| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2014250006873 |
| Дугаар | 2025/ДШМ/99 |
| Огноо | 2025-01-16 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., 13.14.1, |
| Улсын яллагч | Б.Энх-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2025/ДШМ/99
Э.Х, Ч.У, Д.Б,
Г.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Энх-Эрдэнэ,
яллагдагч Э.Х, түүний өмгөөлөгч Л.Мөнхсайхан,
яллагдагч Ч.У,
яллагдагч Д.Б,
яллагдагч Д.Б, Г.Б нарын өмгөөлөгч Л.Намнансүрэн,
яллагдагч Г.Б-ийн өмгөөлөгч Б.Отгонтөгс,
хохирогч С.Б-ийн өмгөөлөгч Г.Должинсүрэн,
хохирогч, иргэний хариуцагч “Д Т ү” ТӨХК-ийн өмгөөлөгч Э.Туул,
иргэний нэхэмжлэгч Ш Д Ш /X D Sh/, түүний өмгөөлөгч Д.Баттөмөр, орчуулагч Д.Наранцэцэг,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЗ/1757 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Энх-Эрдэнэ, Ө.Мөнхнавч нарын бичсэн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 114 дүгээр прокурорын эсэргүүцлээр Э.Х, Ч.У, Д.Б, Г.Б нарт холбогдох эрүүгийн 2014250006873 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Э.Х тоотод оршин суух бүртгэлтэй, гадаад паспортын дугаар / /,
2. Ч.У, ............... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,
3. Д.Б ............ тоотод оршин суух бүртгэлтэй,
4. Г.Б ............. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Г.Б нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс /цаашид БНХАУ/-ын “Т экспорт, импорт” ХХК-ийн захирал Ш Д Ш /X D Sh/-ийг БНХАУ-д байх хугацаанд түүний төлөөлөгч Э.Х /H/-д үлдээсэн БНХАУ-ын Тиажин хотын “Т экспорт, импорт” ХХК-ийн тамга дарагдсан хоосон бланк дээр хүсэлт боловсруулан “Д Т Ү” ХК /ТӨХК/ руу факсаар илгээж хуурамч баримт бичиг ашиглан хуурч, 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Ч.У-ын өмчлөлийн “С Т Э” ХХК-ийн эзэмшлийн Голомт банкны 141хххххххх тоот харилцах дансаар 404,774,400 төгрөг /320,258.2 ам.доллар/-ыг, Голомт банкны 49хххххххх тоот харилцах дансаар 880,000 ам.доллар /1,138,632,000 төгрөг/-ыг тус тус авч, нийт 1,200,258.2 ам.доллар /1,543,406,400 төгрөг/-ыг шилжүүлэн авч залилах гэмт үйлдлийг зохион байгуулж, бусдад их хэмжээний хохирол учруулсан,
2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр С1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 110 дугаартай шүүхийн шийдвэрийн дагуу 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ..... дүүргийн ... дугаар хороо, С орон сууцны 1 давхарт буюу “Н к” ХХК-ийн байранд явуулсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар “С.Б-ийн захиалгаар тагнуулын байгууллагын 2 ажилтан үнэмлэхээ үзүүлэн орж ирж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг таслан зогсоосон...” гэж хохирогч С.Б-ийн нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан гэмт хэрэгт тус тус,
Ч.У нь “Д Т Ү” ХК /ТӨХК/-ийн 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн нийт 1,200,258.2 ам.доллар /1,543,406,400/ төгрөгийг өөрийн “С Т Э” ХХК-ийн дансаар авч Г.Б-ид дамжуулан өгч залилах гэмт хэрэг үйлдэхэд үйлдлээрээ санаатай нэгдэн дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон гэмт хэрэгт,
Д.Б нь санаатайгаар бусадтай бүлэглэн БНХАУ-ын Тиажин хотын “Т экспорт, импорт” ХХК-ийн захирал Ш Д Ш /X D Sh/-ыг Монгол улсад эзгүй байх хугацаанд төмрийн үйлдвэр хүлээн авах, тээвэрлэх ажиллагааг шийдвэрлүүлэх зорилгоор түүний төлөөлөгч Э.Хд үлдээсэн БНХАУ-ын Тиажин хотын “Т экспорт, импорт” ХХК-ийн тамга дарагдсан хоосон бланкыг авсан, тус бланкин дээр Э.Х-гийн гарын үсгийг дуурайлган зурж, “Д Т Ү” ХК /ТӨХК/-д хүргүүлэн залилах гэмт хэрэг үйлдэхэд нь гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэгт,
БНХАУ-ын иргэн Э.Х нь БНХАУ-ын Тиажин хотын “Т экспорт, импорт” ХХК-ийн захирал Ш Д Ш /X D Sh/-ийг Монгол улсад эзгүй байх хугацаанд төмрийн үйлдвэр хүлээн авах, тээвэрлэх ажиллагааг шийдвэрлүүлэх зорилгоор үлдээсэн БНХАУ-ын Тиажин хотын “Т экспорт, импорт” ХХК-ийн тамга дарагдсан хоосон бланкыг хууль бусаар ашиглах гэж байгааг мэдсээр байж Д.Б-аар дамжуулж Г.Б-ид өгч, залилах гэмт хэрэг үйлдэхэд үйлдлээрээ санаатай нэгдэн дэмжлэг үзүүлэн хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн Прокурорын газраас: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан
Г.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,
Д.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,
Ч.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,
БНХАУ-ын иргэн Э.Х-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Улсын дээд шүүх 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 76 дугаар тогтоолд “...Шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүйн дээр хэргийн үйл баримт болон хууль хэрэглээний дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлөхуйц нөхцөл байдлын хоёр шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан нь шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд сөргөөр нөлөөлсөн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ..., ...Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдэх нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хэмжээгүй тул хохирогчийг буруу тогтоосон, хохирлыг буруу тооцоолсон, гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй гэсэн үндэслэлээр хохирогч байгууллага болон иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч, шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд энэ удаа хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй...” гэсэн асуудлыг шалгуулахаар хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна. Энэ талаар урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан өмгөөлөгч Л.Намнансүрэн, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Д Т Ү” ХХК-ийн өмгөөлөгч Э.Туул нарын хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж анхан шатны шүүх дүгнэв. ...” гэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Энх-Эрдэнэ, Ө.Мөнхнавч нар нь бичсэн эсэргүүцэлдээ болон прокурор Б.Энх-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн дээрх захирамж нь хэргийн бодит байдалд нийцээгүй, мөн шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэх хуулийн шаардлагад нийцээгүй үндэслэлгүй шийдвэр болжээ. Учир нь, Г.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хяналтын журмаар хянан хэлэлцэж шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 76 дугаар тогтоолд хэрэгт авагдсан нотлох баримтыг үгүйсгэсэн болон нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах агуулга огт байхгүй байхад анхан шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийсэн мэтээр захирамжид дурдаж хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бодит байдалд нийцээгүй байна.
Түүнчлэн, шүүгчийн захирамжид өмгөөлөгч Г.Намнансүрэн, Э.Туул нарын хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй талаар тусгасан боловч хүсэлтийн дагуу ямар мөрдөн шалгах ажиллагаа явуулах, ямар нөхцөл байдлыг тодруулах талаар огт дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчилд хамаарна гэж үзлээ.
Дээрх үндэслэлүүдээр шүүгчийн захирамжид хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийлгэх нь зүйтэй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасан үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1757 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэв.
Иргэний нэхэмжлэгч Ш Д Ш /X D Sh/-ийн өмгөөлөгч Ө.Одончимэг, Д.Баттөмөр нар нь хамтран гаргасан давж заалдах гомдолдоо болон өмгөөлөгч Д.Баттөмөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тухайд:
Анхан шатны шүүх нь Улсын дээд шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 76 дугаар тогтоолын үндэслэл болсон 3 асуудлын зөвхөн нэг асуудлыг үндэслэл болгосон бөгөөд үндэслэлээ буруу тайлбарлаж хууль зөрчсөн.
Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүх хэргийг хянахдаа нэгдүгээр: Э.Хг цагаатгасан нь бодит байдалд нийцээгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж,
хоёрдугаарт: Г.Б-ид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон гэж,
гуравдугаарт: Гэмт хэргийг зохион байгуулсан этгээд хохирол төлбөрөө төлөөгүй байхад торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хуульд нийцэхгүй гэж дүгнэсээр байтал хэргийг удаашруулах, гэмт этгээдэд ял завших боломжийг олгож хохирогч, иргэний нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэр гаргасан нь хууль ёсны, шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.
Улсын дээд шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт мөрдөн байцаалт хангалттай сайн явагдсан талаар зохих дүгнэлтээ хийсэн байдаг. Тухайлбал, тодорхойлох хэсэгт “...гэмт хэргийг Г.Б нь зохион байгуулсан, Д.Б нь гүйцэтгэгчээр, Э.Х нь хамжигчаар хамтран оролцсон үйл баримт мөрдөн байцаалтаар хөтөлбөргүй нотлогдсон. ...Анхан болон давж заалдах шатны шүүх уг мөрдөн байцаалтаар нотлогдсон талаарх дүгнэлтийг хийхдээ хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэлтэй дүгнэлт хийсэн” гэжээ. Харин шүүхээс өөрт итгэмжлэл үлдээсэн албан бичгийн маягтыг ашиглан гэмт хэрэг үйлдэх нөхцөл боломжийг бүрдүүлсэн Э.Х-г цагаатгаж шийдвэрлэсэн нь буруу гэж дүгнэжээ. Энэ нь зөвхөн хэргийг шийдвэрлэх шүүхийн ажиллагаатай холбоотой болохоос бус нэмэлт мөрдөн байцаалтаар тогтоогдох асуудал биш юм.
Нөгөө талаар, Улсын дээд шүүх анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн учир зохих хариуцлага хүлээлгээгүй байна. Энэ нь нэмэлт мөрдөн байцаалтаар тогтоох асуудал бус анхан шатны шүүхээр хэлэлцэж засаж болох асуудал юм. Мөн шүүгчийн захирамжид нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаар нотолбол зохих ямар ажиллагаа хийгдээгүй, ямар ажиллагаа хийлгэх талаар тодорхойлоогүй байгаа нь үндэслэлгүй болжээ.
2. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тухай:
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй” гэж заасныг ноцтой зөрчин урьдчилсан хэлэлцүүлгийг зарлаж, хуралдуулан хэргийг прокурорт буцаасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Дээд шүүхийн дүгнэлтийг анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтаар хөтөлбөргүй тогтоох боломжтой байхад хуулийг ноцтой зөрчин урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, үндэслэлгүй захирамж гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Энэ байдлаас болж 12 жил шалгагдаж байгаа тус хэрэг улам удааширч баларч замхрах, буруутан этгээд ял завших, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар улам хохирох байдалд хүрээд байна.
3. Шүүхийн шийдвэрт заасан үндэслэл нь хэргийг бодит байдалтай нийцээгүй тухай:
Улсын дээд шүүхийн 76 дугаар тогтоолд хэрэг бүртгэх, мөрдөн байцаалт, прокурорын шатанд нотолбол зохих ажиллагааг хийгээгүй, эсхүл хийх шаардлагатай байгаа тухай огт дурдаагүй ба зөвхөн анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний алдааны талаар дүгнэлт хийсэн байхад прокурорт нэмэлт ямар ажиллагаа хийлгэхээр буцаагаад байгаа нь ойлгомжгүй, үндэслэл муутай байна.
Иймд анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЗ/1757 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Хохирогч С.Б-ийн өмгөөлөгч Г.Должинсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэл болон иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн хэргийг прокурорт буцаасан захирамжийн хууль зүйн үндэслэл нь Улсын Дээд шүүхийн тогтоолыг биелүүлэх гэсэн. Гэтэл Улсын Дээд шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр дурдсан ямар ч ажиллагаа байхгүй. Улсын Дээд шүүхээс торгох ял оногдуулсан нь үндэслэлгүй, Г.Б-ийн бусдыг гүтгэсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, шүүгдэгч нарт хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй зэргийг дурдсан бөгөөд эдгээр нь буцааж хийгдэх ажиллагаа огт биш. Бүгд анхан шатны шүүхээр гэм буруугийн хуралдааныг дахин хэлэлцүүлж хийгдэх ажиллагаанууд тул шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлгүй. Мөн анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлэг зарласныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, энэхүү хэрэгт өмнө нь урьдчилсан хэлэлцүүлэг зарлаад яллагдагч нарыг шүүхэд шилжүүлсэн захирамж өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа тул дахин яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх, хэргийг буцаах эрх хэмжээ анхан шатны шүүхэд байгаагүй. Тийм учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, эсэргүүцэл болон гомдлыг хангаж өгнө үү. ...” гэв.
Хохирогч, иргэний хариуцагч “Д Т ү” ТӨХК-ийн өмгөөлөгч Э.Туул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ш Д Ш цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар энэ хэрэг эхэлсэн. Цаг хугацааны хувьд 10 гаруй жил өнгөрсөн ч хэрэг удах шалтгаан хуулийн байгууллагаас биш ШДШ-ээс өөрөөс нь болсон. Тэрээр Монгол Улсад байгаагүй учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзсэн. “Д Т ү” ТӨХК-ийг 2016 онд иргэний хариуцагчаар, 2020 онд хохирогчоор, мөн 2020 онд хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосноор хэрэгт 3 статустай явж байна. Шүүхүүдээр хэрэг удаа дараа хэлэлцэгдсэн ч “Д Т ү” ТӨХК нь хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийнхаа хувиар 2023 оны анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаанд оролцож, өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалсан. Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг 3 шатны шүүх удаа дараа хүлээн авч, хэлэлцээд талуудын гаргасан гомдлуудыг хангаж янз бүрийн шийдвэр гаргасан ч хамгийн сүүлийн Улсын Дээд шүүхийн тогтоолоор манайхаас гаргасан гомдлыг хоёр байдлаар дүгнэсэн. Нэгдүгээрт, манай “Д Т ү” ТӨХК-тай гэрээ байгуулсан Ш Д Ш, Э.Х нар нь хоёулаа худалдан авагч тал ба аль нэг нь илүү, давуу эрхтэй байхгүй. Гэтэл худалдан авагч Э.Х-г яллагдагчаар татаж, худалдан авагч ШДШ-ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон. Манайх Ш Д Ш, Э.Х нарын хооронд хоосон бланк шилжүүлсэн, түүнийг нь Э.Х ашигласан үйлдлийг цагаатгасан нь үндэслэлгүй гэж үзсэн. Энэ асуудлаар Ш Д Ш-ээс Э.Х-д холбогдуулж огт гомдол гаргаагүй. худалдан авагч талын хоорондын хууль бус үйлдэлд холбогдуулж гомдол гаргасныг Улсын Дээд шүүх хүлээж авч, Э.Хг цагаатгасныг үндэслэлгүй гэж үзэж, дүгнэлтээ маш тодорхой хийсэн. Өөрөөр хэлбэл, Ш Д Ш-ээс олгосон хоосон, тамгатай бланк энэ хэрэг гарах гол үндэслэл болсон гэдэг талаар дүгнэлт хийсэн. Түүнээс гадна анхан болон давж заалдах шатны шүүх болон Улсын Дээд шүүхэд удаа дараа гомдол гаргаж байгаа манай хамгийн гол үндэслэл нь “Д Т ү” ТӨХК хохирогч мөн эсэх асуудал юм. “Д Т ү” ТӨХК-ийг төөрөгдөлд орж, мөнгө шилжүүлсэн гэдэг ч хэрэгт авагдсан баримтуудыг үзвэл Ш Д Ш төлбөрөө бүрэн шилжүүлээгүй, гэрээ байгуулсан төлбөрийнхөө тал хувийг хийж, тэрийгээ өөр банкуудаар шилжүүлж байсан. Факсаар мөнгөө авах хүсэлт ирүүлэхэд өөрийнх нь хэлдэг Тиажин хотын Тайшин гэдэг компани огт байхгүй. 2,000,000 долларыг 13 удаагийн өөр компани, нэр, агуулгатайгаар бичсэн учраас бид мөнгийг нь албан бичигт бичсэн дансанд нь шилжүүлсэн. Бидний хувьд Э.Х, Ш Д Ш нар хоёулаа гэрээнд гарын үсэг зурсан тул нэг тал буюу худалдан авагч тал гэж харж байгаа. Тийм учраас манайх төлбөрийнхөө талыг авч, бүтээгдэхүүнээ үйлдвэр рүү олборлож, шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлэх тодорхой хугацаа заасан байсан. үүнийг талууд бүгдээрээ ойлгож, хүлээн зөвшөөрч байсан. Манайх бүтээгдэхүүн нийлүүлэхээс өмнө тал хувийн мөнгө орсон үед худалдан авагч талын бланк, тамгатай, монгол талын төлөөлөл Э.Х-гийн гарын үсэгтэй албан бичиг ирсэн. Мөрдөн байцаалтад буцаасан захирамжид заасан үндэслэл нь Улсын Дээд шүүхийн тогтоолыг барьсан учраас тогтоолд хохирогч, хохирол, албан бланктай холбоотой дүгнэлтүүдийг хийсэн байхад прокурор эсэргүүцэл бичсэн нь үндэслэлгүй. Прокурор шүүгчийн захирамжид ямар ажиллагаа хийхийг тодорхой заагаагүй гэж эсэргүүцэл бичсэн байх ба шүүх прокурорын талд орж, ийм ажиллагаа хий гэж нэрлэн заах шаардлагагүй. Энэ хэрэгт хэргийн оролцогч нар хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлж хууль зүйн үндэслэлтэй санал, гомдлоо бүгдийг нь гаргаж байгаа. Энэ ажиллагаануудыг хийлгэх шаардлагатай гэж Улсын Дээд шүүхийн үзсэн эцсийн шийдвэрийг анхан шатны шүүх хүлээн авч, хэргийг прокурорт буцаасныг үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.
Яллагдагч Ч.У хэлэх тайлбаргүй гэв.
Яллагдагч Д.Б хэлэх тайлбаргүй гэв.
Яллагдагч Э.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Улсын Дээд шүүхийн тогтоолын надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн анхан шатны шүүхийн мөрдөн байцаалтад буцаасан захирамжийг дэмжихгүй, прокурорын эсэргүүцлийг зөвшөөрч байгаа. ...” гэв.
Яллагдагч Э.Х-гийн өмгөөлөгч Л.Мөнхсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч энэ хэрэгт яллагдагчаар оролцож байгаа хэдий ч улсын яллагчийн гаргасан эсэргүүцлийг хуулийг зөв хэрэглэх үүднээс зарчмын хувьд дэмжиж байгаа. Монгол Улсад нэг хууль үйлчлэх ёстой бөгөөд шүүх үүнийг дагаж мөрдөх ёстой. Улсын Дээд шүүхээс буцаасан үндэслэлд нотлох баримт дутуу, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах шаардлагатай, шүүхийн шатанд бүрдүүлэх боломжгүй гэсэн үг, өгүүлбэр бичигдээгүй. Энэ хэрэг 10 гаруй жил үргэлжлэхэд миний үйлчлүүлэгч хоёр удаа цагаатгагдаж байсан. Бичиг баримт, паспортынх нь хугацаа дууссан бөгөөд Хятадын элчин сайдын яам хурааж аваад сунгаж өгөөгүй. Өөрийгөө Э.Х гэж тайлбарлаад байгаа боловч Э.Х гэдгээ нотлох баримт бичиггүй, харьж чадахгүй байдалтай. Сүүлд цус харваж, хүний гарт орсон бөгөөд үүнийгээ эмчлүүлэхээр явах гэхээр ямар ч боломжгүй байдалд байна. Анхан шатны шүүх Улсын Дээд шүүхээс хэргийг буцаахад урьдчилсан хэлэлцүүлэг зарласан. Өмгөөлөгчийн зүгээс урьдчилсан хэлэлцүүлэг зарлах хууль зүйн үндэслэл байхгүй гэж эсэргүүцэж тайлбараа хэлж, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулсан. Гэсэн хэдий ч шүүх урьдчилсан хэлэлцүүлэг зарласан товоо хоёр удаа хойшлуулж, хоёр дахь удаа хуралдаж тодорхойгүй үндэслэлүүдийг зааж, хүсэлтийг хангах нь зүйтэй гээд хэргийг мөрдөн байцаалтад буцаасан нь хэргийн шийдвэрлэлтийг тодорхойгүй байдлаар удаашруулах хандлагад оруулсныг зөвшөөрөхгүй байна. Э.Х нь хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд гэм буруутай эсэхээ шийдвэрлүүлэх боломжтой. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, нотлох баримтын хүрээ хязгаар гэж бий бөгөөд 20 хавтаст хэрэгт нэг зүйлийг тал талаас нь нотолсон баримт хангалттай авагдсан. Анхан шатны шүүх үүнд эрх зүйн дүгнэлт хийж, мэтгэлцээний үндсэн дээр хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
Яллагдагч Д.Б, Г.Б нарын өмгөөлөгч Л.Намнансүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын тухайд, нэгдүгээрт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд хэргийг прокурорт буцаах зохицуулалт байгаа. Тус зохицуулалтаар шүүх өөрийн санаачилгаар хэргийг прокурорт буцаах боломжтой. Хоёрдугаарт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт захирамжид ямар этгээдүүд гомдол гаргах эрхтэй болохыг тодорхой дурдаж, прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гэсэн субьектууд гэж хуулиар нэрлэн заасан бөгөөд үүнд иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гэсэн субьектууд байхгүй буюу хуулиар зөвшөөрөгдөөгүй. Хэргийг прокурорт буцааж байгаа асуудал нь иргэний нэхэмжлэгчид гомдол гаргах агуулга байхгүй, нэмэлт мөрдөн байцаах ажиллагаа явуулахтай холбоотой шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийж гаргаж байгаа захирамж учраас субьектуудыг хууль тогтоогч ингэж тодорхойлсон. Тэгэхээр энэ нөхцөл байдалд иргэний нэхэмжлэгч өөрийнхөө үзэмжээр гомдол гаргаж, гомдлоо танилцуулж байна. Нэгэнт хууль ийм учраас хууль дээдлэх зарчмаа баримтлах ёстой тул энэ үүднээс иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэлэлцүүлээгүйд тооцож, хууль зүйн хувьд дүгнэлт хийж, энэ талаар ямар нэгэн дүгнэлт шийдэл гаргах боломжгүй хуулийн зохицуулалтын хүрээнд тодорхойлох нь зүйтэй гэж үзэж байна. Тийм учраас миний хувьд энэ талаар ямар нэгэн тайлбар хэлэх шаардлагагүй гэж үзэж байна. Нөгөө талдаа шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг хууль зөрч гэж тулгах боломж байхгүй гэдгийг тодотгож хэлье. Хохирогчийн өмгөөлөгч Г.Должинсүрэн тайлбар хэлэх үндэслэлгүй нөхцөл байдалд байхад тайлбар хэлж байна. Учир нь, “Д Т ү” ТӨХК-ийг хохирогчоор тогтоосон хэрэгт тус өмгөөлөгч нь оролцогч биш бөгөөд энэ хэргийн талаар тайлбар, дүгнэлт хэлэх эрх зүйн байдал нь тодорхойлогдоогүй этгээд болно. Өөрт нь гомдол гаргах эрх байсан ч гомдол гаргаагүй, бусдын гомдол гаргасан өөр хэрэгт тайлбар хэлж байгаа нь зарчим алдагдаж, журам зөрчигдөж байгаа учраас энэ талаар тодруулж хэлэх нь зүйтэй байх. “Д Т ү” ТӨХК-ийг хохирогчоор тогтоосон хэрэгт шүүгчийн захирамж, эсэргүүцэл яригдаж байгаа учраас энэ хэсэгт төвлөрч гол тайлбараа хэлье. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт урьдчилсан хэлэлцүүлгээр ямар шийдвэр гарахыг зааж, захирамж шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагааг хийлгэх гэсэн агуулгаар гарсан. Түүнээс биш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн захирамжийн агуулга байхгүй. Тэгэхээр прокурор энэ үндэслэлээр тодорхойлоогүй агуулгаар гомдол гаргасан нь үндэслэлгүй. Зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх агуулга бүхий захирамж байгаа гэдгийг хэлье. Энэ үндэслэлээр захирамж гарсан бол прокурор мөн адил үндэслэлээр эсэргүүцэл бичих ёстой. Эсэргүүцэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5, 39.6, 39.7, 39.8 дугаар зүйлүүдийг барьж, шүүхийн тогтоолд гаргаж байгаа эсэргүүцэл байдлаар үндэслэлээ тодорхойлсон нь үндэслэлгүй. Хууль хэрэглээний хувьд шүүх шийтгэх юм уу, цагаатгах тогтоол гаргаж гэм бурууг эцэслэн шийдвэрлэж байгаа асуудал биш. Тиймээс дээрх заалтуудад заасан журмыг барьж эсэргүүцлээ бичсэн нь үндэслэлгүй. Гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлийг захирамж яаж тодорхойлсон, тэр үндэслэлийг үндэслэлгүй гэдэг байдлаар тодорхойлж, эсэргүүцлийнхээ агуулгыг тодорхойлох байсан. Мөн Улсын Дээд шүүхийн тогтоолд прокурор хоёр үндэслэл дурдаж эсэргүүцлээ тайлбарлаж байна. Нэгдүгээрт, Улсын Дээд шүүхийн 76 дугаар тогтоолд нэмэлт мөрдөн байцаах ажиллагаа хийлгэх агуулга байхгүй байхад байгаа мэтээр захирамж гаргаж, хэргийг буцаасан гэж байна. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд хяналтын шатны шүүхийн эрх хэмжээг заасан ба уг зүйлийн 1 дэх хэсэгт тухайн асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй гэдэг хяналтын шатны шүүхийн эрх хэмжээг хязгаарласан агуулга байна. Энэ эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гаргаж байгаа тогтоолынхоо үндэслэлийг дурдаж тогтоолоо гаргаж байгаа. Түүнээс биш прокурорын хүсээд байгаа шиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж, хяналтын шатны шүүх нарийвчилсан дүгнэлт хийж, зааж чиглүүлээд доод шатны шүүх болон прокурорыг удирдан чиглүүлэх замаар дүгнэлт хийхгүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 40.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан агуулга, үндэслэлээрээ тодорхой үндэслэлийг зааж тогтоол гаргана. Үүнийг прокурор эсэргүүцэлдээ мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа байгаагүй гэж хэт явцууруулж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Улсын Дээд шүүхийн эрх хэмжээ, дүгнэлт хийх агуулга хуулиар ингэж тодорхойлогдсон учраас энэ хүрээнд анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буцаасан. Хоёрдугаарт, Улсын Дээд шүүхийн тогтоолд хэргийн үйл баримт болон хууль хэрэглээний дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлөхүйц нөхцөл байдлыг хоёр шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан. Энэ нь зөвхөн ял хөнгөдсөн, эсхүл анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж шийдвэрлэх асуудал байна гэж дүгнээгүй. Өөрөөр хэлбэл, хэргийн үйл баримт, хууль хэрэглээний дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлөхүйц нөхцөл байдал байхад хоёр шатны шүүх анхаарч үзээгүй орхигдуулсан гэсэн. Энэ асуудлаа Улсын Дээд шүүх тогтоолдоо “Шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхөөр байна” гэж дүгнэсэн. Үүнийг яагаад анхан шатны шүүх захирамжаа гаргахдаа үндэслэл болгосон нь эндээс тодорхой харагдана. Гэм буруугийн асуудлыг дүгнэхэд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдлыг хоёр шатны шүүх анхаарч үзээгүй нь хэргийн үйл баримттай холбоотой гэж дүгнэснээс заан чиглүүлж, үүнийг ингэж тогтоо гэж тодорхойлох боломжгүй болохыг хууль хэрэглээний хувьд зөв тайлбарлаж тодорхойлох ёстой. Түүнчлэн, тогтоогдоогүй болон үүсэх нөхцөл байдлыг тогтоох, нэг баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтой гэж үзэх эрх хэмжээ байхгүй, хохирогчийг буруу тогтоосон, гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй гэж дүгнэх боломжгүй гэсэн дүгнэлтийг Улсын Дээд шүүх хийсэн. Үүнтэй холбогдуулан яллагдагч нар, тэдгээрийн өмгөөлөгч нараас урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргасан. Анхан шатны шүүх хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч Э.Туул болон өмгөөлөгч миний хүсэлтийн аль хэсгийг хүлээн авч, алийг нь хүлээн аваагүй гэж заагласан агуулга бүхий захирамж гаргаагүй. Улсын Дээд шүүхэд ийм дүгнэлтүүд хийгдсэн, уг дүгнэлттэй холбоотойгоор хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дурдаад байгаа тогтоох шаардлагатай нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа гэснийг агуулгын хувьд хүлээж авлаа гэсэн. Тэгвэл юу хийлгэхээ заалгах гэсэн прокурорын асуудал өмгөөлөгч нарын хүсэлтийг агуулгын хувьд бүхэлд нь хүлээж авсан учраас тэнд дурдсан нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийх нь зүйтэй гэсэн агуулга хэнд ч ойлгомжтой байна. Тиймээс үүнд ойлгомжгүй, эргэлзээтэй зүйл огт байхгүй. Тиймээс үүнийг заавал зааж чиглүүлж, удирдах ёстой гэсэн агуулгаар эсэргүүцэл бичиж, тайлбарлаж байгаа нь бүхэлдээ үндэслэлгүй. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэд хэдэн асуудлыг хөндсөн. Жишээлбэл, хохирогчийн өмгөөлөгчөөс энэ хэргийн ажиллагааны туршид хохирогч гэх хүн хохироогүй, хохирогч биш гэдэг. Үүнтэй холбоотой анхан болон давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүх гурвуулаа өөр дүгнэлтүүд хийсэн. Үүн дээрх том ялгаа нь мөнгө дансанд байгаа болохоор хохирогч болох уу, эсхүл Иргэний хуулийн холбогдох заалтаар хохирогч болох уу, эсхүл санхүүгийн өглөг, авлага гэсэн дэлгэрэнгүй тайланд тусгагдсан агуулгаар хохирогч болох уу гэсэн эргэлзээтэй нөхцөл байдлыг эцэслэн шийдвэрлэж чадахгүй хууль хэрэглээний асуудалд орж байгаа. Тийм ч учраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар удаа дараа гомдол гаргаж байгаа. Үүнийг нэг мөр эцэслэн дүгнэлт хийхийн тулд шинжээч, аудит томилж авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан гаргаж, уг үндсийг нь хөндөж хохирогч мөн эсэхийг тодорхойлж, маргааны нөхцөл байдлыг нэг талд нь гаргахгүй бол энэ хэрэг дахиад хэдэн жил үргэлжлэхийг мэдэхгүй. Тиймээс анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Прокурор яллагдагч болон түүний өмгөөлөгчөөс 14 жилийн дараа гаргаж өгч байгаа нотлох баримт нь ач холбогдлоо алдсан баримт гэж яриад байна. Улсын Дээд шүүхээс дүгнэлт хийхдээ хохирлыг гаргуулж байгаа, гаргуулан тооцохдоо захиран зарцуулсан этгээдээс нь гаргуулах уу, эсхүл үүнийг үл тоож хэдэн хүн гэм буруутайд тооцогдоно, тэдгээрээс тэнцүү хуваан гаргуулах уу гэдэг дээр ялгаатай хандах ёстой гэсэн. Уг дүгнэлттэй холбогдуулан баримт гаргаж өгөх нь зүйтэй гэж үзээд Улсын Дээд шүүхийн тогтоолын дараа шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж өгсөн. Дүгнэлттэй холбоотой гаргаж өгч байгаа баримт буюу энэ баримттай холбоотой ажиллагаа өмнө нь огт хийгдээгүй байсан. Уг ажиллагааг шүүхийн шатанд хийх боломжгүй, мөрдөн байцаалтын шатанд хийж Э.Х нь 76,000 ам доллар, 6,500,000 төгрөг, 1 ширхэг 59 ам долларын үнэ бүхий автомашин, 139,000 ам долларыг авсан бол үүнтэй нь холбогдуулж Улсын Дээд шүүхээс дүгнэлт хийсэн бол хохирлыг шийдвэрлэхдээ хэн, хэдэн төгрөг авсан гэдэгтэй холбоотой хохирлыг гаргуулах дүгнэлт хийх нь шударга ёсны зарчимд нийцнэ. Үүнд цаг хугацааны хувьд нотлох баримт ач холбогдлоо алдана гэсэн хууль зүйн ойлголт байхгүй. Тийм учраас энэ талаас нь дүгнэлт хийх ёстой тул эсэргүүцлийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Яллагдагч Г.Б-ийн өмгөөлөгч Б.Отгонтөгс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Л.Намнансүрэнтэй санал нэг бөгөөд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Өмгөөлөгч Л.Намнансүрэн урьдчилсан хэлэлцүүлэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хохирогчийг зөв тогтоох, санхүүгийн шинжээч томилох, тухайн бичиг хэзээ, хаана үйлдэгдсэн талаар тодруулах гэсэн 3 үндэслэлийг гаргаж хүсэлтээ гаргасан. Мөрдөн шалгах ажиллагаа хийснээр хэргийн бодит байдлыг тогтоох, хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх тул урьдчилан шийдвэрлэх ажиллагаануудыг хийх нь зүйтэй. Эсэргүүцэлд дурдагдаад байгаа шиг шүүгчийн захирамжаар тухайн мөрдөн шалгах ажиллагааг нарийвчлан зааж тусгах шаардлагагүй. Өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авсан бол тухайн хүсэлтүүдэд тулгуурлан шийдвэрлэх ёстой. Тийм учраас нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэж байж хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй тул эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Монгол Улсын Дээд шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 76 дугаар тогтоолд хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай ажиллагааны талаар заагаагүй байх тул “...хэрэгт авагдсан нотлох баримтыг үгүйсгэсэн болон нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах агуулга огт байхгүй байхад анхан шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийсэн мэтээр захирамжид дурдаж хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бодит байдалд нийцээгүй...” гэсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.
Монгол Улсын Дээд шүүх “...шүүгдэгч Э.Х-г цагаатгасан, Г.Б-ид холбогдох Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон, Эрүүгийн хуулийн зорилгод нийцээгүй ялыг Г.Б-ид оногдуулсан, хохирлыг үндэслэлгүй шийдвэрлэсэн...” гэсэн үндэслэлээр “...хэргийн үйл баримт болон хууль хэрэглээний дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлөхүйц нөхцөл байдлын хоёр шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан нь шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд сөргөөр нөлөөлсөн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ...” гэсэн дүгнэлтийг хийж 2014250006873 дугаартай эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хянахад, мөрдөн шалгах ажиллагаагаар нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ шүүхээс хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байх ба шүүхээс нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.
Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгохоор давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокурор Б.Энх-Эрдэнэ, Ө.Мөнхнавч нарын бичсэн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 114 дүгээр прокурорын эсэргүүцлийг хангаж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЗ/1757 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
2. Яллагдагч Г.Б, Д.Б нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, Ч.У, Э.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ