| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 2412003420308 |
| Дугаар | 2025/ДШМ/18 |
| Огноо | 2025-04-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Тулга |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2025/ДШМ/18
2025/ДШМ/18
О.Чад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Ч.Баярцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: Б.Тулга
Хохирогчийн өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Бямбаахүү
Шүүгдэгч: О.Ч
Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/33 дугаартай шийтгэх тогтоолтой шүүгдэгч О.Чад холбогдох 2412003420308 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч О.Ч эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1900 оны 0 дүгээр сарын 0-ний өдөр А аймгийн Ө суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 0, эхнэр, хүүхдийн хамт А аймгийн Ө сум Х багийн “Х” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Т овогт Оын Ч /РД000000/
Шүүгдэгч О.Ч нь 2024 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө А аймгийн Ө сумын Х багийн Х гэх газар, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Нг хардалтын улмаас зодож, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэйгээр эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
А аймгийн Прокурорын газраас О.Чад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/33 дугаартай шийтгэх тогтоолд: Шүүгдэгч Т овогт Оын Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Чыг 520 /таван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162, 163 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Чад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг А аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т тус тус зааснаар шүүгдэгч О.Чаас 9,900,000 /есөн сая есөн зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Б.Нд олгож, хохирогч нь эрүүл мэндэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д тус тус зааснаар шүүгдэгч О.Чаас 93,000 /ерэн гурван мянга/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 0000000000 тоот дансанд олгож, Шүүгдэгч О.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч /иргэний нэхэмжлэлтэй холбоотой/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.Чад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч О.Ч давж заалдах гомдолдоо ... О.Ч миний бие А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/ЗЗ дугаар шийтгэх тогтоолыг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гардан авч, эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Тухайн хэрэг болсон 2024 оны 10 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө эхнэр Б.Н “Би Нямхүүтэй явна, түүнийг дагаж явна” гээд орон дээр хэвтчихээд миний хажууд Нямхүүг тэврээд байсан. Тэгэхээр нь би Б.Нг орон дээрээс босгож ирээд зүүн зовхи орчимд нь нэг удаа гараараа цохичихсон юм. Би эхнэртээ гар хүрч түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлдээ гэмшиж байна, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Харин анхан шатны шүүхээс надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 520 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэснийг өөрийн эрхэлж буй ажлын онцлогоос шалтгаалан биелүүлэхэд хүндрэлтэй байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие А аймгийн Ө сумын Х багийн Хар-Ус гэх газар ганцаараа малаа маллаж, амьдрал ахуйгаа авч явдаг. 3 сарын 10-дын үеэс мал төллөхөөс эхлээд малчдын ажил ид ихэсдэг. Энэ нөхцөл байдлыг эхнэр Б.Н ч сайн мэдэж байгаа. Хэрэв миний бие нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээр болбол энэ хугацаанд мал харах хүнгүй, хэдэн малаа хариулгагүй үлдээхээс өөр аргагүй болчхоод байна. Түүнчлэн миний 70 гарсан хөгшин настай эцэг, эх хоёр А аймгийн төвд амьдардаг. Б.Н бид хоёрыг хамт амьдарч байхад манай охин Ч.Аийг аймгийн төвд сургуульд нь зөөдөг байсан. Охиныг Б.Н авч явснаас хойш аав, ээж хоёр аймаг, сум хоёрын хооронд ирэн очин байгаа. Аав О нь эрүүл мэндийн шалтгааны улмаас байнга унадаг, хараа хяналт зайлшгүй шаардлагатай байдаг. Аав, ээж хоёр минь өндөр настай, дээрээс нь эрүүл мэндийн улмаас мал харах ямар ч боломжгүй.
Иймд миний энэхүү нөхцөл байдлыг харгалзан надад оногдуулсан нийтэд тусгай ажил хийлгэх ялыг өөр ялаар сольж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна ... гэжээ.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ ... А аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Тулга би Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч О.Чад холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцон дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдол тайлбараа хэлсэн. Шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгчийн гэм буруу, үйлдсэн хэргийн шинж, давтамж зэргийг үнэлж түүнд 520 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн дүгнэлт гаргаж байна. Иргэний нэхэмжлэгчийн хувьд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаа боломжтой гэж үзэж байна ... гэв.
Хохирогчийн өмгөөлөгч С.Пүрэвсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Бямбаахүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Малчдын хувьд жилийн 4 улиралд мал маллаж үйл ажиллагаа явуулдаг нь үнэн, гэхдээ хаврын улиралд малчдын ажил ихэсдэг. Нийтэд илэрхий үйл баримт байгаа. Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхээс оногдуулсан ялд хүндэтгэлтэй хандана. Гэхдээ шүүхийн шийдвэр тухайн хүний гэмт хэрэг үйлдсэн хувийн байдалд нийцсэн байхаас гадна, бас биелэгдэх боломжтой эсэхийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Магадгүй тухайн хүн нийтэд тустай ажлыг хийх ялыг биелүүлэх боломжгүй бол хорих ялаар солигдох эрх зүйн үр дагавар үүс ч байгаа. Ийм учраас шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ялыг сольж өгнө үү гэсэн саналтай байна... гэв.
Шүүгдэгч О.Ч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Би ээж, аавтайгаа миний хөдөө мал малладаг. Одоо мал төллөж байгаа болохоор хүн байхгүй, энэ ажлыг хийх боломжгүй байгаад байна. Иймд ялын биелэлтийг түр хугацаагаар хойшлуулах юм уу, эсвэл мөнгөн хэлбэрээ төлөх ялаар сольж өгнө үү ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.
А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Чийг 2024 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө А аймгийн Ө сумын Х багийн Хавтгайн өвөлжөө гэх газар, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Нг хардалтын улмаас зодож, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэйгээр эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүх шүүгдэгч О.Чад холбогдох хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад 2025 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 33 дугаартай анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлийн эхлэл хэсэгт шүүгдэгч О.Чад холбогдох хэргийг хэлэлцэж буй талаар тусгасан, хавтаст хэргээс шинжлэн судлах нотлох баримт байгаа эсэхийг тодруулах шатнаас шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг уншин сонсгож, шүүх хуралдаан хаах хүртэл шүүгдэгч Н.Ад холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн талаар тусгагджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ... энэ хуульд заасан шүүх хуралдааны явцыг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тэмдэглэл хөтөлж, дууны, эсхүл дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулна ... гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт ... шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн эцэг, эхийн нэр, өөрийн нэр, хэлэлцэж байгаа хэргийн дугаар, шүүгдэгчийн биеийн байцаалт, шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгана ... гэж заасан.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад дээрх хуульд заасан шаардлагыг хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэл хангаагүй, О.Чад холбогдох хэрэгт шүүх хуралдааны тэмдэглэл хөтөлсөн эсэх нь эргэлзээтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ... шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 7 хоногийн дотор гаргаж, шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, прокурор, оролцогчид танилцуулна ... гэж хуульчилжээ.
Дээрх хуулийн зохицуулалт нь шүүх хуралдаан даргалагч тухайн шүүх хуралдааны тэмдэглэл хуульд заасан журмын дагуу бичигдсэн эсэх, прокурор, оролцогчдын хэлсэн үг үнэн зөв, бүрэн бичигдсэн эсэхийг шалгасны эцэст гарын үсэг зурах үүргийг шүүх хуралдаан даргалагч шүүгчид хүлээлгэсэн гэж ойлгох бөгөөд уг хэргийн шүүх хуралдааныг даргалагч шүүгч уг үүргийг биелүүлээгүй, шүүх хуралдааны тэмдэглэлийн тогтоох хэсэг шүүх хуралдаанд уншиж сонсгосон дуу дүрсний бичлэгээс зөрүүтэй болж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
2025 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн шүүгдэгч О.Чад холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны тэмдэглэлийн тогтоох хэсэг шүүх хуралдаанд уншиж сонсгосон дуу дүрсний бичлэгээс зөрүүтэй болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.8 дахь хэсэгт заасан алдаанд хамаарах бөгөөд мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална ... гэж заасан байхад хуульд заасан үндэслэл журмын дагуу шинжээчийн дүгнэлт гаргуулалгүй, мөрдөгч тушаал баримтлан хохирогч Б.Нгийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон нь үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар бүлэгт шинжилгээ хийлгэх журмыг хуульчилсан бөгөөд хохирогч Б.Нгийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шинжээч томилж, дүгнэлт гаргуулах шаардлагатай байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүй болно.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч О.Чад холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч О.Чад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтов.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/33 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч О.Чад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ В.ЦЭЦЭНБИЛЭГ
ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН
Ч.БАЯРЦЭНГЭЛ