| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 184/2016/01347/И |
| Дугаар | 210/МА2018/02034 |
| Огноо | 2018-09-19 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2018/02034
| 2018 оны 09 сарын 19 өдөр | Дугаар 210/МА2018/02034 |
С.Дэжидийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/02335 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: С.Дэжидийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж.Мөнхжаргалд холбогдох,
Нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: С.Дэжид,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Минжүүрдорж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Амарнасаа,
Гуравдагч этгээдийн төлөөлөгч: Н.Батбаяр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Саранцэцэгт газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулж, нотариатч Ж.Мөнхжаргалаар гэрчлүүлсэн. Гэтэл уг газрыг Хөрх булаг ХХК-д 2008 оны 8 дугаар сард шилжүүлсэн байх бөгөөд үүнээс үүдсэн олон маргаан үүссэн. Ц.Саранцэцэгт газар эзэмших эрх шилжүүлэх нь миний хүсэл зориг байсан байхад нотариатч нь өөрийн үзэмжээр буюу миний зөвшөөрөлгүйгээр Хөрх булаг ХХК гэсэн үгнүүдийг сүүлд нь уг гэрээнд нэмсэн байна.
Нотариатч Ж.Мөнхжаргалын гэрчилсэн 2008 оны 03 дугаар сарын 21-ний газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний нэмэлт нөхцөлд үйлчилгээний өмнөх баруун талын машины тохижуулсан талбай нь дээрх хэмжээнд багтаж байгаа болно гэсэн гараар бичсэн нэмэлт тодруулга байдаг. Дээрх машины тохижуулсан талбай бүхий газрыг Дундговь аймгийн засаг даргын 2005 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн захирамжаар Бөхт ХХК-д олгосон байдаг. Гэтэл нотариатч Ж.Мөнхжаргал нь 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг гэрчлэхдээ гэрээг маргах шинжтэй болгож, дур мэдэн нэмэлт өөрчлөлт оруулж гэрчилсэн нь Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.1-д Нотариатчаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр болох үйлдэл, баримт бичгийг гэрчлэх гэсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй буюу хуулийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл гаргасан.
Түүнчлэн нотариатч Ж.Мөнхжаргал нь 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг гэрчлэхдээ үндсэн гэрээнд заагдсан үл хөдлөх эд хөрөнгийн дагалдах хөдлөх эд хөрөнгийг жагсаалтаар гэрээний хавсралт гэж баталгаажуулахдаа үндсэн гэрээг байгуулсан 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр бус 2008 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гэж 2 өөр өдөр баталгаажуулсан болно. Иймд Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.1, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хэсгээр 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн нотариатын хууль бус үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:
Нотариатч С.Мөнхжаргал нь С.Дэжид, Ц.Саранцэцэг нарын хооронд байгуулагдсан нэхэмжлэлд дурдсан гэрээг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийг чанд баримталж гэрчилсэн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар тогтоогдоно. Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 5/34 тоот тогтоолд дээр дурдсан эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гомдолд дурдсан газар эзэмшүүлэх гэрээнд хуурамчаар өгүүлбэр нэмсэн гэх асуудал нь тогтоогдоогүй ба С.Дэжид, Ц.Саранцэцэг нарын гэрээний нэмэлт нөхцөлийг харилцан зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь тогтоогдож байна гэж тодорхой дүгнэсэн.
Түүнчлэн нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд гаргасныг шүүх урьдчилсан шийдвэрлэх ажиллагааг хийгдээгүй байна гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Улмаар С.Дэжид нь Монголын Нотариатчдын танхим, Хууль зүйн яаманд гомдол гаргасныг тус байгууллагууд шийдвэрлэж нотариатч Ж.Мөнхжаргал нь хууль зөрчөөгүй байна гэх хариуг өгсөн. Мөн Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 500 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 529 дүгээр тогтоолоор талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж тус тус дүгнэсэн бөгөөд шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагы бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй Хөрх булаг ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Саранцэцэг нь 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гэрээ байгуулах үедээ Хөрх булаг ХХК-ийн захирлаар ажиллаж байсан. Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь Бөхт ХХК, Хөрх булаг ХХК-уудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр дагалдах гэрээ хийгдсэн. С.Дэжид нь дээрх гэрээний хавсралтаар өгөх 33 нэр төрлийн хөдлөх хөрөнгө мөн өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр Хөрх булаг ХХК-д өгөх ёстой хөрөнгөө залилан авсан хэргээр Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 28-ний өдрийн 25 тоот шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн болно. С.Дэжид нь үл хөдлөх эд хөрөнгийн мөнгөө авсан, одоо газрын мөнгөө авна гэж маргаан гаргасныг Дундговь аймаг дахь Сум дундын шүүх 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдөр газрын үнэ нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэнд орсон байна гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Мөн С.Дэжид нь ноцтой төөрөгдлийн улмаас гэрээг байгуулсан гэж нэхэмжлэл гаргасныг мөн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 500 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэрээн дээрх Хөрх булаг ХХК гэх үг нь цаг хугацааны хувьд хэзээ бичигдсэн болохыг Шүүхийн шинжилгээний хүрээлэн шинжилсэн 7 удаагийн шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.1-д хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Дэжидийн хариуцагч Ж.Мөнхжаргалд холбогдуулан гаргасан 2008 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн нотариатын хууль бус үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бодитой байх хуулийн шаардлага хангаагүй. Нэхэмжлэгч С.Дэжидэд тухайн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар шаардах эрхээ Бөхт ХХК-д шилжүүлээгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч С.Дэжид өөрөө Бөхт ХХК-аар итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий субъект болох нь хавтаст хэрэгт байгаа нотлох баримтаар нотлогдож байгаа. Хэрэв нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж дүгнэж байгаа бол хуулийн ^зар зүйл заалт хэрэглэгдэх ёстой. Хавтаст хэрэгт байгаа үйл баримтад бодитой дүгнэлт огт хийгээгүй, ямар үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь тодорхойгүй.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв үнэлээгүй, ямар нотлох баримтыг үндэслэн хэрэгсэхгүй болгосон талаар шийдвэртээ дурдаагүй. Шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн шинжээчийн дүгнэлт болон холбогдох бусад нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд, өөрчилсөнтэй холбогдуулан Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл энэ хэргийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан боловч шүүх уг хүсэлтийг хангаагүй.
Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн боловч уг шаардлагыг хүлээж аваагүй мөртлөө шүүхийн шийдвэртээ уг нэмэгдүүлсэн шаардлагыг өөрчилсөн шаардлага болгон бичээд дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч С.Дэжид нь хариуцагч С.Мөнхжаргалд холбогдуулан нотариатын үйлдэл хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Бөхт ХХК-ийн захирал С.Дэжид болон Хөрх булаг ХХК-ийн захирал Д.Саранцэцэг нар 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г байгуулсан ба мөн өдөр уг гэрээний үнэн зөвийг нотариатч С.Мөнхжаргал гэрчилж, нотариатчийн тамга, тэмдэг дарж, гарын үсэг зурснаар нотариатын үйлдлийг хийжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгч С.Дэжидийг Бөхт ХХК-ийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж дүгнэсэн нь Нотариатын тухай /1997 оны/ хуульд нийцэхгүй байна.
Нотариатын тухай /1997 оны/ хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт зааснаар нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох асуудлыг сонирхогч этгээдийн хүсэлтээр шүүх шийдвэрлэх юм. Иймд С.Дэжид нь Бөхт ХХК-ийн захирал тул компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй байгаагаас гадна уг компани нь нэг гишүүнтэй, гишүүн нь тэрээр өөрөө байгаа байдал нь компанийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул түүнийг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Нэхэмжлэгч С.Дэжид нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох уг гэрээнд худалдан авагч тал нь Ц.Саранцэцэг байхад Хөрх булаг ХХК гэсэн бичилтийг нотариатч Ж.Мөнхжаргал худалдагч талын зөвшөөрөлгүйгээр нэмж бичсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл, уг гэрээнд Ж.Саранцэцэг гэх нэрийн өмнө бичигдсэн Хөрх булаг ХХК, захирал гэх бичилт гэрээг нотариатчаар гэрчлүүлэх үед байгаагүй, үүнд нэмж бичсэн гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч Нотариатын тухай 2011 оны хуулийн заалтыг баримталсан буруу тул зөвтгөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь 2008 онд хийгдсэн нотариатын үйлдэлтэй холбоотой байхад уг үйлдэл хийгдсэнээс хойш батлагдсан Нотариатын тухай хуулийг буцаан хэрэглэхгүй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэж байгаатай холбоотойгоор иргэний хэрэг хянан шийдвэрлэх энэ ажиллагааг түдгэлзүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул үүнтэй холбоотой гаргасан нэхэмжлэгч талын хүсэлтийг анхан шатны шүүх хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь зөв болжээ. Түүнчлэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шинжээчийн дүгнэлийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтаар дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээж аваагүй атлаа шийдвэрлэсэн гэх нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ. Учир нь нэхэмжлэгч С.Дэжид нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тайлбарыг /уг тайлбарт нэхэмжлэгч огноо бичээгүй/ анхан шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд хүлээн авч, мөн өдөртөө хариуцагч талд гардуулан өгсөн байна. /2 хавтас, 13, 15-18, 20 дахь тал/ Анхан шатны шүүх энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.
Харин нэхэмжлэгч талаас 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д нийцсэн тул буруутгах үндэслэл байхгүй болно.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/02335 дугаар шийдвэрийн
1 дэх заалтын Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.1-д гэснийг Нотариатын тухай /1997 оны/ хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
Э.ЗОЛЗАЯА