Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2017/00759

 

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2017/00759

 

 

 С.Баяраагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/00271 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Баяраагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яаманд холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч С.Баяраа

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Дашравдан

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямдорж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов. 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Баяраа миний бие 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Монгол Улсын Зам, Тээврийн сайдын тушаалаар Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагад Монгол Улсыг төлөөлөн суух төлөөлөгчөөр томилогдсон бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Төлөөлөгчөөр ажиллуулах гэрээг 3 жилийн хугацаатай тус яамтай байгуулан ажиллаж эхэлсэн. Төмөр замын хамтын ажиллагааны байгууллага нь Бүгд Найрамдах Польш Улсын Варшав хотод байрладаг олон улсын байгууллага юм. 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Монгол Улсын Зам Тээврийн Хөгжлийн сайдын тушаалаар 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн. Энэхүү ажлаас чөлөөлсөн сайдын тушаалыг хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр гэж үзэхгүй байгаа бөгөөд С.Баярааг хууль бусаар, үндэслэлгүй ажлаас халсан болохыг тогтоож өгөхийг хүссэн нэхэмжлэлийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14, Төрийн албаны тухай хуулийн 11-р зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтууд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 14 дүгээр зүйлийн 14.2, 26 дугаар зүйлийн 26.2, Төлөөлөгчөөр ажиллуулах гэрээний 5.2 дугаар заалтыг тус тус үндэслэн гаргаж байна. Иймд урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан журмыг баримтлан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Олон Улсын Төмөр Замуудын Хамтын Ажиллагааны Байгууллага нь ...Европ Азийг холбосон олон улсын төмөр замын тээврийг хөгжүүлэх, сайжруулах, олон улсын төмөр замын тээврийн салбарт тээврийн зөвшилцсөн бодлогыг хэрэгжүүлэх, ...төмөр замын тээврийн салбар дахь мэдээлэл, шинжлэх ухаан-техник, эдийн засаг, экологийн хүчин зүйлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх талаар хамтран ажиллах зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү ТЗХАБ-д уг байгууллагын дүрмийн дагуу гишүүн улсаас томилогдох төлөөлөгч нь техникийн болон эдийн засгийн дээд боловсролтой, төмөр замын эдийн засаг, төмөр замын тээврийн ашиглалтын мэргэжилтэй байх шаардлага тавигддаг бөгөөд анх байгуулагдсан үеэс төмөр замын мэргэжлийн хүн томилогдож ирсэн. Гэтэл Зам, тээврийн сайд /хуучнаар/-ын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Төлөөлөгчөөс чөлөөлөх, төлөөлөгчөөр томилох тухай 310 дугаар тушаалаар уг олон улсын байгууллагын дүрэм, холбогдох баримт бичгийн шаардлагыг зөрчиж, ТЗХАБ-ьн Комиссын тээврийн албан тушаалд нэр дэвшигчийн мэргэжлийн шаардлагыг хангахгүй, иргэн С.Баярааг Зам, тээврийн яам /хуучнаар/-ыг төлөөлж ТЗХАБ-д суух Зам, тээврийн яамны төлөөлөгчөөр томилсон нь Монгол Улсын Үндсэн Хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байсан. Энэ нь ТЗХАБ-ын Ерөнхий Хорооны даргын Зам, тээврийн сайдад ирүүлсэн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн П1-49/15 тоот албан бичгээр нотлогдож байна.

Мөн дээрх 310 дугаар тушаалыг ТЗХАБ-ын Ерөнхий Хорооны даргад 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 01/217 тоот албан бичгээр хүргүүлсэн боловч 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 01/219 тоот албан бичгээр 2015 оны 12 дугаар сарын 08-11-ний өдрүүдэд ТЗХАБ-ын нэгдсэн зөвлөгөөнд Монгол Улсын Зам, тээврийн яамыг төлөөлж оролцох, гарын үсэг зурах эрхийг ТЗХАБ-д суугаа төлөөлөгч, ТЗХАБ-ын Хорооны гишүүн Ц.Алтанхуягт олгож гаргасан шийдвэрээ үгүйсгэсэн байна.

Нэхэмжпэгч С.Баяраа нь нэхэмжлэлдээ хугацаанаас өмнө ажлаас үндэслэлгүй халсан гэсэн байна. Гэтэл С.Баяраа нь ЗТЯ-тай байгуулсан Төлөөлөгчөөр ажиллуулах гэрээ-ний 3.2.2 дахь заалтад заасан Энэхүү гэрээний 2 дугаар зүйлд заасан гүйцэтгэх үндсэн ажил үүргийн төлөвлөгөө гаргаж хагас жил тутам үр дүнг тайлагнах үүргээ зөрчсөн, хангалтгүй биелүүлсэн нь түүний 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1 нүүр хагас Илтгэх хуудсаас гадна ямар нэг төлөвлөгөө гаргаж ажиллаагүйгээр тогтоогдсон. Энэхүү нөхцөл байдлын үндсэн дээр Төлөөлөгчөөр ажиллуулах гэрээ-ний 4.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээг цуцалж, олон улсын гэрээ, холбогдох хууль тогтоомж зөрчиж гарсан Зам, тээврийн сайд /хуучнаар/-ын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Төлөөлөгчөөс чөлөөлөх, төлөөлөгчөөр томилох тухай 310 дугаар тушаалыг хүчингүй болгон, өмнө нь 2011 оноос эхлэн төлөөлөгчөөр үр бүтээлтэй ажиллаж байсан эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй, төмөр замын тээвэр зохион байгуулагч, эдийн засагч мэргэжилтэй иргэн Ц.Алтанхуягийг ажилд нь эгүүлэн томилсон байна. Иймд олон улсын гэрээ, холбогдох хууль тогтоомж зөрчиж гарсан Зам, тээврийн сайд /хуучнаар/-ын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Төлөөлөгчөөс чөлөөлөх, төлөөлөгчөөр томилох тухай 310 дугаар тушаалыг хүчингүй болгон, гэрээний үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн, ТЗХАБ-ын төлөөлөгчийн ажил мэргэжлийн шаардлагыг хангахгүй С.Баярааг төлөөлөгчөөс чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар С.Баяраагийн Зам, тээврийн хөгжлийн сайдад холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Баяраа нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх хурлын танхимд уншиж танилцуулан, амаар тайлбарлан хэлсэнээсээ зөрсөн шийдвэр бичгээр гаргасан. Шүүх шийдвэр танилцуулахдаа маргаан нь хөдөлмөрийн маргаан биш байна. Үндэслэл нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаагүй Иргэний хуулийн 64-р зүйлд заасан төлөөлөх эрхийн харилцаа байсан гэж шүүх дүгнэлээ гэж хэлсэн атлаа бичгээр гаргасан шийдвэрт энэ тухай огт тусгагдаагүй байна. Энэ нь шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болно гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасан журмыг зөрчиж улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байна гэсэн заалтыг зөрчсөн.

Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 4 дэх хуудсанд "Үүнээс үзэхэд Зам, тээврийн хөгжлийн яаманд Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага /ТЗХАБ/-ын хооронд, Ачаа тээврийн комиссын мэргэжилтэн гэдэг ажлын байр байгаа, уг ажлын байр нь байнгын ажлын байр гэж үзэхээр байна гэж дүгнэсэн мөртлөө энэ байнгын ажлын байр дээр ажиллаж байсан хүний гаргасан гомдлыг 5 дахь хуудсанд бичсэн ...Хөдөлмөрийн хуулийн холбогдох заалтаар цалин хөлсний хэмжээг заах зохицуулалт нь хөдөлмөрийн гэрээний тодорхой бус зохицуулалтаар ажилтныг ажиллуулах, цаашилбал, хөдөлмөрлөх эрхийг зөрчигдөхөд хүргэх агууллагатай холбоотой тул тус зохицуулалт буюу хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3 дах хэсгийг гэрээний гол нөхцөлд тооцож тусгаагүй бол мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дах хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг байгуулаагүйд тооцох хууль зүйн үр дагаварын тусгайлан зохицуулж өгсөн байна..." гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл шүүх төлөөлөгчөөр ажиллуулах гэрээний зорилго нь Зам, тээврийн яам, төлөөлөгч хооронд үүсэх хөдөлмөрийн харилцааг зохицуулна гэсээр атал хөдөлмөрийн гэрээ биш гэж үзсэнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэг болон 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасныг зөрчиж шүүх гэрээг тайлбарласан. Хөдөлмөрийн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасныг шүүх мөн харгалзаж үзэлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Улсын дээд шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн зөвлөмжийн 4-т зааснаар " ....Хөдөлмөрийн эрх зүйн маргаан гомдлоор үүсэх хэрэгт ордог. Ажилтан ажил олгогч хоёр захирах-захирагдах харилцаатай байдгаас шалтгаалан хэргийн оролцогчид нотлох баримт цуглуулах, шүүхэд гаргаж өгөх боломж харьцангуй адил байх боломжгүйг анхаарах нь чухал Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд оролцогчид хоорондоо гэрээ байгуулаагүй байх, тухайн байгууллагад хөдөлмөрийн дотоод журам байхгүй байх зэргээр хэрэг бүрт бүрдсэн байвал зохих бичмэл нотлох баримтын хүрээ өөр байх боломжтой" гэдгийг анхан шатны шүүх харгалзсангүй. Хавтаст хэрэгт авагдсан гэрээний нэг заалтыг тохиролцоогүй гэсэн нэг л үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь ажилтны буруу биш байдаг төдийгүй хэрэв хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажиллуулбал Хөдөлмөрийн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1.11-д шийтгэл оногдуулах тухай заалт хүртэл байдаг.

Нэхэмжлэгч С.Баяраа миний бие анх шүүхэд 2016 оны 09-р сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргахад 2016 оны 09-р сарын 14-ний өдрийн 03958 тоот шүүгчийн захирамжийг Н.Оюунтуяа шүүгч гаргаж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Зам тээврийн хөгжлийн сайдад холбогдуулан гаргасан маргааныг Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэнэ гэсэн бөгөөд миний бие гомдол гаргаснаар 03958 тоот захирамжийг хүчингүй болгож хэрэг үүсгэж байсан юм. Хэрэг үүсгэхээс эхэлсэн хандлага нь хэргийг шийдвэрлэхэд хүртэл нөлөөлж, Монгол Улсын Үндсэн хуулийн Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулж эрх мэдэл бүхий сайд болон яамны талыг хэт баримтлан хэрэг маргааныг шийдвэрлэсэн юм. Дээрх үндэслэлүүд байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч С.Баяраа нь хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яаманд холбогдуулж хууль бусаар үндэслэлгүй ажлаас халсан болохыг тогтоож өгөхийг хүссэн нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зам тээврийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 310 дугаар тушаалаар С.Баярааг Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын /цаашид ТЗХАБ гэх/ Зам, тээврийн яамны төлөөлөгчөөр томилж, түүнтэй 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Төлөөлөгчөөр ажиллуулах тухай гэрээг 3 жилийн хугацаатай байгуулж, уг гэрээгээр талуудын хооронд үүсэх хөдөлмөрийн харилцааг зохицуулахаар тохиролцсон байна.

 

Анхан шатны шүүх дээрх гэрээгээр талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-т заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээг тохиролцоогүй тул мөн хуулийн 21.3 дах хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг байгуулагдаагүй гэж зохигчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

 

Талууд дээрх гэрээгээр үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээний талаар тохиролцоогүй боловч төлөөлөгчийн хийж гүйцэтгэх ажил үүргийг гэрээгээр тодорхойлж, гэрээний 3.1.1-д ...төлөөлөгчийн цалин хөлс, ажил хэргийн болон нийгмийн баталгаа, хангамжтай холбоотой зардлыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгээс гаргуулах гэж заасан болон гишүүнчлэлийн хураамжийн үндсэн дээр санхүүжиж, үйл ажиллагаа явуулдаг /хх-ийн 113/ ТЗХАБ-аас нэхэмжлэгч нь цалин хөлс авч байсан /хх-ийн 122/ үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа гэрээний үндсэн дээр үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл журмыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд нэрлэн заасан байна.

 

Гэтэл хариуцагч нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаар Төлөөлөгчийг чөлөөлөх, төлөөлөгчөөр томилох тухай тушаалаар нэхэмжлэгч С.Баярааг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан аль нэг үндэслэлийг баримтлаагүйгээс гадна түүнийг гэрээнд заасан хугацаанаас өмнө ажлаас чөлөөлсөн үндэслэлээ тушаалдаа заагаагүй тул уг тушаалыг Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй, хууль бус гэж үзэх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч С.Баяраа нь ТЗХАБ-ын төлөөлөгчийн ажил мэргэжлийн шаардлагыг хангахгүй, Төлөөлөгчөөр ажиллуулах гэрээний 3.2.2-т заасан үүргээ зөрчсөн, хангалтгүй биелүүлсэн гэх хариуцагчийн тайлбарт дурдагдсан нөхцөл байдал нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэл болоогүйгээс гадна нэхэмжлэгчийг мэргэжлийн тодорхой шалгуурт нийцэхгүй буюу ур чадварын хувьд шаардлага хангахгүй байгаа гэдгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар тогтоосон баримт хэрэгт байхгүй тул энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй муутай байна.

 

Иймд нэхэмжлэгч С.Баяраатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогч Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, хууль бус болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүнийг ТЗХАБ-ын төлөөлөгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч С.Баяраа нь ТЗХАБ-ын хорооноос сар бүрийн эхэнд 5101 швейцар франкын цалин тогтоож өгч байсан тухай нотлох баримын шаардлага хангасан бичмэл баримт хэрэгт авагдсан ба хариуцагч байгууллага уг бичмэл баримтыг үгүйсгэсэн баримт гаргаж ирүүлээгүй тул энэхүү баримтад үндэслэн түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлсний дундажийг тодорхойлох боломжтой гэж үзэв.

 

Дээрх баримтад 1275,27 швейцар франкын нэмэгдэл тогтоосон талаар дурдсан байх боловч бодитой ажиллаагүй тохиолдолд олгогдох эсэх нь тодорхой бус байх тул цалин хөлсөнд оруулж тооцоогүй болно.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дах хэсэгт Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно гэж заасны дагуу тооцоход нэхэмжлэгч С.Баяраагийн нэг сарын дундаж цалин нь /2 497 х 5101/ 12 737 197 төгрөг, нэг хоногийн дундаж цалин 592 427 төгрөг гэж үзэж нийт ажилгүй байсан хугацааг 2016 оны 08 дугаар сарын 15-наас 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 7 сар, 2 хоногоор тооцож, 90 345 234 төгрөгийг хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамнаас гаргуулж нэхэмжлэгч С.Баяраад олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/00271 дүгээр шийдвэрийн 1 дүгээр заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Баярааг Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын Зам, тээврийн яамны төлөөлөгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 90 345 234 төгрөг хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамнаас гаргуулж нэхэмжлэгч С.Баяраад олгосугай гэж, 2 дугаар заалтын дурдсугай гэснийг дурдаж, гэж өөрчилж, дурдаж, гэсний дараа хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамнаас улсын тэмдэгийн хураамжид 609 676 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Баяраа нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Н.БАТЗОРИГ