| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2410022921492 |
| Дугаар | 2025/ДШМ/259 |
| Огноо | 2025-02-20 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Урангоо |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2025/ДШМ/259
Д.**************т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө, даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Урангоо,
нарийн бичгийн дарга Д.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЗ/1070 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Урангоогийн бичсэн эсэргүүцэлд үндэслэн Д.**************т холбогдох 2410 02292 1492 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
******* овогт *******гийн **************, ******* оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ******* аймагт төрсөн, *******настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт гарсан, ам бүл 4, нөхөр, хоёр хүүхдийн хамт *******дүүргийн 10 дугаар хороо, тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:*******/;
Яллагдагч Д.************** нь 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Н.*******ын гээсэн “Хаан” банкны виза картыг олж, улмаар бусдын өмчлөлийн гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж тухайн картыг ашиглан *******дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дэлгүүр, эмийн сан, ТҮЦ-ээс худалдан авалт хийж хохирогчийн дансанд байсан 463.289 төгрөгийг завшиж бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
*******дүүргийн прокурорын газраас: Д.**************ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Д.************** хохирогчийн гээсэн эд зүйл болох Хаан банкны картыг олж авч, уг картыг ашиглан хохирогчийн дансанд буюу өмчлөлд нь байсан мөнгөн хөрөнгөөр төлбөр тооцоо хийж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бичгийн нотлох баримтаар тогтоогдсон байна.
...Иймд прокуророос завших болон хулгайлах гэмт хэргийн шинжтэй үйлдлийг зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд зааснаар хэргийг зүйлчилж ирүүлсэн нь хуульд нийцээгүй гэж дүгнээд *******дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Д.**************т холбогдох эрүүгийн хэргийг тус прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Д.**************т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, яллагдагчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт прокурорт хүргүүлж...” шийдвэрлэжээ.
Прокурор Б.Урангоо давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна" гэж хуульчилсан.
...Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр тус хэргийн зүйлчлэлийн талаар хэлэлцсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй юм. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар Д.**************т холбогдох эрүүгийн хэргийн шийдвэр, ажиллагааг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Прокуророос яллагдагч Д.**************ийг “2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Н.*******ын гээсэн Хаан банкны виза картыг олж, улмаар бусдын өмчлөлийн гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж тухайн картыг ашиглан *******дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дэлгүүр, эмийн сан, ТҮЦ-ээс худалдан авалт хийж хохирогчийн дансанд байсан 463.289 төгрөгийг завшиж бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс “...Хэргийн зүйлчлэл тохироогүй гэж үзэж Д.**************т холбогдох эрүүгийн хэргийг прокурорын газарт буцааж...” шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Учир нь, Анхан шатны шүүхийн шүүгчийн хэргийг прокурорт буцаасан захирамжид заасан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасан “хэргийг буруу тусгаарласан, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлүүдийн аль алинд хамаарахгүй бөгөөд хэрэгт хохирогч Н.*******ын Хаан банкны ******* дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...2024 оны 5 дугаар сарын 27-ны нийт 32 удаагийн гүйлгээ хийгдсэн...” /хх 10/, мөн хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 13/, хохирогч Н.*******ын “...2024 оны 5 дугаар сарын 28-нд утсаар харахад Хаан банкнаас зарлага гарсан байсан тул картаа хаалгасан. Миний дансанд 472.510 төгрөг байсан...” /хх 17/, яллагдагч Д.**************ийн сэжигтэн, яллагдагчаар “…нисэх орох автобусанд суугаад явж байхад сандлын хажуу талаас хаан банкны ногоон өнгийн ******* гэх хүний нэртэй банкны карт байхаар нь аваад…Well Mart нэртэй дэлгүүр ороод тэндээсээ сүү, талх, элэгний нухаш зэргийг аваад кассан дээр ирээд олсон картаар авсан зүйлийн тооцоог хийхэд карт уншигдаж байхаар нь дахин шингэн угаалгын нунтаг, мөн 2 ширхэг саван аваад мөн олсон картаар тооцоог хийхэд гүйлгээ амжилттай болж байсан. Би энэ олсон картаас 400.000 гаруй төгрөг зарцуулсан гэж бодож байна…/хх 21, 48-49/ гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хангалттай цугларсан байх тул дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах шаардлагагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн...гэм буруугийн хэлбэр...Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал...-ыг нотлон тогтоохоор, мөн Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “...нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн алдааг зөвтгөх зорилгоор” хэргийг хянан хэлэлцэхийг 60 хүртэл хоногоор хойшлуулж хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэх боломжийг хуулиар олгосон байна.
Иймд прокурор Б.Урангоогийн бичсэн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокурор Б.Урангоогийн бичсэн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаар эсэргүүцлийг хүлээн авч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЗ/1070 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Д.**************т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Ц.ОЧ