Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 575

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга:  С.Буянхишиг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэчимэг,

шүүгдэгч: Ням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр ирүүлсэн Нямд холбогдох эрүүгийн 1805 0296 60625 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4,

2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 290 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн,

2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 483 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилж, мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасныг журамлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, ням.

 

Шүүгдэгч Ням нь 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 8 сартай жирэмсэн иргэн А.Сүрэн маргалдан, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- Ням мэдүүлэхдээ:

Би хэрэг болдог өдөр 2 шил архи уусан байсан бөгөөд архи уухаараа өөрийгөө хянах чадваргүй болдог юм. Хэрэг маргаан болох үед болсон асуудлыг би санахгүй байгаа. Эмэгтэй хүний эрх чөлөөнд халдсан нь миний буруу. Хохирогчтой биечлэн уулзаагүй боловч бичгээр уучлалт гуйж, түүнд 500 000 төгрөг өгсөн. Прокурорын санал болгосон 700 000 төгрөгийн торгох ялын саналыг сайн дураараа хүлээн зөвшөөрч тохиролцсон юм. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Би хойшид архи уухаа болих хэрэгтэй гэж ойлгож байна  гэв.

Мөрдөн байцаалтад хохирогч-А.Сүрэн мэдүүлэхдээ:

Би 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 14 цаг өнгөрч байхад аав, ээжийнхээ гэр болох Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 40 дүгээр байрны 4 давхарт байрлах 18 тоотод бага насны 9 настай хүү Амар, 4 настай охин Ундрамын хамтаар ороод гарах үед манай аавын өөдөөс харсан хаалгыг үл таних махлагдуу залуу их хүчтэй цохиж байхаар хажуугаар нь гараад лифтинд суусан. Тэгээд лифтний хаалга хаагдах үед тэр залуу бид нарын хойноос орж ирээд миний толгойны хажуугаар зангидсан гараараа лифтний хана цохиход манай хоёр хүүхэд айгаад уйлах үед тэр залуу миний зүүн шанаа руу цохисон. Би сандраад 3 давхарт лифтийг зогсоогоод, тэр залуутай ноцолдон түлхэж буулгаад доош 1 давхарт буун орцны үүдээр гарах гэхэд тэр залуу бид нарын хойноос шатаар гүйж бууж ирээд орцны үүдэнд намайг заамдаж аваад дахин шанаа руу цохиход манай бага насны 2 хүүхэд айж зугтаад машины хойгуур орж уйлж орилоход тэр хүн жирэмсэн намайг шатны уруу түлхэх гээд байсан. Тэр залуу надтай ноцолдож байгаад манай аав Гэрэл гарч ирэхэд тэр аавыг цохиод зугтаасан. Миний биеийн зүүн шанаан тус хэсэгт 2 газар хөхөрсөн, мөн сүүлд нь гэртээ орж үзэхэд баруун гарын бугалага хөхөрсөн гэмтэл учирсан байсан. Мөн би 8 сартай жирэмсэн байсан учир миний гэдэс хатуурч чангарсан, сэтгэл санааны хувьд их айдастай болсон. Манай хоёр хүүхэд шөнө айгаад унтаж чадаагүй, шөнөжингөө уйлсан. Миний нүүр рүү гараараа 2 удаа, баруун гар руу 1 удаа цохисон. Би маш их гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна гэжээ.  (хэргийн 8 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-С.Гэрэл мэдүүлэхдээ:

2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр би Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Ганьтын 40 дүгээр байрны 18 тоотод эхнэр Янжинлхам, бага охин Бадампагамдулам, том охин Сүрэн, түүний хүүхдүүдийн хамт байж байсан. Тэр үед манай хажуу айлын 20 тоот хаалгыг согтуу хүн нүдээд байсан чинь манай охин Бадампагмадулам хаалгаар боль гэж хэлсэн. Хэсэг байж байгаад том охин Сүрэн хоёр хүүхэдтэйгээ гэртээ харилаа гээд гарсан. Тэгж байтал орцонд хүүхэд уйлах дуу гарахаар нь би орц руу гарсан чинь манай том охин Сүрэн “намайг хүн зодчихлоо” гээд хоёр хүүхэдтэйгээ уйлчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би “хэн зодсон бэ” гэсэн чинь тэр согтуу хүн гээд заахаар нь би нөгөө согтуу хүн дээр очоод “яаж байгаа юм” гэсэн чинь намайг нүүр рүү нэг удаа шанаадсанаа цаашаа явсан. Тухайн үед шанаа хөндүүрлэж өвдөж байсан, одоо бол зүгээр болсон гэжээ. (хэргийн 10 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 6785 дугаартай дүгнэлтэд:

1. А.Сүрэнгийн биед эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Гэмтэл үүссэн дараалал болон довтлогч, хохирогчийн байрлал, хоорондын зайг нарийвчлан тогтоох боломжгүй гэжээ. (хавтаст хэргийн 14 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 290 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн,

2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 483 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2-д заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилж, мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасныг журамлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн гэжээ. (хэргийн 40 дүгээр хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

  Шүүгдэгч Ням нь 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хохирогч А.Сүрэнг жирэмсэн болохыг мэдсээр байж түүнийг зодож, эрүүл мэндэд нь эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хацарт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Сүрэн, гэрч С.Гэрэл нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 6785 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Баянгол дүүргийн прокурорын газраас Нямд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон прокуророос түүнийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрсөн болно.

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой нотлох баримт хэрэгт гаргаж өгөөгүй боловч Нямаас эмчилгээний зардалд  500 000 төгрөг өгч, хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад  төлөх төлбөргүй гэж үзэв. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдолгүй байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ням цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Нямыг хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Нямыг  700  нэгжтэй тэнцэх хэмжээний  700 000  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Ням нь торгох ялыг 1 сар /нэг сар/ хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ням нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 500 000 төгрөг төлсөн болохыг тус тус  дурдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Нямд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Нямд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН