Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2017/00695

 

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2017/00695

 

 

Тулах цэг ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/00129 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Тулах цэг ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Хамаг монгол МСҮТ-д холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт 35 411 640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн төлөөлөгч Д.Уламбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов. 

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр "Хамаг Монгол" мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй Түрээсийн гэрээ хийсэн юм. "Хамаг Монгол" МСҮТ нь зөвхөн 9 дүгээр сарын түрээсийн төлбөрийг төлснөөс хойш төлбөр мөнгөө өгөхгүй, маш их чирэгдэлтэй удаа дараа түрээсээ төлөхгүй шаардуулж бидэнд маш их хохирол учруулсан болно. 2015 оны 10 дугаар сараас эхлээд түрээсээ төлөхгүй биднийг нийгмийн даатгал болон ус, дулаан, цахилгааны өр болох 44 575 000 төгрөгийн хохиролд оруулсан. Өнөөдрийг хүртэл гэрээний дагуу төлөгдөөгүй байгаа түрээсийн үндсэн төлбөр 16 240 000 төгрөг, ашиглалтын зардал 765 740 төгрөг алданги 119 х 85 028 = 10 118 332 төгрөг болсон байна. Анх бид бүрэн засвар хийж өгсөн. Нийт засварын зардал 10 285 900 төгрөг болсон. Гэвч түрээслүүлэх явцад бүрэн засвартай ангиудын засвар муудсан боловч "Хамаг Монгол" МСҮТ засвар хийгээгүй мөн гэрээний 3.7-д зааснаар анх хүлээн авсан хэвээр нь хүлээлгэж өгөөгүй. Иймд үндсэн төлбөр 16 240 000 төгрөг, ашиглалтын зардал 765 740 төгрөг, алдангийг үндсэн төлбөрийн 50%-иас хэтрүүлэлгүйгээр тооцож 8 120 000 төгрөг, засварын зардал 10 285 900 нийт 35 411 640 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: "Тулах цэг" ХХК-ийн дэргэдэх "Цахим" дээд сургуулийн байранд 12 танхимыг 2014 оны 09 сарын 01-нээс нэг жилийн хугацаатайгаар түрээсэлж авсан. 2014-2015 оны хичээлийн жилд бид уг "Цахим" дээд сургуулийн байранд хичээллэсэн ба энэ хугацааны түрээсийн төлбөрөө төлж барагдуулсан. Улмаар 2015 оны 9 сарын 1-ээс 2016 оны 7 cap хүртэл дахин нэг хичээлийн жил үргэлжлүүлэн түрээслэхээр хэлэлцэж тохиролцон. Манай сургуулийн онцлог бол амьжиргааны түвшин доогуур иргэдийн хүүхдүүд, мөн үүний дээр нийт хүүхдүүдийн 80% орчим хувь нь бүтэн, болон хагас өнчин, салж сарнисан гэр бүлд амьдардаг хүүхдүүд суралцдаг. Ёс төдий сургалтын төлбөр /жилийн төлбөр нь 180-250 мянгаар тогтоодог боловч төлбөрөө төлж суралцаж чадах хүүхэд маш цөөн байдаг. Сургалтын үйл ажиллагааныхаа санхүүжилтыг төсвөөс олгож байгаа хувьсах зардлаар санхүүжүүлдэг юм. Тулах цэг компаниас хичээлийн байр түрээслэж ажиллаж байхад бид төсвөөс сард 12.0 орчим сая төгрөг авдаг үүнийхээ 6.0 сая гаруй төгрөгийг түрээс болон ашиглалтын зардалд өгдөг. Түрээслэж байсан хичээлийн байр маань маш хүйтэн байсан манай хүүхдүүдийн 50% нь ханиад томуу хүрч хичээлдээ ирэхээ больсон. Багш нар тэр өвөл 2-3 удаа ханиад хүрсэн. Энэ бүхэн сургуулийн журналд тэмдэглэгдсэн байгаа. Бид хэл ам хийлгүй тэвчсээр байсан. Сүүлдээ сургуулийн хаалга, хичээлийн танхимыг лацдаж, битүүмжилж оруүлахаа болин хөөж туун хичээл хийх ямар ч нөхцөлгүй болсон.

Энэхүү гэрээ хэлцэл нь хууль тогтоомжууд, дүрэм журмууд, ёс зүй, зан суртахууны наад захын хэм хэмжээг зөрчиж нэг талын хэт их давамгай байдал манай сургуульд хөрөнгө мөнгө, эд материал, нэр хүнд, ёс зүйн асар их хохирол учруулсан тул нэхэмжилж байгаа мөнгийг төлөх боломжгүй хэмээн үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.1.7, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч "Хамаг монгол" МСҮТ-өөс 20.877.340 /хорин сая найман зуун далан долоон мянга гурван зуун дөчин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Тулах цэг" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14.534.300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 335.009 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Хамаг монгол" МСҮТ-өөс 262.337 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Тулах цэг" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрт заасан дүнгээс Тулах цэг ХХК-ийн эрх бүхий хүмүүс сургуулийн байрыг лацадсанаас шалтгаалж манай сургуулийн түрээсэлж ашиглаагүй өдрүүд болох 2016 оны 01 дүгээр сарын 06-31-ний хооронд тооцож оруулсан 5 100 000 төгрөгийн түрээсийн төлбөрийг зөвшөөрөхгүй байна. Иймд 5 100 000 төгрөг, түүнд ногдох алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Тулах цэг ХХК нь хариуцагч Хамаг монгол МСҮТ-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 16 240 000 төгрөг, ашиглалтын зардал 765 740 төгрөг, алданги 8 120 000 төгрөг, засварын зардал 10 285 900 төгрөг нийт 35 411 640 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Түрээсийн гэрээ байгуулагдаж, түрээслүүлэгч Тулах цэг ХХК нь өөрийн өмчлөлийн байрны 12 өрөөг 1 жилийн хугацаатай түрээслүүлэх, түрээслэгч Хамаг монгол МСҮТ нь сарын түрээсийн төлбөрт 6 080 000 төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Зохигч гэрээ байгуулагдсан эсэх талаар маргаагүй бөгөөд гэрээний агуулга, хэрэгжсэн байдлаас үзэхэд зохигчийн хооронд Түрээсийн гэрээ байгуулагдсан болон уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3 дах хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээслүүлэгч Тулах цэг ХХК нь гэрээнд заасан түрээсийн байрны өрөөнүүдийг түрээслэгч Хамаг монгол МСҮТ-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн боловч түрээслэгч Хамаг монгол МСҮТ нь 2015 оны 11, 12 дугаар сарын түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй, улмаар Түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд нэхэмжлэгч Тулах цэг ХХК нь түрээсийн гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч Хамаг монгол МСҮТ ХХК-иас Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч тал түрээсийн төлбөрт 2015 оны 11 сарын төлбөр 4 080 000 төгрөг, 12 дугаар сарын төлбөр 6 080 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын төлбөрт 6 080 000 төгрөг, нийт 16 240 000 төгрөг, ашиглалтын зардалд 765 740 төгрөг тус тус нэхэмжилснээс хариуцагчийн төлөөлөгч 11 сарын төлбөр 4 080 000 төгрөг, 12 дугаар сарын төлбөр 6 080 000 төгрөгийг, ашиглалтын зардалд 765 740 төгрөгийг тус тус төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан ба 2016 оны 1 сард түрээсийн байрыг ашиглаагүй гэж маргажээ. /хх-ийн 177/

 

Хариуцагчийн төлөөлөгч ...2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр түрээсийн байранд нэвтрүүлээгүй, 2016 оны 01 сард түрээсийн байрыг 5 хоног ашигласан гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2016 оны 02 сарын 10-ны өдөр түлхүүр нь манай манаачид байсан гэж тус тус тайлбар гаргаснаас үзэхэд хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй байх тул түрээслэгчийг түрээсийн байранд орохыг хориглосон түрээслүүлэгчийн үйлдлийг түрээсийн гэрээг цуцалсан гэж дүгнэж болохоор байна.

 

Гэвч хариуцагч тал 2016 оны 01 дүгээр сард 5 хоног ашигласан гэж тайлбарласан тул төлбөрт 6 080 000 /30 х 5=1 013 333 төгрөг төлөхийг зөвшөөрсөн гэж дүгнэж, түрээсийн төлбөр, ашиглалтын зардалд нийт 11 939 073 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Зохигчдын хооронд хийгдсэн түрээсийн гэрээгээр түрээсийн төлбөрийг сар бүрийн 10-ны дотор багтаан төлөх, түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй 3 хоногийн хугацаа өнгөрвөл алданги тооцохоор тохиролцсон байх тул 11 сарын түрээсийн төлбөр төлөөгүйд 1 611 600 төгрөг, 12 сарын түрээсийн төлбөр төлөөгүйд 1 489 600 төгрөг, нийт алданги 3 101 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, 2016 оны 01 дүгээр сарын түрээсийн төлбөрт алданги тооцох үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь 2015 оны 11, 12 сарын түрээсийн төлбөрт алданги тооцсон хугацааны талаар давж заалдах гомдол гаргаагүй тул гэрээний заалт болон анхан шатны шүүхийн дүгнэсэн хугацаагаар алдангийг тооцсон болно.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын засварын зардалд холбогдох хэсгийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, зохигчийн хооронд байгуулагдсан 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Түрээсийн гэрээнд хамааралгүй гэж үзсэн нь хэргийн баримтад үндэслэсэн ба энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй байв.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч "Хамаг монгол" МСҮТ-өөс түрээсийн төлбөр, ашиглалтын зардалд 11 939 073 төгрөг, алданги 3 101 200 төгрөг, нийт 15 040 273 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Тулах цэг" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20 371 367 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/00129 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 20 877 340 гэснийг 15 040 273 гэж 14 534 300 гэснийг 20 371 367 гэж, 2 дах заалтад 262 337 гэснийг 233 151 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Хамаг монгол МСҮТ-ийн төлсөн 96 550 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Т.ТУЯА

Н.БАТЗОРИГ