| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2305 03925 0423 |
| Дугаар | 2025/ДШМ/172 |
| Огноо | 2025-01-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Солонго |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2025/ДШМ/172
Л.Н, Ц.С нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Солонго,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 2024/ШЦТ/983 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Солонгын бичсэн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаар прокурорын эсэргүүцлээр Л.Н, Ц.С нарт холбогдох 2305 03925 0423 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч:
1. Л.Н ....... тоотод оршин суух бүртгэлтэй, урд:
2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460,000 төгрөгийн торгох ялаар,
2020 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан,
2. Ц.С ............. тоотод оршин суух бүртгэлтэй, урд
2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн,
2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.С-д оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялаас өршөөн хэлтрүүлсэн;
Холбогдсон хэргийн талаар:
Л.Н нь Ц.С-той бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ..... дүүргийн .... дүгээр хороо, Горькийн .... дугаар гудамжны .... тоот хашаанд иргэн М.А-ын нүүр лүү нь гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Ц.С нь Л.Н-той бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ..... дүүргийн .... дүгээр хороо, Горькийн .... дугаар гудамжны .... тоот хашаанд иргэн М.А-ын ар дал руу хутгаар хатгасны улмаас эрүүл мэндэд нь баруун даланд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Л.Н, Ц.С нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Л.Н-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бусадтай бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, 140,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхээр,
шүүгдэгч Ц.С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бусадтай бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, 140,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхээр,
хохирогч М.А- нь баримтаар хохирол нэхэмжлээгүй, хохирогч М.А-ын хохирол, хор уршгийн нөхөн төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэжээ.
Прокурор Б.Солонго бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокуророос шүүгдэгч Л.Н, Ц.С нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан бүлэглэж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэтэл Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Л.Н, Ц.С нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэсэн” гэснийг журамлаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй” гэснийг зөрчиж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн ба яллах дүгнэлтийн зүйлчлэлийг өөрчилсөн талаараа дүгнэлт хийгээгүй байна. Мөн шийтгэх тогтоолд шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ гэж бичихдээ “Шүүгдэгч Л.Н, Ц.С нар нь бүлэглэн “2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ..... дүүргийн .... дүгээр хороо, Горькийн .... дугаар гудамжны .... тоот хашаанд иргэн М.А-ын нүүр лүү нь гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж бичиж, шүүгдэгч Ц.С-ын үйлдсэн М.А-ын ар дал руу хутгаар хатгасны улмаас эрүүл мэндэд нь баруун даланд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг орхигдуулан хохирогчийн нь зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан мэтээр бичсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой ... байна” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч Л.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж өөрчлөлт оруулах,
мөн шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт, шүүгдэгч нарын холбогдсон хэргийг “...Шүүгдэгч Ц.С нь Л.Н-той бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ..... дүүргийн .... дүгээр хороо, Горькийн .... дугаар гудамжны .... тоот хашаанд иргэн М.А-ын ар дал руу хутгаар хатгасны улмаас эрүүл мэндэд нь баруун даланд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэсэн гэмт хэрэгт холбогджээ гэсэн нэмэлтийг оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Л.Н, Ц.С нарт холбогдох 2305 03925 0423 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил байхгүй байна.
1. Л.Н нь Ц.С-той бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ..... дүүргийн .... дүгээр хороо, Горькийн .... дугаар гудамжны .... тоот хашаанд иргэн М.А-ын нүүр лүү нь гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Ц.С нь Л.Н-той бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ..... дүүргийн .... дүгээр хороо, Горькийн .... дугаар гудамжны .... тоот хашаанд иргэн М.А-ын ар дал руу хутгаар хатгасны улмаас эрүүл мэндэд нь баруун даланд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч М.А-ын “...Намайг гарахтай зэрэгцээд Б гарч ирээд “За за яв яв” гэсэн чинь Б-ын найз гэх эмэгтэй гарч ирээд намайг шууд алгадсан. Тэгэнгүүт нь би тэр цааш түлхсэн чинь гэр дотроос надад архи хийж өгөөд байсан залуу гарч ирээд “Чи эмэгтэй хүнийг түлхээд яаж байгаа юм, писда минь” эд над руу дайрсан бид хоёр гадаа заамдалцаад зогсож байтал хажуу айлынх нь хүмүүс гэж 1 ах, 2 эгч гарч ирээд салгасан. Тэгээд салаад би хашаанаас нь гарах гэж байтал араас надтай зууралдсан залуу гүйж ирээд дахиж барилцаад..., намайг боогоод шууд нүүр лүү гараараа 2 удаа цохисон. Нөгөө нь Б-ын найз гэх намхан, махлагдуу, бор царайтай нэрийг нь С гэж дуудаад байсан хүүхэн араас баруун талын даланд 2 удаа удаа хутгалсан эхнийх нь гадна талын хувцас урсан дараагийнх нь даланд хутгалсан...” /хх-ийн 12-22/,
гэрч Б.А-ийн “...гадаа гарч ирээд зодолдоод байхаар нь би очиж салгасан. ...дахиад согтуу хоёр залуу хоорондоо зодолдоод эхэлсэн. Гэтэл гэрээс нэг эмэгтэй хутга бариад гарч ирээд энэ хашаанд амьдардаггүй залуугийн нуруунд дал орчимд нь 2 удаа дүрээд авсан. н.С-ийн нөхөр хутгалуулсан залууг нүүр лүү нь 2-3 удаа цохиход хутгалуулсан залуугийн шүднээс цус гарч нүд нь хөхөрсөн харагдаж байсан...” /хх-ийн 24-26/,
гэрч Ш.Д-ийн “...намайг харахад Н А хоёр гэрээс барилцаж аваад гарсан. ...Цаашаа юу болсныг мэдэхгүй. Надад утсаар ярихдаа би найз С-д чинь араасаа хутгалуулчихлаа, Н чинь намайг барьж аваад зодчихлоо, та нар бүгдээрээ овоо юм бэ гэсэн..., Миний нэрийг Б гээд буруу хэлсэн байна лээ, гэрийнхэн болон найзууд Б гэж дууддаг...” /хх-ийн 28-30/,
гэрч Н.Б-ны “...Манай гэрийн хойд талын байшингийн айл хоорондоо зодолдож байсан, ...хутгалуулдаг нөхөр хойд талын байшинг түрээсэлдэг залуугийн хоолойг нь заамдаад боочихсон байсан би салгаад 2 тийш нь болгоод байж байтал манай хойд байшингийн залуу подволкоо тайлаад буцаад нөгөө залуутайгаа барьцалдаад авсан. ...байшингаас нэг бондгор махлаг бор хүүхэн гарч ирээд нөгөө 2 залууг зодолдож байхад нь манай хойд талын байшинг түрээсэлдэг залуугийн нөгөө залуугийн ар нуруунд нь хутгаар 1-2 удаа хатгах шиг болсон. Тэгсэн чинь нөгөө залуугийн нуруунаас нь цус гарч байсан...” /хх-ийн 32-33/ гэх мэдүүлгүүд,
хохирогч М.А-ын Л.Н-ийг нүүр рүү цохисон эрэгтэй болохыг, Ц.С-ыг хутгаар нуруунд нь гэмтэл учруулсан эмэгтэй болохыг тус тус таньсан талаарх таньж олуулах ажиллагаа тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 46-52/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 13172 дугаартай: “...1 .М.А-ын биед баруун даланд хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр, баруун даланд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн хатгагдаж зүсэгдэх үйлчлэлээр 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдоно.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 16-17/,
шинжээч С.Ч-ийн “...М.А-ын биед учирсан баруун даланд хатгагдаж зүсэгдсэн шарх нь дангаар хөнгөн зэрэгт хамаарна. Мөн зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл нь мөн адил дангаар хөнгөн зэрэгт хамаарна. Зөөлөн эдийн няцрал нь бас дангаар хөнгөн зэрэгт хамаарахаар гэмтлүүд байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.
2. Шүүгдэгч Л.Н-ийн хохирогч М.А-ыг цохиж хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг дэмжиж, шүүгдэгч Ц.С-ын М.А-ын ар дал руу хутгаар хатгаж хөнгөн гэмтэл учруулсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 2 дахь хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бүлэглэн” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн...” гэсэн хүндрүүлэх шинжтэй гэж зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, 500 цагийн хугацаагаар оногдуулж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Оногдуулсан ялын төрөл болон хэмжээ нь Эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод бүрэн нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
3. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж тэдний үйлдлийг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр хүндрүүлэн зүйлчилсэн атлаа шийтгэх тогтоолын
удиртгал болох хэсэгт Ц.С-ын “...Л.Н-той бүлэглэн хохирогч М.А-ын ар дал руу хутгаар хатгаж эрүүл мэндэд нь “баруун даланд хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг орхигдуулан бичсэн байгааг зөвтгөн дурдаж,
тогтоох хэсэгт давхар хэрэглэх шаардлагагүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасныг журамласныг хассан өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоолыг зөвтгүүлсэн өөрчлөлтийг оруулахаар бичсэн прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй байх тул хангах нь зүйтэй байна.
4. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай шүүгдэгч Ц.С, Л.Н нараас хохирогч М.А-ын тэдний учруулсан хөнгөн гэмтлийг эмчлүүлэхээр эрүүл мэндийн үйлчилгээ авсан 280,000 төгрөгийг хувь тэнцүүлэн тэднээс гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хэргийн үйл баримтад нийцсэн байна.
Гэхдээ ямар хуулийг хэрэглэн шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь тодорхойгүй байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ: 12.1.1. гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж заасныг баримтласан өөрчлөлтийг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн тус нөхөн төлбөрийг гаргуулсан 7 дахь заалтад оруулах нь шийтгэх тогтоол тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокурор Б.Солонгын бичсэн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаар прокурорын эсэргүүцлийг хангаж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 2024/ШЦТ/983 дугаар шийтгэх тогтоолын:
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Шүүгдэгч Л.Н, Ц.С нарыг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэж,
тогтоох хэсгийн 7 дахь заалтыг “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Л.Н, Ц.С нараас тус бүр 140,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлсүгэй. ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ