Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2025/ДШМ/19

 

2025/ДШМ/19

 

 

        

С.Ч, Ж.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Ч.Баярцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Б.Тулга   

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.Алтанчимэг, Ц.Бат-Эрдэнэ

Шүүгдэгч: С.Ч, Ж.А

            Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан

 

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/47 дугаартай шийтгэх тогтоолтой шүүгдэгч С.Ч, Ж.А нарт холбогдох 2412003080289 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ж.А эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Монгол Улсын иргэн, 1900 оны 0 сарын 0-нд Х аймгийн Жт суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 0, хүүхдийн хамт Х аймгийн Жт сумын Х багт хаягтай, одоо А аймгийн Т сумын Х баг, Н гэх газарт оршин суудаг, урьд нь Х аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 01 сарын 05-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 08 сарын 11-ний өдрийн 181 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, тус ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 04 сарын 28-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 20-ны өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1-д заасны дагуу эдлэх ёстой ялаас 2 жилийг өршөөн хасаж биечлэн эдлэх ялыг 6 сараар тогтоосон, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/134 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлсэн, А аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/263 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 2020 оны 04 сарын 21-ний өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 29 хоногийг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 11 сар 29 хоногоор тогтоосон, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/54 дугаартай тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/425 дугаартай тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгүүлж, тус ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, нийт 8 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, А овогт Жын А /РД: 0000000000/,

 

       Монгол Улсын иргэн, 190 оны 0 дугаар сарын 0-нд Х аймгийн Ж суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 0, эхийн хамт амьдардаг, А аймгийн Т сум, Х багийн Гы 0 тоотод суудаг, урьд нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/345 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 5 жилийн хугацаагаар тэнссэн, А аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/102 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, А овгийн Сын Ч /РД:0000000000000000/

 

Шүүгдэгч Ж.А, С.Ч нар нь бүлэглэж, 2024 оны 07 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө, А аймгийн Т сумын “Б” гэх газарт бэлчээрлэж байсан, иргэн Э.Хын өмчлөлийн, олон тооны буюу шар хээр зүсмийн нас бие гүйцсэн, зөв талын гуяндаа дөрвөлжин тамгатай морь нэг, өсгий цагаан, сартай хүрэн зүсмийн нас бие гүйцсэн тамгагүй морь нэгийг хуучин малын хашаанд хашиж барин өөрийн эзэмшил, захиран зарцуулах эрхэнд бүр мөсөн, үнэ төлбөргүйгээр хулгайлан авч Э.Хт 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

  А аймгийн Прокурорын газраас Ж.А, С.Ч нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

           А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/47 дугаартай шийтгэх тогтоолд: Шүүгдэгч А овогт Жын А, А овогт Сын Ч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтуудад заасан “бүлэглэж, бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч А овогт Жын Аийг 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч А овогт Сын Чыг 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А, С.Ч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Аийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан их насны морины үнэ буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Ж.Ааас, шүүгдэгч С.Чын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хязаалан насны морины үнэ буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгийг шүүгдэгч С.Чаас тус тус гаргуулан улсын орлогод оруулж, Шүүгдэгч Ж.А, С.Ч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн баримт бичиг ирээгүй, түүнд хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.А, С.Ч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

           

              Шүүгдэгч Ж.А давж заалдах гомдолдоо ... А аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хурлаар орж 1 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлсэн. Би 2 хүүхэдтэй. Хүү 5-р ангид сурдаг өмнө нь аав хардаг байсан. Аав маань бурхан болсон. Одоогоор садан төрлийн холбоогүй айлд гуйж орхиод ирсэн. Охин сургуулийн дотуур байранд байдаг. Ээж нь салаад хаяад явсан. Иймд ар гэрийн байдлыг харгалзан үзэж, давж заалдах шатны шүүх хурлаар хэргийг минь дахин шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Шүүх хуралд өмгөөлөгчийн хамт өөрийн биеэр оролцох хүсэлттэй байна ... гэжээ.

           

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ ... А аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Тулга би Прокурорын тухай хуулийн 15, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3, 39.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Ж.А, С.Ч нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Ж.Аийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөлд гэр бүл салсан, хүүхэд харах хүнгүй гэсэн заалт байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х аймгийн Жт сумын Х багийн Засаг дарга 1 хүүхэдтэй гэсэн тодорхойлолт гаргаж өгч байсан. Гэтэл одоо дахиад 1 хүүхэд нэмээд тодорхойлолт гаргаж өгч байна. Ямар ч тодорхойлолт гаргаж өгсөн энэ 2 хүний бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлсан гэмт хэрэгт Ж.Ат 1 жил 8 сар, С.Чад 1 жил 4 сарын хорих ял оногдуулсан нь тохирсон гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтанчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Миний үйлчлүүлэгч Ж.А ам бүл 4-үүлээ байсан. Гэр бүл салахад Ж.А хүүгээ аваад эхнэр нь охиноо аваад салсан байдаг. Ж.Аийг хоригдсоноос хойш эхнэр хүүхдээ хаяад явсан. Сургуулийн хүүхдийн амралт болсон учраас охиныг эхнэр лүү нь явуулсан, одоо ирэх гэж байгаа. Хүү нь Ж.Атай хамтран амьдарч байгаа н.П хамт амьдарч байгаа. Энэ дээр Засаг даргаас худлаа, хуурамч баримт гаргуулах шаардлага байхгүй. Үнэхээр бодит ар гэрийн амьдрал ийм байгаа. Ар гэрийн байдлыг харгалзан үзэх талаар давж заалдах гомдол гаргасан гэж байна. Ар гэрийн болон хувийн байдлыг харгалзахыг эрүүгийн хуульд заасан байдаг. Ж.Аийн гаргасан гомдлоор эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү ... гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Ж.Аийн давж заалдах гомдлыг шүүх хангах боломжтой гэж үзвэл С.Чын хувийн байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо зэргийг харж үзээсэй гэж хүсэж байна гэв. ... гэв.

 

Шүүгдэгч Ж.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Ж.А би 1987 онд төрсөн. 2023.12.18-ны  өдөр эхнэрээсээ албан ёсоор салаад хүүхэдтэй хамт амьдарч байсан. Тэр үед аав маань байсан. 2024.07.23-нд аав өөд болсон. Хүүхэд сургуулийн амралтаар манай хамааны айлд суугаад байж байгаа. Одоо хүүхдийг маань харж хандах хүн байхгүй. Энэ байдлыг харгалзан үзэж хорих ялаас хасаж өгнө үү гэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ... гэв.

 

Шүүгдэгч С.Ч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Байхгүй ... гэв.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

   А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.А, С.Ч нарыг бүлэглэж, 2024 оны 07 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө, А аймгийн Т сумын “Б” гэх газарт бэлчээрлэж байсан, иргэн Э.Хын өмчлөлийн, олон тооны буюу шар хээр зүсмийн нас бие гүйцсэн, зөв талын гуяндаа дөрвөлжин тамгатай морь нэг, өсгий цагаан, сартай хүрэн зүсмийн нас бие гүйцсэн тамгагүй морь нэгийг хуучин малын хашаанд хашиж барин өөрийн эзэмшил, захиран зарцуулах эрхэнд бүр мөсөн, үнэ төлбөргүйгээр хулгайлан авч Э.Хт 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, шүүгдэгч Ж.А, С.Ч нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын  анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

   Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.А, С.Ч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтуудад заасан “бүлэглэж, бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.Аийг 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч С.Чыг 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ... шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно ... гэж хуульчилжээ.

 

    Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Ж.А нь урьд нь хэд хэдэн удаа шүүхээр гэм буруутайд тооцогдож улмаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан, энэ төрлийн гэмт хэрэгт ихэнх зүйлчлэл нь хамаарч, эрүүгийн хариуцлага хүлээсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байхад шүүгдэгч Ж.Ат холбогдох хэрэгт  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, түүнд хорих ял оногдуулсан нь хуульд нийцэхгүй байна.

 

 

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шүүгдэгч Ж.Ат оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний хувийн байдалд тохироогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг буруу тайлбарлаж, түүнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж оногдуулсан нь үндэслэлгүй байна.

         

  Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдаанд хамаарах бөгөөд мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

            

Монгол Улсын Үндсэн Хуулийн 2 дугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 14-т ... өөрөө, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно ... гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй ... гэж тус тус хуульчилсан.

           

  Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.А, С.Ч нар өөрөө өөрсдийн холбогдсон хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй байхаа хэлсэн, шүүгдэгч нар мэдүүлэг өгөхгүй гэсэн тохиолдолд шүүгдэгч нараас холбогдсон гэмт хэргийг нь хэлүүлэх асуулт асуух эрх прокурор, өмгөөлөгч нарт олгогдоогүй байхад шүүх хуралдаан даргалагч тэдгээрт шүүгдэгч нараас хэргийн талаар асуух асуулт байгаа эсэхийг асууж боломж олгож, улмаар прокурор, өмгөөлөгч нар шүүгдэгч нараас хэргийн талаар асууж, өөрөө өөрсдөөр нь хэргийг нь хүлээлгэх мэдүүлэг авсан.

           

 Мөн шүүгч ямар ч хэрэг хянан шийдвэрлэсэн хөндлөнгийн байр суурьтай шүүх хуралдаанд оролцох нь хуульд нийцэхээр байхад шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааны явцад шүүгдэгч нараас тэдгээрийн холбогдсон хэргийн талаар нэг бүрчлэн асуулт асууж хэргийн талаар мэдүүлэг авч мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь зөрчсөн, шүүх хуралдаан даргалагч шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны шатанд шүүгдэгч нараас асуулт асууж буй нь шүүх хуралдааны дарааллыг зөрчсөн гэж тус тус дүгнэхээр байна.

         

  Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ж.А, С.Ч нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр, хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тус тус шийдвэрлэлээ.

           

  Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгчийн гаргасан гомдолд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй болно.

             

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

 

  1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/47 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

  2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ж.А, С.Ч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                            ШҮҮГЧИД                                       Т.ДАВААСҮРЭН

 

                                                                                     Ч.БАЯРЦЭНГЭЛ