Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 202/МА2019/00032

 

 

 

 

 

*** Цагдаагийн хэлтсийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газраас Р.Ныг цахимаар оролцуулан хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

*** шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 137/ШШ2019/00227 дугаар шийдвэртэй,  

 

*** Цагдаагийн хэлтсийн хүсэлттэй,

 

Б овогт Р-ийн Н-д албадан эмчилгээ хийлгэх тухай хүсэлттэй иргэний хэргийг,

 

 Р.Нын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Р.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

*** Цагдаагийн хэлтэс шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Р.Н нь гудамж талбай болон орон гэртээ ахуйн хүрээнд бүлэг бөөгнөрөл үүсгэн архидан согтуурдаг. Нийгмийн хэв журмыг зөрчдөг нь Замын-Үүд сумын 5-р багийн Засаг даргын хүсэлт, цагдаагийн хэлтсийн алба хаагч нарын илтгэх хуудас, Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгийн дүгнэлтээр нотлогдож байх тул Согтуурах мансуурах донтой хүниийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 8.1-т заасны дагуу архины албадан эмчилгээнд явуулахаар хүсэлт гаргав...” гэжээ.

Р.Н шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие архины албадан эмчилгээнд явмааргүй байна. Намайг чөлөөлж өгнө үү. Би дахин архи уухгүй...” гэжээ.

 

            Анхан шатны шүүх: Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар Б овогт Р-ийн Н-ыг албадан эмчилгээнд хамруулахаар,

 

            Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар Р.Нын албадан эмчилгээний хугацаа нь түүний эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг мэдэгдэж,

 

            Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Р.Ныг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж,

 

            Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар Р.Ныг албадан эмчлэх тухай энэхүү шийдвэрийг түүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд ажлын таван өдрийн дотор мэдэгдэхийг цагдаагийн байгууллагын алба хаагчид үүрэг болгож,

 

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

 

Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

 

    Р.Н давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2019 оны 10 сарын 22-ны өдөр өглөө дэлгүүр тамхинд явж байхад хар машин ирж зогсоод 2 цагдаа бууж ирээд хүчээр аваад явсан. Тэгээд шууд эрүүл мэндийн үзлэгт хамруулж, дараа нь 2019 оны 10 сарын 24-ний өдрийн 227 дугаар шүүхийн шийдвэрээр албадан эмчлэх газарт 2019 оны 10 сарын 25-ны өдөр ирсэн. Гэтэл эрүүл мэндийн үзлэг дэх дотрын эмчийн дүгнэлтээр элэгний “С” вирус болон элэгний хатуурал өвчтэй байгаа нь албадан эмчлэх газарт эмчилгээнд харшилдаг гэсэн тул чөлөөлж өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

*** Цагдаагийн хэлтэс нь Замын-Үүд сумын Сүлд багийн Засаг даргын хүсэлт /хх-5/, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлт /хх-13/, Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн харуулын цагдаа, цагдаагийн ахлагч М.Д, жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ч.Н, эрүүлжүүлэх байрны эмч, цагдаагийн ахмад Ч.А нарын илтгэх хуудсууд /хх-14-16/ зэргийг үндэслэн тус сумын Сүлд багийн иргэн Р-ийн Н-ыг архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг шүүхэд гаргасныг Р.Н нь эс зөвшөөрч архины албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй гэж татгалзжээ.

 

            Анхан шатны шүүх *** Цагдаагийн хэлтсийн хүсэлтийг хангаж, Согтууруулах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар Р.Ныг албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэснийг Р.Н эс зөвшөөрч “...эрүүл мэндийн үзлэг дэх дотор эмчийн дүгнэлтээр элэгний “С” вирус болон элэгний хатуурал өвчтэй гэж гарсан тул албадан эмчилгээ хийхэд харшлах өвчтэй...” гэх үндэслэлээр албадан эмчилгээ хийлгэхээс чөлөөлүүлэхээр гомдол гаргажээ.

 

Давж заалдах шатны шүүх уг гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл Цагдаагийн байгууллага  Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан зохих материалуудыг бүрдүүлж, албадан эмчилгээнд явуулах хүнийг шүүхэд шилжүүлсэн, анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

 

Тодруулбал Р.Н нь 1975 онд төрсөн, 44 настай бөгөөд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд баг, 14-р байр, 01 тоотод оршин суудаг, гудамж талбай болон ахуйн хүрээнд бүлэг бөөгнөрөл үүсгэн архидан согтуурдаг, гэр бүлдээ түгшүүр төрүүлж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг, архинд донтох өвчтэй болох нь Замын-Үүд сумын Сүлд багийн Засаг даргын хүсэлт /хх-5/, Замын-Үүд сумын Сүлд багийн Засаг дарга Н.Г-ын тайлбар /хх-8/, Замын-Үүд сумын Борхойн багийн Засаг дарга Б.Х-ын тайлбар /хх-12/, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлт /хх-13/, Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн харуулын цагдаа, цагдаагийн ахлагч М.Д, жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ч.Н, эрүүлжүүлэх байрны эмч, цагдаагийн ахмад Ч.А нарын илтгэх хуудсууд /хх-14-16/ зэргээр тогтоогдож байх бөгөөд тэрээр сайн дураар эмчлүүлэхээс татгалзсан нь түүнийг шүүхийн шийдвэрээр албадан эмчлэх үндэслэл болжээ.

 

Түүнчлэн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгийн “Согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт”-ээр Р.Н нь архинд донтох эмгэгтэй гэж оношлогдсон тул анхан шатны шүүхээс Р.Ныг албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэсэн нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 8, 9 дүгээр зүйлүүдэд нийцжээ.

 

Энэ нь хэрэгт авагдсан “Согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт”-д комисс “архинд донтох “Согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт”-д комисс “архинд донтох эмгэг” гэсэн ерөнхий оношийг гаргаж түүнд эмчилгээ, сэтгэлзүйн зөвлөгөө үйлчилгээ үзүүлэх талаар заасан байх ба түүнийг элэгний дутмагшил өвчтэй эсэхийг буюу энэ нь архинд донтох эмгэгийг эмчлэхэд харшлах талаар дүгнэлтэд тодорхой заагаагүй тул анхан шатны шүүхийг дээрх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх болон эмчлүүлэгч Р.Ныг Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д заасан албадан эмчлэхийг хориглосон биеийн хүнд эмгэгтэй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

 Хэдийгээр Эрүүл мэндийн сайд, Улсын Ерөнхий прокурорын 2005 оны 152/188 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг албадан эмчлэх журам”-ын 3 дахь хэсгийн 3.5-д “элэгний дутмагшил” өвчин нь албадан эмчилгээ хийхэд харшлах өвчин мөн боловч дээрх комиссын дүгнэлтэд энэ талаар хийсэн шинжилгээ оношилгооний эцсийн хариу оношийг тодорхой, ойлгомжтой заасан гэж үзэх үндэслэлгүй ба харин Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.8-д зааснаар албадан эмчлэх эмнэлэг эмчлүүлэгчийн донтох эмгэгийг эмчлэхийн зэрэгцээ тухайн хүний биед илэрсэн бусад эмгэгийг эмчлэх, эмнэлэгт эмчлэх боломжгүй нөхцөлд эмчлүүлэгчийн биеийн байдлаас шалтгаалж зохих эмнэлэгт шилжүүлэх үүрэгтэй байна.

 

Түүнчлэн энэ тохиолдолд буюу Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.8.2-т зааснаар цаашид албадан эмчилгээг үргэлжлүүлэх боломжгүй нөхцөлд энэ тухай саналыг шүүхэд хүргүүлж, тухайн хүний албадан эмчилгээний хугацааг дуусгавар болгох, мөн “Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг албадан эмчлэх журам”-ын 1.8-д зааснаар өвчтэй этгээдийн биеийн байдал, өвчний явц, эмчилгээний үр дүнг харгалзан “элэгний дутмагшил” өвчтэй болох нь эмч нарын дүгнэлтээр нотлогдвол албадан эмчлэх эмнэлэг эмчилгээг хугацаанаас өмнө зогсоох хүсэлтээ шүүхэд гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй.

 

Иймд Р.Нын гаргасан албадан эмчилгээнээс чөлөөлүүлэх тухай давж заалдсан гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар нь давж заалдах шатны шүүхэд “...эмчлүүлэгчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий нэхэмжлэл гаргасан байна.

 

Гэвч нэгдүгээрт Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тухайн хүн, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах гомдол гаргах эрхтэй ба дээрх байгууллага нь хуульд заасан гомдол гаргах эрх бүхий этгээд биш, хоёрдугаарт нэхэмжлэл гэж гаргаснаас үзэхэд энэхүү албан бичгийг давж заалдсан гомдол гэж үзэх боломжгүй ба эмчлүүлэгчийн гомдолд хавсарган ирүүлсэн тайлбар баримт гэж үзэх үндэслэлтэй, гуравдугаарт эмчлүүлэгч нь албадан эмчилгээ хийхэд харшлах хүнд эмгэг өвчтэй болох нь эмчийн дүгнэлтээр тогтоогдсон бол дээр дурдсан журмаар буюу анхан шатны шүүхэд эмчилгээг зогсоох хүсэлтийг гаргаж шийдвэрлүүлэх боломжтой болно.   

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. *** шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 137/ШШ2019/00227 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Р.Нын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар Р.Н нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Монгол Улс

 

                      ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     А.САЙНТӨГС

                                       ШҮҮГЧИД                                     Н.БОЛОРМАА

                                                                                             Н.БАТЧИМЭГ

ын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     А.САЙНТӨГС

                                       ШҮҮГЧИД                                     Н.БОЛОРМАА

                                                                                             Н.БАТЧИМЭГ