Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 128/МА2018/0266

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Б.Н, хариуцагч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0153 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын Гаалийн улсын байцаагч Д.Н, С.Энарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0153  дугаар шийдвэрээр: Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.12, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 39 дүгээр зүйлийн 39.3, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай /2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн/ хуулийн 1 дүгээр зүйл, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай /2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн/ хуулийн 1 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.Н, С.Э нарын тогтоосон 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Татвар нөхөн төлүүлэх тухай” 12/15 дугаар актаар ногдуулсан төлбөрийн хэмжээг багасгаж 1.072.480.292,98 төгрөгөөр тогтоож шийдвэрлэжээ.

 Хариуцагч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... “Х”  (Б) ХХК-ийн 2013-2014 онуудад импортлосон бараа, тоног төхөөрөмжийг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлсэн болон гаалийн баталгаат барилгын талбай, түр горимын хэрэгжилтийг шалгах Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 24-ний 20/15 тоот удирдамжаар гаалийн улсын ахлах байцаагч Д.Н миний бие, гаалийн улсын байцаагч С.Э нар томилогдон ажилласан юм. “Х” (Б) ХХК нь 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “Х Ц Ш” ТӨХК-тай цементийн үйлдвэрлэлийн чулуунцар үйлдвэрлэх технологийн 2-р шугамыг хуурай аргад шилжүүлэн цемент үйлдвэрлэлийн хүчин чадлыг жилд нэг сая тоннд хүргэн өргөтгөх, ил уурхай, авто тээврийн цогцолбор байгуулах төслийг хамтран хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулалтын гэрээг Төрийн өмчийн хорооны даргаар батлуулсан байдаг. Төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх техник эдийн засгийн үндэслэлийн танилцуулгад хөрөнгө оруулалтад гаалийн болон НӨАТ-ыг төлөх тооцооллыг гаргасан атлаа үйлдвэрлэлийг өөрийн болгож авчихаад татвар төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа нь шударга үнэнд нийцэхгүй байна. ТЭЗҮндэслэл бол маргаан бүхий акттай холбоотой маш чухал нотлох баримт. Иймд хөрөнгө оруулалтаар оруулсан тоног төхөөрөмжид гаалийн болон НӨАТ-ыг ногдуулах үндэслэлтэй. “Х” ХХК-д татвар нөхөн төлүүлэхээр тогтоосон гаалийн улсын байцаагчийн захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэт, бодитой үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй нь доорхи хуулийн заалт, нотлох баримтуудаар тогтоогдож байгаа болно. Үүнд: Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Дараахь төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид хамаарахгүй”, 8.1.4-т “Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах” үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийг хамруулахыг хориглосон заалтуудыг хуульчилсаар байхад шүүгч  нар  хэт нэг талын эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргаж улсын төсвийн орлогыг санаатайгаар бууруулж байгаа нь хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болж байна. Ашигт малтмалыг ховор олдоцтой ашигт малтмал, түгээмэл тархацтай ашигт малтмал гэж 2 ангилдаг. Цементийн шохойн чулуу нь түгээмэл тархацтай ашигт малтмалын төрөлд хамаарагддаг. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалтаар энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэн нь жижиг дунд үйлдвэр эрхлэгчийн категорт хамрагдахгүй болох нь тодорхой байхад заавал хамааруулах гэж Засгийн газрын тогтоолын заалтыг буруугаар мушгих, Сангийн сайдын албан бичгээр өгсөн чиглэлийг “Х” ХХК-д зориулсан мэтээр үзэж байгаа нь дэндүү хариуцлагагүй шийдвэр болсныг гэрчилж байна. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн хүрээнд хамрагдах аж ахуйн нэгж биш байсааар байхад буруугаар тайлбарлан шийдвэрлэж байгаа нь хуулийг дээдлэх үндсэн зарчим алдагдаж байна. Гаалийн баталгаат барилгын талбайг “Х” ХХК-ийн хүсэлтээр 1 жилийн хугацаатай гэрээ байгуулан ажиллаж дуусгавар болсон байдаг. Гэрээ дуусаж 730 горимоор бүрдүүлэлт хийж гаалийн баталгаат барилгын талбайд оруулсан барааг гаалийн бүрдүүлэлтийн 454 горимоор хийж гаалийн болон НӨАТ-ыг төлж, горимын шаардлага хангаж ажиллах ёстой. Мөн Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 199-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн байна” гэж аж ахуйн нэгж, иргэний хэм  хэмжээ, хамаарах хүрээ, шалгуур үзүүлэлтийг тодоос тод хуульчилсныг мушгин гуйвуулж үгүйсгэсэн нь хууль хэрэглээний томоохон алдаа гаргасан байна. “Х” ХХК-ийн боловсруулсан ТЭЗҮндэслэлийн тооцоогоор жилийн борлуулалтын орлого 26.1-104.1 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллахаар төсөвлөгдсныг Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой харьцуулахад 17.4- 70 дахин их хэмжээтэй байх тооцоо гарч байгаа нь хуулийн заалтаас ямар их зөрүүтэй асуудалд шийдвэр гаргасныг харуулж байна. 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр тус аж ахуйн нэгж нь “Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д заасан шаардлагыг хангасан тул “4330 Барилгын засварын үйлчилгээ, 1610 Гадаад худалдаа эрхлэх, 8549 Албан ёсны нийтлэг орчуулгын ажил үйлчилгээ” эрхлэгчээр бүртгэв гэж аж ахуйн нэгжийн гэрчилгээнд тэмдэглэгээ хийлгэсэн нь 2012-2013 онуудад гаалийн бүрдүүлэлт хийж импортоор орж ирсэн бараа, тээврийн хэрэгсэлд ямар ч хамааралгүй болох нь бодит байдал, цаг хугацааны хувьд нийцэхгүй байгаа юм. Монгол улсын Засгийн газрын 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 100 дугаар тогтоол, 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 193 дугаар тогтоолуудын хавсралтаар батлагдсан жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалтын барааны хөнгөлөлт, чөлөөлөлтийн БТКУС-ын кодын жагсаалтанд хамрагдах боломжтой байсан гэсэн үндэслэлээр татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн 403 горимоор бүрдүүлэлт хийлгэхээр нэхэмжлэл гаргасныг хуулийн хүрээнд хамаарах аж ахуйн нэгж биш байхыг харгалзан үзэхгүйгээр үндэслэлгүй дүгнэлт гаргасан байна. Гаалийн баталгаат барилгын талбайн тооцоогоор 22.929.468,90 ам долларын барааг зарцуулж дууссан, төсөл хөтөлбөр хэрэгжиж, ашиглалтанд орсон тул барааг гаалийн бүрдүүлэлтийн 454 горимоор бүрдүүлэлтийг хийж 730 горимыг дуусгавар болгож, гаалийн татварт 1.689.135.074,00 төгрөг, нэмэгдсэн өртөгийн албан татварт 3.547.183.655,00 төгрөг нийт 5.236.318.729,00 төгрөгийн татварыг төлж барагдуулах төлбөрийн тооцоонууд хийгдээгүй байсан тул шалгалтаар холбогдох татварыг нөхөн төлж барагдуулахаар гаалийн улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны 12/15 тоот төлбөрийн актыг тогтоосон. “Х” ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу 26.863.473.783,00 төгрөгийн бараанд ноогдох 4.163.838.436,37 төгрөгийн татвараас чөлөөлүүлэх, 6.919.227.696,67 төгрөгийн бараанд ноогдох 1.072.480.292,98 төгрөгийн татварыг төлүүлэхээр гаалийн улсын байцаагч нар нарийвчлан гаргаж Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн хуралд дэлгэрэнгүйгээр танилцуулахад 33.782.701.479.70 төгрөгийн бараа, тоног төхөөрөмжид ноогдох гаалийн болон НӨАТ 5.236.318.729.00 төгрөгийн татварыг нөхөн төлүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шудрага ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг анхан шатны шүүх ноцтой зөрчиж шийдвэр гаргасан нь илэрхий байна. Сангийн сайд Ч.У-ны 2013 оны 06 дугаар сарын 12-ний өдрийн 4-2/3318 тоот албан бичгээр Гаалийн ерөнхий газрын дарга О.Г-д хүргүүлсэн чиглэлд Засгийн газрын тогтоолоор батлагдсан жагсаалтад орсон боловч хуулийн заалтын шаардлагыг хангаагүй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлөх боломжгүй байна гэснийг үнэлээгүй мөртлөө өөр агуулга бүхий албан бичгийг үнэлж байгаа нь асуудалд ялгавартай хандсаныг гэрчилж байна. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх. импортыг орлох экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор импортоор оруулж байгаа жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд гаалийн болон НӨАТ-аас тус тус чөлөөлөхөер хуульчлан тогтоожээ. Дээрх хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2001 оны 04 дүтээр сарын 06-ны 110 дугаар тогтоол гаргаж, гаалийн албан татвар болон нэмгдсэн өртгийн албан татвараас 2012 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд чөлөөлөгдөх жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг жагсаалтаар баталсан байна гэсэн нь татварын зохих хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах зохицуулалт хийснийг хөнгөлөлт эдлэх аж ахуйн нэгжээс тэс өөр хуулиар хориглосон үйл ажиллагаа эрхлэж байгаа аж ахуйн нэгжийн гомдлыг энэ хуулиар тайлбарлан шийдвэрлэж байгаа нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Олон улсын гэрээ болон Монгол улсын хууль, тогтоомж болох Гаалийн тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх заалт, 294 дүгээр зүйлийн 294.1 дэх заалт, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3 дахь заалт, Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.12, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4, 6 дугаар зүйлийн 6.6, 5 дугаар зүйлийн 5.1.1, Гаалийн баталгаат барилгын талбайн 678 дугаар журам, Төсөл хөтөлбөрийн техник эдийн засгийн үндэслэл зэрэг хууль эрх зүйн заалт, нотлох баримтууд зөрчигдсөнийг залруулж анхан шатны шүүхийн татварын орлогыг багасгаж гаргасан шийдвэрт өөрчлөлт оруулж, хууль эрх зүйн хувьд үндэслэлтэй нотлох баримтаар тогтоогдсон гаалийн улсын байцаагчийн 2015 оны 4 дүгээр сарын 22-ний 12/15 тоот төлбөрийн актыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч Д.Н, С.Э нар нь “Б” ХХК-ийн 2013-2014 онуудад импортоор оруулсан барааны гаалийн болон санхүүгийн холбогдох бичиг баримтад тулгуурлан бүрдүүлэлтийн дараах шалгалт хийж, гаалийн бүрдүүлэлтийн горимын шаардлага хангаагүй, гаалийн баталгаат барилгын талбайн хугацаа дуусгавар болсон байхад дотоодын хэрэглээнд зориулан оруулах горимоор гаалийн бүрдүүлэлт хийж, татвар төлөөгүй гэх үндэслэлээр  33.782.701.479,70 төгрөгийн барааны үнэд ногдох гаалийн татвар 1.689.135.074,0 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 3.547.183.655,00 төгрөг, нийт 5.236.318.729,00 төгрөгийн татварыг нөхөн төлүүлэхээр 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 12/15 тоот актаар тогтоожээ.

 Нэхэмжлэгч “Х” ХХК нь /хуучнаар “Б” ХХК/ дээрх гаалийн улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэл гаргахдаа, үндэслэлээ “тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль болон эдгээр хуульд үндэслэн гарсан Засгийн Газрын 2011 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 100 дугаар тогтоол, 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 193 дугаар тогтоолд зааснаар гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэлд хамаарч байсан тул 22.929.468,90 ам доллар буюу 33.782.701.479,70 төгрөгийн барааг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх 403 горимоор бүрдүүлэлт хийсэн нь хууль зөрчөөгүй” гэж маргасан бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “Жижиг дунд үйлдвэрийн тухай хуульд заасан болзол, шаардлагыг хангаагүй, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид хамаарахгүй тул хөнгөлөлт, чөлөөлөлтийн 403 горимыг сонгосон нь хууль бус, гаалийн бүрдүүлэлтийн 730 горимыг дуусгавар болгон 454 горимоор бурдүүлэлт хийж гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үүрэгтэй” гэж тайлбарласан.

Анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзнэ. Тодруулбал,

          Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох, экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор импортоор оруулж байгаа жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлсүгэй” гэж, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох, экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор импортоор оруулж байгаа жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсүгэй” гэж тус тус заасан байх ба дээрх хуулиудыг үндэслэн гарсан Монгол Улсын Засгийн Газрын 2011 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 100, 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 193 дугаар тогтоолоор Гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг баталжээ. 

          Дээрх Засгийн Газрын тогтоолд заасан БТКУС-ийн код бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг жижиг дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл гэж ойлгохоор байх бөгөөд эдгээр бараа бүтээгдэхүүнийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хуулиудаар тогтоосон байна.

          Өөрөөр хэлбэл, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн  хуулиудад татвар төлөгч субъект нь Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан “жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч” байх болзол, шаардлагыг тогтоогоогүй, харин тухайн татвар ногдох объект болох тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл “жижиг дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалттай” байхаар зохицуулжээ.  

           Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн 2013 онд гаалийн баталгаат барилгын талбайд байршуулсан 8.380.266,82 ам доллар буюу 26.863.473.783,04 төгрөгийн тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн нь Засгийн Газрын тогтоолд заасан тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтад багтсан, БТКУС-ийн код тохирч байгаа нь нотлогдсон, энэ талаар талууд маргаагүй.

        Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 “Татвар ногдох зүйлд орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээ, тодорхой эрх, газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц, агаар, хөрс, усны бохирдол хамаарна” гэж заасан бөгөөд тухайн бараанд ногдох татвараас татвар төлөгчийг чөлөөлөхөөс бус татвар төлөгч нь хэн байхаас шалтгаалж Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн  хуулиудыг ялгамжтай хэрэглэх боломжгүйн зэрэгцээ Гаалийн байгууллага нэхэмжлэгчийн 2010-2012 онд оруулж ирсэн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 403 горимоор бүрдүүлэлт хийснийг хүлээн зөвшөөрч байсан атлаа 2013-2014 онд оруулсан тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 403 горимоор бүрдүүлэлт хийснийг хууль зөрчсөн гэж үзсэн нь ойлгомжгүй байна.     

          Дээрхийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч нь 730 горимыг дуусгавар болгож, гаалийн баталгаат барилгын талбайд байршуулсан 8.380.266,82 ам доллар буюу 26.863.473.783,04 төгрөгийн тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүнийг гаалийн бүрдүүлэлтийн 403 /Монгол Улсын хуулийн дагуу гаалийн болон бусад татвараас бүрэн, эсхүл хэсэгчлэн чөлөөлж, дотоодын хэрэглээнд зориулан оруулах/ горимд шилжүүлж бүрдүүлэлт хийснийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.

          Иймд хариуцагчийн гаргасан “Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн хүрээнд хамрагдах аж ахуйн нэгж биш байсаар байхад шүүх хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэсэн” гэх гомдлыг хангах боломжгүй бөгөөд нэхэмжлэгч нь ТЭЗҮндэслэлийн хөрөнгө оруулалтын танилцуулгадаа гаалийн болон НӨАТ төлөхөөр оруулсан ч нэгэнт хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар татвараас чөлөөлөхөөр заасан тул “төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх техник эдийн засгийн үндэслэлийн танилцуулгад гаалийн болон НӨАТ-ыг төлөх тооцооллыг гаргасан атлаа үйлдвэрлэлийг өөрийн болгож авчихаад татвар төлөх үүргээ биелүүлээгүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Нэхэмжлэлийн шаардлагаас хангагдаагүй үлдсэн 4.549.202,01 ам доллар буюу 6.919.227.696,67 төгрөгийн бараанд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан талаар гомдол гараагүй тул давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөөгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт актаар тогтоосон төлбөрийн хэмжээг багасгаж байгаа дүнгээр бус үлдсэн хэмжээгээр төлбөрийн хэмжээг тогтоосон бичиглэлийн алдаа байгаа ч агуулга нь зөв байх тул тусгайлан өөрчлөлт оруулах шаардлагагүй, энэ талаар шүүх цаашид анхаарвал зохихыг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0153 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

                            ШҮҮГЧ                                                                     Э.ЗОРИГТБААТАР  

                            ШҮҮГЧ                                                                     О.НОМУУЛИН