Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 00133

 

Х.Мөнхжаргалд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

142/2016/0109/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа   нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдаанд:  

 

           Прокурор                                           Ц.Идэрмөнх

            Ялтан                                                 Х.Мөнхжаргал

            Ялтны өмгөөлөгч                           Д.Дарьбазар                         

            Нарийн бичгийн дарга                 Б.Ганчимэг  нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Эрдэнэцэцэгийн даргалж хянан шийдвэрлэсэн, 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 129 дугаар шийтгэх тогтоолтой Х.Мөнхжаргалд холбогдох, 201614000239 дугаартай, эрүүгийн хэргийг ялтны өмгөөлөгч Д.Дарьбазарын давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Увс аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Наран багийн 61-03 тоотод оршин суух, урьд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 сарын 28-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.д зааснаар 03 сар 01 хоногийн баривчлах ялаар шийтгэгдэж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ОБ88012212 регистрийн дугаартай, Хоз овгийн Ховдбаатарын Мөнхжаргал.

 

Шүүгдэгч Х.Мөнхжаргал нь давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Булаг багийн 27-04 тоотод оршин суух Д.Цэрэндэлгэрийн гэрээс 32 инчийн Самсунг загварын зурагт, зурагт хананд тогтоогч  зэргийг хулгайлж 640.000 төгрөгийн, 2016 оны 04 сарын 19-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Наран багийн 60-07 тоотод оршин суух Г.Сувд-Эрдэний гэрээс 32 инчийн LG загварын зурагт  хулгайлж 520.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 129 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Хоз овгийн Ховдбаатарын Мөнхжаргалыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар шүүгдэгч Х.Мөнхжаргалын эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3.д зааснаар шүүгдэгч Х.Мөнхжаргалд энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 сар 1 хоногийн баривчлах ялаас 2 сарын баривчлах ялыг нэмж нийт эдлэх ялыг 2 жил 2 сараар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5.д зааснаар шүүгдэгч Х.Мөнхжаргалын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1.д зааснаар шүүгдэгч Х.Мөнхжаргалын цагдан хоригдсон 93 хоногийн эдлэх ялд нь оруулан тооцож,

 

Шүүгдэгч Х.Мөнхжаргал нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Ялтны өмгөөлөгч Д.Дарьбазар давж заалдах гомдолдоо:

 

Х.Мөнхжаргал нь 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Д.Цэрэндэлгэрийн гэрээс 32 инчийн Самсунг загварын зурагт, зурагт хананд тогтоогч, 2016 оны 04 сарын 19-ний өдөр Г.Сувд-Эрдэний гэрээс 32 инчийн LG загварын зурагт зэргийг хулгайлах үедээ Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 сарын 28-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.д зааснаар 03 сар 01 хоногийн баривчлах ялаар шийтгэгдсэний дараа дээрх гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3.д заасан журмыг баримтлан 2 жирийн хорих ял оногдуулсан.

 

Х.Мөнхжаргал 2016 оны 02 дугаар сарын 14-нд бусдын мөнгөн аяга, бүс хулгайлсан хэрэгт шалгагдаж байхдаа 2016 оны 01 дүгээр сарын 20-нд үйлдсэн хулгайн хэргээ өөрөө илчлэн хүлээн зөвшөөрсөн. 2016 оны 04 дүгээр сард давтан үйлдлээр бусдын 2 зурагт хулгайлаад энэ үйлдлээ цагдаад мэдэгдсэн.

 

Өөрийн үйлдсэн хэргээ мөрдөн байцаалтанд үнэн зөвөөр хүлээн мэдүүлсэн зэрэг нь чин санаанаасаа гэмшсэн гэдгийг итгэж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1.д зааснаар Х.Мөнхжаргал нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байх тул түүний хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.д заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж өгнө үү гэжээ.

 

          Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

 

            Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Ялтан Х.Мөнхжаргал нь 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 27-04 тоотод оршин суух Д.Цэрэндэлгэрийн гэрээс 32 инчийн “Самсунг” загварын зурагт, зурагт хананд тогтоогч зэргийг хулгайлж 640.000 төгрөгийн хохирол,

 

            2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 60-07 тоотод оршин суух Г.Сувд-Эрдэний гэрээс 32 инчийн LG загварын зурагт хулгайлж 520.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:

 

            Хохирогч Д.Цэрэндэлгэр, Г.Сувд-Эрдэнэ, гэрч Н.Ганцоож, Ц.Буянт, Ж.Наранцэцэг, А.Мягмаржаргал нарын мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

            Х.Мөнхжаргал нь 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 40-02 тоотод оршин суух С.Нүүдэлжавыг унтаж байхад нь гэрээс нь мөнгөн хийцтэй хөөрөг, мөнгөн тоногтой суран бүс зэргийг хулгайлан 600.000 төгрөгийн хохирол учруулсан

 

            2016 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-18 дугаар байрны гадна зогсоол дээр байсан иргэн Х.Мөнхзоригийн тээврийн хэрэгслийг түлхүүр тааруулан онгойлгож аккумлятор, гар дриль, төмөр таслагч багаж, түлхүүр багажны ком зэргийг давтан үйлдлээр хулгайлан 297.000 төгрөгийн нийт 897.000 төгрөгийн хохирол буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгтээ 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 3 сар 1 хоногийн баривчлах ялаар шийтгүүлсэн ба ялтан Х.Мөнхжаргал шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа  тогтоогдсон байна.

 

            Иймд анхан шатны шүүх Х.Мөнхжаргалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3.д заасныг журамлан ял оногдуулсан нь үндэслэлтэй байгаа боловч Х.Мөнхжаргалын өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор хагас эдэлсэн 2 сарын баривчлах ялыг нь хорих ялд нь оруулан тооцох байтал нэмж нэгтгэн ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн заалтыг буруу хэрэглэсэн, цагдан хоригдсон хоногийг дутуу тооцсон зэрэг алдааг залруулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Х.Мөнхжаргалд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, түүнд оногдуулсан ял тохирсон байх тул ялтны өмгөөлөгчийн “Х.Мөнхжаргалд хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 324 дүгээр зүйлийн 324.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 129 дугаар шийтгэх тогтоолд дараах өөрчлөлт оруулсугай.

 

            а. Тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3.д заасныг журамлан шүүгдэгч Х.Мөнхжаргалд энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялд нь Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 сар 1 хоногийн баривчлах ялаас эдлээгүй үлдсэн 1 сарын баривчлах ялыг багтааж нийт 2 жил хорьсугай гэж

 

            б. Тогтоох хэсгийн 5 дугаар заалтын “93 хоногийг” гэснийг “96 хоногийг” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

 

            2.Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

            3.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн  өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.ТУЯА                                                                                            

 

                ШҮҮГЧИД                                                           З.ХОСБАЯР

 

                                                                                                С.ЦЭЦЭГМАА