| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 2412000000227 |
| Дугаар | 2025/ДШМ/17 |
| Огноо | 2025-04-08 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Б.Тулга |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2025/ДШМ/17
2025/ДШМ/17
П.Гт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Ч.Баярцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: Б.Тулга
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг
Шүүгдэгч: П.Г
Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолтой шүүгдэгч П.Гт холбогдох 2412000000227 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч П.Г эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1900 оны 0 дүгээр сарын 0-ний өдөр А аймгийн Ж суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 0, эхнэр, хүүхдүүдийн хамт А аймгийн Ж сумын Х баг, С гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овгийн Пийн Г
Шүүгдэгч П.Г нь 2024 оны 08 дугаар сарын 26-наас 27-ны өдрийн хооронд А аймгийн Ж сумын Х багийн Цагаан асга гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамал болох Сибирь хуш модны үр буюу самрыг 10 шуудайг цайруулсан байдлаар 46.3 кг самрыг түүж, шуудайлж бэлтгэн, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд тухайн газарт нь нууж хадгалсны улмаас Байгаль экологи, ургамлын аймагт 4.579.070 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
А аймгийн Прокурорын газраас П.Гт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолд: Шүүгдэгч Б овгийн Пийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүж бэлтгэн, хадгалж байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч П.Гт тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, Шүүгдэгч П.Гт хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 49.4.3, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т тус тус зааснаар шүүгдэгч П.Гаас байгаль экологид учруулсан хохирол 22,895,350 /хорин хоёр сая найман зуун ерөн таван мянга гурван зуун тавь/ төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 77 дугаар “Эд мөрийн баримт хураан авах” тухай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тус шүүхийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй 10 шуудай 46,3 кг буюу 42,3 кг /хорогдсон жингээр/ килограмм Сибирь хуш модны самрыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгож, Шүүгдэгч П.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч П.Г давж заалдах гомдолдоо ... А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн гэм буруу болон хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссэн шийтгэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин ургамлын санд учруулсан экологи эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 22,895,350 төгрөгийн хохирол гаргуулан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь Манай нутгийн А, Б Л бид нар цаг хугацаа ойролцоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож тэднийг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу ойн санд учруулсан хохирлын хэмжээгээр нөхөн төлүүлсэн байсан. Иймд миний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг хэргийн байгаль экологид учруулсан хохирол төлбөрийг өөрчлөн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ... гэжээ.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ ... А аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Тулга би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 15, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3, 39.4, 39.5 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дугаар зүйлийн 24.8 дахь хэсгийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч П.Г холбогдох 2412000000227 дугаартай хэрэгт давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцон дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгчийн гомдлын хувьд экологи эдийн засгийн хохирлыг 5 дахин нэмэгдүүлсэн нь буруу байна. 3 дахин нэмэгдүүлсэнтэй хэмжээгээр багасгаж өгнө үү гэсэн гомдол гаргаж байна. Прокурорын хувьд сая тайлбартаа хэлсэн, нэмж хэлэх зүйл алга. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хууль буруу хэрэглэсэн, хүчин төгөлдөр бус хууль хэрэглэсэн гэх үндэслэл прокурорын хувьд алга байна. Самарыг ховор ургамлын аймагт оруулж, хууль бусаар тээвэрлэсэн нь гэм буруутай байна гэж тооцсон. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналыг оруулж байна ... гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтанчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.02.05-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн үйлчлүүлэгчийнхээ гомдлыг дэмжиж байна. Ойн тухай хуульд зааснаар самар нь дагалдах баялагт хамаарч байдаг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсгийн 1-т зааснаар ойн санд учруулсан хохирол гэж орж байгаа. Мөн хуулийн 3-т зааснаар ургамалд учруулсан хохиролд орж байгаа. Тэгэхээр яг аль заалтад хамаарч байгаа нь эргэлзээтэй байгаа тул шүүгдэгчид ашигтай байдлаар экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу ойн санд учруулсан хохирлын хэмжээгээр нөхөн төлүүлж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ... гэв.
Шүүгдэгч П.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Байхгүй ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч П.Г нь 2024 оны 08 дугаар сарын 26-наас 27-ны өдрийн хооронд А аймгийн Ж сумын Х багийн Ц гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамал болох Сибирь хуш модны үр буюу самрыг 10 шуудай буюу цайруулсан байдлаар 46.3 кг самрыг түүж, шуудайлж бэлтгэн, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд тухайн газарт нь нууж хадгалж Байгаль экологи, ургамлын аймагт 4.579.070 төгрөгийн хохирол учруулсан болох нь иргэний нэхэмжлэгч Ж.Базарсадын ... П.Г нь 2024 оны 08 дугаар сарын 26-наас 27-ны өдрийн хооронд А аймгийн Ж сумын Х багийн Ц гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал болох Сибирь хуш модны үр буюу самрыг 10 шуудай буюу цайруулсан байдлаар 46,3 кг самрыг түүж бэлтгэсэн ... гэсэн мэдүүлэг, гэрч И.Аийн ... 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр үдээс хойш П.Г, Л нарын хамт бид гурав Х багийн Ц гэх газар руу самарт явсан юм. Тэгээд нэг хонож байхад манай багийн байгаль хамгаалагч Г заалгаад хуулийн хүрээнд самар түүх хугацаа болоогүй бууцгаагаарай гэж хэлэхээр бид 3 маргааш нь бууж ирсэн. Байх хугацаандаа бид гурав 30 шуудай самар түүгээд арав арваар нь аваад мотоциклоор гэр гэр рүүгээ зөөсөн ... гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Лийн ... Г Г руу залгаад хуулийн хүрээнд самар түүх хугацаа болоогүй бууцгаагаарай гэж хэлэхээр бид 3 маргааш нь бууж ирсэн. Байх хугацаандаа бид гурав 30 шуудай самар түүгээд арав арваар нь аваад мотоциклоор гэр гэр рүүгээ зөөсөн ... гэсэн мэдүүлэг, гэрч О.Гийн ... П.Г гэх хүн өглөө ууланд гарч самар түүгээд оройдоо уулнаас бууж орж ирээд байна гэж хүн хэлсэн болохоор хэр хэмжээтэй самар түүсэн талаар сайн мэдэхгүй байна. Харин экологийн байцаагчтай П.Г би 10 шуудай боргоцой түүсэн, түүсэн самраа ууланд нуусан гэж ярьж байсан. П.Гын авч ирсэн 10 шуудай боргоцой 1 шуудай боргоцой нь 16-18 кг болж байх бөгөөд тус 10 шуудай боргоцойг цайруулж жинлэхэд нийт 46.3 кг жинтэй цайруулсан самар болж байсан ... гэсэн мэдүүлэг, яллагдагч П.Гын ... би прокурорын тогтоолыг уншиж танилцлаа. Миний үйлдэлтэй тохирч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Зарим самрыг түүсэн. Зарим самрыг мод руу авирч доош унагааж авсан ... гэсэн мэдүүлэг, Сибирь нарс (Хуш)-Pinus sibirica Du Tour-ны цайруулсан самар байна. Самар нь ургамлын үржлийн эрхтэн буюу хуш модны үр юм. Сибирь нарс (Хуш)-Pinus sibirica Du Tour нь Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон байдаг гэсэн А аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 66 дугаар, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 74 дугаар шинжээчийн дүгнэлтүүд, хөрөнгийн үнэлгээний “Мэргэн гүн аудит” ХХК-ийн үнэлгээчин, шинжээч А.Бын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 74 дугаар дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэмт хэргийн талаарх мэдээлэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, А аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 238, 239 дугаар албан бичиг зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч П.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүж бэлтгэн, хадгалж байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч П.Гт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд дүгнэлт хийн шүүгдэгч П.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон байна.
Харин Байгалийн ургамлын тухай хууль нь Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлд заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” буюу байгалийн ургамлын санг эрүүгийн эрх зүйн хэм хэмжээгээр хамгаалсан зохицуулалттай нийцсэн, нарийвчлан зохицуулсан хууль гэж үзэж ургамлын санд учирсан тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 22.895.350 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй бөгөөд хуульд нийцэхгүй байна.
Монгол Улсын Их Хурлаас 1995 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Байгаль орчныг хамгаалах тухай хууль баталсан бөгөөд уг хууль нь хүрээлэн буй байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зөв, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулсан суурь хууль бөгөөд уг хуулиар байгаль орчинд хамаарах объектуудыг газар, ус, агаар, ургамал, амьтан гэх зэргээр төрөлжүүлэн салбарын хуулиар нарийвчлан зохицуулсан байна.
Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 410 дугаар тогтоолоор Нарсны төрлийн модны үр /ойн нарс, одой нарс, сибирь хушны үр, идээ/-ийг ховор ургамлын жагсаалтад оруулсан тул энэ төрлийн мод, түүний үр, идээг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлээр хамгаалсан байна.
Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т зааснаар самар нь ойн дагалт баялагт хамаарахаар заасан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг сибирь хушны самар нь ховор ургамалд тооцогдох хэдий ч ойн дагалт баялагт хамаарч байх тул ойн санд хохирол учруулсан гэж үзэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д заасныг баримтлан экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн дүнгээр хор уршгийг тооцож, шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авч, А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “22.895.350 /хорин хоёр сая найман зуун ерөн таван мянга гурван зуун тавь/ төгрөг” гэснийг “13.737.210 / арван гурван сая долоон зуун гучин долоон мянга хоёр зуун арав/ төгрөг” гэж өөрчилж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ В.ЦЭЦЭНБИЛЭГ
ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН
Ч.БАЯРЦЭНГЭЛ24