| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2020/01348/И |
| Дугаар | 210/МА2020/01688 |
| Огноо | 2020-07-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 210/МА2020/01688
Н.Б нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/01506 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Б хариуцагч М.Х холбогдуулан гаргасан, нийт 42 868 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Н.Болормаа нь урьд хамт ажилладаг байсан О.Дэмбэрэлмаагийн гуйлтаар 2019 оны 04 сарын 30-ны өдөр М.Х 21 000 000 төгрөгийг хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн. О.Дэмбэрэлмаа нь М.Х мөнгөө хүүтэйгээр зээлдүүлчихсэн ба М.Хишигжаргалын Сүхбаатар дүүрэгт байрлах 2 өрөө байранд хамтран өмчлөгчөөр байдаг бөгөөд түүнд яаралтай мөнгөний хэрэгцээ гарсан тул байрны хамтран өмчлөгчөөс өөрийн нэрээ хасуулан оронд нь миний нэрийг хамтран өмчлөгчөөр оруулсны үндсэн дээр 21 000 000 төгрөгийг М.Х зээлдүүлсэн. Ямар нэг асуудал гарвал О.Дэмбэрэлмаа өөрөө бүх хариуцлагыг бүрэн дааж, чамайг чирэгдүүлэхгүйгээр бүрэн хөөцөлдөж өгнө хэмээн ам өчиг өгсөн. Гэвч М.Хишигжаргал сарын хүүгээ өгөхгүй, нэг ч төгрөг төлөхгүй явсаар гэрээний хугацаа дуусахад түр хүлээж байгаач би өөр хүнээс зээл авахаар хайж байгаа гэх мэтчилэн худал ярьж итгүүлсээр хамгийн сүүлийн хугацаа хэмээн хэлсэн 03 сарын 09-ний өдөр болоход би мөнгийг чинь өгөхөө болилоо, хүүг нь төлж чадахгүй, тэр шүүхээрээ яваад гаргуулж ав гэсэн. Иймд зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, хүү, алданги, нотариатын зардал, нийт 42 240 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч тал хариу тайлбартаа: Миний бие Н.Болормаатай 2019 оны 04 сарын 30-ны өдөр байгуулсан 21 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд бусдын шахалтаар зурсан боловч Н.Болормаагаас нэг ч төгрөг аваагүй болно. О.Дэмбэрэлмаагаас 2018 оны 03 сарын 07-ны өдрөөс 29-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 6 500 000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд О.Дэмбэрэлмаа нь барьцаа шаардлагатай гэхээр нь Сүхбаатар дүүргийн 9-р хороонд байрлах Өнгөт фасад ХХК-ийн барьсан өөрийн эзэмшлийн 2 өрөө орон сууцны захиалгын гэрээнд хамтран эзэмшигчээр гарын үсэг зурсан. О.Дэмбэрэлмаа нь миний зээлсэн дээрх 6 500 000 төгрөгийн хүү, алданги нийлээд 19 000 000 төгрөг болсон, өмнө зээлүүлсэн мөнгөө хүү, алдангитай нь нэгтгэн нэг зээлийн гэрээ хийе гээд 2019 оны 03 сарын 27-ны өдөр 19 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд надаар гарын үсэг зуруулсан. Үүний дараа О.Болормаа гэдэг хүн миний өмнөөс О.Дэмбэрэлмаад 19 000 000 төгрөг төлсөн, тиймээс надад өгөх мөнгөө одоо Н.Болормаад төлөөрэй гээд надаар баталгааны бичиг хийлгэж авсан. Тэр өдөр Н.Болормаа болон О.Дэмбэрэлмаа нар нотариат дээр очиж 21 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд надаар гарын үсэг зуруулсан. Би О.Дэмбэрэлмаагаас 6 500 000 төгрөг зээлсэн боловч эргэн төлөх мөнгөн дүн хэт өндөр болсны улмаас зээлээ эргүүлэн төлж чадалгүй өдийг хүрсэн. О.Дэмбэрэлмаа, Н.Болормаа нар хоорондоо хэрхэн юу гэж тохиролцсоныг би мэдэхгүй. Миний хувьд О.Дэмбэрэлмаагаас зээлсэн 6 500 000 төгрөгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу эргүүлэн төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа боловч Н.Болормаагаас 21 000 000 төгрөг зээлж аваагүй, надаас нэхэмжилж байгаа 43 240 000 төгрөгийг Н.Болормаад төлөх үүрэг үүсээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 281.2-т зааснаар М.Хишигжаргалаас 42 868 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 372 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 281.2-т заасныг баримтлан гэсэн нь буруу болжээ. Учир нь тухайн хуульд ийм заалт байхгүй юм. Шүүх тэдний хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэдгийг зөвшөөрөхгүй. Учир нь М.Хишигжаргал нь О.Дэмбэрэлмаатай 2019 оны 03 сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 19 000 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан. Энэхүү гэрээний зээлдүүлэгчийн шаардах эрхийг Н.Болормаа шилжүүлэн авсан байдаг тул гэрээний дагуу үндсэн төлбөр, хүү, алдангийг шаардах эрхтэй. Энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй. Н.Болормаа миний бие 21 000 000 төгрөгийг дансаар бусдад шилжүүлсэн гэдэг үйл баримтад талууд маргаагүй буюу надаас мөнгө шилжигдсэн, харин шилжүүлэхдээ О.Дэмбэрэлмаад шилжүүлсэн гэх үндэслэлээр өнөөдөр миний бие 21 000 000 төгрөгөө хариуцагчаас шаардах эрхгүй болчхоод байна. Миний бие өөрөө дур мэдэн О.Дэмбэрэлмаад мөнгө шилжүүлсэн зүйл байхгүй. Энэ нь М.Хишигжаргалтай байгуулсан зээлийн гэрээгээр түүнтэй тохиролцсоны дагуу шилжүүлэхээр тохиролцсон хамтын тохиролцоо байсан. Үүнийг тухайн тойргийн нотариатч мөнгийг О.Дэмбэрэлмаад шилжүүлэх шалтгаан нөхцөлийг хууль ёсны гэж үнэлж, хөндлөнгийн хяналтыг хийж ийм гэрээ байгуулж болохыг зөвшөөрч, гэрээг баталсан. Хариуцагч нь О.Дэмбэрэлмаагаас өмнө зээлсэн төлбөрөө төлөхийн тулд Н.Болормаагаас мөнгө зээлсэн. Ийнхүү 21 000 000 төгрөгийг О.Дэмбэрэлмаагаас зээлсний баталгаа болгож М.Хишигжаргал нь түүнийг байрны хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх тухай 2018 оны 10 сарын 24-ний өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулсан. Энэхүү гэрээний дагуу сөрөг нэхэмжлэлтэйгээ хамт хавсаргасан буюу хариуцагч М.Хишигжаргалаас шүүхэд гаргаж өгч, нэхэмжлэгч танилцаж, зургийг нь сканердаж авсан. Үүнийг шүүх анхаарч үзээгүй. Анхан шатны шүүхийн шүүгч хариуцагчийн дээрх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан ч шүүх хуралдааны явцад энэхүү баримтуудыг хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргалаа гэсэн атлаа мөн нэгэнт нэхэмжлэгч танилцаад хуулбарлаад авсан дээрх хамтран өмчлөгчөөр орох гэрээ, хүсэлт зэргийг шүүгчийн туслах дур мэдэн хавтаст хэргээс хасаж хариуцагчид буцаан өгсөн байдаг. Н.Болормаагаас мөнгө зээлсэн болохоо хүлээн зөвшөөрсөн болоод л О.Дэмбэрэлмааг хасуулж, Н.Болормааг тухайн байрны хамтран өмчлөгчөөр захиалгын компанид хариуцагч М.Хишигжаргал бүртгүүлээд байгаа юм. Мөн тус 21 000 000 төгрөгөө буцаан төлөх тухай Баталгаа-г дахин нотариатч дээр очиж бичиж өгөөд байгаа үйл баримтыг юу гэж үзэх вэ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу тал бүрээс нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Н.Болормаа нь хариуцагч М.Х холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 42 868 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 15-16/
Нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг гэрээнд заасны дагуу О.Дэмбэрэлмаад шилжүүлсэн учир зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж тайлбарладаг бол хариуцагч нь зээлийн гэрээнд бусдын шахалтаар гарын үсэг зурсан, Н.Болормаагаас нэг ч төгрөг хүлээн аваагүй учир зээлийн гэрээний үүргийг хариуцахгүй гэж мэтгэлцдэг.
Хэрэгт Н.Болормаа, М.Хишигжаргал нарын хооронд 2019 оны 04 сарын 30-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээ авагдсан байх ба уг гэрээгээр зээлдүүлэгч Н.Болормаа нь 21 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр М.Х зээлдүүлэх, зээлийн мөнгөн хөрөнгийг О.Дэмбэрэлмаагийн Хаан банк ХХК дахь 5085034036 тоот данс руу шилжүүлэх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /хх 4/ Иймд талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан хэлцэл хийгдсэн гэж үзнэ.
Хэрэгт авагдсан Хаан банк ХХК-ийн орлогын мэдүүлгээр Н.Болормаагаас О.Дэмбэрэлмаад 2019 оны 05 сарын 01-ний өдөр 15 000 000 төгрөг, 2019 оны 05 сарын 03-ны өдөр 6 000 000 төгрөгийг тус тус Н.Болормаагаас М.Х зээл гэсэн утгатайгаар шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /хх 22, 23/ Иймд Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэлийг гэрээнд заасан этгээдэд хүлээлгэн өгснөөр үүргийг гүйцэтгэсэнд тооцохоор зохицуулсны дагуу зээлдүүлэгч Н.Болормааг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, Н.Болормаа нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгийг зээлдэгч М.Х шилжүүлэн өгсөн байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгч М.Хишигжаргал нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд хэлэлцэн тохиролцсон хүүгийн хамтаар зээлдүүлэгч Н.Болормаад буцаан төлөх үүргийг хүлээнэ.
Мөн талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ-ний 5-д зээл авагч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам төлөгдөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцох нөхцөлийг тусгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн зохицуулалтад нийцжээ.
Зээлийн гэрээний дагуу хариуцагч М.Хишигжаргалын хүлээх үүргийг тооцоход 21 000 000 /үндсэн зээл/ + (21 000 000 х 6 хувь х 6 сар) = 28 560 000 төгрөг болох тооцоолол гарч байна. Үүнээс хууль болон гэрээнд заасны дагуу алданги тооцоход 28 560 000 х 0.5 хувь х 157 хоног /2019.10.03-2020.04.08/ = 22 419 600 төгрөг болж байх боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй тул нэхэмжлэгч нь 28 560 000 х 50 хувь = 14 280 000 төгрөгийн алдангийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Зээлийн гэрээний хугацаа, зээлийн гэрээний хүү, алдангийн хэмжээ зэргийг харгалзан үзээд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт шүүхэд олгосон эрх хэмжээний хүрээнд 14 280 000 төгрөгийн алдангийг 50 хувиар багасгах үндэслэлтэй гэж үзлээ. Нотариатын зардалд 28 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд энэхүү зардал нь баримтаар нотлогдохгүй байх тул хангах үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч М.Хишигжаргалаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 21 000 000 төгрөг + зээлийн хүү 7 560 000 төгрөг + алданги 7 140 000 төгрөг, нийт 35 700 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Болормаад олгож, үлдэх 7 168 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...281.2... гэж хуульд байхгүй зохицуулалтыг баримталсан, мөн М.Х холбогдох хэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож буйг тодорхойгүй орхигдуулсныг анхааруулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/01506 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Хишигжаргалаас зээлийн гэрээний үүрэгт нийт 35 700 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Болормаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 168 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 372 150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.Хишигжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 336 450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Болормаад буцаан олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2020 оны 06 сарын 25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 372 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ
Д.НЯМБАЗАР