Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2018/00924

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2018/00924

 

 

М.Пунсалдуламын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 104/ШШ2018/00117 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч М.Пунсалдуламын нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Сайханцэцэгт холбогдох

 

1 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: М.Пунсалдулам

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч М.Пунсалдулам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбартаа:

Хариуцагч Д.Сайханцэцэг бид хоёр нэг мэргэжилтэй бөгөөд хамт ажиллахаар ажлын багаж хэрэгсэл бэлтгэж эхэлсэн. Миний бие бариа заслын ажлыг хувиар эрхэлдэг байсан. Энэ ажлаа хийхийн тулд надад хүний биеийг энергижүүлдэг 8 ширхэг КФС нэртэй багаж хэрэгтэй байсан. Д.Сайханцэцэг хотоос Центр регион ХХК-ийн дистрибьютерээс авдаг болохоор нь би 4 ширхэг КФС захисан. 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хамт очиж 4 ширхэг КФС авсан. Сүүлд мөн оны 9 дүгээр сард 2 ширхэг КФС-ыг Ариунаагаас би өөрөө очиж авсан. Сайханцэцэг надад 4 ширхэг КФС нэмж авч өгнө, мөн биеийн цэгэн барианы схем зураг авч өгч өрөө тохижуулж өгнө гээд 1 600 000 төгрөгийг бэлнээр авчаад одоо хүртэл амлалтаа биелүүлээгүй. Иймд түүнд өгсөн 1 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Сайханцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбартаа:

Би бариа заслын ажил эрхэлдэг. Хүнийг биеийг барьж засал хийхдээ КФС нэртэй хүний биеийг энергижүүлдэг багаж хэрэглэдэг. М.Пунсалдулам надаар бариа засал хийлгэхээр ирснээр бид танилцсан, тэрээр миний бариа засалдаа ашигладаг төхөөрөмжийг ихэд сонирхож байсан тул би тодорхой хугацааны туршид сургалтанд хамрагдсанаар бариа засалч болох боломжтой талаар зөвлөсөн. Миний өгсөн зөвлөгөөний дагуу тэрээр Центр регион ХХК болон Ангижрал бариа заслын сургалтын төвийн сургалтанл сууж, дадлагаа миний ажил дээр хийсэн. Тэрээр өндөр үнэтэй тоног төхөөрөмжийг авах боломжгүй байсан бөгөөд тэтгэвэрээ тогтоолгосны дараа зээл авч КФС төхөөрөмж авна гэж ярьж байсан. Тус багажийг оруулж ирдэг Центр регион ХХК нь багажиндаа хямдрал зарлаж нэг ширхэгийг 150 000 төгрөгөөр авах боломжтой болсон бөгөөд би өөрийнхөө кодон дээр нэмж 4 ширхэг КФС авч, нийт 8 ширхэгийг авахаар болсон. М.Пунсалдулам 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр надад 600 000 төгрөг өгсөн нь үнэн бөгөөд уг мөнгийг би В.Ариунд бэлнээр тушааж, багажуудаа авсан. Би түүний хүсэлтээр Центр регион ХХК-ний дистрибьютер В.Ариунаагаас КФС нэртэй хүний биеийг энергижүүлдэг төхөөрөмжийг 8880447 дугаартай КФС №1, 8880267 дугаартай КФС №2, 8800121 дугаартай КФС №5, 8803952 дугаартай КФС №16 төхөөрөмжийг нэг бүрийг 150.000 төгрөгөөр худалдаж авч өгсөн. М.Пунсалдулам надад 1 600 000 төгрөг өгөөгүй, 600 000 төгрөг өгсөн бөгөөд уг мөнгөнд нь тохирсон багажийг нь түүнд хүлээлгэн өгсөн. Надад нэмж КФС төхөөрөмж, цэгэн иллэгийн схем зураг захиж мөнгө өгөөгүй. Энэ хүн өөр хүнд мөнгө өгснөө андуураад байх шиг байна, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт зааснаар М.Пунсалдуламын нэхэмжлэлтэй Д.Сайханцэцэгт холбогдох 1 600 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Пунсалдуламын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 550 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч М.Пунсалдулам давж заалдах гомдолдоо:

... Миний бие 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Хаан банкнаас тэтгэврийн зээл 2 000 000 төгрөг аваад 1 600 000 төгрөгийг КФС төхөөрөмж авахаар өгсөн. Маргааш нь буюу 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр бид цугтаа тоног төхөөрөмжөө В.Ариунаагаас худалдаж авсан. Миний бие уг нөхцөл байдлыг хуралд буруу зөрүү ярьснаар шүүхийн шийдвэр буруу гарсан. Би мөнгөө түрүүлж өгөөд маргааш нь очиж багажаа авахдаа өөрийнхөө үлдэгдэл мөнгөөр худалдаж авсан. Уг нөхцөл байдлыг Д.Сайханцэцэг өөрчилж ярьсан. Тухайн үед Д.Сайханцэцэг би таныг хуурахгүй гээд баримт үйлдээгүй, би бариа заслын тононг төхөөрөмжийг комоор нь авахыг хүссэн боловч миний хүссэн багаж байгаагүй. Би 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 4 ширхэг, 2016 оны 9 сард 2 ширхэг КФС-г 600 000 төгрөгөөр худалдаж авсан нь үнэн боловч Д.Сайханцэцэгээр дамжуулан худалдаж аваагүй. Шүүх хуралдааны явцад Д.Сайханцэцэг надаас мөнгө авсан талаар мэдүүлдэг боловч 600 000 төгрөг авсан гэж илтэд гүжирдсэн худал тайлбар гаргасан байхад шүүх түүний хэлсэн зүйлд үнэлэлт дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч М.Пунсалдулам хариуцагч Д.Сайханцэцэгт холбогдуулан КФС төхөөрөмж авахаар өгсөн 1 600 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд Б.Цэвээнсүрэн, Н.Тогтохбуян нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргаж, анхан шатны шүүх Б.Цэвээнсүрэнг гэрчээр асуулгах хүсэлтийг хангаж, н.Тогтохбуянг гэрчээр асуулгах хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна. /хх-ийн 25-27 тал/

Анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нь ...н.Тогтохбуянгийн ээжийнх нь бие муу, шүүхэд ирэх боломжгүй байгаа тул гэрчээр асуулгах хүсэлтээсээ татгалзаж байна гэсэн агуулга бүхий тайлбар гаргасан байгаа боловч нэхэмжлэгч М.Пунсалдуламаас уг асуудлыг тодруулаагүй байхад хэргийн оролцогчийг гэрч асуулгах хүсэлтээсээ татгалзсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Зохигчид бариа заслын төхөөрөмж авах зориулалтаар 1 600 000 төгрөгийг өгсөн эсэх асуудлаар маргаж, уг төхөөрөмжийг иргэн В.Ариунаагаас худалдаж авдаг талаар хэн аль нь мэдүүлж, хариуцагч Д.Сайханцэцэг шүүх хуралдаанд ...В.Ариунааг би гэрчээр асуулгах ёстой байсан юм байна гэж тайлбарласан байгаагаас үзэхэд В.Ариунааг гэрчээр асуух нь хэрэгт ач холбогдол бүхий байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий дээрх нөхцөл байдлыг тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд уг ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээх, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 104/ШШ2018/00117 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид М.Пунсалдуламын төлсөн 40 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Ц.ИЧИНХОРЛОО