Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2017/00245

 

С.Баттуулын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/06176 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

         2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2080 дугаар магадлалтай,

         С.Баттуулын нэхэмжлэлтэй,

         “Эйч Эс Би” ХХК-д холбогдох         

         Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 109.627.300 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бүжинлхамын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Гэрэлт-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бүжинлхам, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт: “Миний бие 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдөр “Эйч Эс Би” ХХК-тай ОС-096/13 тоот орон сууц захиалгаар барих тухай гэрээгээр, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нарлаг өргөө хотхоны N2-17 давхар орон сууцны 13 давхарт 67 тоот 76.3 м.кв орон сууц 3 өрөө байрыг, 1 м.кв тутамд 2 422 000 төгрөг нийт 179 254 642 төгрөгөөр тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээг байгуулахад 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдөр нийт гэрээний үнийн дүнгийн 50 хувь болох 89 627 300 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 20 000 000 төгрөгийг нийт 109 627 300 төгрөгийг төлсөн. Гэвч өөрийн эрүүл мэндийн байдлаас болж төлбөрийг гүйцээж төлөх боломжгүй болсон тул гэрээг цааш үргэлжлүүлэх боломж байгаагүй, энэ тухайгаа гүйцэтгэгч талд мэдэгдэж байсан. Гүйцэтгэгч нь гэрээ ёсоор тус орон сууцыг худалдан борлуулсны дараа төлсөн төлбөрийг гаргаж өгөх ёстой байсан. Гүйцэтгэгч тал орон сууцыг бусдад шилжүүлсэн боловч гэрээний үүргээ биелүүлж төлбөрийг одоог хүртэл буцаан шилжүүлээгүй байна. Иймд гүйцэтгэгч “Эйч Эс Би” ХХК-иас орон сууцны үнэнд төлсөн 109 627 300 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт “2013 оны 2 дугаар сарын 07-ны өдөр С.Баттуул нь “Эйч Эс Би” ХХК-ийн барьсан Нарлаг Өргөө хотхонд орон сууц захиалж орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Нийт 76.3 м кв талбай бүхий орон сууц захиалсан бөгөөд 1 м.кв-г 2 422 000 төгрөгөөр тооцохоор тохирсон. Гэрээний урьдчилгаа төлбөр 89 627 650 төгрөгийг С.Баттуул хугацаандаа төлсөн, нэмж 20 000 000 төгрөг төлсөн. 2013 оны 4 дүгээр сард барилгыг Улсын комисс хүлээж авч ашиглалтад орсон. Ашиглалтад орсны дараа борлуулалтын ажилтнууд С.Баттуултай холбогдож чадахгүй болсон. С.Баттуул нь гадагшаа эмчилгээнд явсан гэсэн шалтгаанаар холбоогүй байж байгаад 2014 онд ирж үлдэгдэл төлбөрөө төлж чадахгүй болсон тул гэрээгээ цуцлах тухай санал гаргасан. Хариуцагч талаас гэрээгээ цуцалж байгаа тохиолдолд гэрээний хариуцлага хүлээнэ. Иймээс төлсөн төлбөрт оногдох орон сууц авна уу гэсэн санал тавьж, тохирч чадахгүй яригдсаар өнөөдрийг хүрсэн. Орон сууц захиалгаар барих тухай гэрээний 5 дугаар зүйлд гэрээний хариуцлага хэсэгт орон сууц ашиглалтад орсон байхад захиалагч гэрээ цуцлах хүсэлт гаргасан тохиолдолд төлсөн төлбөрийн 10 хувийг буюу торгууль тооцохоор заасан. Иймээс Орон сууц захиалан бариулах гэрээ, Иргэний хуульд заасны дагуу нэхэмжлэлийн үнийн дүнгийн 10 хувь буюу 10 962 730 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй. Бусад хэсгийг зөвшөөрнө.” гэжээ.

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/06176 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Эйч Эс Би” ХХК-иас 109 627 300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Баттуулд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Баттуулаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 706 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Эйч Эс Би” ХХК-иас 706 100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Баттуулд олгож шийдвэрлэжээ.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2080 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/06176 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бүжинлхамын хяналтын журмаар гаргасан гомдолд: “... анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хариуцагчийн эрх ашгийг зөрчин, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Тодруулбал: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Иргэний хуулийн 205 дугаар зүйлд зааснаар гэрээнээс татгалзсанаар талууд гэрээний гүйцэтгэлийг харилцан буцаан олгохоор зохицуулсан тул хариуцагч нь энэхүү харилцаанд алданги суутгах үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч "Эйч Эс Би" ХХК-иас 109.627.300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Баттуулд олгох нь зүйтэй гэж үзэв" гэжээ. Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт “Иргэний хуулийн 222 дугаар зүйлд заасны дагуу уг орон сууцыг хадгалсан зардалд зориулж суутган авна гэж талууд тохиролцсон төлбөрийн 10 хувийг суутган авах талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болжээ." "... дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв." гэжээ. Гэвч талуудын хооронд байгуулагдсан “орон сууц захиалан бариулах гэрээ”-ний 5 дугаар зүйл гэрээг цуцлах үндэслэл, хариуцлага хэсгийн 5.7-д “Захиалагч тал гэрээг хугацаанаас нь өмнө үндэслэлгүйгээр цуцалсан, цуцлахыг шаардсан, орон сууцыг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд гүйцэтгэгч тал гэрээний 5.1-д заасан торгуулийг суутган тооцно” гэж заасан бөгөөд "Энэхүү хугацаа нь 15 хоног хүртэл үргэлжилбэл утсаар болон бичгээр мэдэгдэл хүргүүлж алданги тооцолгүйгээр гүйцэтгэгч гэрээг өөрийн санаачлагаар цуцлах бөгөөд байрыг худалдан борлуулсны дараа төлбөрийг буцаан олгох ба энэ тохиолдолд төлсөн төлбөрийн 10 хувийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлд заасны дагуу уг орон сууцыг хадгалсан зардалд зориулж суутган авна." гэж тус тус заасан байдаг. Нэхэмжлэгчийн хувьд байрыг хугацаандаа хүлээж аваагүй бөгөөд гэрээнд заасан үүргээ биелүүлэлгүй хариуцагч компанид хүндэтгэн үзэх шалтгаантай, гэрээнээс татгалзаж байгаа тухайгаа мэдэгдээгүй байдаг. Иймд нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэж алдангиас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй юм. Орон сууц захиалан бариулах гэрээнд заасан "... орон сууцыг хүлээн авахаас татгалзсан” тохиолдолд алданги тооцон авахаар харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан “гэрээний талуудын чөлөөт байдлын зарчим" үйлчлэх ёстой. Шүүх гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмыг анхаарч үзэлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалын 109.627.300 төгрөг төлөхтэй холбоотой хэсгийн 10.962.730 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул 10.962.730 төгрөг төлөх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:                                                    

     Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд маргааны үйл баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

        Нэхэмжлэгч С.Баттуул нь хариуцагч “Эйч Эс Би” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 109 627 300 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээнд зааснаар захиалагч гэрээг хугацаанаас нь өмнө үндэслэлгүйгээр цуцалсан тул 10 хувийн торгуульд 10 992 730 төгрөгийг төлбөрөөс хасч тооцно гэж маргажээ.

        Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдөр орон сууц захиалгаар барих гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч С.Баттуул нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Нарлаг-Өргөө” хотхоны N2-ын 17 давхар орон сууцны 13 дугаар давхрын 67 тоот, 3 өрөө 76.3 м.кв орон сууцыг 179 254 642 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, урьдчилгаанд мөн өдөр 89 627 300 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 20 000 000 төгрөг нийт 109 627 300 төгрөгийг хариуцагч “Эйч Эс Би” ХХК-д төлсөн, энэ талаар талууд маргаагүй байна.

       Шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн бөгөөд орон сууц захиалгаар барих гэрээнээс үзвэл нэхэмжлэгч нь гэрээ байгуулсан өдөр орон сууцны үнийн урьдчилгаанд 50 хувь, 2013 оны 2 дугаар улиралд 20 хувь, 2013 оны 3 дугаар улиралд 20 хувь, 2013 оны 4 дүгээр улиралд 10 хувь төлөх, хариуцагч нь уг орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд 2013 оны 4 дүгээр улиралд хүлээлгэж өгөх үүргийг тус тус хүлээжээ. /хх- 4-7/

        Орон сууцны захиалгын төлбөрийн үлдэх 50 хувийг төлөөгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэсэн тайлбарыг нэхэмжлэгч  гаргасан боловч нэхэмжлэгч өөрөө болон түүний эцэг эх нь өвчтэй байсан тухай гаргасан нотлох баримтууд нь гэрээний төлбөр төлөх хугацаанд хамаарахгүй байна. Иймд нэхэмжлэгчийг төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр хариуцагч нь орон сууц захиалгаар бариулах гэрээг цуцласныг хууль зөрчөөгүй гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна. /хх-ийн 34-47, 54-67/

         Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн буруугаас гэрээ цуцлагдсан тохиолдолд хариуцагч учирсан хохирлоо шаардах эрхтэй бөгөөд хохирол нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт “үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж зааснаар тодорхойлогдох ба энэ хохирлын талаар хариуцагч шаардлага гаргаагүй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу үнэлжээ.

      Орон сууц захиалгаар барих гэрээний 5.1 дэх хэсэгт “захиалагч гэрээгээр тохирсон төлбөрөө хавсралт-1-д заасан графикийн дагуу төлөөгүй тохиолдолд гэрээний нийт үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг хугацаа хэтрүүлсэн хоног тутамд тооцож төлнө. Энэхүү хугацаа нь 15 хоног хүртэл үргэлжилвэл утсаар болон бичгээр мэдэгдэл хүргүүлж алданги тооцолгүйгээр гүйцэтгэгч гэрээг өөрийн санаачилгаар цуцлах бөгөөд байрыг худалдан борлуулсаны дараа төлбөрийг буцаан олгох ба энэ тохиолдолд төлсөн төлбөрийн 10 хувийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлд заасны дагуу уг орон сууцыг хадгалсан зардалд зориулж суутган авна” гэж тохиролцсон байна.

        Дээрхээс дүгнэвэл орон сууц хадгалсан зардал гарсан байх ёстой бөгөөд хариуцагч нь ямар хугацаагаар орон сууцыг хадгалсан талаар баримт хэрэгт авагдаагүй, Иргэний хуулийн 222 дугаар зүйл нь хугацаа хэтрүүлсэн тал нөгөө талд учирсан хохирол, хүү төлөх иргэний эрх зүйн хариуцлагын алийг тохирсон нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгчийн төлөх төлбөрийн 10 хувийг суутган авах талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийн урьдчилгаанд төлсөн төлбөрийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосон анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцсэн байна.

        Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2015/06176 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2080 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бүжинлхамын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Хариуцагч “Эйч Эс Би” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн 190.400 /нэг зуун ерэн мянга дөрвөн зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                                                       ШҮҮГЧ                                                  Д.ЦОЛМОН