2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 191/ШШ2025/11005

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: оршин суух, ******* овогт *******ийн *******/РД: *******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: байрлах, ******* ******* ******* ХХК/РД: *******/-д холбогдох

 

38,762,710 төгрөг гаргуулах ,******* дугаарыг буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч., хариуцагчийн өмгөөлөгч А., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн А.******* ******* ******* ******* ХХК/ /-д өөрийн ашиглаж байсан дугаарыг 2022 оны 11 сарын 14-ны өдөр барьцаалж 55 000 000 төгрөгийг сарын хугацаатай зээлж авсан бөгөөд зээлийн хүү нь 3.80 хувь гэж тооцооны хуудаст бичсэн боловч танилцаж зөвшөөрсөн хэсэгт үйлчлүүлэгчийн гарын үсэг зуруулаагүй.

2022 оны 11 сарын 14-ны өдөр буюу зээл авсан өдрөөс хойш 2022 оны 02 сарын 17-ны өдрөөс 03 сарын 19-ны өдрийг хүртэлх хугацаанд 2 090 000 төгрөгийг хүүнд, алданги 228 360 төгрөг, 2022 оны 03 сарын 29-ны өдрөөс 04 сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд 2 090 000 төгрөгийг хүүнд, алданги 1 141 800 төгрөг, 2022 оны 05 сарын 14-ний өдрөөс 13-ны өдрийг хүртэлх хугацаанд хүү 2 090 000 төгрөг. 2022 оны 07 сарын 18-ны өдрөөс 08 сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд хүү 2 090 000 төгрөг, алданги 114 180 төгрөг, 2022 оны 10 сарын 22-ний өдрөөс 2022 оны 11 сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд хүү 2 090 000 төгрөг, алданги 1 826 880 төгрөгөөр тус тус төлж байсан.

Иргэн А.******* өөрийн ашиглаж байсан дугаарыг барьцаалж зээл авсан өдрөөс хойш 2024 оны 08 сарыг дуустал хүү, алдангийг төлж байсан бөгөөд 2024 оны 12 сарын 16-нд уулзаж тооцоогоо ******* ******* ******* ХХК/ /-ны ажилтнаас лавлахад үндсэн зээл 55 000 000 төгрөг алданги 21 533 250 төгрөг болсон, хүү хэдэн төгрөг болсон талаар огт мэдээлэл өгөөгүй, алданги хэрхэн тооцсон талаар асуухад тодорхой үндэслэл бүхий хариулт өгөөгүй болно.

Иргэн А.******* өөрийн зээлсэн 55 000 000 төгрөгний үнийн дүнгээс давсан хүү төлсөн, мөн тооцсон алданги нь тухайн сарын гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэн төлөлт хийж 21 533 250 төгрөгөөр хохирч зээлийн төлөлт хийсэн байх тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэн А.*******ын ******* ******* ******* ХХК/ /-д өөрийн ашиглаж байсан дугаарыг барьцаалж 2022 оны 11 сарын 14-ны өдөр зээлсэн 55 000 000 төгрөгний /сарын 3.80 хүүтэй зээлсэн/ зээл аваад буцаан төлсөн 21 533 250 төгрөг нь зээлж авсан мөнгөний үнийн дүнгээс хэтэрсэн хэмжээний хүү, мөн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн алданги зэрэг болж иргэн А.*******ыг эд хөрөнгийн хохироосоор байх тул 21 533 250 төгрөгийг ******* ******* ******* ХХК/ /-аас буцаан гаргуулж иргэн А.*******ад олгож өгнө үү.

Иргэн А.*******ын ******* ******* ******* ХХК/ /-д өөрийн ашиглаж байсан дугаарыг барьцаалж 2022 оны 11 сарын 14-ны өдөр зээлсэн 55 000 000 төгрөгний сарын 3.80 хүүтэй зээлсэн/ зээл аваад буцаан төлөх үнийн дүн 2025 оны 05 сарын байдлаар 38 762 710 төгрөг болсон байх ба уг үнийн дүн зээлж авсан мөнгөний үнийн дүнгээс хэтэрсэн хэмжээний хүү, мөн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн алданги зэрэг болж иргэн А.*******ыг 38 762 710 төгрөгний эд хөрөнгөөр хохироосоор байх тул ******* ******* ******* ХХК/ /-аас 38 762 710 төгрөг буцаан гаргуулж иргэн А.*******ад олгож өгнө үү.

Иргэн А.*******ад огт мэдэгдэлгүйгээр түүний эзэмшлийн дугаарыг бусдад шилжүүлсэн болохыг хариу тайлбар хүргүүлсний дараа олж мэдсэн учраас дугаарыг иргэн А.*******ын нэр дээр буцаан шилжүүлэхийг ******* ******* ******* ХХК/ /-т даалгаж өгнө үү. гэв.

 

Хариуцагч ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие А.*******ын гаргасан нэхэмжпэлийг шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

******* ******* ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь барьцаалан зээлдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд бөгөөд үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд 2022-01-14-ний өдөр А.*******тай дугаар зээлийн гэрээг байгуулж, 60,000,000 төгрөгийг, сарын 3.8 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ******* дугаарыг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж, нэхэмжлэгч мөнгийг хүлээн авч зохигчдийн хооронд зээлийн болон фидуцийн гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан. /Талууд зээлийн гэрээ байгуулагдсан эсэх асуудалд маргаагүй болно/

Талуудын хооронд байгуулсан гэрээ ёсоор зээлдэгч А.******* үндсэн зээлийг хүүгийн хамт төлж барагдуулах үүрэг хүлээсэн. Зээлдэгч нь 2024-06-14-ний өдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гэрээний хугацааг сунгаж ирсэн бөгөөд 2022-05-18-ны өдөр үндсэн зээл 60,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг төлж, үндсэн зээлийн үлдэгдэл 55,000,000 төгрөг болсон боловч 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс хойш зээлийн төлбөр огт төлөөгүй, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн.

Зээлдэгч нь дээрх байдлаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн атлаа хохиролд 21 533 250 төгрөг гаргуулахаар нэхэмжилж буй нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд зээлийн гэрээний үүргээ зөрчсөн зээлдэгчид хохирол нэхэмжлэх эрх үүсэхгүй. Нөгөөтэйгүүр, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ /зээлийн харилцаа/ нь хүчин төгөлдөр бөгөөд зээлийн гэрээ байгуулагдан хэрэгжсэн эсэх асуудлаар талууд маргаагүй тул 21 533 250 төгрөгийн хохирол нэхэмжлэгч буюу зээлдэгч А.*******ад учрах хууль зүйн болон бодит боломж байхгүй.

Зээлдэгч А.******* нь 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс хойш зээлийн төлбөр төлөөгүй, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн бөгөөд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.4-д зааснаар Ноцтой зөрчил гэж зээлийн эргэн төлөх хуваарийг 60-аас дээш хоног хэтрүүлэх-ийг ойлгох ба нэхэмжлэгч А.******* Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д тус тус зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор гүйцэтгэх үүрэгтэй. Гэвч нэхэмжлэгч буюу зээлдэгч А.******* нь зээлийг эргүүлэн төлөх хугацааг 330 хоногоор хэтрүүлсэн, манай байгууллага энэ хугацаанд үүрэг гүйцэтгэгчтэй удаа дараа холбогдож, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шилжүүлсэн ******* дугаарын гэрээний хугацаа 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр дууссан талаар сануулж, худалдан борлуулж гэрээний үүргийг хангуулах талаар мэдэгдэхэд мөнгө удахгүй орж ирнэ түр хүлээж байгаач, хаах өдрийг хүртэлх хугацааны хүү, алдангийн хамт төлөөд авна хэмээн зээлдүүлэгчид итгэл үнэмшил төрүүлж ирсэн боловч зээлийн төлбөрийг төлөөгүй болно.

Хариуцагч нь барьцааны гэрээнд заасан ******* дугаарын үндсэн зээл 55,000,000 төгрөг, үндсэн хүү 22,983,900 төгрөг, алданги 90,750,000 төгрөг болсон боловч алдангийг хуульд нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 38,991,500 төгрөг, нийт 116,975,400 төгрөг хуримтлагдсаныг А.*******ад тайлбарлаж, зээлийн гэрээг нэхэмжлэгчид хамгийн бага үнээр буюу 80,000,000 төгрөгөөр хагаад авахыг санал болгож удаа дараа мэдэгдэж, 2 cap гаруй хугацаанд худалдан борлуулахгүй хүлээсэн боловч ямарч үр дүн гараагүй. Улмаар ******* дугаарыг зах зээлийн ханшаар буюу 75,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, гэрээний үүргийг дуусгавар болгосон.

Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс буюу 2024 оны 08 сарын 14-ний өдрөөс үүрэг гүйцэтгүүлэгч ******* ******* ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шилжүүлэн авсан эд хөрөнгө буюу ******* дугаараар хангуулах эрхтэй юм.

Иймд нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх ба зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдсан тул нэхэмжпэгч А.*******ын гаргасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс давсан алдангид төлсөн 21,533,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Иймд нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх ба зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдсан тул нэхэмжпэгч А.*******ын гаргасан хохиролд 38,762,710 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү...Иймд, 99117595 дугаарын эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг ******* ******* ******* ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн өмгөөлөгч А. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээл олгох үүрэг хүлээсэн энэ компани өөрийн үүргээ бүрэн биелүүлсэн байгаа юм. ******* гэдэг хүн өөрөө хүсэлтээ гаргаад таны авч байгаа зээл 60,000,000 төгрөг, сарын хүү 2,090,000 төгрөг, сар болгоны 30ны өдөр төлөөд явна. Энийг мэдээд энэ хүн төлөөд яваад байна шүү дээ. Өнөөдөр хэдэн төгрөгөө төлөхөө ч мэдэхгүй би ингээд сууж байна гэж эрх зүйн ямар ч боловсролгүй ийм мэдрэл муутай хүн шиг ийм зүйл яриад байгааг эрс эсэргүүцэж байгаа. Энэ хүн өөрийн биеэр ирээд зээлийн гэрээ байгуулаад барьцаа хөрөнгө ийм учиртай шүү гэдгээ тохиролцоод ингээд мобиком дээр очоод гэрээгээ шилжүүлээд яваад байгаа. Хэрвээ ******* гэрээний дагуу үндсэн үүргээ хугацаандаа гүйцэтгэсэн тохиолдолд ******* ******* ******* компани барьцааны зүйлийг буцаан олгоно. Энийг барьцааны гэрээний 3.4-т тодорхой заачихсан байгаа. Иргэний хуулийн 286.1-т зааснаар ******* ******* ******* ХХК нь зээлийн үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй компани. Эцэст нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй нэхэмжлэгч А.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч ээ. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч талын баримтаар гаргасан ******* ******* ******* ХХК/ /-ын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар Барьцаат зээлийн тооцооны хуудас,

Хариуцагч талын баримтаар гаргасан ******* ******* ******* ХХК-ийн дугаар Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, корпораци ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн дүгээр Гэрээ шилжүүлэх тухай баримтын хуулбар, ******* ******* ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга/1 хх-ийн 25-35, 83-84/, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар зээлийн гэрээний хуулбар, ******* ******* ******* ХХК ын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар Барьцаат зээлийн тооцооны хуудсыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.******* хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан нийт 38,762,710/гучин найман сая долоон зуун жаран хоёр мянга долоон зуун арав/ төгрөг гаргуулах, ******* дугаарыг иргэн А.*******ын нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч ******* ******* ******* ХХК нь үндсэн зээл 55,000,000 төгрөг, үндсэн хүү 22,983,900 төгрөг, алданги 90,750,000 төгрөг болсон, алдангийг үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 38,991,500 төгрөг, нийт 116,975,400 төгрөг хуримтлагдсаныг А.*******ад тайлбарлаж, улмаар ******* дугаарыг зах зээлийн ханшаар буюу 75,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, гэрээний үүргийг дуусгавар болгосон гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хариуцагч нь 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдөр үүсгэн байгуулагдсан байх ба хариуцагчийн үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ болох нь хариуцагчийн № Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай хүсэлт гаргаагүй болно.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 55,000,000/тавин таван сая/ төгрөг, 1 сарын хугацаатай, сарын 3.80/гурав зуун ная/ хувийн хүүтэй зээлж авсан, зээлж авсан мөнгөний дүнгээс хэтэрсэн хэмжээний хүү, үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн алданги, нийт 38,762,710/гучин найман сая долоон зуун жаран хоёр мянга долоон зуун арав/ төгрөг төлсөн гэж маргаж байна.

 

Зохигчид 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 60,000,000/жаран сая/ төгрөг, сарын 2.50/хоёр зууны тавь/ хувийн хүүтэй, 30/гуч/ хоногийн хугацаатай шилжүүлэх, шилжүүлэн авах тухай гэрээ байгуулсан болох нь хариуцагч талаас баримтаар гаргасан 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн № Барьцаат зээлийн тооцооны хуудас, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар Зээлийн гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Түүнчлэн, зохигчид 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр дугаар Барьцааны гэрээ байгуулсан болох нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар Барьцааны гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т Зээлийн гэрээг бичгээр ... байгуулах бөгөөд түүнд дараах нөхцөлийг тусгасан байна: гэж заасан.

 

Зохигчид 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээ-д Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасан нөхцөлийг тусгасан болох нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Зээлийн гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Зохигчид тус Зээлийн гэрээний хугацааг 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 30/гуч/ хоногийн хугацаатай байгуулсан байх боловч нэхэмжлэгч нь хариуцагчид 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл зээлийн төлбөрт төлөлт хийж байсан болох нь ******* ******* ******* барьцаалан зээлдүүлэх газрын Хаан банк ХК-д эзэмшиж байгаа Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

Зохигчийн зээлийн гэрээний харилцаа 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр үүссэн байх боловч зохигчийн зээлийн гэрээний харилцаа 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үргэлжилсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар уг харилцаанд Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг хэрэглэх үндэслэлтэй.

 

Зохигчид 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр № Барьцаат зээлийн тооцооны хуудас үйлдсэн байх боловч Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг дагаж мөрдсөнөөс хойш № Барьцаат зээлийн тооцооны хуудсыг Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт зааснаар Зээлийн гэрээ-ий хэлбэрт шилжүүлсэн болох нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Зээлийн гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн ... бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй. гэж заасан.

 

Зохигчид 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс хойш Зээлийн гэрээ-д гэрээний хугацааг сунгасан нэмэлт, өөрчлөлт оруулсан баримт бичгээр үйлдээгүй байх боловч нэхэмжлэгч нь хариуцагчид 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл зээлийн төлбөрт төлөлт хийж байсан байх тул Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт зааснаар өрийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

 

Зохигчид Зээлийн гэрээ-ий хугацааг 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр сунгасан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т Иргэний эрхийг дараахь аргаар хамгаална:, 9.4.4-т учруулсан хохирлыг арилгуулах;, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд ... зээлдэгчид хохирол учруулсан бол хохирлыг бүрэн барагдуулна. гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь хэтэрсэн хэмжээний хүү болон үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн алдангид нийт 38,762,710/гучин найман сая долоон зуун жаран хоёр мянга долоон зуун арав/ төгрөг төлсөн гэж маргаж байх боловч тус үнийн дүнг зээл, зээлийн хүү тооцох ямар аргачлалаар, ямар үнийн дүнгээс, хэдэн төгрөгийн хүү төлөхөөс, ямар хугацааны хүү илүү төлсөн гэж үзэж байгаа нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлохгүй байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь зээлийн ямар дүнгээс хэдэн төгрөгийн алданги төлөх үүрэгтэй байсан гэж үзэж байгаа нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлохгүй байна.

 

Хариуцагч нь үндсэн зээл 55,000,000/тавин таван сая/ төгрөг, үндсэн хүү 22,983,900/хорин хоёр сая есөн зуун наян гурван мянга есөн зуу/ төгрөг, алдангийг үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 38,991,500/гучин найман сая есөн зуун ерэн нэгэн мянга таван зуу/ төгрөг, нийт 116,975,400/нэг зуун арван зургаан сая есөн зуун далан таван мянга дөрвөн зуу/ төгрөг хуримтлагдсан гэх тайлбар гаргаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т Хэргийн оролцогч ... ажиллагааны явцад дараахь үүрэг хүлээнэ:, 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага ... үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох ... гаргаж өгөх;, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т Зохигч ... тэдгээрийн төлөөлөгч ... өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. гэж заасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 38,762,710/гучин найман сая долоон зуун жаран хоёр мянга долоон зуун арав/ төгрөг илүү төлсөн гэх нэхэмжлэлийн үндэслэл, тайлбараа баримтаар нотлохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид хүү, алдангид нийт 38,762,710/гучин найман сая долоон зуун жаран хоёр мянга долоон зуун арав/ төгрөг төлсөн гэх тайлбар баримтаар нотлогдохгүй байх тул Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нийт 38,762,710/гучин найман сая долоон зуун жаран хоёр мянга долоон зуун арав/ гаргуулах үндэслэлгүй байна.

 

Нэхэмлэгч нь хариуцагчид холбогдуулан ******* дугаарыг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд зээлийн гэрээтэй холбоотойгоор барьцааны ... тохиолдолд ... бичгээр ... байгуулж зээлийн гэрээнд хавсаргана ... гэж заасан.

 

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт зааснаар зохигчид 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр дугаар Барьцааны гэрээ байгуулж, Барьцааны гэрээ-ий 1-ийн 1.2-т зааснаар нэхэмжлэгчийн эзэмшлийн ******* дугаарын эзэмших эрхийг барьцаалсан болох нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар Барьцааны гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т Иргэний эрхийг дараахь аргаар хамгаална:, 9.4.2-т эрх ... зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх; гэж заасан.

 

******* дугаарыг эзэмших эрх иргэн Н.од шилжсэн болох нь корпораци ХХК-ийн 2025 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн № Гэрээ шилжүүлэх баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй ... гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ ... гэж заасан.

 

Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар ******* дугаарын эзэмшигч иргэн Н. нэхэмжлэгчийн хувьд ******* дугаарын өмчлөгч гэж үзэхээр байх боловч нэхэмжлэгч нь иргэн Н.од холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй байна.

 

Хариуцагч нь ******* дугаарын эзэмших эрхийг Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан журмын дагуу худалдан борлуулсан эсэх нь тодорхой бус байх боловч ******* дугаарын эзэмшигчээр иргэн Н. бүртгэгдэж, нэхэмжлэгч нь хариуцагчаар иргэн Н.ыг татаагүй байх тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.4.2, мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид ******* дугаарыг буцаан шилжүүлэхийг даалгах үндэслэлгүй байна.

 

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид ******* дугаарыг нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах үндэслэлгүй байна.

 

Шүүх Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.*******ын хариуцагч ******* ******* ******* ХХК-иас нийт 38,762,710/гучин найман сая долоон зуун жаран хоёр мянга долоон зуун арав/ төгрөг гаргуулах, ******* дугаарыг иргэн А.*******ын нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч А.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 509,797 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 107,751 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Д.Мэнбатад олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.                Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.*******ын хариуцагч ******* ******* ******* ХХК-иас нийт 38,762,710/гучин найман сая долоон зуун жаран хоёр мянга долоон зуун арав/ төгрөг гаргуулах, ******* дугаарыг иргэн А.*******ын нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч А.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 509,797 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 107,751 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Д.*******ад олгосугай.

 

3.                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ