өгөх эсвэл гэрээ хийсэн өдрөөс хойш 1 сарын дараа байранд нь оруулах үүрэг компани хүлээгээгүй. Орон сууцны нийт үнэ 11 670 ам.доллар. Үүнээс 70 хувь буюу 8261 ам.доллар төлсөн бөгөөд үлдэгдэл 3409 ам.долларыг төлөөгүй. Нэхэмжлэгч нь гэрээний 6.2 заалтаар компанийн зохих хугацаатай зээлэнд хамруулсан учир 7.3-т зааснаар тус компани урт хугацааны зээлд хамрагдсан захиалагч нарт ямар нэгэн алданги төлөхгүй.
Нэхэмжлэгч нь зөвхөн үлдэгдэл төлбөрөө хугацаанд нь төлсөн нөхцөлд байрыг өмчлөх боломжтой байсан. Харин тэрээр гэрээний 6.2-д хүлээсэн үүргээ нэгэнт биелүүлээгүй учраас тус компани түүнтэй байгуулсан гэрээнээсээ татгалзаж, энэ тухайгаа нэхэмжлэгчид мэдэгдсэн ба уг шийдвэрээ 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр баталгаажуулан Баянзүрх дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн албанд хүргүүлж, төлбөрийг 100 хувь төлсөн дараагийн худалдан авагчид өмчлөх эрхийг шилжүүлэн Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь олгосон. Нэгэнт нэхэмжлэгч зээлээ хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй тул компани хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлсэн. Гэрээний үүрэгт 10 000 000 төгрөг төлсөн гэдгийг зөвшөөрөхгүй, уг мөнгийг Ц.Нямсүрэнгээс компани хүлээн аваагүй.
Иймд Д.Хурын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Хишигбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Глоб констракшн ХХК-иас орон сууцны төлбөрийг бүрэн төлж, худалдаж авснаар 2017 оны 12 дугаар сард орон сууцны гэрчилгээ миний нэр дээр гарсан. Эдгээр хүмүүсийн маргаанаас болж миний өмчлөх эрх зөрчигдөж байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Глоб консткрашн ХХК, Э.Хишигбаяр нарт холбогдох Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 32 дугаар байр, 8 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн алданги 10 140 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Хурын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 441 030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна.
Ц.Далай нь 2004 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Глоб констракшн ХХК-аас захиалгаар байр худалдан авах зорилгоор орон сууц захиалгын гэрээ байгуулж, орон сууцны 70 хувийг болох 8261 ам.доллар буюу 10 000 000 төгрөг төлсөн. Улмаар тус байранд 2005 оны 06 дугаар сарын 01-ний өдөр орсон. Глоб констракшн ХХК нь уг байрыг улсын комисс хүлээж авсан, удахгүй гэрчилгээ олгоно гэсэн. Гэвч орон сууцыг улсын комисс хүлээж аваагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөг хүртэл биелүүлээгүй. Миний аав Ц.Далай нь урьд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрээний үүргээс биелүүлээгүйгээс учирсан хохирол 11 420 000 төгрөг, эмчилгээний зардал, орон сууц өмчлөх эрхийн бичиг, ирээдүйд орон сууц хөлслөх болон түрээслэх зардал гаргуулах, эд хөрөнгийн доголдол гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж байсан бөгөөд тус шүүх 2008 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 1229 шийдвэрээр Глоб констракшн ХХК-аас 1 755 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн.
Одоо миний бие аав Ц.Далайн өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас өөр нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Миний аав орон сууц захиалгын гэрээг байгуулснаас хойш 12 жил болсон байхад орон сууц өмчлөлийн гэрчилгээг гаргаагүй, Гэрээний 6-д заасны дагуу 70 хувь буюу 8261 ам.доллар буюу 10 000 000 төгрөгийг төлсөн, Глоб констракшн ХХК нь орон сууцыг албан ёсоор хүлээлгэж өгөөгүй, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөөгүй учир аав Ц.Далай нь үлдэгдэл 30 хувийг төлөөгүй.
2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт Глоб констракшн ХХК-ийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахаар хууль бус хүний нэрс өгч болзошгүй, худалдах худалдан авах гэрээг хянан үзэж, нягтлан шийдвэрлэхийг хүссэн албан бичгийг гаргаж байсан. Гэтэл Глоб констракшн ХХК нь гэрээний үүргээ нэмж зөрчиж орон сууцыг иргэн Э.Хишигбаяр гэх хүний нэр дээр хууль бусаар шилжүүлж намайг хохироож байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Д.Хур хариуцагч Глоб консткрашн ХХК, Э.Хишигбаяр нарт холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгуулах, алдангид 10 140 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Ц.Далай, Глоб констракшн ХХК-ийн хооронд 2004 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, гэрээгээр Глоб констракшн ХХК нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 15 дугаар хороолол 32 дугаар байрны 8 тоот 2 өрөө орон сууцыг Ц.Далайгийн өмчлөлд шилжүүлэх, Ц.Далай орон сууцны үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх 17 дахь тал/
Ц.Далай 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нас барсан, түүний өвлөгч нь Д.Хур болох нь өвлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон /хх 6 дахь тал/, энэ талаар зохигч маргаагүй гэж үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.
Ц.Далай, Глоб констракшн ХХК-ийн хооронд байгуулагдсан 2004 онд маргаан бүхий 2 өрөө орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууцыг ашиглалтад өгөх үүргийн хугацааг хэтрүүлсэнтэй холбоотойгоор Глоб констракшн ХХК Ц.Далайд 1 755 000 төгрөгийг Ц.Далайд төлөх үүрэгтэйг тогтоосон Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1229 дүгээр шийдвэр хүчин төгөлдөр байна.
Уг шийдвэр гарснаас хойшхи хугацаанд худалдан авагч Ц.Далай гэрээгээр хүлээсэн үүрэг болох орон сууцны үнийг бүрэн төлөөгүй, худалдагч Глоб констракшн ХХК нь 2015 оноос гэрээний үүргийг гүйцэтгэхийг худалдан авагч талаас шаардаж улмаар гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу нэхэмжлэгч Д.Хурын эзэмшилд шилжүүлсэн орон сууцаа буцаан авсан үйл баримт талуудын хэн алины тайлбараар тогтоогдсон. Гэрээний үнэ төлөх үүргийг худалдан авагч Ц.Далай зөрчсөн, үүрэг гүйцэтгэхээр тогтоосон хугацаанд уг үүргийг гүйцэтгээгүй тул худалдагч Глоб констракшн ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлсэн байна.
Нэхэмжлэгч талаас гаргасан тайлбар болох гадна талын тохижилт хийх, барилгыг хугацаанд нь ашиглалтад оруулах, улсын комисст хүлээлгэж өгөх үүргийг хариуцагч гүйцэтгээгүй гэх нөхцөл байдал нь нэхэмжлэгч талыг гэрээний үнэ төлөх үүргийг гүйцэтгэлийг саатуулах үндэслэл болохгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт нийцжээ.
Иймд үнэ төлөөгүй гэх үндэслэлээр эд хөрөнгийн өмчлөх эрхийг олж авах хуулиар тогтоосон нөхцөл бүрдээгүй тул өмчлөгчөөр тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт нийцсэн байна.
Нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээнээс татгалзаж, орон сууцыг буцаан авахаар хариуцагч Глоб интернэшнл ХХК нь өөрийн өмчлөлийн зүйл болох орон сууцыг Э.Хишигбаярт худалдсан, Э.Хишигбаярыг уг орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр бүртгэж, гэрчилгээ олгосон байна. Нэхэмжлэгч нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр маргаан бүхий орон сууцны улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэгээг гуравдагч этгээд болох Э.Хишигбаярт орон сууцны өмчлөх эрх шилжсний дараа хийлгэсэн байна. Үүнээс үзэхэд Д.Хур болон Глоб констракшн ХХК-уудыг улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн өмчлөх эрхийг гуравдагч этгээдэд шилжүүлэхээр хэлцэл хийсэн гэж буруутгах үндэслэлгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар, давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй болно.
Дээрхээс дүгнэвэл гэрээний зүйл нь гэрээний худалдагч тал болох Глоб констракшн ХХК-ийн өмчлөлийнх биш байхаас гадна хариуцагч Э.Хишигбаярыг орон сууцны өмчлөх эрхийг хууль бусаар, эзэмшлийг шударга бусаар олж авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Улмаар гэрээний зүйл нь хариуцагч Глоб констракшн ХХК-ийн өмчлөлийн зүйл биш болсон тохиолдолд нэхэмжлэгч тэр өмчлөлийн зүйлийг шилжүүлэхийг шаардах боломжгүй тул өмчлөгчөөр тогтоолгохыг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт нийцнэ.
Хариуцагч тал гэрээнээс татгалзсан тул нэхэмжлэгч нь уг татгалзагдсан гэрээний заалтыг үндэслэн алданги шаардах эрхгүй юм. Харин нэхэмжлэгч тал гэрээнээс таталзсантай холбоотой өөрт үүссэн үр дагавар, хохирлын асуудлыг анхан шатны шүүх энэ нэхэмжлэлийн хүрээнд шийдвэрлээгүй уг асуудлаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/02107 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 882 060 төгрөгийн 441 030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 441 030 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
Э.ЗОЛЗАЯА