| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 1809000000423 |
| Дугаар | 2025/ДШМ/124 |
| Огноо | 2025-01-22 |
| Зүйл хэсэг | 21.10.1., |
| Улсын яллагч | С.Болорзул |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2025/ДШМ/124
Л.Т, Б.Г
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Болорзул,
иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, Д.Н,
яллагдагч Б.Г-гийн өмгөөлөгч Д.Батсүх,
яллагдагч Л.Т, түүний өмгөөлөгч Б.Батбаяр,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 2024/ШЗ/2609 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагч Л.Т, иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Л.Т, Б.Г нарт холбогдох 1809000000423 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Л.Т, .................... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй;
2. Б.Г ............................. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй;
Холбогдсон хэргийн талаар:
Л.Т нь битүүмжлэгдсэн эд хөрөнгийг хадгалж хамгаалах үүрэг бүхий ажилтнаар ажиллах хугацаандаа 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт эрх бүхий байгууллагаас Хаан банкны битүүмжлэгдсэн данс дахь мөнгөн хөрөнгийг хууль ёсоор шийдвэрлэгдээгүй байхад Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатчийн 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаартай “Өвлөх эрхийн гэрчилгээ” буюу нотариатчийн шийдвэрийг үндэслэн Б.Б-ы Хаан банк дахь 500хххххххх тоот дансанд байршсан 312,600 ам.доллар, 500ххххххх тоот дансанд байршсан 1,440,931,950 төгрөгийг битүүмжилсэн хоригийг зөрчин чөлөөлж, иргэн Б.Э-д шилжүүлэн өгч, ажил үүргээ зохих ёсоор биелүүлээгүй улмаас эд хөрөнгө үрэгдсэн гэмт хэрэгт,
Б.Г нь 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт эрх бүхий байгууллагаас Хаан банкны битүүмжлэгдсэн данс дахь мөнгөн хөрөнгийг хууль ёсоор шийдвэрлэгдээгүй байхад Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7 “Эрх бүхий байгууллага өвлөгдөх эд хөрөнгийг битүүмжилсэн бол уг өвлөгдөх эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөгдтөл өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж Б-ын Б-ны Хаан банкны ам.долларын 500хххххххх дансанд байршсан 312,600 ам.доллар, Хаан банкны 500ххххххх тоот дансанд байршсан 1,440,931,950 төгрөг, Чингэлтэй дүүргийн .... дугаар хороо, ... дугаар байрны... тоотод байрлах орон сууц Ү-2ХХХХХХХХХХ, Сүхбаатар дүүргийн .... дүгээр хороо ..... богино зусланд байрлах нэгж талбарын 186хххххххххххххххх дугаартай газар, Сүхбаатар дүүргийн .... дүгээр хороо, ...... зусланд байрлах нэгж талбарын 18хххххххххххх дугаартай газар зэргийг Б.Э-д өвлөх эрхийн ... дугаартай гэрчилгээ олгож, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үрэгдсэн тухайн гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Л.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Б.Г-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ДШМ/513 дугаар магадлалаар “...Улсын Дээд шүүхийн тогтоол /4-р хх-ийн 195-204-р хуудас/-д заасан “...Хаан банкны битүүмжлэгдсэн дансан дахь мөнгөн хөрөнгө хууль ёсоор хэнд харъяалагдах ёстойг шийдвэрлээгүй, битүүмжлэгдсэн мөнгөн хөрөнгийн эх үүсвэр, өмчлөл, эзэмшил, энэ хэргийн хохирогч хэн болох, Л.Т, Б.Г нар нь битүүмжлэгдсэн эд хөрөнгийн хувьд хүлээх үүргээ зөрчсөн эсэх, хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар оролцсон эсэх...” гэж дүгнэсэн байхад энэ талаар мөрдөн шалгах ажиллагааг хангалттай хийгээгүй, прокурор хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна. Энэхүү битүүмжлэгдсэн дансан дахь мөнгөн хөрөнгийн эзэмшлийн асуудлыг шийдвэрлэх нь Б.Г, Л.Т нарын үйлдлийг зөв зүйлчлэх, тодруулбал, тэдний үйлдэл ямар гэмт хэргийн шинжтэй болохыг, Д.Э-тай хамтран ямар үйлдпийг хийсэн, хохирлыг хамтран хариуцах эсэх, эсхүл иргэний хариуцагчаар татагдсан Хаан банк хариуцах эсэх зэрэг асуудлыг шийдвэрлэх үндэслэл болох юм.
2. Яллагдагч Б.Э- нарт холбогдох 201525020779 дугаартай хэргээс Чингэлтэй дүүргийн тойргийн наториатч Б.Г, Хаан банкны хууль эрх зүйн газрын хуулийн ахлах зөвлөх Л.Т нартай бүлэглэн ...битүүмжилсэн эд хөрөнгө буюу талийгаач Б.Б-ы Хаан банкан дахь валютын 500хххххххх тоот дансан дахь 312,600 ам.доллар, төгрөгийн 500ххххххх тоот дансан дахь 1,440,931,950 төгрөгийг авч, хохирогч Р.Б-д хохирол учруулсан...” гэх хэргийг буюу Б.Г, Л.Т нарын үйлдлийг Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолоор /1-р хх-ийн 13-р хуудас/ тусгаарласан нь үндэслэлгүй байна.
Б.Г, Л.Т, Б.Э- нарын бүлэглэн хохирогч Р.Б-д хохирол учруулсан үйлдлийг тусгаарлах нь “...иргэн Р.Б- нь хохирогч мөн эсэх, түүнд хохирол учирсан эсэх, учруулсан гэх хохирлыг хэрхэн шийдвэрлэх...” зэрэг асуудлыг шийдвэрлэх боломжгүй болгожээ. Б.Г, Л.Т нарын үйлдлийг тусгаарлан шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэргээр эцэслэн шийдвэрлэснээр тэдний “...Б.Э-тай бүлэглэн хохирол учруулсан...” эсэх асуудал тодорхойгүй болж байна. Ийнхүү хэргийг бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохоор байхад хэргийг тусгаарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно” гэсэн хуулийн шаардлагад нийцсэнгүй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв...” гэжээ.
Монгол Улсын Үндсэн хууль болон түүнд нийцүүлэн гаргасан Шүүхийн тухай хуулиар Улсын дээд шүүх нь шүүхийн дээд байгууллага болохын хувьд хэрэг хянан шийдвэрлэх дээд хяналтыг хэрэгжүүлдэг онцгой бүрэн эрхтэй болно.
Улсын дээд шүүх нь хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэр, үйл ажиллагааг хянаж хуулийг нэг мөр ойлгож зөв хэрэглэх жишгийг тогтоох, шаардлагатай тохиолдолд шүүхийн хэрэглэх хуулийн албан ёсоор тайлбарлаж хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
...Цаашид хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон шалтгаан, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний дүгнэлтийн агуулгыг сайтар судалж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцэхдээ яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, эсхүл гэм буруугийн шүүх хуралдааны аль үе шатнаас хэлэлцэхийг нягталж байвал зохино...”. /Улсын дээд шүүхийн 2023.12.20-ны өдрийн №164 тогтоол/
Иймд Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 583 дугаар тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ДШМ/513 дугаар магадлалд заасан үндэслэлээр эрүүгийн 1809000000423 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Яллагдагч Л.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2015 оноос одоог хүртэл 9 жилийн хугацаанд эрүүгийн хэрэгт холбогдон удаа дараа шалгагдаж байна. Энэ хугацаанд цагдаа, прокурорын зүгээс намайг олон зүйл ангиар зүйлчилж, хэргийг хааж, нээж, тусгаарлаж, шүүхэд шилжүүлж, буцааж олон ажиллагаа хийж ирсэн. Гэвч хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлэг Монголбанкны 2 удаагийн шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлгээр миний үйлдэл ямар нэг хууль, журам зөрчсөн үйлдэл биш, тэр тусмаа эрүүгийн гэмт хэрэг биш болох нь тогтоогддог. Үүнийг нотолж 2023 оны 12 дугаар сарын 18-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/1255 дугаар цагаатгах тогтоолоор намайг цагаатгасан байдаг.
Гэтэл 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 513 дугаар магадлалаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, улмаар анхан шатны шүүхээс хэргийг дахин прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан. Л.Т надад холбогдох хэрэг 2015 оноос хойш хянагдаж байна. Энэ хугацаанд яллах болон цагаатгах талаас хэрэг хянан шийдвэрлэх, мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж намайг цагаатгах нотлох баримт, үндэслэлийг хангалттай олж тогтоосон байтал дахин прокурорт буцааж байгаа нь гэмт хэрэг үйлдээгүй намайг заавал яллах гэж улаарч байна гэсэн хардлага төрүүлж байна. Гэтэл миний бие эрүүгийн гэмт хэрэг огт үйлдээгүй, хэн нэгэн ялангуяа Б гэдэг хүнийг ямар нэг хэлбэрээр хохироогоогүй, хохироох боломж учир шалтгаан ч байхгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 7 дах хэсэгт “Иргэний нэхэмжлэгч нь шүүхийн тогтоол, магадлалын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаж болно” гэж заасан.
Гэвч иргэний нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг хөндсөн. Улмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдсэн мөрдөн байцах ажиллагаа, цуглуулсан нотлох баримтуудын хүрээнд банк болон банкны ажилтнуудын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байхгүй болох нь тогтоогдсон гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн байтал шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг хөндсөн иргэний нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаах гэж байгаа нь хууль зөрчиж байгаа үйлдэл юм.
Хэрэгт авагдсан Улсын дээд шүүхийн тогтоолд “...Хаан банкны битүүмжлэгдсэн данс дахь мөнгөн хөрөнгө хууль ёсоор хэнд харъяалагдах тухай шийдвэрлээгүй байж иргэний өмчлөх эрхийг хамгаалсан Эрүүгийн хуулийн зүйл, хэсгээр зүйлчилж бусдын өмчлөх эрхэд хохирол учруулсан мэтээр дүгнэсэн нь алдаа болжээ” гэж тодорхой дүгнэсэн.
Өөрөөр хэлбэл, иргэний өмчтэй холбоотой харилцаанд дүгнэлт хийх, хохирогч хэн болох, хохирол нь юу болох талаар үйл баримтыг тогтоох шаардлагатай гэж шүүх үзсэн. Энэ дагуу 2020 онд хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж намайг дахин 3 жил шалгасны дараагаар анхан шатны шүүхээс миний үйлдлийг гэмт хэрэг биш хэмээн үзэж намайг цагаатгасан байдаг.
Л.Т миний холбогдоод байгаа эрүүгийн 1809000000423 дугаартай хэрэг өмнө гурван ч удаа шүүхээс прокурорт буцаж байсан. Хэргийг прокурорт буцаах нь гэмт хэрэг үйлдээгүй намайг дахин тодорхойгүй хугацаагаар прокурор, цагдаагийн байгууллагад шалгуулан байцаагдах, бие махбодь сэтгэл санаа, эдийн засгийн байдлыг доройтуулан хохироох үр дагавартай. Иймд урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, гэмт хэрэг үйлдээгүй намайг хохироон хэлмэгдүүлж байгаа энэхүү үйлдлийг таслан зогсоож хэргийг зохих ёсоор эцэслэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гомдол гаргаж буй үндэслэл: Анхан шатны шүүхээс Улсын Дээд шүүхийн тогтоол /4-р хх-ийн 195-204-р хуудас/-д:
“...ХААН Банкны битүүмжлэгдсэн дансан дахь мөнгөн хөрөнгө хууль ёсоор хэнд харъяалагдах ёстойг шийдвэрлээгүй, битүүмжлэгдсэн мөнгөн хөрөнгийн эх үүсвэр, өмчлөл эзэмшил, энэ хэргийн хохирогч хэн болох,
- Л.Т, Б.Г нар нь битүүмжлэгдсэн эд хөрөнгийн хувьд хүлээх үүргээ зөрчсөн эсэх, хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар оролцсон эсэх...” гэж дүгнэсэн байхад энэ талаар мөрдөн шалгах ажиллагааг хангалттай хийгээгүй, прокурор хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна.
Энэхүү битүүмжлэгдсэн дансан дахь мөнгөн хөрөнгийн эзэмшлийн асуудлыг шийдвэрлэх нь Б.Г, Л.Т нарын үйлдлийг зөв зүйлчлэх, тодруулбал, тэдний үйлдэл ямар гэмт хэргийн шинжтэй болохыг, Д.Э-тай хамтран ямар үйлдлийг хийсэн, хохирлыг хамтран хариуцах эсэх, эсхүл иргэний хариуцагчаар татагдсан ХААН Банк хариуцах эсэх зэрэг асуудлыг шийдвэрлэх үндэслэл болох юм.
Яллагдагч Б.Э- нарт холбогдох 201525020779 дугаартай хэргээс Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч Б.Г, ХААН Банкны хууль эрх зүйн газрын хуулийн ахлах зөвлөх Л.Т нартай бүлэглэн ...битүүмжилсэн эд хөрөнгө буюу талийгаач Б.Б-ы ХААН Банк дахь валютын 500хххххххх тоот дансан дахь 312,600 ам.доллар, төгрөгийн 500ххххххх тоот дансан дахь 1,440,931,950 төгрөгийг авч, хохирогч Р.Б-д хохирол учруулсан...” гэх хэргийг буюу Б.Г, Л.Т нарын үйлдлийг Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолоор /1-р хх-ийн 13-р хуудас/ тусгаарласан нь үндэслэлгүй байна.
Б.Г, Л.Т нарын үйлдлийг тусгаарлан шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэргээр эцэслэн шийдвэрлэснээр тэндий “...Б.Э-тай бүлэглэн хохирол учруулсан...” эсэх асуудал тодорхойгүй болж байна.
Ийнхүү хэргийг бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохоор байхад хэргийг тусгаарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно” гэсэн хуулийн шаардлагад нийцсэнгүй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв...” гэжээ.
Иймд Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 583 дугаартай тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ДШМ/513 дугаартай магадлалд заасан үндэслэлээр эрүүгийн 1809000000423 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэв гэж хэргийг прокурорт буцаасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байгаа болно.
Гомдлын агуулга:
1. “...ХААН Банкны битүүмжлэгдсэн дансан дахь мөнгөн хөрөнгө хууль ёсоор хэнд харъяалагдах ёстойг шийдвэрлээгүй, битүүмжлэгдсэн мөнгөн хөрөнгийн эх үүсвэр, өмчлөл эзэмшил, энэ хэргийн хохирогч хэн болох гэх үндэслэлийн тухайд:
Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №583 тогтоолд “...Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн зүгээс битүүмжлэгдсэн мөнгөн хөрөнгийн эх үүсвэр, өмчлөл, эзэмшил, энэ хэргийн хохирогч хэн болох, Л.Т, Б.Г нар нь хадгаламж эзэмшигч Б.Б-, түүний эхнэр Б.Э- эсвэл татвараас зайлсхийсэн гэх өөр хэргийг хохирогч Р.Б-гийн өмчлөх эрхийг албан тушаалын байдал, эрхэлж буй ажлын байдлаа ашиглан зөрчиж хохирол учруулаагүй талаар тайлбарласныг анхаарах нь зүйтэй” гэж дүгнэсэн байхад уг дүгнэлтийг буруу тайлбарлаж үндэслэл болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Талийгаач Б.Б- нь ХААН Банкинд 500хххххххх тоот ам.долларын, 500ххххххх тоот төгрөгийн дансыг эзэмшдэг бөгөөд тухайн дансанд байгаа мөнгө нь Б.Б-ы өөрийн компанийг бусдад хуулийн дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулсаны үндсэн дээр худалдан борлуулсан мөнгөн хөрөнгө бөгөөд үүнийг Б.Э-, Р.Б- нар болон өөр бусдын алиных нь өмч гэж үзэх үндэслэлгүй юм.
2. Л.Т, Б.Г нар нь битүүмжлэгдсэн эд хөрөнгийн хувьд хүлээх үүргээ зөрчсөн эсэх, хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар оролцсон эсэх...” гэж дүгнэсэн байхад энэ талаар мөрдөн шалгах ажиллагааг хангалттай хийгээгүй, прокурор хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна гэх үндэслэлийн тухайд:
Монгол Улсын Дээд шүүхийн дээрх тогтоолд “...битүүмжлэгдсэн эд хөрөнгийг шилжүүлэх, хөдөлгөх, захиран зарцуулах нь эд хөрөнгийн өмчлөгчөөс үл хамааран бүх этгээдийн хувьд гэмт хэрэг тул Л.Т, Б.Г нарын хувьд битүүмжлэгдсэн эд хөрөнгийн хувьд хүлээх үүргээ зөрчсөн эсэх, ийм хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар оролцсон эсэх талаар дүгнэлт өгөх нь энэ хэргийг шийдвэрлэвэл зохих асуудал болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий этгээдийн шийдвэрээр эд хөрөнгийг битүүмжлэх нь хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн өмчлөх, ашиглах, эзэмших эрхийг мөн хязгаарлан хөнддөг тул битүүмжлэгдсэн дансан дахь мөнгөн хөрөнгө Б.Б-, Б.Э-, Р.Б- нар болон өөр бусдын алиных нь өмч байсан нь шүүн таслах ажиллагааны эсрэг уг гэмт хэргийн бүрэлдэхүүний талаар дүгнэлт хийхэд саад болохгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй” гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Дээд шүүхээс Л.Т, Б.Г нарыг битүүмжлэгдсэн эд хөрөнгийн хувьд хүлээх үүргээ зөрчөн эсэх, ийм хэрэгт буюу битүүмжлэгдсэн эд хөрөнгийг үрэгдүүлэх гэмт хэргийн хүрээнд гүйцэтгэгч, хамжигчаар оролцсон эсэх талаар дүгнэлт өгөх нь энэ хэргийг шийдвэрлэвэл зохих асуудал болно гэж дүгнэсэн. Гэтэл Л.Т, Б.Г нарыг хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар оролцсон эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа хангалттай хийгээгүй, прокурор хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна гэж дүгнэсэн нь хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг дордуулсан, прокурорын хуульд заасан үүргээ биелүүлээгүй үйлдлийг шүүгдэгч, яллагдагч нарыг буруутай мэтээр дүгнэсэн нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
3. Энэхүү битүүмжлэгдсэн дансан дахь мөнгөн хөрөнгийн эзэмшлийн асуудлыг шийдвэрлэх нь Б.Г, Л.Т нарын үйлдлийг зөв зүйлчлэх. Тодруулбал, тэдний үйлдэл ямар гэмт хэргийн шинжтэй болохыг, Л.Э-тай хамтран ямар үйлдлийг хийсэн, хохирлыг хамтран хариуцах эсэх, эсхүл иргэний хариуцагчаар татагдсан ХААН Банк хариуцах эсэх зэрэг асуудлыг шийдвэрлэх үндэслэл болох гэх үндэслэлийн тухайд:
Л.Т нь мөнгөн хөрөнгө битүүмжлэлээс журмын дагуу чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан Монголбанкны ерөнхийлөгчийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А-129 дугаартай тушаалаар томилсон Монголбанкны Хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч, улсын байцаагч Ө.Т-ийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Нб/58 дугаартай албан бичгийн хавсралтаар хүргүүлсэн дүгнэлт /3-р хх-ийн 48-54/, мөн 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрий А-127 дугаартай тушаалаар томилсон Хяналт шалгалтын газрын хяналт шалгалтын хэлтсийн хянан шалгагч, улсын байцаагч О.Л, хянан шалгагч улсын байцаагч Б.Х, хянан шалгагч, улсын байцаагч Э.Г нарын 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Н/108 дугаартай албан бичгийн хавсралтаар хүргүүлсэн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 68-72/-ээр тус тус тогтоогдож байгаа болно.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 11 дүгээр зүйл (Мөнгөн хадгаламжийг өв залгамжлуулах, гэрээслэх тохиолдолд гүйлгээ хийх)-ийн 1-д “Хадгалуулагч нь нас барсан болон нас барсан гэж зарлагдсан тохиолдолд хадгалагч нь мөнгөн хадгаламжийг хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлах эрх бүхий этгээдэд олгох, эсхүл уул гэрээг түүний нэр дээр шинэчлэн хийнэ” гэж, мөн зүйлийн 2-т “Хадгалагч нь мөнгөн хадгаламжийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шилжүүлэхдээ өв залгамжлах эрхийн гэрчилгээ, өв залгамжлагчийн паспорт буюу түүнтэй адилтгах баримт бичгийг үндэслэн тогтооно” гэж заасны дагуу банк харилцагчид үйлчилгээ үзүүлэхдээ Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 1... дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох” тогтоол болон Б.Э-д олгосон өвлөх эрхийн гэрчилгээгээр гүйлгээ хийсэн нь ХААН Банк болон банкны ажилтан Л.Т нь хууль зөрчөөгүй болох нь тогтоогдож байна.
4. Б.Г, Л.Т нарын үйлдлийг Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолоор /1-р хх-ийн 13/ тусгаарласан нь үндэслэлгүй гэх үндэслэлийн тухайд:
Б.Г, Л.Т нарт холбогдох эрүүгийн 1809000000423 дугаартай хэрэгт авагдсан баримтын хүрээнд Б.Г, Л.Т нар нь Б.Э-тай бүлэглэн ямар нэгэн гэмт хэрэг үйлдсэн болох нь баримтаар нотлогдоогүй бөгөөд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай” тогтоолоор “...Л.Т, Б.Г нарт холбогдох үйлдлийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй...” үндэслэлээр тусгаарлаж, мөрдөн байцаалт явуулах шаардлагатай гэж үзэж хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн байдаг.
Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн №24 дугаартай “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарлах тухай” тогтоолын 5.4-д “Хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгчийн гэм буруу, хэргийн үйл баримт хангалттай тодорхой, бодитой байх зарчмын дагуу сэргээн тогтооход үндэслэл бүхий эргэлзээ үүссэн бол эрүүгийн эрх зүйн энэрэнгүй ёсны зарчим, гэм буруугүй зарчмуудад нийцүүлэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгах, эсхүл хөнгөрүүлэн зүйлчлэх байдлаар ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж, 1.1-д “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч...” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал, түүнд шууд болон шууд бусаар ач холбогдолтой, хамааралтай, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт тус тус заасан нотлох баримтын эх сурвалж дахь баримтат мэдээллийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн эсэх, хүрэлцээт байдлыг хангасан эсэхийг нэг бүрчлэн шалгаж тогтоосон байхыг хэлнэ” гэж тус тус тайлбарласан. Гэтэл анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтыг дутуу үнэлж дүгнэсэн, Б.Э-д холбогдох эрүүгийн 201525020779 дугаартай хэргээс тусгаарласан нь үндэслэлгүй гэж хийсвэр дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 2024/ШЗ/2609 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Яллагдагч Л.Т-ийн өмгөөлөгч Б.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн зохицуулалтыг шүүхүүд 10 жилийн турш яагаад хэрэглэж чадахгүй байгааг гайхаж байна. Олон зүйл ангиар яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлсэн, яллах дүгнэлт нь хоёр удаа хүчингүй болсон, прокурор, шүүхээс буцна гэх зэргээр шүүхийн үйл ажиллагаа Л.Тийн амьдралыг хүнд болгож байна. Эцэг, эх нь байнгын санаа зовж, яагаад шийдвэрлэгдэхгүй байгааг нь надаас байнга асуудаг. Шүүхээс удаа дараа буцааж байхаар яагаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэх боломжгүй байгаад дүгнэлт хийж өгнө үү. Хэзээ хүртэл энэ хэрэг шалгагдах вэ. Жишээлбэл, Улсын Дээд шүүхийн буцаасан үндэслэлд “Хаан банкны битүүмжлэгдсэн данс дахь мөнгөн хөрөнгө хууль ёсоор хэнд харьяалагдах тухай шийдвэрлээгүй байж иргэний өмчлөх эрхэд халдсан гэж хүнийг шийтгэсэн нь ямар учиртай вэ” гэсэн. Хаан банкны битүүмжилсэн дансанд байгаа хөрөнгө хэний өмч болохыг хэрэгт авагдсан баримтуудыг үзэж шийдвэрлэх бүрэн боломжтой. Нас барсан хүний дансанд мөнгө байсан, эхнэр нь өвийн гэрчилгээ, нотариатын батламжаа авчрахад Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар анхны шаардлагаар хэлж, депозит, бодлого журмаа зөрчөөгүй. Эхнэр нь өвлөж авсан хөрөнгийнхөө хэмжээнд хариуцлага хүлээх ёстой. Р.Б- гэх хүн лицензтэй компани худалдаж авсан бөгөөд тус компани одоо хүртэл өөрийнх нь нэр дээр бүртгэлтэй байгаа, үүнийхээ төлөө Б.Б-д мөнгө төлсөн. Тэгэхээр Улсын Дээд шүүхийн тогтоолд дурдсан үндэслэл нь хэргийг мөрдөн байцаалтад буцааж шалга гэсэн агуулгатай биш, харин үүнийг шийдвэрлэхгүйгээр шууд хүнийг өмчлөх эрхэд халдсан гэж дүгнэж болохгүй. Хэний өмчлөх эрхэд нь халдсан нь тодорхойгүй. Р.Б-г хохирогчоор тогтоосон байсныг Улсын Дээд шүүхээс хохирогч биш гэж үзсэн. Р.Б- хэрэв хохирогч байсан бол лицензтэй компани одоо хүртэл түүний нэр дээр байхгүй байсан тул худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн болохыг тогтоосон. Мөн Улсын Дээд шүүхээс бусад дүгнэлтийг хийсэн ч эдгээрийг хэрэгт байгаа баримтын хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой. Анхан шатны шүүхийн буцааж байгаа үндэслэл ойлгомжгүй, ямар ажиллагаа хийснээр тодорхой болох нь эргэлзээтэй. Жишээлбэл, Б.Э- гэх хүнийг залилангийн хэргээр шалгаж байснаа тусгаарласан. Тухайн хүний залилсан асуудал Б.Г, Л.Т нарт ямар ч хамаагүй. Хамтран оролцоо байхгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Тиймээс ийм ойлгомжтой хэргийг хурдан шийдвэрлээд өгөөч гэж байгаа үйлчлүүлэгчийнхээ саналыг бүрэн дэмжиж байна...” гэв.
Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэргийн хувьд үйлдэл тодорхой байхад буцаасан нь үндэслэлгүй тул хурдан шуурхай шийдвэрлүүлмээр байна. Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна...” гэв.
Яллагдагч Б.Г-гийн өмгөөлөгч Д.Батсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн хувьд шүүгдэгч Л.Тийн гаргасан давж заалдах гомдлыг бүрэн дэмжиж байна. Л.Т, Б.Г нар нь эрүүгийн хэрэгт 10 жил шалгагдсанаас эрх зүйн байдал нь хязгаарлагдаж байна. Хамгийн наад зах нь зорчих эрх хязгаарлагдсан ч хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдэхгүй байна. Р.Б- гэх хүнийг залилсан үйлдэлд холбогдуулж хамтран оролцоо байгаа эсэхийг шалгаж тогтоо гэсэн агуулгыг дурдаж давж заалдах шатны шүүх шийдвэрлэсэн. 2020 оны Улсын Дээд шүүхийн тогтоолоор битүүмжлэгдсэн хөрөнгө хууль ёсоор хэний өмчлөлд байх ёстойг шалгаж тогтоогоогүй байна гэж дүгнэсэн. Гэтэл нэмэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад уг өмчлөл тогтоогдож, банкны харилцааг тогтоосон холбогдох хууль тогтоомжийн хүрээнд энэ мөнгө нас барагчийн банкин дахь эзэмшлийн дансанд байсан учраас тухайн хүний мөнгө гэж үзнэ. Уг хөрөнгө өвлөгдсөнтэй холбоотой асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлэх боломжтой байсан. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1 дэх хэсэгт зааснаар үүрэг шаардах эрхтэй этгээд шаардлагаа гаргах ёстой. Р.Б- гэх хүнийг залилсан эсэх асуудал шалгагдаж дуусаагүй, тогтоогдоогүй, залилсан гэж үзэж байгаа хүний үйлдэлд нь гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоогоогүй байхад Л.Т, Б.Г нарыг хамтран оролцсон байж болзошгүй гэдэг байдлаар дахин шалгуулахаар буцаасан нь үндэслэлгүй. Улсын Дээд шүүхээс эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээдүүд мөн эсэхийг шалгах, хэрэв мөн байвал энэ асуудлаар шалгаж шийдвэрлэх ёстой гэсэн агуулгыг дурдаж тогтоолоо гаргасан. Энэ хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн. Энэхүү яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр хэргийг анхан шатны шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх нь зүйтэй. Дараа нь залилан мэхлэх гэмт хэрэгтэй холбоотой асуудлууд нь тусгайлан шалгагдаж, уг хэрэгт оролцсон оролцоо байдаг бол тэр нь өөр үйлдэл болно. Тиймээс тухайн үед нь холбогдуулан шалгаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах бололцоотой гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шийдвэрлүүлэх саналтай байна...” гэв.
Прокурор С.Болорзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Энэ хэргийн хувьд шүүгдэгч нар нь 10 жилийн хугацаанд шалгагдаж, эрх ашиг нь зөрчигдөж байгаа гэдэг талаар маргасан зүйл байхгүй. Үүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго, зорилтод нийцэхгүй, олон мөрдөгч, прокурорын гар дамжин шалгагдаж, сүүлийн 2 жилийн хугацаанд миний бие хяналт тавьж ажиллаж байна. Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид эсэргүүцэл бичээгүй ч дараах тайлбарыг гаргая. Улсын Дээд шүүхээс Хаан банкны дансан дахь мөнгөн хөрөнгө хууль ёсоор хэнд харьяалагдах ёстойг шийдвэрлээгүй гэсэн ба уг мөнгөн хөрөнгө хууль ёсоор хэнд шийдвэрлэгдэх нь прокурорын хэмжээний мөрдөн шалгах ажиллагаа биш бөгөөд энэ хүн хариуцна гээд шууд шийдвэрлэх боломжгүй. Өнгөрсөн цаг хугацааг мөрдөн шалгах ажиллагаагаар боломжит байдлаар сэргээн дүрсэлж гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Битүүмжилсэн мөнгөн хөрөнгийн эх үүсвэр хэнийх болохыг 4 дүгээр хавтаст хэрэгт авагдсан битүүмжлэгдсэн мөнгөн хөрөнгө нь анх хохирогчоор, сүүлд иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Р.Б-гийн хөрөнгө гэж тогтоосон. Гэрч Т, Б, Ч, Э, талийгаач Б-ны мэдүүлэг зэргээр банкны дансан дахь мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг тогтоосон. Прокурорын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.10 дугаар зүйлд зааснаар хохирогчийг хэн нэгэн иргэн биш төр буюу прокурор, цагдаагийн байгууллага гэж үзээд хохирогчоор тогтоогдсон Р.Б-г иргэний нэхэмжлэгч болгож өөрчилсөн. Тиймээс мөрдөн шалгах ажиллагаа хангалттай хийгдсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт тусгасан бөгөөд уг эрх хэмжээнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, мөрдөгч, прокурор дагаж мөрдөнө гэж заасан учраас анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалд тусгасан ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаасныг үндэслэлгүй гэж үзэх ямар нэгэн байдлаар тайлбар гаргах эрх хэмжээ байхгүй...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүх, яллагдагч Л.Т, Б.Г нарт холбогдох 1809000000423 дугаартай эрүүгийн хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
1. Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах нь Эрүүгийн хуулийн зорилго бөгөөд Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн хөдлөх хөрөнгө шударгаар олж авах эрхтэй.
Иргэн Б.Б-ы нэр дээр Хаан банк дахь 500хххххххх тоот дансанд 312,600 ам.доллар, 500ххххххх тоот дансанд 1,440,931,950 төгрөгийн хөрөнгө байснуудыг 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” /5-р хх-ийн 7-9/ прокурорын тогтоолоор битүүмжилсэн ба Б.Б- 2015 оны 6 дугаар сарын 21-ний өдөр /1-р хх-ийн 38, 211/ нас баржээ.
Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2 дахь хэсэгт зааснаар Б.Б-ы Хаан банк дахь дээрх мөнгөн хөрөнгийг өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгох хугацаатайг иргэн Б.Э- 531.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гарган хугацаанаас өмнө өвлөх эрхийн гэрчилгээ авсан, ингэж өвлөх эрхийн гэрчилгээ авахдаа нас барагч Б.Б-ы дээрх прокурорын тогтоолоор битүүмжлэлтэй байсан мөнгөн хөрөнгийг прокуророос шийдвэрлээгүй байхад авсан байна.
Энэ үйл явдалд холбогдуулан өвлөх эрхийн гэрчилгээг олгосон наториатч Б.Г, битүүмжлэгдсэн мөнгөн хөрөнгийг данснаас гаргасан Хаан банкны ажилтан Л.Т нарыг тус тус прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлд заасан “Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх” гэмт хэрэгт яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Давж заалдах шатны шүүх 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ДШМ/513 дугаар магадлал /7-р хх-ийн 124-145/-даа яллагдагч Б.Г, Л.Т нарыг холбогдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлд заасан “Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх” гэмт хэргийг шийдвэрлэснээр тус үйл явдлыг бүхэлд нь эцэслэн шийдвэрлэж чадахгүй бөгөөд тэдний “...Б.Э-тай бүлэглэн бусдад хохирол учруулсан...” эсэх асуудал тодорхойгүй хэвээр үлдэнэ гэж үзсэн.
Тодруулбал, нас барагч Б.Б-ы нэр дээрх Хаан банк дахь 500хххххххх тоот дансанд байршсан 312,600 ам.доллар, 500ххххххх тоот дансанд байршсан 1,440,931,950 төгрөгийн хөдөлгөөний хязгаарласан прокурорын тогтоол хэвээр, хуулийн дагуу өвлөгдсөн эсэх асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад Б.Г /наториатч/, Л.Т /Хаан банкны ажилтан/ нарт холбогдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлд заасан “Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх” гэмт хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй бөгөөд үрэгдүүлсэн гэх хөрөнгийг /хохирлыг/ шийдвэрлэх боломжгүй.
Түүнчлэн, Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол /4-р хх 195-207/-д “...Хаан банкны битүүмжлэгдсэн дансан дахь мөнгөн хөрөнгө хууль ёсоор хэнд харъяалагдах ёстойг шийдвэрлээгүй, битүүмжлэгдсэн мөнгөн хөрөнгийн эх үүсвэр, өмчлөл-эзэмшил, энэ хэргийн хохирогч хэн болох, Л.Т, Б.Г нар нь битүүмжлэгдсэн эд хөрөнгийн хувьд хүлээх үүргээ зөрчсөн эсэх, хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар оролцсон эсэх...” талаар мөрдөн шалгах ажиллагааг хийх шаардлагатай гэж үзлээ.
2. Яллагдагч Б.Э- нарт холбогдох 201525020779 дугаартай хэргээс “...Чингэлтэй дүүргийн тойргийн наториатч Б.Г, Хаан банкны хууль эрх зүйн газрын хуулийн ахлах зөвлөх Л.Т нартай бүлэглэн ...битүүмжилсэн эд хөрөнгө буюу талийгаач Б.Б-ы Хаан банк дахь валютын 500хххххххх тоот дансан дахь 312,600 ам.доллар, төгрөгийн 500ххххххх тоот дансан дахь 1,440,931,950 төгрөгийг авч, хохирогч Р.Б-д хохирол учруулсан...” гэх хэргийг буюу Б.Г, Л.Т нарын үйлдлийг Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолоор /1-р хх 1-3/ тусгаарласан нь хууль үндэслэлгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно” гэж заасан ба Б.Г, Л.Т нарт холбогдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлд заасан “Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх” гэмт хэргийг тусгаарлаж шийдвэрлэснээр дээрх эрүүгийн хэрэг үүсгэх болсон үйл баримт эцэслэн шийдвэрлэгдэж дуусахгүй.
Иймд Хаан банк дахь 500хххххххх тоот дансанд байршсан 312,600 ам.доллар, 500ххххххх тоот дансанд байршсан 1,440,931,950 төгрөгийн хөдөлгөөний хязгаарласан прокурорын тогтоол, мөн тусгаарласан “...Иргэн Б.Э-, Чингэлтэй дүүргийн тойргийн наториатч Б.Г, Хаан банкны Хууль эрх зүйн газрын хуулийн ахлах зөвлөх Л.Т нартай бүлэглэн ...битүүмжилсэн эд хөрөнгө буюу талийгаач Б.Б-ы Хаан банк дахь валютын 500хххххххх тоот дансан дахь 312,600 ам.доллар, төгрөгийн 500ххххххх тоот дансан дахь 1,440,931,950 төгрөгийг авч, хохирогч Р.Б-д хохирол учруулсан...” гэх эрүүгийн хэргийн талаар хууль зүйн үндэслэл бүхий байдлаар мөрдөн шалгах ажиллагааг хийх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнээд, хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, энэхүү шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагч Л.Т, иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 2024/ШЗ/2609 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагч Л.Т, иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ