Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 286

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Н.Энхболд,

шүүгдэгч Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Аюурынх овогт Гэндэнгийн Чт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1805015920355 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн,  .....оны ... дугаар сарын ...-ний өдөр Өмнөговь аймагт төрсөн, 55 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, ....мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, нөхрийн хамт Баянгол дүүргийн ... дүгээр хороо .............гудамжны .......а тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ч

 

Яллагдагч Чнь 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 15 цагийн орчим Баянгол дүүргийн 9 дүгээр хороо СОТ-3-2 дугаар байрны 2 дугаар орцонд хохирогч Атэй маргалдан биед тархи доргилт, хацар уруулын зүүн хэсэгт зулгарсан, доод уруулын дотор салст язарсан, буйланд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

       ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Чмэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Чнь хохирогч Атэй маргалдан түүний биед тархи доргилт, хацар уруулын зүүн хэсэгт зулгарсан, доод уруулын дотор салст язарсан, буйланд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Агийн “2018 оны 03 дугаар сарын 03-ны 15 цагийн орчим Баянгол дүүргийн 9 дүгээр хороо СОТ-3-2 байрны 2 дугаар орц руу орохоор явж байхад миний урд нэг эгч хаалганы код хийгээд зогсож байсан. Тэр эгч хаалгаа онгойлгоод орсон. Би хүүхдээ тэврээд явж байсан болохоор хаалга хаагдаад би хүүхэдтэйгээ хаалганд хавчуулагдсан. Би хаалганд хавчуулагдахдаа уурандаа “пизда” гээд санаандгүй хэлсэн. Тэгэхэд тэр эгч өөрийгөө хэлж байна гэж ойлгосон. Дотор хаалгаа онгойлгох гээд байж байсан. Би тэгэхээр нь хаалгаа барьж байхгүй яасан юм бэ гэж хэлсэн. Тэр эгч би ардаа нүдтэй юу гээд уурласан. ...Таван давхарт лифт зогсоод би буусан. Тэгэхэд миний араас хүзүүний ар руу цохисон. Би эргэж хараад тэр эгчийн гуя руу нь хөлөөрөө өшиглөсөн. Тэр эмэгтэй лифтнээс бууж ирээд гуя руу өшиглөөд нүүр рүү дайраад самардсан. ... Би шүүх эмнэлгийн дүгнэлтүүдтэй танилцсан. Миний биед учирсан гэмтлийг зөв тодорхойлсон байна. ... Хөл рүү нэг  удаа өшиглөсөн. Хүзүү рүү араас нэг удаа гараараа цохисон. Лифтнээс буугаад нүүр самардсан. ... Хохирлоо барагдуулж авсан ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 23 дугаар хуудас/

 

Хохирогч Ад хохирлын “125.000 төгрөг хүлээлгэн өгсөн тухай” баримт. /хэргийн 19 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3249 дугаартай:

“1. А-н биед тархи доргилт, хацар уруулын зүүн хэсэгт зулгарсан, доод уруулын дотор салст язарсан, буйланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо ба ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүснэ.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 13 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Г.Чын яллагдагчаар өгсөн “...Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Маргалдсан асуудал байхгүй. Хаалгаар орохдоо л надад уурлаад байсан. Гараараа нүүрэнд нь самардсан. Миний буруу. ... Би Агээс уучлалт гуйж бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул надад холбогдох энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгөхийг хүсч байна. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 46 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

         

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Г.Чын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Чнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Чнь хохирогчид учруулсан гэмтлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн бөгөөд тэрээр хохирогч Ад хохирлын 125.000 төгрөг хүлээлгэн өгсөн бөгөөд хохирогч өөр нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдвал зохино.

         

          Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                              ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Аюурынх овогт Гэндэнгийн Чыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

                

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Чыг 470 /дөрвөн зуун дал/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 /дөрвөн зуун далан мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Чторгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Чторгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Чбаривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Чт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ