Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2020/01988

 

ХХХ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/02703 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ХХХ ХХК хариуцагч О.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17 369 600 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Ариунжаргал, Б.Бадрах,

Хариуцагчийн өмгөөлөгч: Э.Нэмэхбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.М нь ХХХ ХХК-тай 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр №18/20 тоот зээлийн гэрээ байгуулан 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр 8 000 000 төгрөгийг зээлж авсан. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хариуцагч О.М нь 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 02 сарын 16-ны өдөр хүртэл зээлийн хүүг, хугацааны эцэс болох 2019 оны 3 дугаар сарын 16-нд зээлийн хүү болон үндсэн зээлийг бүхэлд нь төлөх үүрэгтэй боловч зээлийн хүү болон үндсэн зээлийг одоог хүртэл огт төлөөгүй. Нэхэмжлэгч зээлийн хүүг хугацаандаа төлөх тухай удаа дараа сануулж, нэмэлт хугацаа тогтоож эвлэрэх боломж олгож байсан. Гэвч хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шалтаг тоочиж зээлийн төлбөрийг хугацаа дууссанаас хойш төлөлгүй 1 жил 2 cap 12 хоног болсон байна. Мөн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардаж авалгүй, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хооронд эрэн сурвалжлагдсан. Энэ нь хариуцагч зээлийн хүү болон үндсэн зээлийг сайн дураар төлөх эсэхэд эргэлзээ төрүүлж байх тул зээлийн хүү болон үндсэн зээлийг шаардаж байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр №18/019 дугаартай хөрөнгө барьцаалах гэрээ байгуулан 00-00 ХХХ улсын дугаартай, KNMA4C2BMBP076809 арлын дугаартай, хар өнгийн Самсунг Эс Эм-5 маркын тээврийн хэрэгслийг барьцаалан, хувийн хэрэгцээнд /автомашин худалдан авах/ зориулан авсан. Хөрөнгө барьцаалах гэрээний дагуу 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр фидуцийн зүйлийг Лотус финанс ББСБ өмчлөлдөө шилжүүлэн авсан. Гэрээнд заасны дагуу фидуцийн зүйлийг эзэмших, ашиглах эрх нь хариуцагчид хэвээр үлдсэн. Хариуцагч зээлийн төлбөрийг огт төлөөгүй тул 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр фидуцийн зүйлийг эзэмшилдээ шилжүүлэн авсан. 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн №18/20 тоот зээлийн гэрээний 3.1.9 дэх хэсэгт Барьцааны зүйл нь үндсэн зээл, зээлийн хүү, зээлтэй холбогдон гарах бусад төлбөрт хүрэлцэхгүй тохиолдолд бусад хөрөнгөөрөө төлөх, 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн №18/019 дугаартай хөрөнгө барьцаалах гэрээний 3.2.4 дэх хэсэгт Хэрэв барьцааны зүйлийг борлуулснаас олсон орлого нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон бусад холбогдох зардлыг бүрэн төлөхөд хүрэлцээгүй, барьцаалсан хөрөнгийн үнэлгээ буурсан бол О.М нь өөрийн бусад хөрөнгө, эх үүсвэрээр төлбөрийг төлж барагдуулна гэж тус тус заасны дагуу хариуцагч нь фидуцийн зүйл зээлийн төлбөрийг төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд бусад хөрөнгөөр зээлийн төлбөрийг барагдуулах үүрэгтэй. Иймд О.Мгоос 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр №18/20 тоот Зээлийн гэрээний дагуу өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй үндсэн зээл 8 000 000 төгрөг, зээлийн хүү 8 448 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 921 600 төгрөг, нийт 17 369 600 төгрөгийг гаргуулж, фидуцийн зүйл болох 00-00 ХХХ улсын дугаартай, KNMA4C2BMBP076809 арлын дугаартай, хар өнгийн Самсунг Эс Эм-5 авто машиныг шүүхийн журмаар албадан борлуулж, зээлийн өр төлбөрийг барагдуулах, фидуцийн зүйл үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд түүний өмгөөлөгч гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Учир нь О.М нь 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ХХХ ХХК-тай 12 cap буюу нэг жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулж, Монгол Улсад импортоор орж ирсэн улсын дугаар аваагүй зах зээлийн үнэлгээ 18 000 000 төгрөгийн үнэ бүхий авто машин барьцаанд тавьж фидуцийн гэрээний дагуу ХХХ ХХК-ийн нэр дээр шилжүүлж шинээр 00-00 ХХХ гэсэн улсын дугаар авагдсан. Уг автомашиныг О.М эзэмшиж байхаар харилцан тохиролцож 8 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлсэн. Зээл авсан хугацаанаас хойш зээл төлөгдөөгүй учир зээлийн гэрээний 6.2-д заасан үндэслэлээр ХХХ ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр зээлийн болон фидуцийн гэрээний харилцааг дуусгавар болгосон. Гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг зээлийн гэрээний 7.1-д зааснаар хангуулахаар хүсэлт гаргаж ярьсаны дагуу О.М нь бензин хөдөлгүүртэй Самсунг Эс Эм-5 маркын 00-00 ХХХ улсын дугаартай авто машиныг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр болох Шинэ монгол хорооллоос хураан авч ачиж явахыг хүлээн зөвшөөрч акт үйлдэж хүлээлгэн өгсөн болно. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болохоор зохицуулсан байдаг. Мөн фидуцийн гэрээний онцлог нь үүргийн гүйцэтгэлийг хангуулж байгаа эд хөрөнгө үүргийн үнийн дүнд хүрэхгүй байвал үүрэг гүйцэтгүүлэгч, илүү үнэтэй байвал үүрэг гүйцэтгэгч нь эрсдлээ өөрсдөө хүлээдэг. Нэхэмжлэгч тал болох ХХХ ХХК нь шүүх хуралдаан болон нотлох баримтаар бензин хөдөлгүүртэй Самсунг Эс Эм-5 маркын 00-00 ХХХ улсын дугаартай авто машиныг хураан авсан тухай мэдүүлэг, хүлээж авсан актыг шүүхэд нотлох баримтаар өгсөн болно. Автомашиныг хураагаад авчихсан тул зээлийн гэрээгээр авсан төлбөрт тооцоод цаашид зээл төлөхгүй юм байна гэж ойлгож байсан. Иймд ХХХ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч О.Мгоос 1 920 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХХ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 15 449 600 төгрөгт холбогдох хэсэг болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, фидуцийн зүйл үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314 998 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 45 670 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Талууд 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж түүний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Фидуцийн гэрээг байгуулсан байдаг. Зээлийн гэрээний 6.1 дэх хэсэгт талууд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлснээр гэрээг дуусгавар болсонд тооцно гэж заасан. Тодруулбал зээлдэгч олгосон зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт бүрэн төлөгдөж байж зээлийн гэрээ дуусгавар болно. Гэтэл зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болоогүйгээр барахгүй нэхэмжлэгчийн эзэмшилд автомашин нь худалдан борлуулагдаагүй байдаг. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж тодорхой заасан. Харин Зээлийн гэрээ дуусгавар болохоор заагаагүй байна. Фидуцийн гэрээ нь үүргийн баталгаа гаргах зорилго бүхий гэрээ боловч үүрэг гүйцэтгэгч төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд фидуцийн зүйлийн шууд эзэмшил үүрэг гүйцэтгүүлэгчид шилжиж, төлбөрийн тодорхой хэсгийг барагдуулж фидуцийн гэрээ дуусгавар болно. Харин зээл бүрэн төлөгдөөгүй учир фидуцийн гэрээ дуусгавар болсноос үл хамаарч үлдэх төлбөрийг төлөгдөж дуусах хүртэл зээлийн гэрээ хэвээр үйлчлэх ёстой. Иймд фидуцийн гэрээ нь зээлдэгч төлбөрийг бүрэн төлсөн эсэхээс үл хамаарч дуусгавар болсноор зээлийн гэрээ мөн адил дуусгавар болно гэж дүгнэсэн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-т заасны дагуу зээлийн гэрээ нь зөвхөн зээл бүрэн төлөгдсөнөөр дуусгавар болно. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүрэг дуусгавар болох гэдэг нь гэрээгээр тохирсон үүргийг дээрх зарчимд нийцүүлэн биелүүлснээр дуусгавар болох юм. Харин иргэний хуулийн 236.1.2-т зааснаар үүрэг дуусгавар болохоор зохицуулсан. Гэхдээ энэ нь үүрэг гүйцэтгүүлэгч тэрхүү өөр үүргийг хүлээн зөвшөөрч хүлээн авсан байхыг ойлгоно. Тодруулбал, гэрээнд зааснаас өөр үүргийг хүлээн авснаар гэрээгээр тохирсон үүрэг дуусгавар болно гэдгийг талууд аль аль нь хүлээн зөвшөөрч, энэ талаар тохиролцсон байх үндсэн шаардлагыг хангах ёстой. Гэтэл нэхэмжлэгч нь фидуцийн зүйлийг хураан авсан цагаас эхлээд шүүхэд хандаж, хариуцагчийг төлбөрөө төлөхийг шаардаж, хариуцагчийг эрэн сурвалжлуулж шүүхийн журмаар зээлийн төлбөрийг барагдуулах гэж хандсан нь тэрхүү өөр үүрэг болох автомашиныг хураан авснаар үүрэг дуусгавар болно гэдгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байгааг бодиттойгоор харуулж байдаг. Мөн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Хөрөнгө барьцаалах гэрээний 2.1.3, 3.2.4, 3.1.9-т заасны дагуу нэхэмжлэгч нь автомашиныг дур мэдэн худалдан борлуулалгүй, шүүхийн журмаар төлбөрийг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хариуцагчийг хаягийг тогтоож шүүхэд дуудахаар эрэн сурвалжлуулсан. Улмаар хариуцагчийн хаяг нь 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр тодорхой болсноор энэхүү нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч автомашиныг хураан авснаас эхлээд хариуцагчтай холбоо тогтоож шүүхийн журмаар асуудлыг шийдвэрлүүлэх гэж Цагдаагийн байгууллагатай хамтран эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байсан тул автомашиныг зээлийн гэрээний үүрэгт тооцож, гэрээг дуусгавар болгох хүсэл зориг байгаагүй. Түүнчлэн нэхэмжлэгч нь дээр дурдсанчлан автомашиныг хамгаалтандаа авснаас эхлээд зээлийн гэрээний 2.1.3-т заасны дагуу шүүхийн журмаар төлбөрийг барагдуулахаар шүүхэд хандаж, хариуцагчийг эрэн сурвалжлуулж, хаяг тогтоогдсоны дагуу иргэний хэрэг үүсэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Автомашиныг хураан авсан тухайд, хариуцагчийг бусдын эзэмшилд хууль бусаар шилжүүлэх, жижиглэн худалдах, бүрэн бүтэн байдлыг алдуулах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж хариуцагчаас өөр хүнээс хамгаалтандаа авсан болно. Мөн анхан шатны шүүх барьцаатай холбоотой зохицуулалтыг удирдлага болгосон байна. Барьцаа болон фидуци нь бие даасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргууд бөгөөд тусдаа хуулийн зохицуулалттай. Фидуцийн зүйлийг барьцаатай адилтгаж, барьцааны зохицуулалтыг удирдлага болгож байгаа нь үндэслэлгүй байна. Фидуцийн гэрээний зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь фидуцийн зүйлийг эзэмшилдээ шилжүүлэх эрхтэй боловч шүүхээр шийдвэрлүүлж зээлийн төлбөрийг барагдуулна гэж Фидуцийн гэрээний 2.1.3-т тусгайлан заасан. Тиймээс барьцаа зохицуулалтыг удирдлага болгон хуульд заасан эрхээ хэрэгжүүлэлгүй атлаа хариуцагчаас зээлийн төлбөрийг шаардсан гэдэг нь үндэслэлгүй байна. Зээлийн төлбөр хэвээр, зээлийн гэрээ дуусгавар болоогүй байхад фидуцийн зүйлийг хураан авсан хугацаанаас эхлээд гэрээг дуусгавар болсонд тооцож хүүг тэр хүртэл хугацаагаар тооцож, үлдэх хүү болон өнөөдрийг хүртэл зээлийг төлөлгүй үүргийг зөрчсөний нэмэгдүүлсэн хүүг тус тус хэрэгсэхгүй болгож нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн олгосон зээлээ буцаан төлүүлж чадахгүй, фидуцийн зүйлийг хайж хураан авах, хариуцагчийг эрэн сурвалжлуулах гээд хохирч ирсэн байхад нэхэмжлэгчийн эрх ашгийг харгалзахгүй шийдсэн нь учир дутагдалтай. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн дээрх шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Учир нь Учир О.М нь 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ХХХ ХХК-тай 12 сар буюу нэг жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулж, Монгол улсад импортоор орж ирсэн улсын дугаар аваагүй зах зээлийн үнэлгээ 18 000 000 төгрөгийн үнэ бүхий автомашин барьцаанд тавьж фидуцийн гэрээний дагуу ХХХ ХХК-ийн нэр дээр шилжүүлж /шинээр 00-00 ХХХ гэсэн улсын дугаар авагдсан/ уг автомашиныг О.М эзэмшиж байхаар харилцан тохиролцож 8 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлсэн. Зээл авсан хугацаанаас хойш зээл төлөгдөөгүй учир зээлийн гэрээний 6.2-д заасан үндэслэлээр ХХХ ХХК нь 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн болон фидуцийн гэрээний харилцааг дуусгавар болгож гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг зээлийн гэрээний 7.1-д зааснаар хангуулахаар хүсэлт гаргаж ярьсны дагуу О.М нь бензин хөдөлгүүртэй ЗАМЗШС ЗМ5 маркийн 00-00 ХХХ улсын дугаартай автомашиныг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр болох Шинэ монгол хорооллоос хураан авч ачиж явахыг хүлээн зөвшөөрч акт үйлдэж хүлээлгэн өгсөн болно. Шүүхээс Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХХ ХХК нь фидуцийн зүйлийг бодитойгоор 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гаргуулан авснаар хариуцагч О.Мгийн үүрэг дуусгавар болно гэж зөв дүгнэсэн. Мөн Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-д зааснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх зааснаар зээлийн болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр худалдан борлуулах замаар хохирлоо барагдуулах эрх нь үүссэн гэж тус тус зөв дүгнэж шийдвэрээ гаргасан боловч зээл болон барьцааны гэрээ байгуулснаас хойш ХХХ ХХК нь автомашиныг биет байдлаар гаргуулан авсан 6 сарын хүү болох 1 920 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч ХХХ ХХК нь хариуцагч Л.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17 369 600 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

ХХХ ХХК, Л.М нарын хооронд 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 18/20 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ХХХ ХХК нь хариуцагч Л.Мд 8 000 000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор талууд харилцан тохиролцжээ. /хх10/

 

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 18/019 тоот хөрөнгө барьцаалах гэрээг ХХХ ХХК нь Л.Мтой байгуулж, уг гэрээгээр Л.Мгийн 00-00 ХХХ улсын дугаартай, Самсунг Эс Эм-5 маркийн суудлын автомашиныг ХХХ ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримт хэргийн 29-33 дугаар тал дах хөрөнгө барьцаалах гэрээ, тээврийн хэрэгслийн техникийн гэрчилгээ болон зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

 

Талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх хөрөнгө барьцаалах гэрээ тус тус байгуулагдсан, уг гэрээнүүд хүчин төгөлдөр болох талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагч нь үндсэн зээл, хүүг гэрээнд заасны дагуу буюу 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн дотор төлөөгүй хугацаа хэтрүүлсэн нь тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй. Энэ тохиолдолд зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээний 2.3-т тодорхойлон зааж тохиролцсон нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн талаар зөв дүгнэсэн.

 

Анхан шатны шүүх талуудын хоорондын гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг фидуцийн гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулгыг үгийн шууд утгыг харвал барьцааны зүйлийг бичиж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах гэсэн агуулгатай байгаа боловч барьцааны зүйлийн гол шинж буюу барьцааны гэрээ гэж үзэх нөхцөл нь өмчлөх эрх шилжихгүй байх онцлогтой. Гэтэл талуудын хооронд гэрээ байгуулагдсаны дараа ХХХ ХХК нь хариуцагчийн өмчлөлийн автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, тээврийн хэрэгслийн гэрчилгээний өмчлөгчөөр бүртгүүлсэн нөхцөл байдал болон хариуцагч гэрээ байгуулагдсанаас хойш 6 сарын хугацааанд зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйтэй холбоотойгоор уг эд зүйлийг өөртөө шилжүүлэн авсан байна.

 

Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчдоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа талуудын тайлбар өөрөө нотолгооны хэрэгсэлд хамааруулахаар хуульчилсан байна. Хариуцагчийн хувьд фидуцийн гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу автомашиныг хурааж авснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж тайлбар гаргасан байна.

 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ барьцааны гэрээгээр үүргийг хангуулах гэж бичсэн боловч мөн адил фидуцийн зүйлээр төлбөрийг төлөхөд хүрэлцэхгүй байгаа тохиолдолд бусад эд хөрөнгөөр нь гаргуулна гэх зэргээр гэрээний агуулгын хувьд маргаантай байхад хүлээн зөвшөөрч фидуцийн зүйлийг эзэмшилдээ шилжүүлж авсан гэж тайлбарлажээ.

 

ХХХ ХХК нь аж ахуй эрхлэгч бус иргэнтэй гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт зааснаар гэрээний стандарт нөхцөл бүхий гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Аж ахуй эрхлэгч бус иргэнтэй байгуулж байгаа стандарт нөхцөл бүхий гэрээний утга агуулга ойлгомжгүй тохиолдолд санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана гэж хуульд заасан. Ийм учраас талуудын хоорондын гэрээний агуулгын хувьд барьцааны гэрээ эсхүл фидуцийн гэрээний ялгааны хувьд талууд маргаж байна. Эдгээр нөхцөл байдлаас дүгнэвэл гэрээний дагуу хийгдсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулсан байдал нэр шилжсэн нөхцөл байдал зэргээс үзвэл фидуцийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймээс талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд эд зүйл болох автомашиныг 8 000 000 төгрөгт тооцох агуулгаар тохиролцсон байна. Нэхэмжлэгч нь 8 000 000 төгрөгийн үндсэн зээлийн үүргийг фидуцийн гэрээгээр хангагдсан гэж үзэж, тэрнээс хойш гэрээ цуцлагдсан буюу гэрээ байгуулж 6 сар болоод фидуцийн зүйлийг хураан авснаар үүрэг дуусгавар болсон тул гэрээ цуцлагдсанаас хойш хэтэрсэн хугацааны нэмэгдүүлсэн хүүг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй зөв болжээ.

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. Учир нь 1 920 000 төгрөг нь үндсэн зээлээс гадна хүү гэсэн нэг төрлийн үндсэн үүрэг байгаа. Уг фидуцийн гэрээгээр үндсэн зээлийн хүү бүрэн хамрагдаж байсан эсэх нь тодорхой бус байна. Яагаад гэхээр тэр барьцаа гэсэн хэсгүүдийг өөрөө үгүйсгэж байна. Дээрх нөхцөлийг тохиролцоогүй барьцааны зүйл гэж хэлээгүй учраас фидуцийн гэрээний зүйл болох автомашины үнэлгээг 8 000 000 төгрөг гэх агуулгаас харьцуулж үзвэл үндсэн зээлийн хэмжээ нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохирсон учраас хангагдаагүй буюу фидуцийн гэрээгээр хангагдаагүй үүрэг болох тэр үндсэн гэрээ цуцлагдах хүртэл хугацаанд үүссэн зээлийн хүү 1 920 000 төгрөгийг төлөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага хангагдах үндэслэлгүй. Учир нь барьцааны гэрээ биш, өөрсдөө бол фидуцээр авсан зүйлийг бодит эзэмшил өмчлөлдөө шилжүүлж авсан байна.

 

Мөн барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад хүрэлцэхгүй байгаа тохиолдолд бусад хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангах боломжгүй. Учир нь О.Мгийн бусад бүх хөрөнгийг нэрлэн заагаагүй, барьцааны зүйл биш гэж үзнэ. Ийм учраас зохих журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар явагдах боломжтой. Зээлийн барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэлбэрээр гаргаж буй нэхэмжлэлийн агуулга нь тодорхой бус учраас уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Анхан шатны шүүх зээлийн хүүд нэхэмжилсэн 1 920 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж буй үндэслэлээ фидуцийн зүйл өөрийнх нь ашиглалтад байсан учраас хүү төлөх үүрэг үүсч байгаа зэргээр үндэслэл муутай дүгнэлт хийсэн байгааг давж заалдах шатны шүүхийн магадлалаар зөвтгөж залруулах боломжтой гэж үзсэн болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/02703 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтын 1 920 000 гэснийг 17 369 600 гэж, нэхэмжлэлээс 15 449 600 төгрөгт холбогдох хэсэг гэснийг хасч шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235 195 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 45 670 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ