Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2020/01131

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2020/01131

 

 

Ч.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/01051 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ч.Бийн хариуцагч Нт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ч.Бийн нэхэмжлэлийн шаардлага болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 3538 дугаар шийдвэрээр 110 200 118 төгрөгийг Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгож шийдвэрлэсний дагуу хариуцагч байгууллага нь хамтран өмчлөлийн 5 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, зах зээлийн үнээс бага үнэлсэн. Дээрх орон сууцанд 2019 оны 07 дугаар сард 35 000 000 төгрөгөөр иж бүрэн засвар хийсэн. Шийдвэр гүйцэтгэгч нь үнэлгээний компанийн сонголт судалгаа хийлгэхгүй, санал болгохгүйгээр харилцагч компаниар үнэлгээ хийлгэсэнд гомдолтой байна. Иймээс шинжээч Мөнх-Оргил трейд ХХК-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 3538 дугаар шийдвэрээр Ч.Б, Т.Батзаяа нараас 110 200 118 төгрөг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ч.Б, Т.Батзаяа нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 29 дүгээр байр, 22 тоот 125.13 м.кв 5 өрөө орон сууцыг 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 19261195/5 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 19261195/5 дугаартай эд хөрөнгийг хураах тогтоолоор хураан авсан. Төлбөр төлөгч нарт үнийн санал өгөхийг мэдэгдэхэд 312 500 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк ХХК эс зөвшөөрч, хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт ирүүлсэн тул хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК-аар үнэлүүлсэн. 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 4/1753 дугаар мэдэгдлээр дээрх орон сууцыг үнэлсэн 242 900 000 төгрөгийн үнэлгээг төлбөр төлөгч нарын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн. 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төлбөр төлөгч Ч.Б нь бие даан худалдан борлуулах тухай хүсэлт гаргасан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул төлбөр төлөгч Ч.Бийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нт холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204026526 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 29 дүгээр байр 22 тоот хаягт байрлах, 125.13 м.кв талбайтай, 5 өрөө бүхий орон сууцыг 242 900 000 төгрөгөөр үнэлснийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ч.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Бээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Бийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүх төлбөр төлөгч болон авагч нарын хооронд орон сууцны үнэлгээний талаар маргаантай байгааг харгалзан үзээгүйгээс шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй. Шийдвэр гүйцэтгэгч нь орон сууцны үнэлгээ хийлгэхээр шинжээч томилохдоо нэхэмжлэгчид мэдэгдээгүй, үнэлгээний эрхтэй компанийг сонгох эрхийг эдлүүлээгүй, санал авалгүйгээр төлбөр авагчтай үгсэж, хамаарал бүхий компаниар үнэлгээ хийлгэж, орон сууцны үнэлгээг үнэгүйдүүлсэн байхад шүүх анхаарч үзэлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Нт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/03538 дугаар шийдвэрээр Ч.Б, Т.Батзаяа нараас 110 200 118 төгрөг гаргуулан Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгож шийдвэрлэсэн бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй. /хх 36-39/

 

Хариуцагч байгууллага нь 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 534 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 29 дүгээр байр 22 тоот хаягт байрлах, 125.13 м.кв талбайтай, 5 өрөө бүхий орон сууцыг 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 19261195/3 дугаар тогтоолоор битүүмжилж /хх 49-50/, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 19261195/4 дугаар тогтоолоор /54-55/ тус тус хураан авсан байх боловч ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 159 дугаар тогтоолоор эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ. /хх 83/ Улмаар 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 19261195/5 дугаар тогтоолоор /хх 84-85/ дээрх орон сууцыг хураан авсан үйл баримт тогтоогдсон.

 

Төлбөр төлөгч үл хөдлөх эд хөрөнгийг 312 500 000 төгрөгөөр худалдан борлуулах үнийн санал ирүүлснийг төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк ХХК эс зөвшөөрч, шинжээч томилох хүсэлт гаргасан тул хариуцагч байгууллагын зүгээс 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилж, 242 900 000 төгрөгөөр тогтоосон шинжээчийн хөрөнгийн үнэлгээний тайланг төлбөр төлөгч Б.Ганбаярт 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мэдэгдсэн байна. /хх 86-87, 90, 92, 120/

 

Шийдвэр гүйцэтгэгчээс явуулсан дээрх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байх бөгөөд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийн холбогдох зүйл хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хариуцагч байгууллага нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч Мөнх-Оргил трейд ХХК-ийг томилсон байх бөгөөд уг үнэлгээний компанийн үнэлгээчин Б.Эрдэнэбаатарт 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шинжээчээр ажиллахад татгалзан гарах үндэслэл байгаа эсэх, ашиг сонирхлын зөрчил байгаа эсэх талаар урьдчилан тодруулж, эрх, үүрэг, хариуцлагыг сануулж, гарын үсэг зуруулсан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасан журамтай нийцэж байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/01051 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ