| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2018/0588/Э |
| Дугаар | 598 |
| Огноо | 2018-07-16 |
| Зүйл хэсэг | 147.1., |
| Улсын яллагч | Ж.ЭНХ-АМГАЛАН |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 598
2018 07 16 598
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү,
улсын яллагч Ж.Энх-Амгалан,
хохирогч Б.О -,
шүүгдэгч Э.М-, түүний өмгөөлөгч Л.Батаа /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 1824/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овгийн Э-ийн М-д холбогдох эрүүгийн 2013 0000 0000 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
А овгийн Э-ийн М Монгол Улсын иргэн, 1985 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, 01 насны хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, “Өнөр” хорооллын 00 дугаар байрны 000 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, 000 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:00000000000 /.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Э.М- нь 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Саппоро үйлчилгээний төвийн автобусны буудлын орчимд Б.О -ийн цүнхийг хүч хэрэглэн авахаар довтолж бэлэн мөнгө 2.030.000 төгрөг, цүнх, түрийвч, бичиг баримт, гар утас, гуулин хонх, очир, зоос зэргийг нь дээрэмдэж бусдад 2.299.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
1.Шүүгдэгч Э.М- мэдүүлэхдээ: Тэр үед би гэртээ тогтож чадахгүй, гадуур гармаар санагдаад, гарч гороо түүхээр явдаг байсан. Ийм замаар 3 сар амьдардсан. Саппорогийн орчмоор голдуу гороо түүдэг байсан. Гороо түүсэн мөнгөөрөө архи авч хүмүүстэй хувааж уудаг байсан. Энэ үедээ архины хамааралтай болсон. 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр согтуу байсан. Намайг хүний эд хөрөнгийг дээрэмдсэн гээд байгаа. Би өөрөө сайн санахгүй байгаа юм. Саппорагийн сааданд тэр өдөр гурвуулаа 0.75 гр архи хувааж уусан. Ийм зүйл хийсэндээ харамсаж байна гэв.
2.Хохирогч Б.О - мэдүүлэхдээ: 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Хаан” банкнаас хөгшинтэйгээ хамт явж 2,000,000 төгрөгийн тэтгэврийн зээл авсан. Тэгээд нөхөртэйгээ хамт Хашчулуун эмчилгээнд оръё гэж яриад эхлээд хоол идье гээд кафе орсон. Кафед орж хоол идэж, манай хөгшин 100 гр архи уусан. Бид кафенаас гараад 2 дугаар байранд байрлах “Хашчулуун” эмчилгээ рүүгээ явах гээд Саппорогийн 2 дугаар байрны хажуугаар тойрох гээд явж байхад нэг охин, 2 эрэгтэй залуу явж байсан. Тэгтэл нэг хүүхэн миний нүүр рүү цохих шиг болоод миний барьж явсан цүнхийг аваад зугтаасан. Миний хамраас цус гарч, би хэсэг ухаан алдаад байж байхад 2 дугаар байрны жижүүр цагдаа дуудаж өгсөн. Миний цүнхэнд гар утас, хонх, шоо, очир, нөхөр бид хоёрын иргэний үнэмлэх, нөхөр Э-ы цалин, тэтгэврийн зээлээр авсан мөнгө байсан. Би цүнх авчихлаа араас нь яваарай гээд л ухаан алдаад унасан, юу болсныг мэдэхгүй байна. Энэ хүүхэнд зодуулснаас хойш 2 удаа харвалт өгсөн. Тэр эмчилгээний мөнгийг би нэхэмжлээгүй, тухайн үед алдсан тэтгэврийн зээлээ олж авмаар байна гэв.
Хоёр. Эрүүгийн 2013 0000 0000 дугаартай хэргээс:
1.Хохирогч Б.О - мөрдөн байцаалтад 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн: “...2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр манай нөхөр Э- ажлаасаа буугаад бид хоёр Саппорогийн “Хаан” банкин дээр уулзсан. Учир нь банкнаас зээл авах гэж тэнд уулзсан юм. Эхлээд нөхөр Э-ы цалингийн зээл авах гэхэд тэр нь бүтэхгүй болоод би өөрийн тэтгэврийн зээлийг 14 сарын хугацаатай авсан. Бид хоёр зээлээ авчихаад 12 цагийн үед “Хаан” банкнаас гарч банкны зүүн талд байсан нэг зоогийн газарт хоёулаа орж хоол идсэн. Тэр газарт манай хөгшиний урьд нь цуг ажиллаж байсан гурван найз нь пиво уугаад сууж байсан. Бид хоёр тэр гурван найзтай нь цуг суугаад манай хүн архинаас жаахан уусан. Би нэг хундага л архи уусан байх. Бид хоёр тэр газарт гуч орчим минут суучихаад тэндээс тавуулаа гараад нөгөө газрын зүүн талд нь байсан нэг караокед орж нэг цаг дуулаад гарсан. Бид хоёр хөгшиний гурван найзаас салаад хоёулаа харихаар явсан. Тэр караокеноос хөгшин бид хоёр гараад нэг сандал дээр сууж байсан чинь нэг хүн миний барьж явсан цүнхийг булаасан. Би цүнхээ булаалгахгүй гээд оосроос нь татсан чинь тэр хүн миний нүүр лүү цохьчихоод зугтаасан. Тухайн үед цохиулсандаа ухаан балартаад ямар хүн, яаж миний цүнхийг булаасныг ч мэдэхгүй хоцорсон. Манай нөхөр Э- тэр хүний хойноос нь хөөсөн. Тэрнээс хойш би айж давчдаад юу болсныг сайн санахгүй байна. Ямар ч байсан эмэгтэй хүн л байсан. Миний алдсан цүнх дунд зэргийн бор саарал өнгөтэй, урд талдаа хоёр карматай, дээрээ цахилгаантай, дөрвөлжин хээтэй, савхи шиг материалаар хийгдсэн цүнх байсан. ...” гэх мэдүүлэг [1],
2.Хохирогч Б.О -ийн мөрдөн байцаалтад 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр дахин мэдүүлсэн “...Тухайн хэрэг болж цүнхээ дээрэмдүүлэх үед миний цүнхэн дотор нийт 2.030.000 төгрөг байсан ба үүнээс 1.530.000 төгрөг нь тэтгэврийн зээлийн мөнгө, 500.000 төгрөг нь манай нөхөр Б.Э-гийн сарын цалин тэр чигээрээ байсан юм. Би гомдолтой байна. Надад хохирол барагдуулаагүй тул үнэлгээгээр тогтоогдсон 2.191.000 төгрөгийг нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг [2] ,
3.Гэрч Б.Э-ы мөрдөн байцаалтад 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн “...Би тухайн үед цагдаагийн ерөнхий газрын тусгай хамгаалалт газарт нефтийн хамгаалалтанд явдаг байсан ба цалин гэж 500.000 төгрөг тухайн өдөр буусан. Тэр 500.000 төгрөг тэр чигтээ манай эхнэр Б.О -ийн цүнхэн дотор байсан. Дээрээс нь 1.530.000 төгрөг байсан. Уг мөнгө нь манай эхнэр Б.О -ийн тэтгэврийн зээл авсан мөнгө байсан. Би тэр эмэгтэйг харсан. 25 орчим насны, 165 орчим см өндөртэй, бор царайтай, тайрмал үстэй, бүлтгэр нүдтэй эмэгтэй байсан. Тэр эмэгтэйг сүүлд хэрэг болсноос хойш 1 сарын дараа надад цагдаа нар мөн үү гэж харуулахад эхнэр бид хоёрыг дээрэмдсэн эмэгтэй яг мөн байсан. ...” гэх мэдүүлэг [3] ,
4.Гэрч Ё.Э -ын мөрдөн байцаалтад 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “...Миний бие 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өөрийн найз Б -ы хамт Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 8-56 тоотод байрлах манай гэрт 1 шил 750 литрийн архи, том пивотой хувааж уусан. Ингээд Б - нилээд согтчихоор нь хоноод яв гэтэл хонохгүй гэртээ харина гээд байхаар нь такси барьж гэрт нь хүргэж өгөхөөр шөнө 22 цагийн орчим явсан. Ингээд такси бариад гэрийнх нь гадаа 2 дугаар байрны аркны харалдаа зогсоод таксины мөнгө өгөх гэтэл Б - халаасаа ухаж байгаад надад мөнгө алга гээд согтуурхаад байхаар нь бид хоёр жаахан маргалдсан. Тэгтэл копудны урд талд нөгөө 30 орчим насны /М -/ эмэгтэй цүнх барьчихсан гүйж явсан. Араас нь нэг настай эрэгтэй хүн хөөж гүйж ирээд цүнхнээс нь зуурчихсан тавихгүй байсан. Тэр цүнхнээс зуурсан байсан эмэгтэй нь амь авраарай, аллаа гээд орилоод байхаар нь би гарч тэр хоёрын дундуур нь орж салгасан. Намайг салгах үед цүнх тэр эмэгтэйн гарт үлдсэн. Тэр эмэгтэй шууд хойшоо зугтаагаад алга болсон. Тэгтэл тэр өвгөн над руу дайраад “чи хулгайчийг алдчихлаа, чамайг явуулахгүй” гээд зуурч аваад цагдаа иртэл цуг байж бай гэхээр би энэ асуудалд хамаагүй гэж хэлтэл намайг нүүр лүү гараараа 1-2 удаа цохисон. Тэгэхээр нь зөрүүлээд нүүр лүү нь хоёр удаа гараар цохисон. Ингээд байж байтал цагдаа ирээд хэлтэс рүү аваад явсан. Б - согтуу машин дотор байсан, бууж ирээгүй. Машины жолооч нь тэр эмэгтэй М -г зугтаагаад явсны дараа машинаас буусан. Өвгөнийг машинаасаа холдуулах гэж оролдож байсан. ...Э- бид хоёр цагдаа хүлээгээд сууж байтал хохирогч Б.О - урд зүгээс ирсэн. Өвгөн Э- нилээн согтуу байсан, эмгэн Б.О - халамцуу байсан. Нөгөө дээрэм хийсэн гэх хүүхэн архи уусан үгүйг мэдэхгүй байна. Үсэрч харайгаад гүйгээд явахыг бодоход эрүүл байсан гэж үзэж байна. Эмгэн, өвгөн хоёрын хувьд цагдаа хүлээгээд сууж байхад надад согтуу байгаа юм шиг анзаарагдсан. Өвгөн ч гэсэн нэг газар орж уугаад гэж ярьсан. Би тэр эмэгтэй /М -/ өвгөн Э- хоёрыг салгаж байхад эмэгтэйн царайг хальт харсан, ердөөсөө тогтож хараагүй, гэхдээ зургийг харвал би таньж магадгүй байх, ямар ч байсан 30 орчим насны бордуу царайтай, түрийтэй гуталтай, өвдөгнөөс доош унжсан урт юүбктай, үсээ ардаа боосон бараан өнгийн гадуур хувцастай эмэгтэй хүн байсан. ...” гэх мэдүүлэг [4],
5.Гэрч Э.З -ын мөрдөн байцаалтад 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн “...Э.М-тай 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш хамт амьдарч байгаа, гэрлэлтийн баталгаа байхгүй. Манай эхнэр 1985 онд Улаанбаатар хотод төрсөн, эхээс гурвуулаа айлын том охин юм. ...Сургуулиа төгсчихөөд манай эхнэр ажил хийгээгүй. Төрөлхийн оюун ухааны хомсдолтой юм. Надтай суухаасаа өмнө нь гадуур тэнэдэг, орон гэргүй архи дарс уугаад яваад байдаг байсан. Одоо бид 2 манай гэрт хамт амьдардаг. Бид 2 дундаасаа 1 охинтой. Охин 2016 оны 12 дугаар сарын 21-нд төрсөн. Одоо эхнэр ажилгүй, өмнө нь цагдаагийн байгуулагад шалгагдаж байгаагүй. Эмнэлгийн хяналтанд орох гэсэн боловч орж чадаагүй. 2015 оноос хойш манай эхнэр архи ууж гадуур яваагүй. Ааш зангийн хувьд элдэв ааш байхгүй, худлаа яриад байдаггүй юм. Анх ааш зан нь хурц, гараад гүйдэг байсан. Сүүлийн 2 жил уурлахаа болиод тайван болсон. Найз нөхөд байхгүй. ...” гэх мэдүүлэг [5],
6.Гэрч Б.О -ы мөрдөн байцаалтад 2018 оын 02 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн “...Э.М- нь анх 2003 онд над дээр жирэмсний хяналтад ирж байсан. 2005 он хүртэл хүүхдээ үзүүлээд архи дарс уухгүй хэвийн байдаг байсан. 2005 оноос хойш гадуур хүмүүстэй нийлж архи дарс их уудаг болсон. 2010 оноос ээж нь оюуны хомсдолтой тул М -г группэд оруулна гэж хөөцөлдөөд бүтээгүй, өөрөө алга болчихдог гэртээ тогтохгүй байсан юм. Ингээд 2013 оноос хойш гадуур юу хийж явааг нь мэдэхгүй. Э.М- нь анх ирж үзүүлэхдээ л оюуны хомсдолтой байсан. Тухайлбал хүний ярьсан зүйлийг ойлгодоггүй, мөн асуултанд ердөөсөө хариулдаггүй дуугүй л суугаад байдаг юм. Уг оюуны хомсдол нь төрөлхийн юм. Энэ талаар ээж нь хэлдэг байсан бөгөөд сэтгэцийн эмчийн хяналтад орохгүй алга болсон. Тухайн үед iQ-г нь тогтоолгоход оюуны хөнгөн хомсдол гэж гарч байсан. ...” гэх мэдүүлэг [6],
7.Э.М-гийн мөрдөн байцаалтад 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “... Би яллагдагчаар татагдаж байгаагаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тухайн үед согтуу байсан, юм авсан үгүйгээ мэдэхгүй байна. Би тэр өдөр Хархорин зах дээр шил лааз цуглуулаад зүс таних эрэгтэйтэй түүсэн шил лаазаа тушаагаад 13.000 төгрөгтэй болсон. 13.000 төгрөгөөрөө 3 шил 0,75-ын архи уусан. Тухайн үед хэдэн цаг болж байсныг мэдэхгүй. Миний санаж байгаагаар 16-17 цаг болж байсан. Тэндээс ганцаараа хог түүхээр явсан. Хамт явсан залуу Хархорингийн гүүрнээс салаад явсан. Саппорогийн тэр хавиар явж байснаа санаж байна. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Би тэр үед нилээн архи уусан байсан. Би маргааш өглөө нь гэртээ байсан. Би Саппоро төвийн орчмоор явж байхдаа хэнтэй явж байснаа санахгүй байна. Би гороо түүхээр явж байсан. 2011 оноос хойш архи ууж гороо түүхээ больсон. Би гэр оронгүй гороочидтой нийлдэг байсан. Манай охиныг З-ын Н гэдэг. 2016 оны 12 дугаар сарын 21-нд төрсөн. ...” гэх мэдүүлэг [7],
8.Э.М-гийн мөрдөн байцаалтад 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчаар дахин мэдүүлсэн “...Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би тухайн үед их согтуу байсан болохоор яг юу болсон талаар огт санахгүй байна. ...” гэх мэдүүлэг [8],
9.2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гэрч Ё.Э -ыг оролцуулан хийсэн таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд “... нийт 4 эмэгтэйг оролцуулан яллагдагч Э.М-г дурын байрлалаа сонгож зогсоно уу гэхэд Э.М- нь баруун талаасаа 2 дахь байрлалыг сонгож зогссон.
1.Г.О
2.А.А
3.Э.М-
4.Э.Х 1-4 гэсэн дугаарыг олгож дараалуулсан болно.
Асуулт: Та таних гэж байгаа хүнийг ямар онцлог шинж тэмдэгээр таних вэ гэхэд
Гэрч Ё.Э -аас “...тухайн этгээд нь 30 орчим насны бор царайтай, 165см орчим өндөртэй, биедээ таарсан махлаг, бага зэргийн зуйван хэлбэрийн нүүртэй, жаахан хөдөөний байрын төрхтэй, үсээ хойноо боосон эмэгтэй хүн байсан. Би зургийг нь харвал танина. Тухайн үед өвгөнтэй /Э-/ зууралдаж, байгаад намайг салгах үед цүнх авч зугтаасан 30 орчим насны эмэгтэй энэ мөн байна гэж 3 дугаартай Э М -гийн зургийг заав.
Асуулт:Эргэлзээтэй асуудал бий юу гэхэд
Гэрч Ё.Э -аас: Би сайн санаж байна. Ямар нэг зүйлд эргэлзэхгүй байна ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зураг [9],
10.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн 14273 тоот дүгнэлтийн:
Хэсэг газрын үзлэгт: Хамрын нуруу эмзэглэлтэй зүүн талдаа амьсгал саадтай, хамрын нуруунд 3х2см, цээжний урд хэсэгт 4х4 см хэмжээтэй шаргал өнгийн цус хуралттай. Толгойн КТГ-ын шинжилгээнд явсан боловч ирээгүй тул дүгнэлтийг гаргав
Дүгнэлт:
1.Б.О -ийн биед хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний урд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
3.Тогтогдсон гэмтэл нь Шүүх эмнэлгийн ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /шинжээч эмч Т.Номинцэцэг/ ...” гэсэн дүгнэлт [10],
11.Шүүх сэтгэц эмгэг судлалын 208 дугаартай дүгнэлтэд:
Сэтгэцийн байдал: Үзүүлэгч амьдралын түүх болон болсон хэргийн талаар цөөнтэй эмх цэгц дунд ярина. Уншиж чадна. Сурлага дунд зэрэг сурдаг байсан гэнэ. Өнөөдөр 02-р сарын 26 гэнэ. 5 дахь өдөр.
-Одоо хаана ирсэн байна? СЭМҮТ-д ирсэн байна. 2+2=4+4=8+8=16+16=24 35-18 мэдэхгүй. Одоо хавар болж байна жилд 4 улирал байдаг. Зун намар хавар өвөл. Үзүүлэгч ном уншуулахад уншина. Үзүүлэгч зарим завсрын өнгийг буруу хэлнэ. Зүйр цэцэн үг хэл дээ гэхэд тийм зүйл мэдэхгүй гэнэ.
-Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг гэж ямар утгатай үг вэ? гэхэд мэдэхгүй гэнэ.
-Хонь чоно юугаараа ялгаатай вэ? гэхэд ялгаагүй.
-Юугаараа ижил вэ? гэхэд биш гэнэ.
-Хүн бусад амьтнаас юугаараа ялгаатай вэ? гэхэд хүнээрээ ялгаатай. Шинжилгээнд: IQ=67 Ws=41, 2015.03 сар
Сэтгэцийн онош: Оюуны хөнгөн хомсдол, төрх үйлийн эмгэг
Дүгнэлт: Комиссийн гишүүд дараах дүгнэлтийг санал нэгтэй гарав.
1.Э.М- нь Оюуны хөнгөн хомсдол, төрх үйлийн эмгэг сэтгэцийн эмгэгтэй байна.
2.Э.М- нь дээрхи эмгэг нь төрөлхийн байх боломжтой байна.
3.Э.М- нь хэрэг хариуцах чадвартай байна. /Комисын дарга: Н.Туяа, гишүүд Л.Баттулга, Итлгэгч Я.Ганхүү/...” гэсэн дүгнэлт [11],
12.Шинжээч эмч Я.Ганхүүгийн мөрдөн байцаалтад 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн “...Тухайн эмгэг өвчин нь өөрийнхөө сэтгэцийн түвшинд өөрийгөө хянах чадвартай байдаг. М - нь 2013 онд гэмт хэрэг үйлдэхдээ өөрийгөө хянах чадвартай байсан. Дээрх өвчин туссан хүн сэтгэн бодох чадвар, оюуны хөгжил, хэл яриа танин мэдэхүй гэх зэрэг оюуны хөгжлийн ерөнхий түвшин илэрхийлэх чадварууд нь илүү байдаг. Тухайлбал оюун ухаан шаардсан ажлуудыг бүрэн гүйцэт хийж чадахгүй байдал үүсч байдаг. Мөн төрөх үйлийн эмгэг гэдэг нь уур уцаартай болох, гадуур дэмий тэнэх гэх зэрэг өөрчлөлтүүд гардаг. Э.М- нь хэрэг хариуцах чадвартай тул эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй болно. Э.М- нь өөрийн сэтгэцийн түвшинд 4-5 жилийн өмнөх зүйлийг санах боломжтой юм. ...” гэх мэдүүлэг [12],
13.“Дамно” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээг тогтоосон үнэлгээ [13],
14.“Хаан” банкны “Б.О -т 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 12 сарын хугацаатай тэтгэврийн нэмэлт 1,537,800 төгрөгийн зээл олгосон талаарх 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 50061-62 дугаар албан бичиг [14],
15.Э.М-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа[15], урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан ял шалгах хуудас [16], Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны тодорхойлолт [17], Э.М-гийн нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа [18], З-ын Н-ийн төрсний гэрчилгээний хуулбарт үзлэг хийсэн тэмдэглэл [19] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон нөхцөл байдал.
Гурав. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.М-д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.М- нь 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо “Саппоро” үйлчилгээний төвийн автобусны буудлын орчимд иргэн Б.О -ийн нүүрэнд нь цохиж хүч хэрэглэж, гар цүнхийг нь дээрэмдэн авсан буюу цүнх, түүний дотор байсан бэлэн 2.030.000 төгрөг, түрийвч, бичиг баримт, гар утас, гуулин хонх, очир, зоос зэрэг 2.299.600 төгрөгийн эд хөрөнгийг нь дээрэмдэн авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Хохирогч Б.О -ийн хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн: “...2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ...би өөрийн тэтгэврийн зээлийг 14 сарын хугацаатай авсан. Бид хоёр зээлээ авчихаад 12 цагийн үед “Хаан” банкнаас гарч банкны зүүн талд байсан нэг зоогийн газарт хоол идсэн. ...манай хөгшиний урьд нь цуг ажиллаж байсан гурван найз нь пиво уугаад сууж байсан ба, тэр гурван найзтай нь цуг суугаад манай хүн архинаас жаахан уусан. Би нэг хундага л архи уусан байх. Бид тэр газарт гуч орчим минут суугаад тэндээс тавуулаа гараад нөгөө газрын зүүн талд нь байсан нэг караокед орж нэг цаг дуулаад гарсан. Бид хоёр хөгшиний гурван найзаас салаад харихаар явсан. ...бид хоёр гараад нэг сандал дээр сууж байсан чинь “нэг хүн миний барьж явсан цүнхийг булаасан”, би цүнхээ булаалгахгүй гээд оосроос нь татсан чинь тэр хүн миний нүүр лүү цохьчихоод зугтаасан. ...Манай нөхөр Э- тэр хүний хойноос нь хөөсөн. ...Ямар ч байсан эмэгтэй хүн л байсан. Миний алдсан цүнх дунд зэргийн бор саарал өнгөтэй, урд талдаа хоёр карматай, дээрээ цахилгаантай, дөрвөлжин хээтэй, савхи шиг материалаар хийгдсэн цүнх байсан. ...” гэх мэдүүлэг [20],
-Хохирогч Б.О -ийн мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн “...Тухайн хэрэг болж цүнхээ дээрэмдүүлэх үед миний цүнхэн дотор нийт 2.030.000 төгрөг байсан ба үүнээс 1.530.000 төгрөг нь тэтгэврийн зээлийн мөнгө, 500.000 төгрөг нь манай нөхөр Б.Э-гийн сарын цалин тэр чигээрээ байсан юм. Би гомдолтой байна. Надад хохирол барагдуулаагүй тул үнэлгээгээр тогтоогдсон 2.191.000 төгрөгийг нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг [21],
-Гэрч Б.Э-ы мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Тухайн өдөр цалин буусан бөгөөд тэр 500.000 төгрөг тэр чигтээ манай эхнэр Б.О -ийн цүнхэн дотор явж байсан юм. Дээрээс нь 1.530.000 төгрөг байсан ба уг мөнгө нь манай эхнэр Оюунцэцэгийн тэтгэвэрийн зээл авсан мөнгө байсан. Би тэр эмэгтэйг харсан. 25 орчим насны, 165 орчим сантиметр өндөр, бор царайтай, тайрмал үстэй, бүлтгэр нүдтэй эмэгтэй байсан. ...” гэх мэдүүлэг [22], гэрч Б.Э-ы мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн мэдүүлэг [23],
-Гэрч Ё.Э -ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өөрийн найз Б - хамт ...гэрийнх нь гадаа 2 дугаар байрны аркны харалдаа зогсоод таксины мөнгө өгөх гэтэл байж байхад ...копудны урд талд нөгөө 30 орчим насны /М -/ эмэгтэй цүнх барьчихсан гүйж явсан. ...араас нь нэг настай эрэгтэй хүн хөөж гүйж ирээд цүнхнээс нь зуурчихсан тавихгүй байсан. Тэр цүнхнээс зуурсан байсан эмэгтэй нь амь авраарай, аллаа гээд орилоод байхаар нь би гарч тэр хоёрыг дундуур нь орж салгасан. Намайг салгах үед цүнх тэр эмэгтэйн гарт үлдсэн. ...тэр эмэгтэй шууд хойшоо зугтаагаад алга болсон. Тэгтэл тэр өвгөн над руу дайраад чи хулгайчийг алдчихлаа, чамайг явуулахгүй гээд зуурч аваад цагдаа иртэл цуг байж бай гэсэн. ...Э- бид хоёр цагдаа хүлээгээд сууж байтал хохирогч Б.О - урд зүгээс ирсэн. ...Би тэр эмэгтэй /М -/ өвгөн Э- хоёрыг салгаж байхад эмэгтэйн царайг хальт харсан, ...ямар ч байсан 30 орчим насны бордуу царайтай, түрийтэй гуталтай, өвдөгнөөс доош унжсан урт юүбктай, үсээ ардаа боосон бараан өнгийн гадуур хувцастай эмэгтэй хүн байсан. ...” гэх мэдүүлэг [24],
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн 14273 тоот дүгнэлт [25], Шүүх сэтгэц эмгэг судлалын 208 дугаартай дүгнэлт [26], “Дамно” ХХК-ийн тогтоосон эд зүйлийн үнэлгээ [27], 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гэрч Ё.Э -ыг оролцуулан хийсэн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зураг [28], “Хаан” банкны “Б.О -т 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 12 сарын хугацаатай тэтгэврийн нэмэлт 1,537,800 төгрөгийн зээл олгосон талаарх 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 50061-62 дугаар албан бичиг [29] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Хууль зүйн дүгнэлт
Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасныг баримтлан шүүгдэгч Э.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт болгон өөрчилж тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа улсын яллагчийн гаргасан саналд маргах зүйл байхгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирлын дүнгийн хувьд маргахгүй гэсэн дүгнэлтийг гаргасан.
Харин шүүгдэгч Э.М- нь гэм буруугийн талаар маргасан болно.
Шүүх хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудаас үзвэл Э.М- нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогчийн нүүрэн тус газар нь цохиж хүч хэрэглэн, эд хөрөнгийг нь дээрэмдэж авсан гэмт хэргийг үйлдсэн байна. Шүүгдэгч Э.М- нь 2013 онд гороо түүж амьдардаг, архины хамааралтай болсон байсан учраас болсон асуудлын талаар санахгүй байна гэж мэдүүлэх боловч хэрэгт цугларсан хөндлөнгийн этгээд болох гэрч Ё.Э -ын “...2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр цүнх бариад явж байсан эмэгтэй нь бордуу царайтай, түрийтэй гуталтай, өвдөгнөөс доош унжсан урт юүбктэй, үсээ ардаа боосон бараан өнгийн гадуур хувцастай эмэгтэй байсан бөгөөд, Би зургийг нь харвал танина...” гэж мэдүүлсэн, мөрдөн шалгах ажиллагаанд Э.М-гийн хамтаар 4 эмэгтэйг оролцуулж гэрчээр таньж олуулах ажиллагааг явуулахад гэрч Ё.Э - нь “тухайн үед өвгөнтэй /Э-/ зууралдаж, байгаад намайг салгах үед цүнх авч зугтаасан 30 орчим насны эмэгтэй энэ мөн байна гэж 3 дугаартай Эрдэнэтуяагийн Мягмаржавын зургийг заав” гэсэн тэмдэглэл, мөн хохирогчтой тухайн өдөр хамт явж байсан түүний гэр бүлийн хүн болох гэрч Б.Э-аас “...Би тэр эмэгтэйг харсан. 25 орчим насны, 165 орчим см өндөртэй, бор царайтай, тайрмал үстэй, бүлтгэр нүдтэй эмэгтэй байсан. Тэр эмэгтэйг сүүлд хэрэг болсноос хойш 1 сарын дараа надад цагдаа нар мөн үү гэж харуулахад эхнэр бид хоёрыг дээрэмдсэн эмэгтэй яг мөн байсан. ...” гэсэн мэдүүлэг [30] зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон ба эдгээр баримтыг үгүйсгэх, няцаах баримтгүй, шүүгдэгч Э.М- нь санахгүй байна, тухайн үед согтуу байсан гэсэн нь түүнийг гэм буруугүй гэж үзэх үндэслэл болохгүй.
Хууль зүйн хувьд дээрэмдэх гэмт хэрэг нь эд хөрөнгийг авах зорилгоор довтолгоон эхэлж, саад тотгорын эсрэг халдлага эхэлснээр бусдын амь бие, эрүүл мэндэд аюултайгаар хүч хэрэглэсэн, идэвхитэй үйлдлээр илэрдэг. Тухайлбал хохирогчийг цохих, боох гэх зэргийг ойлгоно. Довтлох гэдэг нь эд хөрөнгийг нь авах зорилгоор хохирогчийн эсэргүүцэх хүчийг алдагдуулж байгаа идэвхитэй хөдөлгөөнөөр илрэх буюу өөрөөр хэлбэл гэнэдүүлж довтлох, цохих, ухаан санааг нь самууруулах зэргийг ойлгох ба сэдэлт нь шунахай сэдэлттэй байна. Тухайн энэ хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч нь хохирогчийн нүүр рүү цохиж хүч хэрэглэсэн үйлдэл байх бөгөөд довтолгоон эхэлснээр дээрэмийн гэмт хэрэг төгссөн байна.
Шүүгдэгч Э.М- нь 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Б.О -ийн цүнхийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн байх ба тухайн цаг хугацаанд 2002 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж байсан байна.
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэг /бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн/ -т зааснаар оногдуулах ял нь гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан ба тухайн заалт нь 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол/-т заасан заалттай нийцэж байх бөгөөд тус зүйл хэсэгт зааснаар оногдуулах ял нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байна.
Дээрх хуулиудын холбогдох зүйл, хэсэг тус бүрт оногдуулах ялын төрөл, хэмжээг харьцуулан үзвэл 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ял нь хөнгөн байна.
Иймд улсын яллагчийн саналыг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.М-д холбогдох эрүүгийн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж, тус зүйл хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-г гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.
Хохирогч Б.О -ийн эд зүйлийн үнийг тусгай зөвшөөрөл бүхий хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-иас тогтоосон байх ба цүнхийг 15.000 төгрөгөөр, арьсан 1 ширхэг түрийвчийг 10.000 төгрөгөөр, иргэний цахим үнэмлэх 2 ширхэгийг 28.600 төгрөг, Хадгаламж банкны1 ширхэг картыг 3.000 төгрөг, “Skytel”–ийн товчлууртай хуучин 1 ширхэг гар утсыг 36.000 төгрөгөөр, гуулин хонх 1 ширхэгийг 17.000 төгрөгөөр, жижиг гуулийн очир 1 ширхэгийг 25.000 төгрөгөөр, гуулин зоос 9 ширхэгийг 135.000 төгрөгөөр, нийт 269.600 төгрөгөөр тус тус үнэлсэн ббайна.
Мөн хохирогч Б.О -ийн цүнхэнд тэтгэврийн зээлээр авсан бэлэн мөнгө, нөхөр Б.Э-ы цалин, нийт 2.030.000 төгрөг, хохиролд бүгд 2.299.600 төгрөгийг шүүгдэгч Э.М-гаас гаргуулж хохирогч Б.О -т олгох үндэстэй байна.
2. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч Э.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа өмгөөллийн дүгнэлтдээ “Э.М- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт “шүүх анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, ...түүнчлэн гурав хүртэлх насны хүүхэдтэй эхэд, ...хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно...” гэж заасан.
Шүүгдэгч Э.М- нь 1 нас 1 сартай хүүхэдтэй байдлыг харгалзан түүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү гэж мэтгэлцсэн.
Шүүхээс шүүгдэгч Э.М-д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүх сэтгэц эмгэг судлалын 208 дугаартай дүгнэлтээр Э.М- нь Оюуны хөнгөн хомсдол, төрх үйлийн эмгэг сэтгэцийн эмгэгтэй, тус эмгэг нь төрөлхийн байх боломжтой, Э.М- нь хэрэг хариуцах чадвартай байна....” гэсэн дүгнэлт [31]-ийг гаргасан байх тул түүнд эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй, хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.М- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй байх бөгөөд түүний анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн болно.
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуульд ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтныг шүүхээс оногдуулсан болон биечлэн эдэлсэн ялын хугацааг үл харгалзан эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлнэ,
-10 дугаар зүйлийн 10.9 дэх хэсэгт “Хэрэв сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний эцэст энэ хуулийг хэрэглэнэ,
-10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт ...энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна... гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Э.М- нь 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн байх ба түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дээрх Өршөөлийн хуулийн 5 дугаар зүйл, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт тус тус хамаарахгүй, харин тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт хамаарч байна. Мөн шүүгдэгч Э.М- нь гэм буруугийн талаар маргасан тул 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг дээрх хуульд зааснаар өршөөн хэлтрүүлэх хууль зүйн үндэстэй байна.
3.Бусад асуудлаар.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Э.М-гийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. 2015 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.М-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч А овгийн Э-ийн М -г бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-г 3 (гурав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. 2015 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-д оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. 2002 оны Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-д оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-гаас 2.299.600 /хоёр сая хоёр зуун ерөн есөн мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.О -т олгосугай
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.М- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Э.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
[1] Хавтаст хэргийн 13 дугаар тал.
[2] Хавтаст хэргийн 136-137 дугаар тал.
[3] Хавтас хэргийн 208-209 дүгээр тал.
[4] Хавтаст хэргийн 200-201 дүгээр тал.
[5] Хавтас хэргийн 101 дүгээр тал.
[6] Хавтаст хэргийн 141-142 дугаар тал.
[7] Хавтаст хэргийн 105 дугаар тал.
[8] Хавтаст хэргийн 223-224 дүгээр тал.
[9] Хавтаст хэргийн 215-217 дугаар тал.
[10] Хавтаст хэргийн 25 дугаар тал.
[11] Хавтаст хэргийн 75-76 дугаар тал.
[12] Хавтаст хэргийн 133-135 дугаар тал.
[13] Хавтаст хэргийн 211-212 дугаар тал.
[14] Хавтаст хэргийн 73 дугаар тал.
[15] Хавтаст хэргийн 149 дүгээр тал.
[16] Хавтаст хэргийн 148 дугаар тал.
[17] Хавтаст хэргийн 109 дүгээр тал.
[18] Хавтаст хэргийн 151 дүгээр тал.
[19] Хавтаст хэрэгт 147 дугаар тал.
[20] Хавтаст хэргийн 13 дугаар тал.
[21] Хавтаст хэргийн 136-137 дугаар тал.
[22] Хавтаст хэргийн 138-140 дүгээр тал.
[23] Хавтас хэргийн 208-209 дүгээр тал.
[24] Хавтаст хэргийн 200-201 дүгээр тал.
[25] Хавтаст хэргийн 25 дугаар тал.
[26] Хавтаст хэргийн 75-76 дугаар тал.
[27] Хавтаст хэргийн 211-212 дугаар тал.
[28] Хавтаст хэргийн 215-217 дугаар тал.
[29] Хавтаст хэргийн 73 дугаар тал.
[30] Хавтас хэргийн 208-209 дүгээр тал.
[31] Хавтаст хэргийн 75-76 дугаар тал.