| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 2412002480307 |
| Дугаар | 2025/ДШМ/20 |
| Огноо | 2025-04-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2025/ДШМ/20
2025/ДШМ/20
Г.У, О.Б, Б.С нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Ч.Баярцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: Ж.Ундармаа
Яллагдагчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал, М.Энхболд \онлайн\
Яллагдагч: О.Б /онлайн/, Б.С /онлайн/
Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЗ/175 дугаартай шүүгчийн захирамжтай яллагдагч Г.У, О.Б, Б.С нарт холбогдох 2412002480307 дугаартай эрүүгийн хэрэгт прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1900 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 0 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 0, нөхөр, 0 хүүхдийн хамт У хотын Б дүүрэг 0 дугаар хороо, 0 дугаар байрны 0 тоотод оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, З ургийн овогт Бийн С (РД.0000000000),
Монгол Улсын иргэн, 1900 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр У хотод төрсөн, 0 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 0, нөхөр 0 хүүхдийн хамт У хотын Б дүүрэг 0 дугаар хороо, 0 дугаар байрны 0 тоотод оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, М ургийн овогт Гын У (РД:00000000),
Монгол Улсын иргэн, 190 оны 00 дугаар сарын 0-ны өдөр У хотод төрсөн, 0 настай, эмэгтэй, дээд боловсролтой, маркетингийн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 0, нөхөр, 0 хүүхдийн хамт У хотын Б дүүргийн 0 дүгээр байрны 0 тоотод оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б ургийн овогт Оын Б (РД:00000000000),
Яллагдагч Г.У, Б.С нар нь бүлэглэн, 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 15 цагийн үед А аймгийн Э сумын 0 дугаар багийн нутаг дэвсгэрийн урд Тын эрэг дээр хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хохирогч О.Быг цохиж зодон, эрүүл мэндэд нь зүүн талын 11 дүгээр хавирганы хугарал, тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, умдаг, хэвлийн зүүн доод хэсэгт зөөлөн эдийн няцрал, нүүрэнд зулгаралт, баруун бугалганд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
яллагдагч О.Б 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 15 цагийн үед А аймгийн Э сумын 0 дугаар багийн нутаг дэвсгэр урд Тын эрэг дээр амрах газраа булаацалдан, хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, харилцан зодолдсоны улмаар хохирогч Г.С эрүүл мэндэд зүүн завжинд шарх, зүүн зовхи, хацар, эрүү, баруун эгэм, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол, мөн хохирогч Г.У эрүүл мэндэд баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
А аймгийн Прокурорын газраас Г.У, О.Б, Б.С нарт холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЗ/175 дугаартай шүүгчийн захирамжинд: А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Оын Б /ИБД:000000000000/, З овгийн Бийн С /ИБД:000000000000/, М овгийн Гын У /ИБД:00000000000/ нарт холбогдох 2412002480307 дугаартай эрүүгийн хэргийг А аймгийн Прокурорын газарт буцааж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, Хэргийг прокурорт очтол яллагдагч Г.У, О.Б, Б.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Захирамжийг прокурор, оролцогч нар эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлан шийдвэрлэжээ.
Прокурор эсэргүүцэлдээ ... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Уг гэмт хэрэг 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч О.Б нь Эрээн хотын олон улсын эмнэлэгт үзүүлсэн 2024 оны 9 сарын 19-ний өдрийн баримт, Меd trauma эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээг тус тус нотлох баримтаар гарган өгсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон ... гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ” гэж заасан.
Хохирогч О.Бын шүүхийн шатанд гаргаж өгч байгаа нотлох баримтын эх сурвалжийг магадлах, тухайн баримтад агуулагдаж буй шинэ мэдээлэлтэй холбоотой нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийх шаардлагагүй бөгөөд гагцхүү шинжилгээний байгууллага тухайн баримтад агуулагдсан мэдээлэл гэмт хэрэг үйлдэгдсэн хугацаанд үүссэн гэмтэлтэй шалтгаант холбоотой эсэх, гэмтлийн зэрэг өөрчлөгдөх эсэх талаар дүгнэлтдээ тусгах боломжтой юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт “хохирогч, яллагдагч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг мөрдөгч, прокурор авч хавтаст хэрэгт тусгаж хавсаргана.” гэсэн заалтаас үзвэл мөрдөгч, прокуророос мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч нараас ирүүлсэн баримтыг хэрэгт тусгах тогтоол үйлдэж, хэрэгт хавсаргаж болохоор хуульчилсан байгаа юм. Гэтэл шүүхээс уг заалтын хүрээнд хамааруулан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад яллагдагч, хохирогч О.Бын Эрээн хотод үзүүлсэн талаарх эмнэлгийн баримтыг хүлээн авсан нь дээрх хуулийн заалтыг зөрчиж байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 хэсэгт заасан гэмт хэргүүдийн хохирогчид учирсан хор уршгийн зэрэглэлийг Шинжилгээний байгууллага тогтоож дүгнэлт гаргана гэж заасан хэдий ч Хууль зүйн дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай журмын 2.2 дахь хэсэгт “Энэ журмын 2.1.1-2.1,5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр хийлгэнэ”, журмын 2.3 дахь хэсэгт “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч ... хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана”, 2.4 дэх хэсэгт “ Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргуулахаар шинжээч томилж болно” гэж тус тус заасныг үндэслэн мөрдөгч журмын 2.1.1-2.1.5- д заасан хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүснэгтээр тогтоож, танилцуулан зөвшөөрсөн тохиолдолд шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж хэвшсэн ойлголт бөгөөд шаардлагатай гэж үзвэл хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээг шүүхийн шатанд шинжилгээний байгууллагаар хийлгэх боломжтой юм. Иймд А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЗ/175 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив ... гэжээ.
Прокурор Ж.Ундармаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ ... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 2 үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд яллагдагч, хохирогч О.Бын зүгээс болон түүний өмгөөлөгч Н.Энхжаргал нар холбогдох баримтыг гаргаж өгсөн. Уг баримтыг үндэслээд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудал шинээр үүссэн нөхцөл байдал гэж шүүх дүгнэсэн байгаа учраас энэ шинжээчийн дүгнэлтийг заавал прокурорт буцаахгүйгээр уг баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлсэн учраас эдгээр дүгнэлтүүдийг үндэслээд дахин шинжээч томилох нь шүүхийн эрх хэмжээний асуудал байсан. Шүүхээс шийдвэрлээд явах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй гэж эсэргүүцлээ бичсэн. Эсэргүүцлийн 2 дахь заалтын хувьд эсэргүүцэлд дурдаад явсан учраас дэмжиж оролцож байна. 2025 оны 03 сарын 05-ны өдрийн 175 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү ... гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч М.Энхболд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1, 6.2-д шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн эрх хэмжээг тусгайлан заасан байна. Яллагдагч болон яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлт нь уг заалтад хамаарахгүй гэж үзэж байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 28 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд шинжээчийн дүгнэлтийг дахин гаргах тухай үндэслэлийг тусгайлан заасан байдаг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн дахин шинжээч томилуулахыг үндэслэн шинжээчийн дүгнэлт бүрэн бус эсвэл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, үндэслэлтэй, үндэслэлгүй гэдэг нь эргэлзээтэй болсон тохиолдолд шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд зааснаар дахин шинжилгээ хийлгэнэ гэж заасан. Гэтэл үүнийг шүүх мөрдлөг болгосонгүй. Яллагдагч О.Б нь бүхэл бүтэн 7-8 сарын хугацаанд явж байгаад ирсэн. Өөрийн биедээ санаа тавиагүй, тухайн үедээ шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй. Бараг жил шахмын дараа дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаж байгаа нь учир дутагдалтай байна. Энэ хугацаанд өөр хаанаас ч гэмтэл авсан юм мэдэхгүй. Шинжлэх ухаан талаасаа аваад үзвэл 6-7 сарын хугацаанд, хамар, нуруу гээд ярьж байна. Дахин гэмтэл аваад эдгэсэн ч байдаг юм уу. Иймд шинжээчийг дахин томилсон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн өмгөөлөгчийн асуудлаар хандахад улсын өмгөөлөгч төлбөрийн чадваргүй хүнийг өмгөөлж, улсаас санхүүждэг байтал төлбөрийн чадвартай, бүхэл бүтэн машин, байр сууцтай, гадаад дотоодод худалдаа хийдэг, 20-30 мянган юаниар өөрийгөө эмнэлэгт үзүүлдэг ийм төлбөрийн чадвартай хүнийг яагаад улсын ахлах өмгөөлөгч энд ороод өмгөөлөөд сууж байгаа юм бэ гэдгийг хөндөж тавих нь зүйтэй болов уу гэж бодож байна ... гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Н.Энхжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Түрүүлээд миний ажлын нэр хүнд явж байна. Үүнд тайлбар хийе. Хохирогчоор О.Б хууль зүйн туслалцааны төвд хандаж ирэхдээ зөвхөн хохирогчоор биш холбогдогч, яллагдагчаар яллах дүгнэлт гардаж авсны дараа хууль зүйн туслалцааны төвд хандсан. Хууль зүйн туслалцааны улсын өмгөөлөгчийн хувьд мэдээж Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын тодорхойлолт, судалгааг үндэслэн амьжиргааны түвшний 401 нэг онооноос доогуур буюу 401 гэсэн босго онооноос доогуур хүнд хууль зүйн туслалцаа үзүүлэх боломжтой. Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын тодорхойлолтоор О.Б нь амьжиргааны түвшин доогуур гэсэн судалгаа гарч ирсэн учраас өмгөөлөгч өмгөөлж байгаа. Түүнээс биш Хууль зүйн туслалцааны А аймаг дахь салбарын өмгөөлөгч Н.Энхжаргал миний бие О.Бтой гэрээ байгуулаад, хөлс мөнгө аваад өмгөөлсөн асуудал байхгүй. 402 гэсэн амьжиргааны түвшний босго оноонд хүрэхгүй байгаа нь нотлогдсон учраас 2024 оны 12 сарын 03-ны өдөр дээрх тодорхойлолтыг дотоод сүлжээгээр авч улсын өмгөөлөгч өмгөөлж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэхээр хуульчилсан байгаа. Шинжээчийн дүгнэлт бүрэн бус шинжилгээ хийлгэх асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон нь хохирогч О.Бын зүгээс гаргаж өгсөн нотлох баримтуудаар нотлогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн учраас дээрх шүүгчийн захирамжид шинжээчийг томилсон асуудал болсон. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. О.Б хэрэг болсон гэх цаг хугацаанаас хойш явж, явж жилийн дараа эмнэлгийн байгууллагад хандаад байгаа асуудал биш, 2024 оны 07 сарын 18-ны өдөр хэрэг болсон. Энэ цаг хугацаанаас хойш 8 сард эмнэлэгт үзүүлсэн. 2024 оны 09 сард нарийн мэргэжлийн эмнэлэгт үзүүлсэн. Хамрын хугарлыг нотолсон Меd trauma гэх эмнэлэгт 2024 оны 08 сард үзүүлсэн нотлох баримт нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Энэ нь тухайн гэмт хэрэг болсон цаг хугацаанаас хойш 1-2 сарын дараах асуудал яригдаж байгаа болохоос биш 1 жилийн дараах асуудал яригдаагүй. Нотлох баримтаар өгөөд байгаа дээрх баримтуудын цаг хугацааг хараач, 1 жилийн дараах баримт биш юм. Өмнө тайлбар хэлэхдээ саналаа хэлсэн. Хохирогчийн зүгээс гаргаж өгч байгаа нотлох баримтуудыг үндэслэн дахин дүгнэлт гаргуулахаар шинжээч томилж өгнө үү гэсэн саналтай байна ... гэв.
Яллагдагч О.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Миний эрүүл мэнд, хамар угаасаа илт харагдаж байгаа, хамар битүүрч байна, өглөө таг хуурай сэрдэг, таславч гэмтсэн. Миний нуруу өвдөж байсан байж магадгүй гэхдээ би зүв зүгээр ажлаа хийгээд явж байсан. Энэ хүмүүсийн зарим нь надад гар хүрээгүй байсан ч хэд хэдэн талаас гар, хөл бариад зодуулж, цохиулсан. Намайг тойроод 9 хүн зогсож байсан. Түүнээс 5 хүн надтай их ойрхон байсан. Тэрнээс болоод нурууны доод зөөлөн эд гэмтсэн, шээс задгайрсан байгаа. Би яагаад ч 5-6 хүний эсрэг ганцаараа харилцан зодолдох боломж байхгүй. Миний ард 5 настай хүүхэд маань гуянаас бариад зогссон байхад өөрсдөө дайрч хүн зодчихоод, харилцан зодолдсон гээд байгаа. Дээрээс нь энэ хүмүүс хөдөө аялж зугаалж явсан хүмүүс, гол усруу ороод хөл гараа хөхрүүлсэн юм уу би мэдэхгүй. Би зөөлөн тапчигтай байсан. Намайг сөхрөөд унасан байхад хүн өшиглөсөн гэж байгаа. Цагдаад удаа дараа хэлсэн. Би үсдүүлээд доошоо даруулаад сөхөрсөн байж яаж хөлөө өргөж энэ хүмүүсийг хөхрүүлж, няцруулсан байх юм бэ. Үүнийг одоо болтол ойлгохгүй байна ... гэв.
Яллагдагч Б.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Гол усанд ороод өөрсдөө гэмтэл учруулсан байх гэж байна. Эрүүл саруул, үр хүүхэд, хөгшин настай хүмүүсээ дагуулаад явж байгаа хүмүүс голд ороод нүүр амаа зулгалаад, хөхөрч хавдталаа гэмтэл авах боломжгүй. Улаанбаатар хотод мөрдөгч н.А гэж хүн ирж, Г.У, О.Б бид гурваас мэдүүлэг авсан. Тэр үед мөрдөгч хэрэг прокурорт шилжинэ гэж хэлж байсан. Тэр үед яагаад баримт, материалаа өгөөгүй юм бэ, гайхаж байна. 4-5 хүнд зодуулсан гэж байна. Өөрөө нөхөртэйгөө амаа нийлүүлж худал мэдүүлэг өгсөн. Тэр 9 хүний 5-6 хүн нь О.Бын хамаарал бүхий хүмүүс байсан. Гэнэт согтуугаар баахан насанд хүрээгүй хүүхэд суулгасан, машин барьж ирээд, нялх хүүхэдтэй унтаж байсан майхныг нураана гээд гүйсэн. Бид зүгээр байхад нь согтуу хүнийг очоод зодсон юм шиг яриад байгаа. Өөрийнх нь мэдүүлэгт би пиво уусан байсан гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр намайг эрүүл байхад энэ хүмүүс согтуу байсан гэж хэлсэн. Үүнд маш их харамсаж байна. Мөрдөгч, прокурор зэрэг бүх хүмүүсийг худлаа хэлсэн мэт болгосон. Бидний үүсгэх боломжгүй байсан гэмтлүүд дээр хүртэл гэмтэл болгож гаргаж ирж байна. Өөрөө хувь хүн талаасаа ёс зүйгүй, буруу хүн ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.
А аймгийн Прокурорын газраас яллагдагч Г.У, Б.С нарыг бүлэглэн, 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 15 цагийн үед А аймгийн Э сумын 0 дугаар багийн нутаг дэвсгэрийн урд Тын эрэг дээр хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хохирогч О.Быг цохиж зодон, эрүүл мэндэд нь зүүн талын 11 дүгээр хавирганы хугарал, тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, умдаг, хэвлийн зүүн доод хэсэгт зөөлөн эдийн няцрал, нүүрэнд зулгаралт, баруун бугалганд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
яллагдагч О.Быг 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 15 цагийн үед А аймгийн Э сумын 0 дугаар багийн нутаг дэвсгэр урд Тын эрэг дээр амрах газраа булаацалдан, хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, харилцан зодолдсоны улмаар хохирогч Г.С эрүүл мэндэд зүүн завжинд шарх, зүүн зовхи, хацар, эрүү, баруун эгэм, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол, мөн хохирогч Г.У эрүүл мэндэд баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэж үзэж, Г.У, О.Б, Б.С нарт холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийн бүхий л нөхцөл байдлыг тал бүрээс нь бодитойгоор тогтоох, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэх зорилгоор уг хуулийг хэрэгжүүлэгч албан тушаалтан, байгууллагын үйл ажиллагааны журам, бүрэн эрх, үндсэн чиг үүргийг тогтоон тодорхойлсон байдаг.
Эдгээр зохицуулалтыг чанд сахих нь шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокуророос гаргаж буй аливаа шийдвэр хуульд нийцсэн, Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжийг зөв хэрэглэх зайлшгүй нөхцөл болно.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад О.Бын биед урьд шинжилгээ хийлгэсэн асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тул шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан, хохирогч О.Бын эмнэлгийн байгууллагад оношлуулж шинжилгээ хийлгэсэн баримтанд мөрдөгч, прокурор хуульд заасан чиг үүргийн хүрээнд эх сурвалжийг магадлах, тухайн баримтад агуулагдаж буй шинэ мэдээлэлтэй холбоотой нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийх шаардлагатай, шинэ нөхцөл байдал үүссэн нөхцөл байдлыг шалган тогтоох ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална ... гэж заасан байхад хуульд заасан үндэслэл журмын дагуу шинжээчийн дүгнэлт гаргуулалгүй, мөрдөгч тушаал баримтлан хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон нь үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар бүлэгт шинжилгээ хийлгэх журмыг хуульчилсан бөгөөд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шинжээч томилж, дүгнэлт гаргуулах шаардлагатай тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Иймд А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЗ/175 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЗ/175 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ В.ЦЭЦЭНБИЛЭГ
ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН
Ч.БАЯРЦЭНГЭЛ