Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2025/ДШМ/138

 

                                           

        

 

Д.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Амарзаяа,

цагаатгагдсан этгээд Д.Б-, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан, 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/946 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Энхтөр 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 45 дугаар прокурорын эсэргүүцэл бичсэнийг үндэслэн Д.Б-д холбогдох эрүүгийн 2405030001340 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Цагаатгагдсан этгээдийн биеийн байцаалт:

Д.Б ..... тоотод оршин суух, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 1386 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн;

Холбогдсон хэргийн талаар:   

Д.Б- нь 2024 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 65 дугаар гудамжинд иргэн Д.Н-той үл ялих зүйлээр маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт 3 удаа цохиж тархи доргилт, зүүн чихний дэлбэн, баруун шуу, зүүн бугалга, зүүн тохойд зулгаралт, 2 бугалганд цус хуралт, доод уруулын дотор салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Д.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Д-ын Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Б- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.   

Прокурор Н.Энхтөр эсэргүүцэлдээ: “...Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Н-: “...Тухайн хашаанд миний ээж амьдардаг. Би тухайн өдөр ээжийнхээ гэрийн хажууд байдаг Вьетнам засварт машинаа янзлуулж байхад шүүгдэгч хашаа руу шээж байсан. ... Би ухаан алдсан байсан. Босоод ирэхэд хамраас цус гарсан байсан. ... хэн цохисныг мэдэхгүй...” гэж мэдүүлдэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ бөгөөд хохирогч шүүгдэгч Д.Б-ыг өөрөө намайг цохисон гэж мэдүүлсэн учраас намайг цохисон гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Мөн шүүгдэгч Д.Б- нь мэдүүлэг өгөхдөө “...эгчийгээ энэ хэрэгт холбогдуулахгүй, би өөрөө шүүхээр оръё гэж бодоод ороод ирсэн. ...би хохирогчийг цохиогүй...” гэж мэдүүлснээр хохирогч Д.Н-ийн мэдүүлгийн эх сурвалж нь гэрчээр Д.Б-ын өгсөн мэдүүлэг бөгөөд шүүгдэгч нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн байна. Түүнчлэн хэргийн газарт байсан гэрч Ж.А нь шүүгдэгчийг хохирогч цохиж зодсон талаар шууд мэдүүлсэн мэдүүлэг байхгүйг дурдах нь зүйтэй гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна.

Мөн Д.Н-ийн мэдүүлгийн эх сурвалж нь гэрчээр Д.Б-ын өгсөн мэдүүлэг бөгөөд шүүгдэгч нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө “худал мэдүүлэг өгсөн байна” гэж дүгнэхдээ ямар мэдүүлгийг, ямар ямар нотлох баримтаар “худал” гэдгийг үгүйсгээд байгаа үндэслэлээ бичээгүй нь шүүхийн алдаа байна гэж үзэж байна.

Шүүх шүүгдэгч Д.Б-ын гэрчээр өгсөн мэдүүлгийг цагаатгах талын нотлох баримт болгон үнэлсэн нь өөрөө хууль зөрчсөн нотлох баримт учраас үүнийг цагаатгах болон яллах аль ч талын нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.

Хавтаст хэрэгт хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн 9083 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч Д.Н- мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “хашаа руу шээдэг залуу миний нүүр лүү 2-3 удаа цохиход миний доод уруулын дотор тал язарсан” гэж мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж, хэн цохиж гэмтэл учруулсныг нотолсон байхад шүүхээс хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг няцааж, үгүйсгэсэн дүгнэлтийг хийгээгүй байна.

Шүүх гэрч Ж.А-ын “...бага дүү Б ... араас нь очоод зууралдаж байж арай хийж түлхүүрээ аваад, шээсэн хүнтэйгээ тооцоогоо хийдэг юм байгаа биз гээд, ...бүдүүн залуугийн ам нь бага зэрэг цус болсон байсан” гэх мэдүүлгийг үнэлээгүй, яагаад гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй талаараа дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн зарчимтай зөрчилдөж байна.

Мөн хохирогч Д.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн “...хашаа руу шээдэг залуу миний нүүр лүү 2-3 удаа цохиход миний доод уруулын дотор тал язарсан...” гэсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “шүүгдэгч өөрөө намайг цохисон гэж мэдүүлэг өгсөн байсан” гэсэн мэдүүлэг хоорондоо харилцан зөрүүтэй байхад дээрх харилцан зөрүүтэй мэдүүлгийг хэрхэн яаж үнэлж, цагаатгах тогтоолын үндэслэл болгосноо дүгнээгүй байна.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “шүүгдэгч Д.Б-ын 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгт үндэслэн, хохирогчоор мэдүүлсэн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд эргэлзээтэй” гэж дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Б-ыг цагаатгаж шийдвэрлэсэн атлаа мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1.1-д заасны дагуу шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаана” гэж заасныг зөрчиж цагаатгах тогтоолыг гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ЦШТ/946 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Прокурор М.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Н- “тухайн хашаанд миний ээж амьдардаг. Би тухайн өдөр ээжийнхээ гэрийн хажууд байдаг вьетнам засварт машинаа янзлуулж байхад шүүгдэгч хашаа руу шээж байсан. Би ухаан алдсан, босоод ирэхэд хамраас цус гарсан байсан, хэн цохисныг мэдэхгүй” гэж мэдүүлдэг бөгөөд хохирогч шүүгдэгч Д.Б-ыг өөрөө намайг цохисон гэж мэдүүлсэн учраас намайг цохисон гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Мөн шүүгдэгч Д.Б- нь мэдүүлэг өгөхдөө “эгчийгээ энэ хэрэгт холбогдуулахгүй, би өөрөө шүүхээр оръё гэж бодоод ороод ирсэн, би хохирогчийг цохиогүй” гэж мэдүүлснээр хохирогч Д.Н-ийн мэдүүлгийн эх сурвалж нь Д.Б-ын гэрчээр өгсөн мэдүүлэг бөгөөд шүүгдэгч нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн байна. Түүнчлэн хэргийн газарт байсан гэрч Ж.А нь шүүгдэгчийг хохирогч цохиж зодсон талаар шууд мэдүүлсэн мэдүүлэг байхгүйг дурдах нь зүйтэй гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн. Мөн Д.Н-ийн мэдүүлгийн эх сурвалж нь Д.Б-ын гэрчээр өгсөн мэдүүлэг бөгөөд шүүгдэгч нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө “худал мэдүүлэг өгсөн байна” гэж дүгнэхдээ ямар мэдүүлгийг ямар нотлох баримтаар “худал” гэдгийг үгүйсгээд байгаа үндэслэлээ бичээгүй нь шүүхийн алдаа байна гэж үзэж байна. Шүүх шүүгдэгч Д.Б-ын гэрчээр өгсөн мэдүүлгийг цагаатгах талын нотлох баримт болгон үнэлсэн нь өөрөө хууль зөрчсөн нотлох баримт учраас үүнийг цагаатгах болон яллах аль ч талын нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм. Хавтаст хэрэгт хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн 9083 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч Д.Н- мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “хашаа руу шээдэг залуу миний нүүр лүү 2-3 удаа цохиход миний доод уруулын дотор тал язарсан” гэж мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж, хэн цохиж гэмтэл учруулсныг нотолсон байхад шүүхээс хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг няцааж, үгүйсгэсэн дүгнэлтийг хийгээгүй байна. Шүүх гэрч Ж.А-ын “бага дүү Б араас нь очоод зууралдаж байж арай хийж түлхүүрээ аваад, шээсэн хүнтэйгээ тооцоогоо хийдэг юм байгаа биз гээд, бүдүүн залуугийн ам нь бага зэрэг цус болсон байсан” гэх мэдүүлгийг үнэлээгүй, яагаад гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй талаараа дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн зарчимтай зөрчилдөж байна. Мөн хохирогч Д.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн “хашаа руу шээдэг залуу миний нүүр лүү 2-3 удаа цохиход миний доод уруулын дотор тал язарсан” гэсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “шүүгдэгч өөрөө намайг цохисон гэж мэдүүлэг өгсөн байсан” гэсэн мэдүүлэг хоорондоо харилцан зөрүүтэй байхад дээрх харилцан зөрүүтэй мэдүүлгийг хэрхэн яаж үнэлж, цагаатгах тогтоолын үндэслэл болгосноо дүгнээгүй байна. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “шүүгдэгч Д.Б-ын 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгт үндэслэн, хохирогчоор мэдүүлсэн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд эргэлзээтэй” гэж дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Б-ыг цагаатгаж шийдвэрлэсэн атлаа мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1.1-д заасны дагуу шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаана” гэж заасныг зөрчиж цагаатгах тогтоолыг гаргасан. Хавтас хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлгээр хохирогч гэмт халдлагад өртсөн. Шинжээчийн дүгнэлтэд хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлүүд нь өшиглөх, цохих, маажих зэрэг хүчин зүйлүүдийн улмаас үүссэн байна гэж дүгнэсэн. Гэмт хэргийн шинжгүй гэж үзэн шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болголоо гэхэд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож, энэ хүнд хариуцлага тооцох ёстой. Гэтэл анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаалгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Д.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Н- “би 200 унадаг, 300 унадаг, 9911-тэй дугаар барьдаг, заавал чамд хариуцлага хүлээлгэнэ” гэж удаа дараа утсаар ярьж сүрдүүлээд хэцүү байна. ...” гэв.  

Цагаатгагдсан этгээд Д.Б-ын өмгөөлөгч Г.Сүхээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн үйл баримтаас харахад хохирогч Д.Н- “ухаан алдсан, босоод ирэхэд хамраас цус гарсан, хэн цохисныг мэдээгүй” гэж мэдүүлсэн байдаг. Тэгэхээр нотлох зүйл байхгүй. Тиймээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд, Д.Б-ын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж дүгнэв. Үүнд:

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хохирогч Д.Н-ийн өгсөн: “...би тухайн хүний тээврийн хэрэгслийн түлхүүрийг булааж аваад явах үед машинд сууж байсан хар дуу царайтай хүн нь бууж ирээд ардаас шууд боогоод авах үед нэг нь ирж гар өчөөд газар унагаад чирээд нэг нь өшиглөөд, нэг нь нүүр лүү цохиод байсан. Би түлхүүрийг нь өгөхгүй гарандаа атгаж байх үед хоолой боогоод, миний ухаан балартаад хэсэг ухаан алдсан. Удалгүй сэрэх үед миний шүднээс цус гарсан, гарт байсан түлхүүр нь байхгүй тухайн хүмүүс машинтайгаа хөдлөх гээд байхаар нь ардаас нь очих үед би амьсгаадаад, хоолой боосон учраас ханиалгаад шил рүү нь миний амнаас цус үсэртэл нэг эмэгтэй гарч ирээд чи яагаад миний машин руу нулимаад байгаа юм гээд миний толгой хэсэг рүү гараараа олон удаа цохисон. ...Хар дуу царайтай хүн нь бууж ирээд ардаас шууд боогоод авах үед нэг нь ирж гар өчөөд газар унагаад чирээд нэг нь өшиглөөд, нэг нь нүүр лүү цохиод байсан...” гэх /хх-ийн 10-12/ хэрэгт анх өгсөн мэдүүлэг нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Би ухаан алдсан байсан. Босоод ирэхэд хамраас цус гарсан байсан... хэн цохисныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлийн 3, 4 дэх тал, хх-ийн 83/-тэй тохирч байна.  

Түүнчлэн, 2024 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Горькийн 65 дугаар гудамжинд иргэн Д.Н-ид бусдын үйлдлээс шалтгаантайгаар “...тархи доргилт, зүүн чихний дэлбэн, баруун шуу, зүүн бугалга, зүүн тохойд зулгаралт, 2 бугалганд цус хуралт, доод уруулын дотор салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал...” гэсэн хөнгөн гэмтэл учирсан болох нь тогтоогджээ.

Шүүгдэгч Д.Б- нь гэрчээр мэдүүлэхдээ “...нүүр рүү нь 2-3 цохиж байгаад түлхүүрээ авсан...” /хх 22/ гэж мэдүүлсэн байх ба хохирогч Д.Н-ид нүүрэнд учирсан гэмтлээс гадна “баруун шуу, зүүн бугалга, зүүн тохойд зулгаралт, 2 бугалганд цус хуралт” гэсэн биеийн бусад хэсэгт учирсан гэмтлүүд байжээ.

Шүүгдэгч Д.Б- гэрчээр “...Т ах бид хоёр машины түлхүүр авах гээд нөгөө ахтай зууралдаж байгаад, ... А эгч нөгөө бүдүүн ахтай зууралдаж хэрэлдээд байхаар нь...” /хх 22 тал/, Д.А гэрчээр “...Т болон бага дүү Б нар араас нь очоод зууралдаж байж арай хийж түлхүүрээ аваад, ...би тэр залуугийн нүүр рүү алгадах гэсэн чинь оноогүй...” /хх 26/ гэж мэдүүлсэн байхад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж Д.Б-ыг ганцаараа Д.Н-ийн биед үүссэн гэмтлүүдийг учруулсан гэж дүгнэж, түүнийг яллагдагчаар татсан нь үндэслэлгүй байна.

Хэдийгээр яллагдагчийн гэрчээр мэдүүлсэн мэдүүлгийг түүнийг яллах нотлох баримт болгохгүй ч эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнөх нотлох баримтуудыг дүгнэхэд, Д.Б-ыг ганцаар Д.Н-ид гэмтэл учруулсан гэж үзэхэд эргэлзээтэй, хангалттай бус нотлох баримтууд цугларсан байжээ гэж давж заалдах шатны шүүх дүгнээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэрэг гарсан байдал зэргийг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн нотлоогүй байна гэж үзлээ.

Мөн яллах нотлох баримтуудыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийн нотлох баримтуудыг шүүх шийдвэртээ заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан шаардлагуудад нийцээгүй байна.

Шүүх нотлох баримтын нотлогооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон эх сурвалжийг магадлаж, логик дүгнэлтэд түшиглэн үнэлэх учиртай.

Өөрөөр хэлбэл, хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байж болох нотлох баримтуудыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан судалж, нягтлан шалгаагүй, эдгээрээс аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заалгүйгээр шүүгдэгчийг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Иймд Д.Б-ыг цагаатгасан болон түүнд холбогдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Цагаатгах тогтоолыг хүчингүй болгож байгаатай холбогдуулан Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/946 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Цагаатгагдсан этгээд Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг анхан  шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ,

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ

            ШҮҮГЧ                                                           Т.ШИНЭБАЯР

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ