| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2403002840443 |
| Дугаар | 2025/ДШМ/136 |
| Огноо | 2025-01-23 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2025/ДШМ/136
О.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Нандин-Эрдэнэ,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц, түүний өмгөөлөгч А.Сандагдулам,
шүүгдэгч О.Б-, түүний өмгөөлөгч Б.Тэгшжаргал,
иргэний хариуцагч “М” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 2024/ШЦТ/772 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагч “М” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн О.Б-д холбогдох эрүүгийн 2403002840443 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
О.Б ...... тоотод оршин суух, урьд Баянгол дүүргийн шүүхийн 1997 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 725 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж байсан;
Холбогдсон хэргийн талаар:
О.Б- нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Яармагийн 3 дугаар буудлын урд замд энэ 2024 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 03 цаг 50 минутын үед Nissan Urvan загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3. “Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно. б.Явган хүний гарц дээр”, мөн дүрмийн 13.5. Жолооч явган хүний гарцын өмнө гүйцэх үйлдэл хийхдээ энэ дүрмийн 16.3-т заасныг баримтлах бөгөөд мөн хороолол, сургууль орчмын бүс дотор болон 1.19 тэмдгээр анхааруулсан замын хэсэгт гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн урдуур явган зорчигч явж байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино, 13.1. “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө: хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтуудыг зөрчиж зам хөндлөн гарч явсан явган зорчигч буюу хохирогч Д.П-ийг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: О.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.Б-ыг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тэнссэн үеэс тоолохоор, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан иргэний хариуцагч Л.Г-ээс 49,500,000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц-д олгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.
Иргэний хариуцагч “М” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. “М” ТӨХК-ийг иргэний хариуцагчаар татаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр нэг удаа мэдүүлэг авсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан иргэний хариуцагчийн эрхийг хэрэгжүүлэх боломж олголгүйгээр хэрэг маргааныг шийдвэрлэсэн. Тодруулбал, мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон тохиолдолд иргэний хариуцагчийг хавтаст хэргийн материалтай танилцуулах боломжоор хангах үүргээ хэрэгжүүлээгүй, шүүх хуралдаанд оролцох эсэх талаар асуумж хийгээгүй, шүүх хуралдааны тов мэдэгдээгүйн улмаас шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянаи шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлд заасныг зөрчсөн.
2. Анхан шатны шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хэргийн нөхцөл байдал болох хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл болох явган хүний гарц гармаар зорчоогуй, хүнд зэргийн согтолттой байсан зэрэг хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг дутуу үнэлсэн нь сэтгэл санааны хохирлын хэмжээг бодитоор тогтооход сөргөөр нөлөөлж “М” ТӨХК-аас 49,500,000 төгрөгийн гаргуулаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж заасантай зөрчилдөж байгаа бөгөөд шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.
3. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 239 дүгээр тогтоолын хавсралт Замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар зүйлийн 5.6-д “...Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэснийг, мөн ууж согтуурсан, өөрийн хийж буй үйлдлээ бүрэн дүүрэн мэдэх, хянах боломжгүй үедээ замын хөдөлгөөнд оролцсон нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн үндсэн шалтгаан, нөхцөлүүд юм. Эдгээр хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг уйлдэгдсэн байхад дээрх нөхцөл байдлыг бүрэн дүүрэн анхаарч үзээгүй, нотлох баримтыг дүгнэлгүй орхигдуулан хохирлын хэмжээг тогтоож, хэргийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй ба энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж өгөхийг хүсье. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний хариуцагчаас хохирлоо гаргуулж авах хүсэлттэй байна. Өөр хэлэх зүйл байхгүй. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц-ын өмгөөлөгч А.Сандагдулам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хэргийн материалтай танилцуулаагүй гэж байна. Гэтэл илтгэгч шүүгчээс 7 дугаар сарын 10-ны өдөр хавтас хэрэгтээ танилцсан тухай баримтыг дурдсан. Тэгэхээр мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагчийн хуульд заасан эрх хангагдсан гэж үзэж байна. Хоёрдугаарт: Гэм буруугийн асуудлын тухайд тодорхой хэмжээний буруу байгаа ч гэсэн хохирогчийн болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн гэж байна. Миний бие хэргийн материалтай танилцсан хүний хувьд иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дутуу харсан юм болов уу гэж үзэж байна. 1 дүгээр хавтаст хэргийн 20 дугаар хуудсанд камерын бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл авагдсан. Үүнд осол гарах үед жолооч зогсоох арга хэмжээ аваагүй, улаан гэрлээр гарсан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон. Тиймээс үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаагүй, гэрлэн дохио ажиллаж байсан нөхцөл байдалд жолооч зам тээврийн осол гаргасан учраас түүнийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. Хохирогч нас барсны улмаас ар гэрийнхэнд нь сэтгэл зүйн хүнд нөхцөл байдал учирсан. Хүний хань, эцгийн нөмөр гэж ямар байдаг билээ. Амь хохирогчийн ар гэрийнхэн хүнд байдалтай байна. 5 болон 8 настай хоёр хүүхэдтэй. Шүүхээс хохирлын хэмжээг үндэслэлтэй тогтоосон. Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад “манай жолоочийн гэм буруутай үйлдэл нь тогтоогдож, шүүхээс хохирлыг тогтоогдсон тохиолдолд хариуцлага хүлээнэ” гэж мэдүүлсэн байдаг. Энэ нь тухайн тээврийн өмчлөгч, эзэмшигчийн хувьд хариуцлага хүлээхээ зөвшөөрсөн. Үүний дагуу шүүхээс хохирлыг хувь тэнцүүлэн хувааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч О.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өөр хэлэх зүйл байхгүй. ...” гэв.
Шүүгдэгч О.Б-ы өмгөөлөгч Б.Тэгшжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэгдүгээрт: Хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэх асуудал дурдсан. Хэрэгт 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хэргийн материал танилцсан тэмдэглэл байдаг. Тухайн тэмдэглэлд оролцогчийн хүсэлт, гомдол, гаргаж өгөх баримт, судлуулах баримтын талаар асуухад “байхгүй” гэдгийг тэмдэглэсэн. Хоёрдугаарт: Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаагүй гэсэн асуудал яригдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.11 дүгээр зүйлд иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох тухайгаа бичгээр хүсэлт гаргасан тохиолдолд оролцуулна, шүүх хуралдаанд иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй гэдэг байдлаар шүүхийн өмнөх нөхцөлүүдийг хуульчилсан. Мөн анхан шатны шүүхээс хохирол, хор уршгийн хэмжээг тогтоохдоо Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасныг хэрэглэж, сэтгэл санаанд учирсан 99,000,000 төгрөгийн хохирлыг О.Б-аас 50 хувийг, иргэний хариуцагч “М” ТӨХК-аас 50 хувийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлд зааснаар хохирол, хор уршиг нэмэгдсэнтэй холбоотой асуудлыг танилцуулсан боловч шүүх хүлээж аваагүй. Би гурван шатны прокурорт шинжээч томилох, гэм буруу, нотлох ажиллагаатай холбоотой хүсэлтүүдийг гаргаж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан хийлгэх хүсэлт гаргаад шүүх гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн. Тухайн үеийн өмгөөлөгчийн тактик хохирол, хор уршгийн асуудал, гэм буруугийн асуудал дээр талуудын гомдол, хүсэлтүүдээр шийдвэрлүүлээд орсон зүйл байгаа. ...” гэв.
Прокурор Г.Нандин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шаардлагатай баримтууд болон хавтас хэргийн материалтай танилцуулж гарын үсэг зуруулсан баримтууд хэрэгт авагдсан. Анхан шатны шүүх хуралдаанд иргэний хариуцагчид тов мэдэгдсэн боловч ирээгүй талаар танилцуулаад санал, хүсэлт гаргаагүй учраас шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагчийн эрхийг зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй. Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэм буруугийн асуудал болон хэргийн нөхцөл байдлын талаар ярьж байна. Энэ нь иргэний хариуцагчид хамааралгүй. Иргэний хариуцагч нь иргэний хариуцлагатай холбоотой асуудлыг шүүх хуралдаан дээр ярих шаардлагатай. Шүүхээс Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу иргэний хариуцагчаас 49,500,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэрэгт байгаа баримтаас үзэхэд анхан шатны шүүх:
2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЗ/1695 дугаар шүүгчийн захирамжаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2024 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 11:00 цагт товлосон /2-р хх-ийн 77-78/,
2024 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 2024/ШЗ/1765 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 09:00 цагт хянан хэлэлцэхээр товлосон /2-р хх-ийн 86-91/,
2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЗ/1838 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж, хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10:00 цагт товлосон /2-р хх-ийн 98-99/ байна.
Шүүх хуралдааны товуудыг иргэний хариуцагч “М” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г-т мэдэгдээгүй болох нь “Хэргийн оролцогчдод шүүх хуралдааны товыг мэдэгдэж, танилцуулсан тухай” /2-р хх-ийн 92, 100/, “900хххххх дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байсан” гэх шүүх хуралдаан тов мэдэгдсэн баримт /2-р хх-ийн 93-94/-аар тогтоогдож байна.
Иргэний хариуцагч /итгэмжлэгдсэн төлөөлөгч/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан “...шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох;...” эрхтэй ба шүүх иргэний хариуцагч “М” ТӨХК-ийн энэ эрхийг хангаагүй, мөн хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ” гэж заасан хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй байна.
Ингэж иргэний хариуцагч “М” ТӨХК-ийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй нь шүүх хуралдааны ажиллагааны явцад хэрэгждэг иргэний хариуцагчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан “шүүх хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр шүүгдэгч, гэрч, шинжээчид асуулт тавих;”, 1.6-д заасан “шүүх, прокурор, мөрдөгчийн ажиллагаа, шийдвэрт энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргах”, 1.11-т заасан “...татгалзан гаргах тухай хүсэлт гаргах” эрхүүдийг мөн хязгаарласан байна.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүх хуралдааны товыг талуудад урьдчилан мэдэгдэхийг шүүхэд үүрэг болгож, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдсэн оролцогч шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хуулийн 34.11 дүгээр зүйлд заасан зохицуулалтын дагуу түүний оролцоогүйгээр хэргийг хэлэлцэж болдог.
Шүүх хуралдааны товыг талуудад урьдчилан мэдэгдэх нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ... нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, шүүх ажиллагаанд биеэр оролцох ...” хүний суурь эрхийг баталгаатай эдлүүлэх эрх зүйн үндэслэл болох бөгөөд энэхүү эрхийг дан ганц хэргээ шүүлгэж буй шүүгдэгчид олгогдсон гэж үзэж болохгүй юм.
Мөн Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрх хэргийн оролцогч бүрт хуулиар тэгш олгогддог тул шүүх хуралдаанд оролцох эрхийг хэргийн оролцогчдод бүгдэд нь эдлүүлэх учиртай.
Иймд иргэний хариуцагчийн хуульд заасан эрхийг нь хангаж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул иргэний хариуцагч “М” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г-ийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 2024/ШЦТ/772 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч О.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ