Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 583

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбадагва,

хохирогч: Б.Бат,

шүүгдэгч: Л.Баяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Баярт холбогдох эрүүгийн 1805 0236 70522 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Баяр.

 

             Шүүгдэгч Л.Баяр нь 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, “Кёкүшю таур”-ын “Сувд” караокед Б.Баттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Л.Баяр мэдүүлэхдээ:

2018 оны 4 дүгээр сарын 20-ны 20 цагаас 10 жилийн уулзалт болж би хоцроод 22 цагийн үед очсон. Хэсэг сууж байгаад ангийн 2 охинтой тамхи татахаар гарсан. Тамхи татаад өрөө рүүгээ орох гээд явж байтал 21 дүгээр хороололд надтай нэг орцонд байдаг Цээмээ гэх дүүтэйгээ тааралдаад “юу хийж яваа юм бэ” гэж асуухад “найз нартайгаа явж байна” гэхээр нь “болгоомжтой яваарай” гэж хэлсэн. Тэгтэл цаанаас Бат гарч ирсэн. Би Батыг танихгүй, зүгээр зүс мэддэг байсан. Би түүнийг хараад “чи нааш ир” гээд Батыг дуудахад “яах гээд байгаа юм” гээд ирээгүй. Тэгэхээр нь чамтай юм яръя гэхэд ирсэн. Ирээд “яасан би ирчихлээ, одоо тэгээд яах юм” гэхээр нь “чи намайг таньж байна уу” гэж асуусан. Тэгэхэд “танихгүй байна” гэж хэлсэн. Би “чи уучихсан байгаа юм уу” гэхэд “уусан байна” гэхээр нь “чи архи уух насанд хүрсэн юм уу” гэж хэлэхэд “чамд ямар хамаатай юм бэ” гэхээр нь “за за чи зүгээр цаашаа бай ахын дүү” гээд  нүүр рүү нь нэг удаа мангасдсан. Тэгээд Бат цаашаа явсан. Би Цээмээд “та нар эртхэн болгоомжтой яваарай” гэж хэлээд өрөө рүүгээ орох гэтэл Бат 2 залуутай гарч ирээд мөрлөөд намайг цохисон. Бат бид хоёр зууралдаад газар унахдаа би Батын цамцыг татаад толгойгоор нь бүтээсэн ба би дээр нь унасан. Тэгтэл доороос босож ирээд намайг 4-5 удаа өшиглөсөн. Тэрнээс болоод миний хамраас цус гарсан байсан ба би хамраа угааж гарч ирээд Батыг хайж олоод буйдан дээр сууж байхад араас нь нэг удаа цохисон. Хохирогчид учирсан гэмтлийг би учруулсан. Хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 200 000 төгрөг өгсөн. Цаашид ямар нэгэн зөрчил гаргахгүй. Би Монголын Үндэсний их сургуульд сурч байгаад 1 жилийн чөлөө авсан. Дараа жил сургуульдаа үргэлжлүүлэн суралцана гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Б.Бат мэдүүлэхдээ:

2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр найзуудтайгаа хөгжим сонсдог газар ороод тамхины өрөөний дэргэд Баяртай тааралдсан. Баяр эхлээд Цээмээг дуудаж уулзсан ба дараа нь намайг дуудахаар нь очоогүй. Дахиад дуудахаар нь очтол намайг “чи болоогүй ээ ахын дүү” гээд мангасдсан. Би гараад лоунж руу ороод нэг найзтайгаа хамт гарч ирээд Баяртай тааралдаад муудалцсан. Биднийг хүмүүс гарч ирж салгасан. Салгасны дараа намайг сууж байтал Баяр хойноос ирж намайг цохисон. Баярын дараа найз нь бас намайг цохисон. Дараа нь Баяр дахиж цохисон. Би шүүх эмнэлэгт үзүүлэхэд тархи хөдөлсөн гэж хэлсэн ба толгойгоо бариулсан. Надад Баярын цохилтын улмаас гэмтэл учирсан. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагагүй. Одоо гомдол, саналгүй гэв.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 5283 тоот дүгнэлтэд:

1. Б.Батын биед тархи доргилт, зүүн нүд, хацар орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, дух, зүүн шуунд цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 12 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Л.Баяр нь ял шийтгэгдэж байгаагүй гэжээ. (хэргийн 26 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Л.Баяр нь 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, “Кёкүшю таур”-ын “Сувд” караокед Б.Баттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүд, хацар орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, дух, зүүн шуунд цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Батын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 5283 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Л.Баярт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

Хохирогч Б.Бат нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотойгоор 120 000 төгрөгийн баримтыг хэрэгт гаргаж өгчээ.

Шүүгдэгч Л.Баяр нь хохирогчид 200 000 төгрөгийг төлсөн, хохирогч цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Баярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Баярыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Л.Баяр нь торгох ялыг 01 сар /нэг сар/ хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Л.Баяр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Л.Баяр цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Батад 200 000 төгрөгийн хохирол төлсөн болохыг тус тус дурдсугай.

            6. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Баярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН