| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2025/10190/И |
| Дугаар | 192/ШШ2025/10427 |
| Огноо | 2025-12-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 192/ШШ2025/10427
2025 12 04 192/ШШ2025/10427
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***-ид холбогдох
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүх 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, мөн сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* би “******* *******” ХХК-ийн хэрэгжүүлж буй ******* дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “******* ” нэртэй орон сууцны хотхоноос орон сууц захиалан бариулахаар тохиролцож тус компанитай 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 190514/02 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Орон сууц захиалгын гэрээгээр тус орон сууцны 7 дугаар давхрын 701 тоот хаягт байрлах 28.94 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 890,000 төгрөгөөр үнэлж. нийт 25,756,600 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд “******* ноёд” ХХК-ийн Голомт банкны 1245109563 тоот дансанд тушаасан. 2023 оны 06 дугаар сард байрны түлхүүрээ авч байрандаа орсон боловч өнөөдрийг хүртэл үл хөдлөхийн гэрчилгээг аваагүй байна. Энэ талаар удаа дараалан “******* ноёд” ХХК-ийн захирлаас шаардсан боловч гаргаж өгнө гэсээр өдийг хүрлээ. Өр төлбөрийн маргаангүй, байрны захиалгын төлбөрийг бүрэн гүйцэд гэрээ хийх үедээ төлсөн болно. Гэрээ байгуулахдаа 2020 оны 02 дугаар улиралд хүлээлгэж өгнө гэсэн байгаа. Хэрэв байр ашиглалтад орсноос хойш бүрэн мөнгө төлсөн байх бол шууд өмчлөлд нь шилжүүлж өгнө гэсэн гэрээнд заасан байдаг. Иймд ******* намайг ******* дүүрэг, 7 дугаар хороо, ******* 1 дүгээр гудамж, ******* хотхон 206 дугаар байр, 7 дугаар давхар 701 тоот хаягт байрлах, 28.91 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгч болохыг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хүсэлтдээ: “******* ноёд” ХХК-ийн гүйцэтгэх захирал миний бие 206 дугаар байрны 701 тоот хаягт оршин суух Ц.ын нэхэмжлэлтэй танилцлаа. Манай компанийн зүгээс татгалзах зүйлгүй, маргаангүй тул шүүх хуралдаанд оролцуулахгүй шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэл/хх 2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/хх 2-3/, иргэний үнэмлэхийн хуулбар/хх 4/, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн №190514/02 дугаартай орон сууц захиалгаар бариулах гэрээний хуулбар/хх 5-6 тал/, Хас банкны төлбөрийн баримт/хх 7/ зэргийг,
Хариуцагч талаас хариу тайлбар/хх 17 тал/-аас өөрт нотлох баримт гарган өгөөгүй.
Шүүхийн журмаар нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 5/2742 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг/хх 22/-ийг бүрдүүлсэн байна.
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ”******* ноёд” ХХК-ид холбогдуулан ******* дүүрэг, 7 дугаар хороо, ******* 1 дүгээр гудамж, ******* хотхон 206 дугаар байрны 7 дугаар давхар 701 тоот хаягт байрлах 28.91 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ”******* ноёд” ХХК-ийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн шийдвэрлэсэн.
Шүүх нэхэмжлэгч талын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Дараах үйл баримтууд тогтоогдов.
Нэхэмжлэгч *******, хариуцагч “******* ноёд” ХХК нарын хооронд 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн №190514/02 дугаартай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдаж ******* дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “******* ” нэртэй үйлчилгээ, орон сууцны цогцолбор хотхоны 7 дугаар давхар, 701 тоот хаягт байрлах 28,94 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг
захиалагчийн өмчлөлд шилжүүлж, захиалагч тал гэрээнд заасан 1 м.кв-ын үнийг 890,000 төгрөгөөр тооцон нийт 25,756,600 төгрөгийг төлж, өмчлөлдөө авахаар харилцан тохиролцсон./хавтаст хэргийн 5-6 дугаар тал/
Тус орон сууц захиалгаар бариулах тухай гэрээний үүрэгт нэхэмжлэгч тал 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хас банкны 5000003301 тоот дансаар 25,756,000 төгрөгийг “******* ноёд” ХХК Голомт банкны 1245109563 тоот данс руу төлж, төлбөр төлөх үүргээ биелүүлсэн болох нь тогтоогддог./хавтаст хэргийн 7 дугаар тал/
Иймээс маргаан бүхий ******* дүүрэг, 7 дугаар хороо, ******* 1 дүгээр гудамж, ******* хотхон 206 дугаар байр, 7 дугаар давхар 701 тоот орон сууцны үнэ 25,756,000 төгрөгийн төлбөр төлөгдсөн болох нь тогтоогдов.
Нэхэмжлэгч ******* хариуцагч “******* ноёд” ХХК-ийн өмнө хүлээсэн орон сууц захиалгаар бариулах тухай гэрээний үүрэгт маргаан бүхий 701 тоот орон сууцны төлбөрт 25,756,000 төгрөгийг бүрэн төлсөн, тус орон сууцанд гэр бүлийн гишүүдийн хамт амьдран сууж буй болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ******* нь орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн, мөн хариуцагчийн төлөөлөгч ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбараас үзэхэд хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-д зааснаар өмчлөгч өмчлөх эрх нь зөрчигдсөн гэж үзвэл эрх зөрчигчөөс шаардах эрхтэй тул нэхэмжлэгч Ц.ыг ******* дүүрэг, 7 дугаар хороо, ******* 1 дүгээр гудамж, ******* хотхон 206 дугаар байр, 7 дугаар давхар 701 тоот хаягт байрлах 28.91 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоох нь үндэслэлтэй байна.
Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан орон сууц худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсжээ.
Талууд хүсэл зоригоо илэрхийлэн гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож, гэрээнүүдийг бичгээр байгуулан гарын үсгээ зурсан нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т заасан хэлцлийн хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.ыг ******* дүүрэг, 7 дугаар хороо, ******* 1 дүгээр гудамж, ******* хотхоны 206 дугаар байр, 7 дугаар давхар 701 тоот хаягт байрлах 28.91 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Энэхүү шийдвэрээр нэхэмжлэгч *******, хариуцагч “******* ноёд” ХХК нарын хооронд үүссэн гэрээний харилцаа, өмчлөх эрх шилжүүлэх, шилжүүлэн авах эрх, үүргийн хүрээнд “******* ноёд” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгээгүй байх тул Ц.ыг тухайн орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоож шийдвэрлэсэн.
Энэ нь гуравдагч этгээдийн хувьд өөрийн эрх ашиг зөрчигдсөн талаар шүүхэд нэхэмжлэл гаргахад саад болохгүй болохыг дурдав.
Хариуцагч “******* ноёд” ХХК нь уг үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоолоор захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж тусгай тэмдэглэл үйлдсэн, салж бүртгэгдээгүй болох нь мөн тогтоогддог.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 286,733 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “******* ноёд” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 286,733 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Шарайд овогт Цэрэндагвын а/РД:ФА64060172/-ыг ******* дүүрэг, 7 дугаар хороо, ******* 1 дүгээр гудамж, “******* ” хотхоны 206 дугаар байр, 7 дугаар давхар 701 тоот хаягт байршилтай 28,94 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 286,733 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “******* ноёд” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 286,733 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгосон үеэс хүчинтэй, мөн зүйлийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба хүргүүлэх бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ***