Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 181/2016/00259/и |
Дугаар | 001/ХТ2017/00259 |
Огноо | 2017-03-09 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 001/ХТ2017/00259
Р.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2016/00678 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 3 дугаар магадлалтай,
Р.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй,
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох
2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулсан ажиллагаа, 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан ажиллагааг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Уранцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Оюунцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Миний бие “Шүнди” ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 39 байр, 41 тоот хаягт байрлах 80.62 м.кв 3 өрөө байрыг бариулсан. Гэтэл “Шүнди” ХХК-тай болон “Да Ган” ХК-ийн хооронд үүссэн иргэний хэрэг маргаантай холбоотойгоор Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1230 дугаар шийдвэртэй холбогдуулан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас миний албан ёсны гэрээ хийж авсан байрыг дуудлага худалдаанд оруулах шийдвэр гаргасныг эс зөвшөөрч шүүхэд гомдол гарган, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 652 тоот захирамжаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 39 байр, 41 тоотод байрлах 80 м.кв талбайтай миний захиалан бариулсан байрыг хураан дуудлага худалдаанд оруулж, 70 000 000 төгрөгөөр худалдсан байсан бөгөөд энэ тухай 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 3/23817 тоот мэдэгдлээр мэдэгдсэн. Миний бие Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд нийт 14 000 000 төгрөгийг Шүндигийн төлбөр гэж төлсөн бөгөөд урьд намайг нэхэмжлэл гаргах эрхийн талаар маргаж байгаагүй. Иймд Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 39 байр, 41 тоот орон сууцыг анхны болон 2 дахь дуудлага худалдаанд оруулсан ажиллагааг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт “Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1230 дугаар шийдвэрээр “Шүнди" ХХКомпаниас 4 692 638 067 төгрөг гаргуулж “Да ган” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч “Шүнди” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын Ү-2205031084 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 39 байрны орон сууцнуудыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгчийн харилцан тохиролцсон үнэ 1 м.кв 1 700 000 төгрөгөөр тооцож, анхны албадан дуудлага худалдаанд 80 м.кв талбайтай орон сууцыг 136 000 000 төгрөгийн 70 хувь буюу 95 200 000 төгрөгөөр, 115.58 м.кв талбайтай орон сууцыг 196 486 000 төгрөгийн 70 хувь буюу 137 540 200 төгрөгөөр оруулахад худалдан борлогдоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу 2 дахь албадан дуудлага худалдаанд 80 м.кв талбайтай орон сууцыг 136 000 000 төгрөгийн 50 хувь буюу 68 000 000 төгрөгөөр, 115.58 м.кв талбайтай орон сууцыг 196 486 000 төгрөгийн 50 хувь буюу 98 243 000 төгрөгөөр оруулахад 11, 56, 41, 64 тоот орон сууцууд худалдан борлогдож, 2, 35, 18, 46 тоот орон сууцнууд худалдан борлогдоогүй байна. Нэхэмжлэгч Р.Оюунцэцэг нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо 39 дүгээр байрны 41 тоот орон сууцны өмчлөгч болох нь тогтоогдохгүй байгаа болно. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Р.Оюунцэцэг нь тус дүүргийн шүүхэд албадан дуудлага худалдаатай холбоотой нэхэмжлэл гаргаж байсан ба Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1185 дугаар шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 5 000 000 төгрөгийн төлбөрийн “Шүнди” ХХК-ийн өмнөөс төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2016/00678 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-д заасныг баримтлан, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 39 дүгээр байрны 41 тоот орон сууцыг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулсан ажиллагаа, 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан ажиллагааг тус тус хүчингүй болгож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Оюунцэцэгт олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 3 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2016/00678 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Уранцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “Тус албанд холбогдуулан Р.Оюунцэцэгийн гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2016/00678 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 3 дугаар магадлалтай танилцаж дараах гомдлыг гаргаж байна. Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1230 дугаар шийдвэрээр “Шүнди” ХХКомпаниас 4.692.638.067 төгрөг гаргуулж “Да ган" ХХКомпанид олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж “Шүнди" ХХКомпаний өмчлөлийн эрхийн улсын Ү-2205031084 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол 39 дугаар байрны орон сууцнуудыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгчийн харилцан тохиролцсон үнэ 1 мкв талбайг 1.700.000 төгрөгөөр тооцож, анхны албадан дуудлага худалдаанд 80 м.кв талбайтай орон сууцыг тохиролцсон үнэ 136.000.000 төгрөгийн 70 хувь буюу 95.200.000 төгрөгөөр 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр оруулахад худалдан борлогдоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу тохиролцсон үнэ 136.000.000 төгрөгийн 50 хувь буюу 68.000.000 төгрөгөөр 2 дахь албадан дуудлага худалдаанд 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр оруулахад 70.000.0000 худалдан борлогдсон байна. Нэхэмжлэгч Р.Оюунцэцэг нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол 39 дүгээр байрны 41 тоот орон сууцны өмчлөгч болох нь тогтоогдохгүй, хэргийн оролцогч болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд биш тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2016/ 00678 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 3 дугаар магадлалыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.
Нэхэмжлэгч Р.Оюунцэцэг нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 39 дүгээр байрны 41 тоот орон сууцыг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулсан ажиллагаа, 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан ажиллагааг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.
Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1230 дугаар шийдвэрээр “Шүнди” ХХК-иас 4 669 186 136 төгрөг гаргуулж, “Дан-Ган” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба уг шийдвэрийн дагуу 2012 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 779 тоот гүйцэтгэх хуудас бичигдэж, 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 146/316 тоот тогтоолоор Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 39 дүгээр байрны 41 тоот орон сууцыг битүүмжилж, хураан авсан, 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр үнийн саналыг авсан, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа, 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаа явуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх 21, 22-24, 29-30, 32/
“Шүнди” ХХК-тай нэхэмжлэгч Р.Оюунцэцэг нь 2008 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 01 тоот “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ”-г байгуулан, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 39 дүгээр байрны 41 тоот орон сууцыг худалдан авахаар харилцан тохиролцжээ./хх 6-7/
Нэхэмжлэгч Р.Оюунцэцэг нар нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул Дүүргийн иргэний хэргийн ахнан шатны шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 652 дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн баримт хэрэгт авагдсан байх бөгөөд нэхэмжлэгч нарын шаардах эрхийн талаар хариуцагч маргаагүй байна. /хх 8-9/
Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 39 дүгээр байрны 41 тоот орон сууцы өмчлөх эрх нь “Шүнди” ХХК-д бүртгэлтэй боловч нэхэмжлэгч нь уг орон сууцыг худалдан авах зорилгоор гэрээ байгуулсан, нэхэмжлэгч нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд “Шүнди” ХХК-ийн төлбөрийг төлж байсан зэрэг үйл баримтыг үндэслэн анхан шатны шүүх Р.Оюунцэцэгийг төлбөр барагдуулах ажиллагааны явцад эрх нь хөндөгдөж байгаа шудрага эзэмшигч гэж үзсэн нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт нийцсэн байна.
Түүнчлэн хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2015 оны 11 дүгэээр сарын 26-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа, 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2 албадан дуудлага худалдаа явуулахдаа нэхэмжлэгч Р.Оюунцэцэгт мэдэгдээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул шийдвэр гүйцэтгэх тодорхой ажиллагаанд оролцож, өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхолоо хамгаалах боломжийг шийдвэр гүйцэтгэгч нь олгоогүй гэж дүгнэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг хуульд нийцсэн гэж үзэх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасныг зөрчөөгүй байна.
“ ...Нэхэмжлэгч Р.Оюунцэцэг нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 39 дүгээр байрны 41 тоот орон сууцны өмчлөгч болох нь тогтоогдохгүй, хэргийн оролцогч болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд биш ...” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2016/00678 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 3 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Уранцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН